| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2022/06169/И |
| Дугаар | 101/ШШ2023/00275 |
| Огноо | 2023-01-09 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2023/00275
|
| Дугаар | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: ..................., Д ХК /рд:......./-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................., И ХХК /рд:.........../-д холбогдох,
277,490,976.48 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхгэрэл, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнхгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...“........” ХХК нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасныг зөрчин цахилгаан эрчим хүч хангах гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй, цахилгаан эрчим хүчний төлбөрөө хугацаанд нь төлөхгүй 2022 оны 05 дугаар сараас эхлэн өр үүсэж 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн тооцоо нийлсэн актаар 241,296,501.18 үлдэгдэлтэйг баталгаажуулж 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төлж барагдуулахаар харилцан тохиролцсон болно. Тус компанид өр төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд цахилгаан эрчим хүчийг түдгэлзүүлэх тухай албан бичиг удаа дараа хүргүүлж, цахилгаан эрчим хүч хэрэглэсэн төлбөрөө төлөх шаардлага тавьсан боловч өр төлбөрөө барагдуулахгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй байна.
Иймд тус компанитай байгуулсан гэрээний 5,6 болон 5,8 дугаар зүйл заалтууд болон хугацаандаа төлөгдөөгүй эрчим хүчний төлбөр 241,296,501.18 төгрөг, Эрчим хүчний тухайн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасны дагуу түүнд Цахилгаан эрчим хүчний төлбөр 241,296,501.18 төгрөг түүнд ногдох алданги 36,194,475.30 төгрөг нийт 277,490,976.48 төгрөгийг гаргуулж хохирлыг барагдуулж өгнө үү.
2022 оны 8 сарын 15-наар тасалбар болгон тооцоо нийлэхэд хариуцагч эрчим хүчний төлбөрт 241,296,501.18 төгрөгийн өртэй байсан. 2022.08.15-наас 2022.09.15 хүртэл 30 хоногийн алданги тооцсон, хэрэв тухай бүрийн өрд алданги тооцсон бол уг дүнгээс их гарах байсан...” гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: итгэмжлэл 1 хуудас, хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан 4 хуудас, төлбөр тооцооны үлдэгдлийн баталгаа 1 хуудас, Дархан-Уул аймгийн Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн албан бичиг 2 хуудас, Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ 22 хуудас, И ХХК -ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: итгэмжлэл 1 хуудас.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт байхгүй.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Д ХК хариуцагч И ХХК холбогдуулан “цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүрэгт 241,296,501.18 төгрөг, алдангид 36,194,475.30 төгрөг, нийт 277,490,976.48 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргалд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр гардуулж өгсөн.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг гардан авснаас хойш шүүхээс тогтоож өгсөн хугацаа буюу 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байна.
Нэхэмжлэгч Д ХК нь цахилгаан эрчим хүч түгээх, хангах үйл ажиллагаа явуулах эрхтэй болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна. /хх-12/
Нэхэмжлэгч Д ХК хариуцагч И ХХК нарын хооронд “цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ” байгуулагдсан байх ба хангагч нь Эрчим хүчний тухай хуулийн дагуу хэрэглэгчийг цахилгаан эрчим хүчээр хангах, хэрэглэгч эрчим хүч хэрэглэсний төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөхөөр тохиролцсон болох нь нэхэмжлэгч талын тайлбар, зохигчдын хооронд байгуулагдсан 2022 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-13-34/
Хэрэглэгч И ХХК 2020 оноос 2021.12.31-нийг дуусталх хугацаанд хэрэглэсэн эрчим хүчний төлбөрөө бүрэн төлөлгүй 2021.12.31-ний өдрийн байдлаар 109,180,916.10 төгрөгийн үлдэгдэлтэй, 2021.01.01-ний өдрөөс 2022.08.15-ны өдрийг дуусталх хугацаанд нийт 287,731,503 төгрөгийн үнэтэй цахилгаан эрчим хүч хэрэглэж, нийт 396,912,419 төгрөгийн төлбөртэй болсноос 2022.03.29-ний өдрөөс 2022.06.20 хүртэлх хугацаанд 3 удаагийн төлөлтөөр 155,615,917 төгрөгийг төлж, 241,296,501.18 төгрөгийн үлдэгдэлтэй байсан болох нь хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлангаар тогтоогдож байна./ хх-5-8/
Дээрх авлага, өглөгийг 2 байгууллагын санхүү тооцоо нийлэн 2022.08.15-ны өдрийн байдлаар хэрэглэгч И ХХК хангагч Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д 241,296,501.18 төгрөгийн өглөгтэй болохыг баталгаажуулсан болох нь нэхэмжлэгч талын тайлбар, тооцооны үлдэгдлийн батлагаа зэргээр тогтоогдож байна. /хх-9/
Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5.1, 5.8-д “сар бүрийн 15-20-ны хооронд төлбөрөө төлөх, төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээгээр алданги төлөхөөр тогтоосон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6-д нийцэж байх тул алданги гаргуулах үндэслэлтэй байна.
2022.08.15-наас 2022.08.20-ны хооронд 241,296,501.18 төгрөг төлөөгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2022.08.20-ны өдрөөс 2022.0.920-ны өдөр хүртэл 30 хоногийн алдангид 36,194,475.30 төгрөг /241,296,501.18*0.5%*30хоног/ гаргуулах үндэслэлтэй.
Иймд хариуцагч И ХХК -иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 241,296,501.18 төгрөг, алдангид 36,194,475.30 төгрөг, нийт 277,490,976.48 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дархан сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д заасан журмын дагуу хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баяржаргалд 2023 оны 01 сарын 09-ний өдрийн 13,30 цагт товлогдсон шүүх хуралдааны товыг 2022 оны 12 сарын 26-ны өдөр түүний 99097370 утсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч И ХХК -иас 277,490,976.48 /хоёр зуун далан долоон сая дөрвөн зуун ерэн мянга есөн зуун далан зургаан төгрөг дөчин найман мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д ХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,545,405 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,545,405 /нэг сая таван зуун дөчин таван мянга дөрвөн зуун тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