Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 16

 

Б.Д нэхэмжлэлтэй

                                     иргэний хэргийн тухай

 

 

       Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан даргалж, шүүгч Ч.Энхтөр ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 133/ШШ2019/00091 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг, Жавхлант 9 дүгээр байр, 6-2 тоотод оршин суух, Жалайр овогтой Б Д нэхэмжлэлтэй,

хариуцагч: Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдох

Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийг татан буулгасантай холбоотойгоор тус төвийн сургалт зөвлөгөө, санхүүгийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байсан хугацааны цалинд 14.107.700 /арван дөрвөн сая нэг зуун долоон мянган долоон зуун/ төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, түүний өмгөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төв нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн харьяанд ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын Хөдөлмөрийн сайдын 2014 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн А/01 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулан өр төлбөрийг барагдуулах тушаал гарсан боловч хэрэгжээгүй. Иймд дотооддоо зохион байгуулалт хийн орон тоог цомхотгон ажилтнуудыг ажлаас чөлөөлөн нягтлан бодогч нь хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, үйл ажиллагааг хариуцан үлдэж албан газрын асуудлыг шийдвэрлэх хүртэл ажиллаж байна. Байгууллагын санхүүжилт шийдвэрлэгдэхгүй байсан ч үйл ажиллагаа тасралтгүй явагдаж, ямар нэгэн шийдвэр гараагүй тул албан хаагчдад цалин, хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүссэн. Тус төвийн өрийн асуудал, байгууллагын санхүүжилтийн асуудлыг дээд газартаа уламжлан шийдвэрлүүлж өгөхийг хүсэж тухайн үеийн Хөдөлмөрийн хэлтэс, Хөдөлмөрийн яам болон бусад дээд холбогдох газруудад удаа дараа бичиг тоот хүргүүлж байсан боловч ямар нэгэн хариу өгөхгүй, өр төлбөрийг барагдуулах арга хэмжээг авахгүй байсаар өнөөг хүрсэн. Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 229 дүгээр тогтоолын дагуу томилогдсон комисс гарч Төрийн өмчит хуулийн этгээдийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй хөрөнгийг төрийн байгууллага хооронд балансаас балансад шилжүүлж тус төвд бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгө Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт очсон боловч бусад өр төлбөр болох ажилтнуудын цалингийн асуудлыг шийдвэрлээгүй. Засгийн газрын тогтоолын хэрэгжилт хангагдахгүй, томилогдсон комисс өрийн асуудлыг шийдвэрлэхгүй байгаа тул тус төвийг төлөөлөн Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд цалингийн 37,288,262.15 төгрөг, цалингийн өртэй холбоотойгоор үүссэн нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын 14.457.303 төгрөг, татварын 4.495.988,8 төгрөгийн өрийн нийт 54,412,781,82 төгрөгийг гаргуулахаар тус байгууллагыг төлөөлөн нэхэмжилсэн боловч Говь-Алтай аймгийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвийн нягтлан бодогч Б.Д нь тус төвийг төлөөлөх эрхтэй болох нь тодорхойгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тус байгууллага болон ажилтнуудын цалин хөлстэй холбоотой асуудлаар дахин Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгазсан шийдвэр гарсан. Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар комисс томилон тус байгууллагатай холбоотой өр авлагыг барагдуулах талаар заасан боловч, одоог хүртэл ажилтнуудын цалин хөлстэй холбоотой өрийг барагдуулахгүй байгаад гомдолтой байна. Монгол улсын иргэн би Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу албан ёсоор тухайн байгууллагатай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлээд  2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх цалин болох 14.107.700 төгрөгийг  нэхэмжлэх нэхэмжлэл  шүүхэд гаргасан. 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд санхүүжилт орж ирээгүй. 2017 оны 08 дугаар сарын 17-нд татан буулгах Засгийн газрын тогтоол гарсан юм. Энэ хугацаанд санхүүжилтгүйн улмаас ямар нэг цалин хөлс тавигдаагүй. 2017 оны 10 сарын 03-нд ажлын хэсэг байгуулагдаж уг ажлын хэсэгт Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн өр төлбөрийг барагдуулах шаардлагатай тооцоог хийж хаалтыг баланс хийж хөдлөх болон үл хөдлөх хөрөнгийг зохих журмын дагуу шилжүүлэх ажлын хэсэг гарсан. Уг ажлын хэсэг нь ажиллаагүйн улмаас өр төлбөр нь барагдаагүй. 2016 оны 12 сарын 27-нд ажлаас өөрийн хүсэлтээр тус төвийн дарга ажлаас чөлөөлөгдөж намайг түр орлон гүйцэтгэгчээр томилсон тушаал гаргасан юм. Энэ тушаалыг хөдөлмөрийн хэлтсийн дарга М.М нь гаргасан. Жижиг дунд үйлдвэрлэлийн төв нь хөдөлмөрийн хэлтсийн харьяа байгууллага гэж явдаг юм гэжээ.

Хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн иргэн Б.Д нэхэмжлэлийн дагуу дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ажил олгогч биш, тус газрын дарга нь бүрэн эрхийнхээ хүрээнд тушаал шийдвэр гаргаж жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн ажилчдын ажилд авч, чөлөөлөөгүй. Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 16 дугаартай албан тоотоор манай байгууллагад хүсэлт уламжлахдаа тус төвийн нягтлан бодогч хийж байсан Б.Д нь “...дээрх өр төлбөрийг барагдуулж өгөхийг Барилга хот байгуулалтын яам болон холбогдох газруудаас удаа дараа хүссэн боловч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны эрхлэх асуудалд хамаарах тул өрийг барагдуулах боломжгүйг мэдэгдсэн. Иймд Засгийн газрын тогтоолыг бүрэн хэрэгжүүлж өгөхийг харьяа яаманд уламжилж өгнө үү” гэжээ. Энэ хүсэлтийн дагуу манай байгууллага 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 290 дугаартай албан тоотоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Ө уламжилсан болно. Иймд манай байгууллага энэхүү нэхэмжлэлийн хариуцагч биш болно гэж үзэж байна гэжээ

.Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн /сургалт зөвлөгөө, санхүүгийн асуудал хариуцсан мэргэжилтэн/ нягтлан бодогчоор ажилласан хугацааны цалинд  7.313.632 /долоон сая гурван зуун арван гурван мянга зургаан зуун гучин хоёр/ төгрөгийг гаргуулан Жалайр овогтой Б. Д олгож, нэхэмжлэлээс 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны ажилласан хугацааны цалин гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ажилласан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 7.313.632 /долоон сая гурван зуун арван гурван мянга зургаан зуун гучин хоёр/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 131.968 /нэг зуун гучин нэгэн мянга есөн зуун жаран найман/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас гаргуулж, улсын орлогод оруулж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэжлэгдсэн төлөөлөгч Б.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: нэхэмжлэгч Б.Д нь Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвд нягтлан бодогчоор томилсон тушаал байгаа. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд Б.Д нь сургалт, зөвлөгөө, санхүүгийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан хугацааны цалин нэхэмжилсэн байгаа. Нэхэмжлэгч Б.Д нь сургалт, зөвлөгөө,  санхүүгийн асуудал хариуцсан мэргэжилтэнээр ажиллаж байсан гэх бичгийн нотлох баримт хэргийн материалд байхгүй. Нэхэмжлэгч Б.Д нь Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн даргын тушаалаар ажилд томилогдсон байна. Б.Д нь 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тус төвийг татан буугдах хүртэл хугацаанд цалин, хөлс аваагүй гэж тайлбарлаж, нотлох баримтаар нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн. Үүнээс харахад нэхэмжлэгч нь цалингаа аваагүй гэх үндэслэл болохгүй байна. Б.Д нь цалингаа аваад НДД болон ЭМД-т төлөлт хийгдсэн гэж үзэхээр байна. Мөн Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрийн төв нь тус аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас санхүүждэггүй байсан нь шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өөрийнх нь мэдүүлгээр тодорхой харагдаж байсан. Б.Д нь өөрөө ажлын хэсгийн бүрэлдэхүүнд байгаа. Ямар ажил хийсэн, танилцуулсан талаар хэргийн материалд бичгийн нотлох баримт байхгүй. Өнөөдөр Говь-Алтай аймгийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийг татан буулгасан гэх боловч шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Б.Д нь тамга, тэмдэг нь надад байгаа, би бариад явж байна гэсэн. Үүнээс харахд хуулийн этгээдийг татан буулгасан байна гэж үзэх хууль зүйн үндэслэл харагдахгүй байгаа. Мөн цалингаа Говь-Алтай аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас авдаггүй байсан талаараа шүүх хуралдаан дээр хэлдэг.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дугаар сарын 07-ны өдрийн 133/ШШ2019/00091 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт холбогдуулан тус аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвд ажиллаж байсан хугацааны цалин 14.107.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт зааснаар татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс эрхлэн гүйцэтгэнэ гэж заасан байх бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/212 дугаартай “ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар Говь-Алтай, Завхан аймаг дахь Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийн барилга, хөдлөх хөрөнгө, өр авлагыг барагдуулах, шилжүүлэх, санхүүгийн тайлан гаргах ажлын хэсгийг нэгдүгээр хавсралтаар, ажлын хэсгийн удирдамжийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталж, уг ажлыг 2017 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулж, тайланг танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгосон байна.

