Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 72

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч С.Насанбуян даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон,

Улсын яллагч Н.Эрдэмбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр ,

Шүүгдэгч А.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Наранбаатарт холбогдох эрүүгийн 1730000270052 тоот хавтаст хэргийг 2017 оны 08-р сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 Монгол Улсын иргэн, 1990 оны 06-р сарын 19-ний өдөр Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, ЛБ90061917 регистртэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, малчин, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг, Зараа гэх газар нутаглах, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Цанлиг овогт Алтангэрэлийн Наранбаатар гэв. 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

Шүүгдэгч А.Наранбаатар нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8-р багийн нутаг дэвсгэрт 2017 оны 07 сарын 16-аас 17-нд шилжих шөнө иргэн Ч.Ундрахбаярыг зодож тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн   хэлэлцүүлэгт  дараах   нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 - Шүүгдэгч А.Наранбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би найзуудтайгаа 0.5 литрийн архи аваад хөдөө явсан. Архиа гэррүүгээ явах замдаа уучихаад хөдлөх гэхэд хойноос Ундрахбаяр, Дүүрэнбат нар ирсэн. Тэгээд “ Хүслийн хүсэл ” гэх амралтын газраас 3 пиво аваад Азжаргалынд очиж Азжаргалыг гэрээс нь дуудаад пинд нь 3 пивоо уусан. Пиво дуусах гэж байхад Ундрахбаяр манай найзтай муудах гээд байсан. Би найзыгаа унт гэж байгаад унтуулчихсан. Ундрахбаяр намайг “ хурдан морь байхад морио уяж чадахгүй “ гээд бид хоёр муудсан гэв.  Би Ундрахбаярт эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгсөн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна... гэв.

 - Хохирогч Ч.Ундрахбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: 2017 оны 07 дугаар сарын 16-ны орой Ариунболд, Түвшинбат нарын хамт аймгийн төвөөс 1 шил 0.75 граммын Ерөөл нэртэй архи аваад Дунд-Урт гэх газарт Түвшинбат гэх айлд хувааж уусан. Тэгээд дахиж нэг шил архи авч ууя гэж ярилцаад “Хүслийн хүсэл” гэх амралтын газарт 23 цаг өнгөрч байхад очсон. Тэнд манайхтай ойрхон нутагладаг Наранбаатар, Чинзориг нар 3 пиво авчихсан байж байсан. Тэгэхээр нь 05 литрийн Ерөөл архи авч,  архи, пивоо хамт уухаар болоод амралтын газраас урагш Азжаргал гэх айлруу явсан. Азжаргалын гадаа очоод гэрээс нь Азжаргалыг дуудаад гадаа пинд эхлээд 3 пиво уусан. Ууж байхдаа морь ярьж байгаад Наранбаатартай морины талаар маргаан үүсэж, Наранбаатар намайг цохисон байсан. Би тухайн үед архи уугаад тасарсан байсан болохоор сайн санахгүй байгаа юм. Наранбаатарт цохиулсны улмаас миний баруун нүд хөхөрч, хавдсан, хөмсөг задарсан байсан.Одоо бол эмчилгээ хийлгээд зүгээр болсон. Наранбаатар надад эмчилгээний зардал гэж 500.000 төгрөг өгсөн болохоор надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 08-р хуудас/

- Гэрч Э.Чинзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн: Тэнд очоод 2.5 литрийн Боргио 3 ширхэгийг аваад явах гээд байж байхад манайхтай ойрхон нутагладаг Ундрахбаяр, Болдоо, Дүүрэнбат нартай таарсан. Тэгээд хамт архиа уухаар болоод амралтын газрын урд байдаг Азаа гэх айл руу явсан. Тэндээ очоод архи, пивоо ууж байгаад унтаад өгсөн. Нэг сэрэхэд  манай найз Наранбаатар, Ундрахбаяр нар хоорондоо зодолдож байхад нь голоор нь ороод салгахад Ундрахбаярын баруун нүд хөхрөөд зулгарсан байсан. Наранбаатарт ямар нэгэн гэмтэл учраагүй. Ундрахбаярыг хамт явж байсан хоёр хүн нь аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 9-р хуудас/, 

- Гэрч Б.Ариунболдын мөрдөн байцааланд өгсөн: Тэнд очоод Азжаргалын гэрийн гадаа амбаарт архи, пиво уусан. Тэгээд ууж байгаад Наранбаатар, Ундрахбаяр нар морь яриад маргаад байж байснаа гэнэт зодолдоод эхлэхээр нь салгаад Ундрахбаярыг Дүүрэнбат бид хоёр аваад явсан. Наранбаатарыг Чинзориг аваад явсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11-р хуудас/, 

- Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 07-р сарын 24-ний өдрийн 269 дугаартай дүгнэлтэнд: 1.Ч.Ундрахбаярын биед тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь ШЭГЗТЖ-н 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэжээ /хх-ийн 18-р хуудас/

- А.Наранбаатарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26/ зэрэг баримтууд болно.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон талаар :

Шүүгдэгч А.Наранбаатар нь 2017 оны 07 сарын 16-аас 17-нд шилжих шөнө 24.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн нутаг “ Дунд уртын адаг “ гэх газарт иргэн О.Азжаргалын пинд хохирогч Ч.Ундрахбаярыг зодож эрүүл мэндэд нь “ тархи доргилт, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт “ бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч А.Наранбаатарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ч.Ундрахбаяр, гэрч Э.Чинзориг, А.Ариунболд, Ц.Дүүрэнбат, О.Азжаргал нарын мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 269 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Хэрэг гарсан байдлыг тодруулбал, шүүгдэгч А.Наранбаатар, хохирогч Ч.Ундрахбаяр нар хамт архи ууж, согтуурсан үедээ Ч.Ундрахбаярын “ Чи хурдан морийг уяж чадахгүй хоцроолоо, чадахгүй бол би уяж өгье ” гэж хэлсэн асуудлаас маргаан үүсгэн, А.Наранбаатар нь Ч.Ундрахбаярын толгой, нүүрэнд цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдох бөгөөд А.Наранбаатарыг тухайн гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ. 

Учир нь тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүйг ухамсарлаж мэдсэн атлаа согтуурсаны улмаас ялимгүй зүйлээр шалтаглан хохирогчийг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулжээ. 

   Шүүгдэгч А.Наранбаатарт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн байдлыг нотлож буй нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн,  мөн мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан,  мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй байна. 

Иймээс шүүгдэгч А.Наранбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэстэй гэж шүүх дүгнэв. 

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 Шүүхээс шүүгдэгч А.Наранбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.   

  Шүүгдэгч А.Наранбаатарыг гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч Ч.Ундрахбаярт учруулсан эмчилгээний зардлын хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. 

  А.Наранбаатарын үйлдсэн хэрэг нотлогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлж учруулсан хор уршгийг арилгасан, түүний үйлдлээс бусдад хөнгөн хохирол учирсан боловч эдгэрсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

        Шүүгдэгч А.Наранбаатар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ч.Ундрахбаярт 500.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй,нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдая.  

 

           

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цанлиг овогт Алтангэрэлийн Наранбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Наранбаатарыг 450  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн  5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан А.Наранбаатарт оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан А.Наранбаатарт оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Наранбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Ялтан А.Наранбаатар энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ч.Ундрахбаярт 500.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй,нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор  хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.НАСАНБУЯН