Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2022/03986

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 о 10 с 03ө

Дугаар 101/ШШ2022/03986

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ...............ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: .................../-т холбогдох,

 

43,935,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд, хариуцагч ................., шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхсүлд шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М нь иргэн О тэй 2019 оны 05-р сарын 13-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж 14,500,000 төгрөгийг дансаар О т хүлээлгэн өгч зээлүүлсэн. 2019 оны 05-р сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 2019 оны 05-р сарын 13-ны өдрөөс 2020 оны 10-р сарын 19-ний өдөр хүртэл 1 сарын 6 хувиар хүүтэй буцаан төлөх үүргийг О  хүлээсэн. Гэвч зээлийн гэрээний үүгээ О  биелүүлээгүй бөгөөд зээлийн гэрээний 2-р зүйлийн 2.7-д Зээлдэгч зээлийг эргүүлэн төлөх хугацааг хэрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6-р зүйлийн 232.6 дахь хэсгийн заалтын дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувиар алданги тооцож алдангийг зээлдүүлэгчид төлнө гэж заасан. Өнөөдрийн байдлаар О  нь үндсэн зээлийн төлбөр 14,500,000 төгрөг, 17 сарын хүү 14,790,000 төгрөгийг төлөөгүй бөгөөд Иргэний хуулийн 232.4-д зааснаар нийт үүргийн 50 хувьд тэнцэх алданги 14,645,000 төгрөг нэмж төлөх үүрэг үүссэн. Иймд О ээс зээлийн гэрээний үүрэгт болох үндсэн зээлд 14,500,000 төгрөг, 2019.05.13-ны өдрөөс хойш 2020 оны 10.19-ний өдөр хүртэлх 17 сарын хүүд 14,790,000 төгрөг, алдангид 14,645,000 төгрөг, нийт 43,935,000 төгрөг гаргуулж өгнө үү.

Хариуцагчаас нэхэмжлэгч 800,000 төгрөг, 400,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөг авснаа хүлээн зөвшөөрч байгаа тул уг дүнг хасаж, нийт 42,735,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. 2019.05.13-наас хойш 2020.10.19 хүртэл 17 сарын хүү нэхэмжилж байгаа, үүнээс хойш хүү нэхэмжлээгүй... гэв.

 

Хариуцагч О  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие О  2019 оны 05-р сард М оос худалдаа хөгжлийн банкаар дамжуулан 14,500,000 төгрөгийг зээлэн авсан. Мөнх-Оргилтой 2020.08.18-ний өдөр хийсэн гэрээгээр тухайн өдөр 32,200,000 төгрөгийг бэлнээр аваагүй болно. Мөн 2019 оны 12-р сард Мөнх-Оргилын Хаан банкны дансаар 2,500,000 төгрөг, 2020 оны 8 сард 800,000 төгрөг, 2022.03.01 сард эхнэр Цэнгэлмаа дансанд 400,000 төгрөгийг шилжүүлсэн. 14,500,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл байхгүй болно. Миний бие бусдад залилуулсан ба гомдол гарган эрүүгийн хэрэг үүссэн. Хэрэг шийдтэл төлөх боломжгүй. Тухайн үед 2 нотариатч би үүнийг батлахгүй гэж байсан. Сүүлд нь Дүнжингаравын урд талын шилэн барилгад байх нотариатаар үүнийг хийлгэсэн. Мөнх-Оргилын данс уруу н.Нэргүйгийн данснаас 2,500,000 төгрөг шилжүүлсэн боловч зөвшөөрөхгүй байна. Би Нэргүйг хайгаад олохгүй байгаа ... гэв.

 

Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн нотлох баримт: Итгэмжлэл 1 хуудас, иргэд хоорондын зээлийн гэрээний үлдэгдэл тооцоог баталгаажуулсан гэрээ 1 хуудас, Худалдаан хөгжлийн банкны дансны хуулга 1 хуудас.

 

Хариуцагч талаас бүрдүүлсэн нотлох баримт: Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 08-р сарын 01-ний өдрийн тоот албан бичиг 1 хуудас.