Хуулийн этгээдийг татан буулгасан тохиолдолд тухайн байгууллагад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажиллагсдын хөдөлмөрийн хөлс буюу цалингийн тооцоог татан буулгах комисс нь барагдуулах үүрэгтэй байна.

Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн харьяа Жижиг дунд үйлдвэрийг дэмжих Говь-Алтай төв, Говь-Алтай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын харьяа жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв гэж нэршлийн хувьд өөрчлөгдөж ирсэн байх боловч Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв нь Говь-Алтай аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн харьяа байгууллага бөгөөд үүнтэй холбоотойгоор татан буулгах комиссын бүрэлдэхүүнийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга болон бусад ажилчдаас томилжээ.

Иргэний хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг дараахь дарааллаар хангана" гэж, 32.5.6-д "...хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад төлөх хөдөлмөрийн хөлс..." гэж заажээ.

           Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвийг удирдлага зохион байгуулалтаар хангадаг, тухайлбал төвийн даргыг томилж, чөлөөлөх, бүтэц орон тоог батлах эрхтэй бөгөөд Хөдөлмөр ниймгийн хамгаалалын яамнаас татан буулгахтай холбоотой эрх үүргээ Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газарт шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан тушаалуудаар тогтоогдож байх тул Говь-Алтай аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газрыг хариуцагч гэж үзэх үндэслэлтэй бөгөөд татан буулгах комисс нь хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Д нь тус төвийн сургалт зөвлөгөө, санхүүгийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нягтлан бодогчийн албан тушаалд ажиллаж байсан хугацааны цалинд 14.107.700 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Д нийгмийн даатгалын дэвтэр дээр 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 31-нийг дуустал цалин авсан байдлаар бичигдсэн байгаа боловч нэхэмжлэгч өөрөө уг бичилтийг банкнаас зээл авах, эрүүл мэндийн үзлэгт хамрагдахын тулд хий бичилт хийлгүүлсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд мөн нийгмийн даатгалын ерөнхий газрын 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй цалин аваагүй гэдэг  нь лавлагаагаар нотлогдож байх тул  2015 оны 01дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүтэл ажилласан хугацааны цалин 14.107.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Тиймээс нэхэмжлэгч нь хариуцагчаас ажилласан хугацааны цалингаа гаргуулахаар шаардсан нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт дээрх үндэслэлээр өөрчлөлт оруулж, энэ талаар давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 133/ШШ2019/00091 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Б.Дашмаагийн ажилласан хугацааны цалин 14.107.000 төгрөгийг Говь-Алтай аймгийн хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас гаргуулан Б.Дашмаад олгосугай....” гэж,

2. Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын 7.313.632 /долоон сая гурван зуун арван гурван мянга есөн зуун жаран найман/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 131.968 төгрөг гэснийг “  14.107.000 /арван дөрвөн сая нэг зуун долоог маянган/ төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 228.485 /хоёр зуун хорин найман мянга дөрвөн зуун наян таван маянган/ төгрөгийг” гэж тус тус өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Т.ЖАРГАЛСАЙХАН

 

    ШҮҮГЧИД                              Ч.ЭНХТӨР

 

                                                          Ш.БАТТОГТОХ