Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2023/00780

 

 

 

 

 

 

 

 

 

2023 02 06

101/ШШ2023/00780

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ххххх давхар хаягт байрлах, ххххх регистрийн дугаартай М ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, хххххх тоот хаягт оршин суух, хххх регистрийн дугаартай Ители овогт Х.Ед холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болон гэрээнээс учирсан хохиролд нийт 28,899,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв. 

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, Л.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Л, өмгөөлөгч А.К, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М ХХК нь 2021 оны 11 дүгээр сард иргэн Х.Етой Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Баруун Алтан Өлгий хххх хаягт 17х18 хэмжээтэй 3.61 м өндөр агуулах барих ажил гүйцэтгэж, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бэлэн болгож ашиглалтанд хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцсон. 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хооронд 62,590,000 төгрөгийг 5 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Иргэн Х.Е нь уг агуулахын ажлын төсвийг 72,610,000 төгрөг гэж тооцоолол гаргаж, энэ үнийн дүнгийн 86 хувьтай тэнцэх мөнгө авсан боловч барилгын ажлыг хагас дутуу хийгээд хаяад явсан. Агуулах хугацаандаа ашиглалтанд ороогүйн улмаас манай компанид агуулах түрээс бараа материалын тээврийн зардал, ажлын хөлс зэрэгт 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 8,532,064 төгрөгийн нэмэлт зардал гарсан, мөн Х.Е агуулахын ажлыг үргэлжлүүлэн хийхгүй байгаа тул Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст хандсаны дагуу Дамно ХХК-аар хөрөнгийн үнэлгээ хийгдэж дутуу баригдсан агуулахыг 42,222,114 төгрөгөөр үнэлсэн. Манай байгууллагын гомдлыг Баянзүрх дүүргийн прокурорын газар гэмт хэргийн шинжгүй гэж үзэж хаасан. Иймд Х.Ед өгсөн мөнгө, агуулахын үнэлгээний зөрүү болох 20,367,886 төгрөг, мөн агуулах хугацаандаа ашиглалтанд ороогүйн улмаас манай компанид агуулах түрээс, бараа материалын тээврийн зардал, ажлын хөлс зэрэгт 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар 8,532,064 төгрөг нийт 28,899,950 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

2. Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М ХХК-тай 2021 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Баруун Алтан Өлгий хххх хаягт 17х18 хэмжээтэй 3.61 м өндөр агуулах барих ажил гүйцэтгэх гэрээг амаар тохиролцсон. Гэрээний дуусах хугацааг яг товлож тохирсон зүйл байхгүй, өвлийн улирал байсан тул аль боломжоороо барьж дуусгах тохиролцоотой байсан. Ажлын хөлсөнд 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 15,000,000 төгрөг, 11 дүгээр сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 12 дугаар сарын 01-ний өдөр 7,000,000 төгрөг, 12 дугаар сарын 04-ний өдөр 9,000,000 төгрөг, нийт 46,000,000 төгрөг нэхэмжлэгчээс хүлээж авсан. Дээрх мөнгийг 100 хувь агуулахыг барих материал, агуулахыг барих хугацааны урсгал зардалд (ажилчдын цалин хөлс, хоол, унаа) зарцуулсан. Би өөрөөсөө нэмж зардал гарган нийт 50,780,000 төгрөгөөр агуулахын ажлыг гүйцэтгэсэн. Нэхэмжлэгч 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр санхүүжилт хийснээс хойш төлбөр шилжүүлээгүй тул цаашид барилгыг барих боломжгүй болсон төдийгүй, өвлийн хүйтэнд халаалтгүй барилгын дотор болон гадна хэсэгт барилгын ажил явагдах ямар ч боломжгүй болсон. Мөн нэхэмжлэгч нь хариуцагчид гэрээ цуцалж байгаагаа огт мэдэгдэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хуульд нийцэхгүй. Нэхэмжлэлд дурдсан нэмэлт зардал нь агуулахтай холбоогүй, хариуцагчтай харилцан тохиролцохгүйгээр нэхэмжлэгчээс гарсан зардлууд байх тул нэмэлт зардал гэж үзэхгүй. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч талаас агуулахын ажлаас дуусгаагүй үлдсэн ажлыг 11,000,000 төгрөг гаргаж бүрэн барьж дуусгасан болохоо тайлбарлаж байна. Ингэхээр Х.Еын хийсэн байсан 50,780,000 төгрөгийн ажил дээр 11,000,000 төгрөгийн ажлын нэмж бариулсан нь анх төсөвлөж байсан 72,610,000 төгрөгт багтаж байгаа тул хариуцагчийг илүү мөнгө авсан гэж үзэх үндэслэл үгүйсгэгдэж байна. Мөн шинжээчийн дүгнэлтээр хариуцагчийн гүйцэтгэсэн нийт ажлын зардлын хэмжээ гарсан. Нэхэмжлэгч нь шинжээчийг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүйтэй холбоотой дахин шинжээч томилуулах хүсэлтээ гаргаагүй. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:

3.1 нэхэмжлэгчээс гаргасан хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, гараар бичсэн материалын задаргаа, ажлын хөлс, иргэний үнэмлэхийн хуулбар, бэлэн мөнгөний зарлагын баримтууд, шилжүүлгийн мэдээллүүд, төлбөрийн даалгаварууд, зардлын задаргаа, Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 741 дүгээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол, Бодь түүчээ ХХК-ийн тодорхойлолт,

3.2 хариуцагчаас гаргасан Оаас гаргасан бичвэр, материалын задаргаа, Хаан банк ХХК дахь дансны хуулга, Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 03/6309 тоот албан бичиг,

3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн шинжээч Барилгын төсөвчдийн холбооноос гаргасан дүгнэлт зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад, 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Х.Ед холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт болон гэрээнээс учирсан хохиролд нийт 28,899,950 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

 

1.1 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...агуулах барих ажил гүйцэтгэж, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бэлэн болгож ашиглалтад хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож 62,590,000 төгрөг шилжүүлсэн. Х.Е ажлыг хагас дутуу хийгээд хаяад явсан. Дамно ХХК дутуу баригдсан агуулахыг 42,222,114 төгрөгөөр үнэлсэн. Үнэлгээний зөрүү 20,367,886 төгрөг, агуулах хугацаандаа ашиглалтад ороогүйн улмаас агуулах түрээс, бараа материалын тээврийн зардал, ажлын хөлс зэрэгт 8,532,064 төгрөг, нийт 28,899,950 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

 

1.2 Хариуцагч нь ...нэхэмжлэгчээс 46,000,000 төгрөг хүлээж авсан, 50,780,000 төгрөгийн зардал гарсан, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр санхүүжилт хийснээс хойш санхүүжилт хийгээгүй, өвлийн хүйтэнд барилгын ажил гүйцэтгэх боломжгүй байсан, нэмэлт зардлыг зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

2.1 Зохигчид 2021 оны 11 дүгээр сард амаар ажил гүйцэтгэх гэрээг байгуулж, уг гэрээгээр хариуцагч Х.Ед нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Баруун Алтан Өлгий хххх хаягт 17х18 хэмжээтэй 3.61 м өндөртэй агуулахын ажлын барьж гүйцэтгэх, М ХХК нь барилгын материалын үнэ болон ажлын хөлсөнд нийт 72,610,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн үйл баримт талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон.

 

2.1.1 Талууд ажил гүйцэтгэх гэрээний хугацааг харилцан адилгүй буюу нэхэмжлэгч нь 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн дотор гүйцэтгэхээр тохирсон гэж, хариуцагч нь гүйцэтгэж дуусах тодорхой хугацааг тохироогүй, аль боломжоороо хийж гүйцэтгэх байсан гэж тус тус тайлбарласан.

 

2.2 Зохигчдоос гаргаж байгаа дээрх тайлбараас үзэхэд тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байна.

