| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигжанцангийн Бямбажаргал |
| Хэргийн индекс | 101/2022/06789/И |
| Дугаар | 101/ШШ2023/00836 |
| Огноо | 2023-02-08 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2023/00836
| 2023 02 08 | 101/ШШ2023/00836 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Бямбажаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ХХХХХ тоотод оршин суух, Гэлэн овогт Ч.Э /рд:ХХХХ/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүргийн ХХХХХ тоотод оршин суух, Бөөрийнхөн овогт Л.Г /рд:ХХХХ/-д холбогдох
Үндэслэлгүй илүү авсан 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний охин болох Эринаа овогтой Охиноо нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Жем паласын авто зогсоол дээр машинаа гаргах гэж байгаад ард байсан машиныг ухрах үедээ зөөлөн мөргөсөн. Ингээд охин маань буруугаа хүлээж уучлал гуйсан ч Л.Г буюу мөргүүлсэн машины эзэн болох хариуцагч барьцаанд 5.000.000 төгрөг үлдээ машинаа засуулчихаад барьцааг чинь буцаагаад өгнө, санаа зоволтгүй гэж шаардахад нь би зөвшөөрч дансаар шилжүүлчихээд явсан. Тухайн үед манай гэрт ажил явдал гарсан, 20 жил Монголд ирээгүй дүү маань үүрээр ирэх гэж байсан гэхчлэн асуудлууд байсан тул яаралтай барьцаа мөнгө үлдээсэн. Үүний дараа машин засуулаад холбогдох байх гэж хүлээн итгэсэн. 3 сар орчим хүлээн залгахад сүүлдээ утсаа ч авахгүй мессежинд хариу ч өгөхгүй байгаа. Иймд Л.Г гэгч нь барьцаа болгон үндэслэлгүй 5,000,000 төгрөг авч завшсан тул 5,000,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Хариуцагч нь машинаа мөргүүлсний улмаас радарыг шинээр авч сольсон болохыг хүлээн зөвшөөрч байна. Харин сетик тухайн үед эвдрээгүй тул шинээр авч суурилуулах шаардлагагүй. Арвижих-Эстимэйт ХХК-иар шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа дүгнэлт гаргуулсан байгаа нь үндэслэлгүй. Хариуцагчийн машинд 5,000,000 төгрөгөөр засвар хийлгэх хэмжээний эвдрэл үүсээгүй. Машины эвдрэлд шаардагдах мөнгө 2,280,000 төгрөг болсон гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагаа 2,280,000 төгрөгөөр багасгаж, үлдэх 2,720,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2022 оны 7 сарын 16-ны орой 18 цаг өнгрөөгөөд Баянгол дүүрэг, 6-р хороо, Чингүнжавын гудамж Жем палас худалдаа үйлчилгээний төвийн гадна задгай талбай дээр майхны үзэсгэлэн худалдаа зарласан байсныг үзэх гэж найз Г.О-ийн хамт очсон боловч үзэсгэлэн худалдаа буусан байсан тул зогсолгүй тойролт хийж буцаад авто зогсоолын машин гаргадаг путик руу очиход машин гардаг гарц дээр замын улаан хаалт тавьсан байсан. Зогсоолын хаалтан дээр ХХХХ ОРО дугаартай RА4 маркийн машин гарах гээд зогсож байхад нь ард талд нь очиж зогстол урд талын машин гэнэт хаазлаж огцом ухрах үйлдэл хийж миний унаж явсан Тоёото харер маркийн машины урд хэсгийг мөргөсөн.Тухайн үед сигналь дарсан боловч уг машин зогсолгүй ухарч машиныг маань мөргөсөн. Буугаад ирэхэд машины урд гупер, шилэн нүүр хагарч цуурсан байсан. Тухайн машиныг жолоодож явсан хүн болох Э.