| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2022/05490/И |
| Дугаар | 101/ШШ2023/00870 |
| Огноо | 2023-02-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2023/00870
| 2023 о 02 с 10 ө | Дугаар 101/ШШ2023/00870 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ...............тоотод байрлах, О ХХК /рд:.........../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А-д холбогдох,
23,540,427.03 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хатанбаатар, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хатанбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...А , Б нар манай байгууллагатай 2018 оны 05 сарын 30-ны өдөр БЗЗГ/18/168 тоот зээлийн гэрээ байгуулан 12,900,000 төгрөгийг, жилийн 34,8 хувийн хүүтэй, 923 хоногийн хугацаатай автомашин худалдан авах зориулалтаар зээлсэн. Зээлдэгч нар үндсэн зээлд 2,566,479.65 төгрөг, хүүд 2,667,721.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,982.14 төгрөг нийт 5,241,183.29 төгрөг төлсөн хэдий ч зээлийн гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл бүрэн биелүүлээгүй байна. Зээлийн гэрээний үүрэгт нийт 23,533,472.03 төгрөгийн үлдэгдэлтэй бөгөөд үүнээс үндсэн зээлд 9,887,647.67 төгрөг, хүүд 11,932,322.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,713,501.80 төгрөг байна. Манай байгууллагын зүгээс зээлдэгч нарт төлбөр төлөх тухай албан шаардлагыг удаа дараа хүргүүлж, зээлдэгч Б тай холбогдож, хаягийг тогтоож чадахгүй байсан тул Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, 335 дугаартай шийдвэрээр зээлдэгч Б г эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарсан ч одоог хүртэл зээлдэгч Б н оршин суух хаяг тодорхойгүй байх тул хамтран зээлдэгч А д холбогдуулж нэхэмжлэл гаргасан. А гаас үндсэн зээлд 9,887,647.67 төгрөг, хүүд 11,932,322.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,713,501.80 төгрөг, нотариатын зардалд 7,000 төгрөг, нийт 23,540,427.03 төгрөгийг гаргуулж өгнө үү. Баярмагнай фидуцийн гэрээгээр барьцаалсан машиныг шатсан гэж хэлсэн учир фидуцийн гэрээний дагуу нэхэмжлэл гаргаагүй, зээлийн гэрээний үүргээ шаардаж байгаа. Уг авто машиныг Баярмагнайн эзэмшилд байсан, бид хаана байгааг мэдэх боломжгүй байгаа... гэв.
Хариуцагч А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Миний бие 2018 оны 05 сарын 30-ны өдөр дүү Баярмагнай дуудахаар очсон ба тэрээр Очир ундраа ББСБ ХХК-аас 1,000,000 төгрөгийн зээл авсан байв. Тухайн үед банк санхүүгийн байгууллагаас нь 2-р гарын үсэг зурах ойр дотнын ах дүү хамаатан саднаас хэн ч байж болно гэхээр нь болдог юм байна гэж ойлгоод гарын үсэг зурсан. Өөр бусад мөнгө төгрөг авч өгөлцсөн тухай би юу ч мэдэхгүй, энэ байгууллага нь хүнээ судлахгүйгээр ямар ч сарын орлого байхгүй хүмүүст зээл гаргаж өгсөн байна. Миний бие өрх толгойлсон, ажил эрхэлдэггүй, айлын хашаанд түрээс төлж том хүүгийнхээ гэрт охинтойгоо ач хүүгээ хараад амьдардаг. Дүү Баярмагнайтай холбогдож энэ байдлыг танилцуулсан. Өр зээлээ дарах гээд гадаад ажил хийхээр явсан. Өөрөө өрөө төлнө гээд л явж байгаа. Энэхүү өрийг миний бие өрхийн орлогогүй, сарын цалингүй тул төлөх чадваргүй болно... гэжээ.
Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн нотлох баримт: компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар 3 хуудас, нотариатын зардлын баримт 1 хуудас, итгэмжлэл 1 хуудас, зээл хүссэн өргөдөл 4 хуудас, зээл судалгаа саналын хуудас 1 хуудас, зээлийн гэрээ 3 хуудас, бэлэн бус зарлагын баримт 1 хуудас, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 30-ны өдрийн 335 дугаартай шийдвэр 1 хуудас, Б н иргэний үнэмлэхийн лавлагаа 1 хуудас, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/ 2 хуудас, зээл хүүгийн тооцооллын баримт 6 хуудас.
Хариуцагчаас шүүхэд бүрдүүлэн өгсөн нотлох баримт байхгүй.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: тээврийн хэрэгслийн лавлагаа 1 хуудас.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангав.
О ХХК А д холбогдуулан үндсэн зээлд 9,887,647.67 төгрөг, хүүд 11,923,322.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,713,501.80 төгрөг, нотариатын зардалд 7,000 төгрөг, нийт 23,540,427.03 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч дүү зээл авсан, гадаад явсан, би мөнгийг аваагүй, ажилгүй, төлөх боломжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.
