Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2023/00747

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 02 02

101/ШШ2023/00747

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, Токиогийн гудамж-5 хаягт байрлах У с у г ОНӨААТҮГ /рд:хххххх/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ххххххххххх дугаар байранд байрлах С сууц өмчлөгчдийн холбоо /Гэрчилгээний дугаар 23/-нд холбогдох,

 

Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний үүрэгт 4,510,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, С.О, хариуцагчийн төлөөлөгч Ц.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тэдгээрийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

У с у г нь нийслэлийн хүн амыг ундны цэвэр усаар хангаж, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах чиг үүрэгтэй. Их өргөө 52 дугаар байрны барилгыг барьсан Осак дөл ХХК нь У с у гтай тухайн орон сууцыг цэвэр, бохир усаар хангах тухай гэрээ хийгээд, Ус сувгийн удирдах газраас 240249 дугаартай тоолуурын код олгосон. Тус компани нь барилга байгууламжаа барьчихаад шугам сүлжээний тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж биш учраас барилгаа оршин суугчдадаа өгөөд орхиод явсан байдаг. Манай Ус сувгийн удирдах газраас нийслэл рүү хандаад орон сууцны контор луу шилжүүлж өгөөгүй байх хугацаанд цэвэр, бохир усны шугам, сүлжээ, ашиглалт, үйлчилгээг тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдэд хариуцуулж өгөөгүй учир айл өрхийн усны төлбөр тооцоог тухайн үед тус орон сууцыг хариуцан ажиллаж байсан Ссууц өмчлөгчдийн холбоо нь оршин суугчдаас усны төлбөрийг төвлөрүүлэн манай байгууллагад тушааж байсан. Ссууц өмчлөгчдийн холбоо нь хариуцан ажиллаж байсан 52 дугаар байрны усны өр төлбөр 2013 оноос эхлэн үүссэн ба өнөөдрийн байдлаар 4,510,000 төгрөг болсон байна. Нэхэмжлэгчийн зүгээс усны төлбөр тооцоогоо нэхэмжилж байгаа. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуульд заасны дагуу иргэн, аж ахуйн нэгж, хуулийн этгээдээс усны үйлчилгээний төлбөрөө барагдуулж авах эрхтэй. Ссууц өмчлөгчдийн холбоонд төлбөр барагдуулах талаар удаа дараа мэдэгдэж байсан боловч 2014 оны 01 дүгээр сараас 2018 оны 02 дугаар сар хүртэлх өр төлбөрөө төлөөгүй тул 240249 дугаартай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ-ний үүрэгт 4,510,000 төгрөгийг гаргуулан манай байгууллагыг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

У с у г ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул дараах тайлбарыг гаргаж байна. Ссууц өмчлөгчдийн холбоонд Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны 7, 8 дугаар байрууд харьяалагддаг бөгөөд Их өргөө ХХК-ийн барьсан 1 дүгээр хороонд байрлах 52 дугаар байр бүртгэлгүй. Тус байрны оршин суугчид Төрийн банкны 103100001648 тоот дансанд усны төлбөрийг төлж байгаагүй болно. ССӨХ-ийн албан ёсны бичиг баримт байгаа, бичиг баримтад нь 52 дугаар байр байгаа юм уу, үгүй юм уу гэдгийг яагаад нягталж шалгаагүй юм бэ. Б.Б-ийн У с у гт төлнө гэж бичиж өгсөн баримтыг үндэслэн нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа 2014 оны мөнгө 2017 оныг хүртэл явчихсан байгаа гэдэг дээр гайхаж байна. 2014 оноос хойших жилүүдэд нэхэмжлэх боломжтой байсан ч нэхээгүй нь эргэлзээ төрүүлж байна. 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Шинэ 52 СӨХ байгуулагдсан байна, гэтэл яагаад 2017 онд хүртэлх мөнгө нэхээд байгаа юм бэ гэдгийг ойлгохгүй байна. ССӨХ нь 52 дугаар байртай ямар холбоо хамаарал байхгүй, тухайн үеийн газар нутаг, хорооны хувьд ч хамааралгүй байдаг. 2021 оны 12 дугаар сард Шинэ 52 СӨХ-ийн захиралтай уулзсан. 52 дугаар байрыг Арвин гишүүн барьсан бөгөөд өөрөө хариуцаж явж байгаад нас барахад нь Отгонтэнгэр СӨХ, ССӨХ нэрээ ашиглуулж байсан болохоос албан ёсоор хариуцаж байгаагүй,. айлуудын усыг хаагаад эхлэнгүүт энэ байранд амьдардаг хүний хувьд шинэ СӨХ байгуулъя, өмнөх өр төлбөрийг төлөхгүй, авсан цагаасаа хойш төлбөрөө төлөөд явъя гээд төлбөрөө төлөөд явж байгаа гэж хэлсэн. Манай сууц өмчлөгчдийн холбооны нэр яагаад орсныг мэдэхгүй байна. Нэхэмжлэлд манай сууц өмчлөгчдийн холбоотой 240249 дугаар бүхий Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээтэй гэж дурдсан байх боловч ийм гэрээ байхгүй. Иймд манай Ссууц өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэлд дурдсан гэрээний өр төлбөрийг хариуцах үүрэггүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2007.06.20-ны өдрийн 240249 хэрэглэгчийн бүртгэлийн дугаартай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, 2017.04.21-ний өдрийн 240249 хэрэглэгчийн бүртгэлийн дугаартай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээ, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2022.03.25-ны өдрийн 02/507 дугаартай тодорхойлолт, хэрэглэгчийн төлбөрийн нэгдсэн тооцоо, ССӨХ-ны албан бичиг, Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвийн 2021.03.11-ний өдрийн 24 дугаартай тодорхойлолт, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2022.05.02-ны өдрийн 03/328 дугаартай албан бичиг, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2022.04.28-ны өдрийн 53 дугаартай тогтоол, хэрэглэгчдэд үйлчлэх албаны төлөлтийн өдрийн тайлан, тооцооны үлдэгдлийн баталгаа,