Охиноо нь бууж ирсэн ба тухайн үед өөрийн бурууг 100 хувь хүлээн зөвшөөрч машиныг маань ямар ч хохиролгүй болгож өгнө гэсэн учир эхний ээлжинд даатгалаа дуудчих гэсэн боловч машин нь даатгалгүй байсан ба удалгүй ээж гэх хүн ирж асуудалд оролцож эхэлсэн. Тухайн үед би хууль дүрмийнх нь дагуу цагдаа дуудаж асуудлаа шийдье гэж олон удаа хэлсэн боловч тухайн 2 хүн уйлж ямар нэг аргаар цагдаа дуудуулахгүй байхыг байхыг шалж ар гэрт ажил явдал гарсан тул цагдаа дуудахгүй асуудлаа шийдье 100 хувь хохирлыг чинь барагдуулж өгнө гэсэн тул би нөхөртөө хэлж машины сэлбэг ямар байдаг талаар асууж эхний ээлжинд ойролцоогоор одоогоор мэдэгдэж байгаа гэмтэл нь машины маань урд нүүрний сетикнүүд хагарч бутарч унасан, баруун гэрэл гажиж доош унжсан, гүпер хагарч цууралт өгсөн, машины хянах самбар дээр алдаа заасан РС5 гэдэг тэмдэглэгээ ассан байсан. Өөр юу нь гэмтснийг нь мэдэхгүй учир эхний ээлжинд утсаар зах зээлийн судалгаа хийж 5,000,000 төгрөг өгч бай хэрэв машины маань гэмтэл үүнээс давбал нэмж авахаар тохирч тухайн ослын үеийн зургуудыг утсаараа дарж аван, бие биенийхээ бичиг баримтыг солилцон 5,000,000 төгрөгийг өөрийн хаан банкны дансанд шилжүүлэн авсан болно. Гадаа харанхуй болж орой болсон учир гэртээ харьж хоноод маргааш өглөө нь 3, 4 хороололд байрлах "Даян моторс" машин засварын газар машинаа оношлуулахад машины радар гэдэг машины зай болон цагаан зураас мэдрэгч төхөөрөмж нь урд талаасаа хүчтэй мөргүүлснээс болж залгуур нь хугарч шатсан байсныг оношлож мөн нүүрний сетикнүүд хагарч унасан, хажуу талууд руу цуурсан тул бүрэн нүүрийг бүтнээр нь солихоос өөр аргагүй, мөн нүүр урдаас мөргүүлснээс болж баруун талын гэрэл доош унжиж тохиргоо алдсан байна бас гупер хагарч цуурсан, урд талын машины дугаар хонхойж цааш орсон байна гэж оношлогдсон болно. Машины гэмтлийг "Арвижих эстимэйт" нэртэй машин үнэлгээний газраар орж үнэлүүлэхэд зөвхөн 4,330,000 болж үнэлэгдсэн бөгөөд үнэлгээ хийлгэсэн төлбөрт 230,000 төгрөг төлсөн болно. Миний унаж явсан машин болох Тоёото харер 2016 онд үйлдвэрлэгдсэн монголд 2021 оны 12 сарын 3-нд монголд орж ирсэн машиныг 12 сарын 23-нд 74,000,000 төгрөгөөр худалдаж авсан ямар ч гэмтэл үгүй машин байсан бөгөөд тухайн ослын дараа монгол дахь япон сэлбэг зардаг хүмүүстэй холбогдож асуусан боловч монголд орж ирсэн цөөн сэлбэг нь тохирохгүй япон луу захих гэсэн боловч хил гаалийн гацалтаас болоод захиалга авахгүй зэргээс болж машинаа бүрэн засч чадаагүй болно. 7 сард машины өөрийн радар нь олдохгүй байсан гадагшаа захиалга хийгдэхгүй байсан учир түрдээ орлуулах RХ машины радарыг 1,500,000 төгрөгөөр худалдан авч машиндаа тавьж машинаа унадаг болсон ба япон руу эвдэрсэн элбэгүүдээ захих зардал 2,994,000 төгрөг болсон (тухайн үед авто засварууд гадагшаа захиалга хийхгүй байсан тул захиалга хийж чадаагүй). Урд талын гуперыг ДЕЛЬТА авто засвар 1,601,000 төгрөгөөр засаж янзлах үнийн дүн гаргаж дүгнэсэн болно. 