Зээлдүүлэгч О ХХК 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 12,900,000 төгрөгийг зээлдэгч Б , А нарт 923 хоногийн хугацаатай, сарын 2.9 хувийн хүүтэйгээр зээлж, Б н өмчлөлийн CV5W0208797 арлын дугаартай, 14-26 УНЭ улсын дугаартай, хар өнгийн Мицибуши делика маркийн автомашиныг үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож фидуцийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, фидуцийн гэрээ зэргээр тогтоогдож байна.
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1, 235.5 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Дээрх зээлийн гэрээний зээлдэгч тал Б , А нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.
Хариуцагч А гэрээнд гарын үсэг зурснаас мөнгө аваагүй гэж маргаж байх бөгөөд энэ нь түүний Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3 дахь хэсэгт тус тус заасан хамтран үүрэг гүйцэтгэгчийн хүлээх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3 дахь хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч О ХХК өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох тул хариуцагч А гаас зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь нэхэмжилж байгаа нь хуульд нийцсэн байна.
Зээлдүүлэгч О ХХК зээлдэгч Б д 12,900,000 төгрөгийг түүний Хаан банк дахь 5071298665 дугаарын данс уруу шилжүүлэн өгсөн болох нь бэлэн бус зарлагын баримтаар тогтоогдож байна. /хх-19/
Фидуцийн гэрээний дагуу Б н өмчлөлийн 14-26 УНЭ улсын дугаартай, хар өнгийн Мицибуши делика маркийн автомашин О ХХК-ийн өмчлөлд шилжсэн болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн лавлагаагаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид фидуци гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ, 235 дугаар зүйлийн 235.4-т Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно гэж заажээ.
Хууль болон гэрээнд зааснаар нэхэмжлэгч тал 14-26 УНЭ улсын дугаартай, хар өнгийн Мицибуши делика маркийн автомашиныг өөрсдийн эзэмшилд бодитойгоор гаргуулан авах шаардлага гаргаагүй, шүүх хуралдаанд тодруулахад Б уг авто машиныг шатсан, ашиглах боломжгүй гэсэн тул фидуцийн гэрээнээс татгалзаж, зээлийн гэрээний үндсэн үүргээ нэхэмжилж байна... гэсэн тул үндсэн үүргийг тооцож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн болно.
Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 12 сарын 08-ны өдөр дууссан, зээлдэгч нар зээлийн гэрээний хавсралт №1-д заасан эргэн төлөлтийн хуваариа зөрчиж үүргээ биелүүлж байсан боловч гэрээний үүрэгт үндсэн зээлд 2,566,479.65 төгрөг, хүүд 2,667,721.50 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 6,982.14 төгрөг, нийт 5,241,183.29 төгрөг төлсөн нь зээл, хүү төлөлтийн тооцооллын баримтаар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй.
Нэхэмжлэгч тал 2022 оны 09 сарын 24-ний байдлаар тасалбар болгож зээлийн гэрээний үүрэг шаардаж байх ба 1578 хоногийн нэмэгдүүлсэн хүүд 1,727,519 төгрөг тооцогдсоноос төлсөн 7,066 төгрөгийг хасахад 1,720,453 төгрөг болсон хэдий ч багасгаад 1,713,501.80 төгрөг нэхэмжилсэн гэж тайлбарласан нь гэрээнд нийцэж байна.
Хэрэгт авагдсан зээл тооцооллын хүснэгтэд хариуцагчаас үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүд төлсөн мөнгийг хасаж төлбөл зохих үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү, нийт төлбөрийг тооцоолсон дүн нь хууль болон гэрээнд нийцсэн, тооцоолол зөв байх тул нэхэмжлэгч тал хариуцагчаас үндсэн зээлд 9,887,647.67 төгрөг, хүүд 11,932,322.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,713,456.80 төгрөг, нийт 23,533,427.03 нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтаа шүүхэд өөрөө бүрдүүлж өгөх үүрэгтэй ба энэ үүргээ биелүүлэхтэй холбоотой төлсөн 7,000 төгрөгийг гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд тооцон хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй байна.
Иймд хариуцагч А гаас үндсэн зээлд 9,887,647.67 төгрөг, хүүд 11,932,322.56 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1,713,456.80 төгрөг, нийт 23,533,427.03 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О ХХК-д олгож, нэхэмжлэлээс 7,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.
Нэхэмжлэгч фидуцийн гэрээнээс татгалзсан тул уг гэрээний дагуу О ХХК-ийн нэр дээр шилжсэн Б н өмчлөлийн 14-26 УНЭ улсын дугаартай, хар өнгийн Мицибуши делика маркийн автомашиныг түүний нэр дээр шилжүүлж өгөөгүй тохиолдолд шүүхэд хандан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэйг дурдав.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,652 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 23,533,427.03 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 275,617 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Нэхэмжлэгч талын хүсэлтийг үндэслэн хэргийг хариуцагч талын эзгүйд шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А-гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 23,533,427.03 /хорин гурван сая таван зуун гучин гурван мянга дөрвөн зуун хорин долоон төгрөг гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч О ХХК-д олгож, нэхэмжлэлээс 7,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 275,652 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 275,617 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