3.2 хариуцагчаас гаргасан гэрчилгээ, хариу тайлбар, Баянзүрх дүүргийн хөгжлийн төвийн 2021.06.13-ны өдрийн 194 дугаартай тодорхойлолт зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч У с у г ОНӨААТҮГ нь хариуцагч Ссууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан 240249 хэрэглэгчийн бүртгэлийн дугаартай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээний үүрэгт 4,510,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

1.1 Уг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа ...Ссууц өмчлөгчдийн холбоонд хамаарах 52 дугаар байрны оршин суугчдын 2014 оны 1 сараас 2018 оны 2 дугаар сар хүртлэх хугацаанд хэрэглэсэн усны үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл гэж тодруулсан.

 

1.2 Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч ...тус сууц өмчлөгчдийн холбооны харьяалалд нэхэмжлэлд дурдсан 52 дугаар байр хамааралгүй, нэхэмжлэгч байгууллагатай гэрээ байгуулаагүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул гэрээний үүргийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж маргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2.1 У с у г нь ОСАК Дөл ХХК-тай 2007 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 240249 хэрэглэгчийн бүртгэлийн дугаартай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээг байгуулж, улмаар 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэрээг дүгнэж, гэрээний хугацааг 2010 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 2011 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүртэл сунгасан байна. /хх-6-7/

 

2.1.1 Мөн 2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Шинэ 52 Сууц өмчлөгчдийн холбоотой дээр дурдсан гэрээг буюу 240249 хэрэглэгчийн бүртгэлийн дугаартай Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээг байгуулсан байна. /хх-8-9/

 

2.2 Нэхэмжлэгч нь дээрх гэрээнүүдийг үндэслэн хэдийгээр ...Ссууц өмчлөгчдийн холбоотой Цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээг байгуулаагүй боловч уг холбоо нь ОСАК Дөл ХХК, Шинэ 52 сууц өмчлөгчдийн холбоонп хамаарах Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол Их өргөө 52 дугаар орон сууцыг 2014 онд хариуцан ажиллаж байсан тул энэ хугацаанаас хойшхи усны төлбөрийг төлөх үүрэгтэй гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. Учир нь,

 

2.2.1 Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой хаилцааг энэ хууль, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээгээр зохицуулна, 13.2-т Хангагч нь Зохицуулах зөвлөлийн баталсан аж ахуйн харилцааны дүрмийн дагуу хэрэглэгчтэй гэрээ байгуулна гэж заасан.

 

2.2.2 Гэтэл нэхэмжлэгч У с у г нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол Их өргөө 52 дугаар орон сууцыг цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээг хариуцагч Ссууц өмчлөгчдийн холбоотой байгуулаагүй болох нь талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон. Хэрэгт энэ талаар бичгийн баримт авагдаагүй.

 

2.3 Нэхэмжлэгч нь хэргийн 16 дугаар талд авагдсан Ссууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирал Б.Б-ээс 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр гаргасан гэх ...ССӨХ-д Их өргөө компанийн барьсан 52-р байр нь 2013 оны ... сараас шилжиж ирсэн болно. Тус байр нь хуучин усны өртэй, оршин суугчдынх нь 50 хүрэхгүй хувь нь төлбөрөө төлдөг. Иймд энэ усны төлбөр сардаа багтаж төлөгдөхгүй байгаа учир төлбөрөө төлдөггүй айлуудыг шүүхэд өгсөн болно. 52-р байрны усны төлбөр тооцоог барагдуулах талаар манай СӨХ нь зээл хүсэмжилсэн, уг зээл нь 7-р сард шийдэгдэх тул байрны усыг тавьж өгч манай ажилд туслана уу. Бид хүсэмжилсэн зээлээ авч, усны төлбөр тооцоог 7-р сардаа багтаан барагдуулах болно баримтаар хариуцагч нь 52 дугаар байрны усны өр төлбөрийг төлөх үүрэгтэй гэж маргасан.