9 сард япон руу захиалга хийх хүсэлт гаргахад машины нүүр 1,500,000 төгрөг болж байсан нь 1,750,000 'өгрөг болж нэмэгдсэн байсан. Мөн японы Тоёото компаниас урд шилэн нүүр, гуперын үнийн санал авахад 3,247,800 төгрөг болсон. Дээрх шалтгааны улмаас одоог болтол машинаа бүрэн засварлаж чадаагүй байна. Өөрийн эд хөрөнгийг эзэмшиж ашиглаж чадахгүй байсаар байна. Нэхэмжлэхэд бичигдсэн машинаа засуулахад барьцаа авна гэж ямарч яриа болоогүй. Энэ хүмүүсийн гуйлтаар ийм байдлыг үүсгүүлсэндээ харамсаж байна. Тухайн үед нь цагдаагийн байгууллагад нь хандаж асуудлыг шийдвэрлүүлэх даруй хийх ёстой үйлдэл байж. За учир зүйгээ олоод болчих юм байна. Үнэн учир зүйгээ хэлж байхад нь хатуурахаад яах ч юм, миний хохирлыг барагдуулчихвал цагдаа гээд хүмүүст асуудал учруулж хэрэггүй юм байна гэж хандсан нь буруудсан байна. Машинаа засуултал барьцаа авна гэж ямар ч яриа бидний дунд болоогүй. Засварын газруудаас танай машины ийм эвдрэл нь ийм үнийн дүнтэй хавьцаа болно гэсэн тэрийг нь л энэ нэхэмжлэгч байгаа гээд хүмүүст хэлэхэд өөрсдөө төлнөө гээд зөвшөөрсөн юм шүү. Сүүлд нь яагаад ийм нэхэмжлэл гаргаж байгааг гайхаж байна. Бодвол иймхэн зүйлд ийм хэмжээний хохирол төлөхгүй гэж л сонсож мэдсэн юм байлгүй. Машины үйлдвэрлэсэн он загвараас хамаарч эд, анги нь өөр байдаг юм байна гэдгийг анхаарч ойлгох шаардлагатай юм байна. Ийм учраас нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би хохиролоо барагдуулж авсан. Харин одоо энэ асуудлыг тээврийн цагдаагийн байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ гэв.
3. Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох:
3.1 нэхэмжлэгчээс гаргасан фото зураг, Хаан банк ХХК дахь дансны хуулга, иргэний үнэмлэхийн лавлагаа,
3.2 хариуцагчаас гаргасан иргэний үнэмлэхийн лавлагаа, Арвижих-Эстимэйт ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан, бэлэн мөнгөний орлогын баримт, фото зураг, Приус сэлбэг худалдааны баримт, Дельта сервисийн баримт, Даян моторсын зарлагын баримт,
3.3 шүүхийн журмаар бүрдүүлсэн шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлт зэргийг бүхэлд нь шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.Э нь хариуцагч Л.Гад холбогдуулан үндэслэлгүйгээр илүү авсан 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагаа багасгаж, 2,720,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Хариуцагч Л.Г нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
3. Зохигчид 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Жем паласын авто зогсоолд хариуцагч Л.Гын унаж явсан ХХХХ УАР улсын дугаартай, Toyota harrier маркийн тээврийн хэрэгслийг ХХХХ ОРО улсын дугаартай RА4 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан Э.О нь ухрах үйлдэл хийх үедээ мөргөсөн. Үүний улмаас ХХХХ УАР улсын дугаартай, Toyota harrier маркийн тээврийн хэрэгсэлд эвдрэл үүссэн, талууд тухайн үед энэ ослын талаар цагдаагийн газарт мэдэгдээгүй үйл баримтын талаар хэн аль нь тайлбарласан.