 

3. Хариуцагч Х.Еоос хэргийн 9-10 дугаар талд авагдсан материал, ажлын хөлсний тооцоог гаргаж, нийт 72,610,000 төгрөгөөр гэрээний зүйл болох агуулахын ажлыг гүйцэтгэх төсөв гаргасныг нэхэмжлэгч М ХХК нь зөвшөөрч, нэхэмжлэгч нь материал болон ажлын хөлсөнд 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Бодь түүчээ ХХК-иас 16,590,000 төгрөгийн төмөр авч, хариуцагч Х.Ед дансаар 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 15,000,000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 7,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 9,000,000 төгрөг тус тус шилжүүлж, нийт 62,590,000 төгрөгийг төлсөн байна. Уг үйл баримтад талуудын хэн аль нь маргаагүй. /хх-9-21/

 

4. Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Х.Еыг гэрээний дагуу агуулахын ажлаас тодорхой хэмжээний ажил гүйцэтгэсэн боловч нийт олгосон хөлс болох 62,590,000 төгрөгийн хэмжээний ажил гүйцэтгээгүй, Дамно ХХК-ийн дүгнэлтээр Х.Еын нийт гүйцэтгэсэн ажлыг 42,222,114 төгрөг болохыг тогтоосон тул зөрүү 20,367,886 /62,590,000-42,222,114/ төгрөгийг гаргуулна гэж нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.

 

4.1 Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 741 дүгээр хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоолоор Х.Ед холбогдох гомдол нь иргэний журмаар шийдвэрлүүлэх маргаан байх тул гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж, хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байна.

 

4.1.1 Дээрх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Х.Еын нийт гүйцэтгэсэн ажлын үнэлгээг Дамно ХХК-иар тогтоолгосон байх ба уг хөрөнгийн үнэлгээний газраас нийт 42,222,114 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болохыг гаргажээ.

 

4.1.2 Дээрх үнэлгээнд эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй, Монгол Улсын Сангийн яамны 2022 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 03/6309 тоот албан бичгээр Дамно ХХК нь хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлгүй этгээд болох нь тогтоогдсон тул уг газраас гаргасан үнэлгээг шүүх үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй.

 

4.2 Зохигчдын хэн аль нь нийт гүйцэтгэсэн ажлын төсвийн хэмжээг харилцан адилгүй тайлбарлаж маргасан тул шүүхээс Барилгын төсөвчдийн холбоог шинжээчээр томилж, гүйцэтгэгч Х.Еын нийт гүйцэтгэсэн ажлын төсвийн хэмжээг тогтоохыг даалгасан. Шинжээч Барилгын төсөвчдийн холбооноос Бодь түүчээ ХХК-иас авсан 16,590,000 төгрөгийн төмрийн үнийн дүнг оролцуулахгүйгээр нийт 52,145,275 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болохыг тогтоосон байна.

 

4.2.1 Нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд Барилгын төсөвчдийн холбооноос гаргасан шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлах боловч 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шинжээчийн дүгнэлттэй танилцсанаас хойш өнөөдрийн шүүх хуралдаан хүртэл, мөн шүүх хуралдааны хүсэлтийн шатанд энэ талаар хүсэлтээ гаргах замаар мэтгэлцээгүй.

 

4.3 Хариуцагч Х.Еоос маргаан бүхий агуулахын ажлыг гүйцэтгэхэд Бодь түүчээ ХХК-иас авсан 16,590,000 төгрөгийн төмрөөс гадна 50,780,000 төгрөгийн материал, ажлын хөлс зарцуулагдсан гэх тайлбар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч Барилгын төсөвчдийн холбооноос гаргасан дүгнэлттэй харьцуулан үзэхэд үндэслэлтэй байна.

 

4.4 Үүнээс үзэхэд хариуцагч Х.Е нь агуулахын ажлын материал, хөлсөнд авсан нийт 62,590,000 төгрөгөөс 20,367,886 төгрөгийн ажлыг гүйцэтгээгүй дутуу орхиж үлдээсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсонгүй. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс гаргасан дутуу гүйцэтгэсэн ажлын хөлсний зөрүү төлбөр 20,367,886 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

5. Нэхэмжлэгч нь 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүртэл агуулах түрээслэсэн, бараагаа бусдаар тээвэрлүүлж зөөсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчид хөлс төлсөн нийт 8,532,064 төгрөгийг төлсөн. Хариуцагч нь тохирсон хугацаанд агуулахын ажлыг бүрэн гүйцэтгэсэн бол дээрх зардлыг гаргаж хохирохгүй байсан гэж тайлбарласан.