 

2.3.1 Гэвч дээрх баримтаас үзэхэд усны төлбөрийн үлдэгдэл хэдэн төгрөг эсэх нь тодорхойгүй байна. Хариуцагч Ссууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч нь дээрх баримтыг үгүйсгэж, гэрээ байгуулаагүй мөн 52 дугаар байр нь хэзээ ч манайд холбоонд хамаарч байгаагүй гэж мэтгэлцсэн.

 

2.3.2 Баянзүрх дүүргийн хөгжлийн төв ОНӨААТҮГ-ын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 194 дүгээр албан бичигт ...Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны 7, 8, 53, 54-р байрны оршин суугчдыг төлөөлөн Ссууц өмчлөгчдийн холбоо нь 1999 оноос эхлэн одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа болно. Тус дүүргийн 1-р хороонд байрлах 52 дугаар байр нь 2014 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар Шинэ 52 сууц өмчлөгчдийн холбоо байгуулсан байна гэжээ. /хх-42/

 

2.3.3 Уг албан бичгээс үзэхэд 52 дугаар байр нь Ссууц өмчлөгчдийн холбоонд харьяалагддаггүй болох нь тогтоогдож байх ба энэ талаар гаргасан хариуцагчийн тайлбар, татгалзал үндэслэлтэй гэж үзэхээр байна.

 

2.3.4 Иймд Ссууц өмчлөгчдийн холбооны гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэх Б.Б-ээс гаргасан хүсэлтийг зөвхөн үндэслэн баримтыг үндэслэн хариуцагч Ссууц өмчлөгчдийн холбоог 240249 дугаартай гэрээний үүргийг гүйцэтгэх үүрэгтэй гэж шууд үзэх үндэслэлгүй.  

 

3. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн 2022 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 53 дугаар тогтоолд ...У с у г ОНӨААТҮГ болон Ссууц өмчлөгчдийн холбооны хооронд Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 15 дугаар зүйлийн 15.1.2, 15.1.3-д заасан гэрээний үүргийн харилцаа үүссэн нь тодорхойгүй байх тул Баянзүрх дүүргийн Ир өргөө 52 дугаар байрны цэвэр, бохир усны өр төлбөр 4,510,000 төгрөгийг У с у г ОНӨААТҮГ-т төлөх эсэх тухай маргаантай асуудлыг мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д заасан бүрэн эрхийн хүрээнд зохицуулах зөвлөлөөс шийдвэрлэх боломжгүй болохыг мэдэгдсүгэй гэжээ.

 

4. Хэргийн 24 дүгээр талд авагдсан төлөлтийн өдрийн тайлан гэх баримтад 2014.4.7, 2014.04.08, 2014.06.26-ны өдрүүдэд 52-р байрны усны төлбөрийг Ссууц өмчлөгчдийн холбооноос төлсөн төлсөн талаар гүйлгээний утгад тусгагдсан байна. Уг баримт нь нэхэмжлэгч У с у г ОНӨААТҮГ-ын санхүүгээс гаргасан буюу нэг талын баримт байна.

 

4.1 Мөн уг төлөлтийн өдрийн тайлан гэх баримтад гэрээний дугаар 240249,төлбөр төлөгч ОСАК Дөл ХХК гэж тусгагдсан байх ба ямар учраас төлбөр төлсөн гүйлгээний утганд Ссууц өмчлөгчдийн холбоо гэж бичигдсэн болохыг нэхэмжлэгч тал үндэслэл бүхий тайлбарлаагүй, уг баримт нь нэхэмжлэгчийн өөрийн үйлдсэн баримт байх тул шүүх үнэн зөв, эргэлзээгүй гэж үзэхээргүй байна.

 

5. Нэхэмжлэгч нь хэргийн 29-32 дугаар талд авагдсан тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар хариуцагч Ссууц өмчлөгчдийн холбоо нь төлбөрийн үлдэгдэлтэй болох нь тогтоогдоно гэх боловч уг тооцооны үлдэгдлийн баталгааг Ш 52 сууц өмчлөгчдийн холбоотой үйлдсэн баримт байна.

 

6. Хариуцагч Ссууц өмчлөгчдийн холбоо нь усны өр төлбөрийг шаардах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан. Нэхэмжлэгч нь 2014-2018 оны 02 дугаар сар хүртлэх хугацааны усны өр төлбөрийг шаардсан ба нэхэмжлэлээ анх 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд гаргасан болох нь шүүхийн Иргэн-1 нэгдсэн программ, тус шүүхийн шүүгчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2022/07276 дугаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар тус тус тогтоогдож байна.

6.1 Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлж шүүхэд нэхэмжлэл гаргасан байх ба энэ талаар гаргасан хариуцагчийн татгалзал үндэслэлтэй.

 

7. Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч У с у г ОНӨААТҮГ-ын хариуцагч Ссууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан гаргасан 4,510,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцнэ гэж шүүх дүгнэв.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 87,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ссууц өмчлөгчдийн холбоонд холбогдох 4,510,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч У с у г ОНӨААТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87,110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