3.1 Тухайн үед хариуцагч Л.Гын ХХХХ УАР улсын дугаартай, Toyota harrier маркийн тээврийн хэрэгслийн эвдрэлд ямар хэмжээний эвдрэл гарсан болохыг эрх бүхий байгууллагаар тогтоолгоогүй, ХХХХ ОРО улсын дугаартай RА4 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан Э.Охиноогийн ээж буюу нэхэмжлэгч Ч.Эгаас 5,000,000 төгрөгийг хариуцагч Л.Гад машины эвдрэлд тооцон шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, дансны хуулгаар тус тус тогтоогдсон. /хх-6/
3.2 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...5,000,000 төгрөгөөр засварлах хэмжээний эвдрэл үүсээгүй, барьцаа болгож 5,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Буяны ажил явдал гарсан байсан тул мөнгө барьцаалж үлдээд бодит гарах байсан зардлыг нь төлөхөөр тохирсон. Машины сетик тухайн үед эвдрээгүй байсан байхад нэмж их хэмжээний мөнгө авсан гэж,
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын татгалзлын үндэслэлээ ...тухайн үед эвдэрсэн зүйлийг засахад 5,000,000 төгрөг орчим болохыг засварын газруудаас утсаар тодруулж байгаад тохиролцоод өгсөн. Барьцаа болгож авч үлдээгүй. Машины радар, нүүр сетик, дугаар хонхойж, урд буфер хормой эвдэрсэн гэж тус тус тайлбарласан.
4. Хэрэгт авагдсан баримтуудаар зохигчдын маргааны зүйл болох ХХХХ УАР улсын дугаартай, Toyota harrier маркийн тээврийн хэрэгсэлд 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр ХХХХ ОРО улсын дугаартай RА4 маркийн тээврийн хэрэгсэлд мөргүүлсний улмаас ямар хэмжээний эвдрэл гарсан болох, тухайн эвдрэлийг засахад гарах зардлыг тогтоосон баримтгүй. Талуудаас гаргаж өгсөн фото зургийг шүүх үндэслэн тээврийн хэрэгсэлд ямар хэмжээний эвдрэл гарсан болохыг тогтоох боломжгүй байсан.
4.1 Иймд шүүхийн санаачилгаар маргааны зүйл болох тээврийн хэрэгсэлд ХХХХ ОРО улсын дугаартай RА4 маркийн тээврийн хэрэгслээр мөргүүлсний улмаас ямар хэмжээний эвдрэл гарсан болох, тухайн эвдрэлийг засахад гарах зардлын хэмжээг тогтоолгохоор шинжээч томилсон.
4.2 Шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иас ...ХХХХ УАР улсын дугаартай, Toyota harrier маркийн тээврийн хэрэгсэлд 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн ослын улмаас урд буфер хагарсан, урд нүүр хагарсан, урд зай мэдрэгч эвдэрсэн гэмтлүүд учирсан байна. Осол гарсан өдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 3,740,000 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон дүгнэлтийг ирүүлсэн.
4.3 Зохигчдын хэн аль нь дээрх шинжээчийн дүгнэлтэд гомдол гаргаж, дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргаагүй.
5. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан.
5.1 Шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Л.Гын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 3,740,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Тэрээр нэхэмжлэгч Ч.Эгаас хохиролд 5,000,000 төгрөгийг хохиролд тооцон авсан нь 1,260,000 төгрөгийг үндэслэлгүйгээр илүү авсан болох нь тогтоогдож байна.
5.2 Иймд хариуцагч Л.Г нь 1,260,000 төгрөгийн хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байх тул уг мөнгөн хөрөнгийг түүнээс буцаан гаргуулж нэхэмжлэгч Ч.Эд олгож шийдвэрлэв.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах үүрэгтэй тул хариуцагчаас 1,260,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 34,790 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Л.Гаас 1,260,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Эд олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,460,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 34,790 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба мөн хуулийн 119.4 дэх хэсэгт заасан хугацаанд зохигч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БЯМБАЖАРГАЛ