 

5.1 Дээр дурдсанаар талуудын хэн аль нь ажил гүйцэтгэх гэрээний хугацааг өөр өөрөөр тайлбарлаж маргадаг ба нэхэмжлэгчээс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гэхэд агуулахын барилгын ажлыг хийж гүйцэтгэхээр тохирсон гэж тайлбарласан.

 

5.1.1 Нэхэмжлэгч нь ажлын үр дүнг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөхөөр тохирсон гэх атлаа нийт тохирсон төсөв болох 72,610,000 төгрөгөөс 62,590,000 төгрөгийг өгч, үлдэх төсвийн мөнгөн хөрөнгийг 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр санхүүжилт олгосноос хойш олгоогүй байна. Үүнээс үзэхэд хариуцагчаас гаргасан ...нэхэмжлэгчээс өгсөн 62,590,000 төгрөгт тохирох ажлыг хийж гүйцэтгэсэн. Хамгийн сүүлд 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хөлс авсанаас хойш М ХХК-иас үлдэх ажлын хөлсөө өгөхгүй байснаас барилгын ажил зогссон. Үлдэх ажлын хөлсөө өгсөн байсан бол ажлыг бүрэн гүйцэтгэх байсан гэх тайлбар үндэслэл бүхий байна.

 

Өөрөөр хэлбэл, ажлын хөлсийг хэсэгчлэн төлж ирсэн үйл баримт тогтоогдсон ба нэхэмжлэгч нь ажлын үр дүнг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээлгэн өгөх байсан гэх атлаа 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс хойш ажлын материал, хөлсний үнийг бүрэн төлөөгүй байна.

 

5.1.2 Иргэний хуулийн 346 дугаар зүйлийн 346.2 дахь хэсэгт Ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэж заасан. Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд ажлын хөлсөнд ажил гүйцэтгэх бараа материалын үнэ хамт багтсан байна. Энэ тохиолдолд гүйцэтгэгч нь бараа материалын үнийг урьдчилан авахгүйгээр ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй юм.

 

5.2 Нөгөө талаар, гүйцэтгэгч нь захиалагчийн зааж өгсөн газарт агуулахын байрыг барьж гүйцэтгэсэн ба тухайн газарт захиалагч нь өөрийн хүсэлтээр агуулах шинээр бариулахын тулд урд байсан барааг өөр газарт зөөж тээвэрлэх, агуулах түрээслэх нь зайлшгүй гарах байсан зардал байна.

 

5.2.1 Түүнчлэн хэргийн 23-65 дугаар талд авагдсан баримтуудаас үзэхэд талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээтэй холбоотойгоор гарсан зардал гэж үзэхээргүй, хаана байрлах ямар барааг ямар зорилгоор хаана зөөсөн эсэх нь тодорхойгүй, хувь этгээдүүдэд төлсөн төлбөрийн баримтууд байх боловч холбогдох гэрээ байгуулаагүй, уг баримтуудад ундаа усны төлбөр байхаас гадна цоожны голны төлбөрийг шаардаж байгаа нь учир дутагдалтай байна.

 

5.2.2 Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчид төлсөн гэх 1,000,000 төгрөгийн баримт байх боловч нэхэмжлэгч нь өөрийн эрх, ашиг сонирхлыг хамгаалуулахаар өмгөөлөгчид хандах эсэх нь түүний эрхийн асуудал ба уг зардлыг хариуцагч төлөх үндэслэлгүй.

 

5.3 Иймд нэхэмжлэгчээс гаргасан ажил гүйцэтгэх гэрээнээс учирсан хохиролд 8,532,064 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч хариуцах тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Ед холбогдох 28,899,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 302,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