 

Шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлээгүй.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч М хариуцагч О т холбогдуулан үндсэн зээлд 14,500,000 төгрөг, 2019.05.13-ны өдрөөс хойш 2020 оны 10.19-ний өдөр хүртэлх 17 сарын хүүд 14,790,000 төгрөг, алдангид 14,645,000 төгрөг, нийт 43,935,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариуцагчаас 1,200,000 төгрөг авсныг хасаж, нийт 42,735,000 төгрөг гаргуулна гэж тайлбарлаж байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас 14,500,000 төлнө хэмээн зөвшөөрч, залилуулсан үндэслэлээр бусад хэсгийг төлөхгүй гэж маргахгүй байна.

 

Зээлдүүлэгч М 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр зээлдэгч О т 14,500,000 төгрөгийг зээлэхээр тохирч, түүний Худалдаа хөгжлийн банк дахь 433001761 тоот дансанд шилжүүлэн өгсөн болох нь зохигчийн тайлбар, М-ын Худалдаа хөгжлийн банк дахь 499270024 тоот дансны хуулгаар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

 

Зээлийн гэрээг амаар байгуулсан байх ба гэрээг ямар хугацаатай байгуулсан нь тодорхойгүй байна.

 

2020 оны 08 дугаар сарын 18-ны өдөр дээрх зээлийн гэрээний төлбөр тооцоог баталгаажуулж, бичгээр гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан иргэд хоорондын зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр тооцоог баталгаажуулсан гэрээ зэргээр тогтоогдож байна.

 

Бичгээр байгуулсан гэрээний 2.1-д ...дансаар 14,500,000 төгрөг зээлсэн..., 2.4-т ...өнөөдрөөс 14,500,000 төгрөгөөс тооцож 6 хувиар хүү төлөх..., 2.6-д ...зээлийг 2020 оны 10 дугаар сарын 19-ний дотор төлнө..., 2.7-д ...хугацаандаа үүргээ гүйцэтгэхгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.3 хувиар бодож хоног тутам алданги тооцно... гэж тус тус тохиролцсоноос дүгнэвэл, талууд дээр дурдсан амаар байгуулсан зээлийн гэрээний хугацааг 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаагаар сунгаж, сарын 6 хувийн хүү төлөх, хугацаандаа үүргээ гүйцэтгэхгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс 0.3 хувиар бодож хоног тутам алданги төлөхөөр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй.

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282.1, 282.4, 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх үеийн буюу 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд нэхэмжлэгч хүү, алданги шаардах эрхгүй.

 

Хариуцагч зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

Хариуцагч ...бусдад залилуулсан, тэр хэргээ шийдвэрлүүлсний дараа 14,500,000 төгрөг төлнө... гэж тайлбарлаж байх боловч бусдад залилуулсан үндэслэлээр хариуцагчийг зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

14,500,000 төгрөгийн 1 сарын хүү 870,000 /14,500,000*69/ төгрөг болох ба 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 2 сарын хугацаанд 1,740,000 төгрөг хүүд төлөхөөр байна.

 

Зээлийн гэрээний хугацаа 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдөр дуусахад зээлдэгч үндсэн зээлд 14,500,000 төгрөг, хүүд 1,740,000 төгрөг, нийт 15,240,000 төгрөг төлөх үүрэгтэй байсан байна.

 

2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрөөс хойш хариуцагч О  800,000 төгрөг, 400,000 төгрөг, нийт 1,200,000 төгрөг төлсөн гэх тайлбартай нэхэмжлэгч маргаагүй, зөвшөөрч байх тул хасаж тооцоход 14,040,000 төгрөгийг төлөхөөр байна.

 

Хариуцагчийн ...н.Нэргүйн данснаас 2,500,000 төгрөгийг Мөнх-оргилын данс уруу шилжүүлсэн... гэх тайлбарыг нэхэмжлэгч тал зөвшөөрөхгүй байх ба хариуцагчаас энэ талаар тодруулахад ...н.Нэргүйн хаяг тодорхойгүй олдохгүй байгаа тул нотлох боломжгүй байгаа... гэж тайлбарласан болохыг дурдах нь зүйтэй.

 

Алдангийг гэрээний хугацаа дууссан 2020 оны 10 дугаар сарын 20-ноос нэхэмжлэл гаргасан 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл бодоход 24,219,000 төгрөг /14,040,000*0.3%х575 хоног/ болж байгаа тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т нийцүүлэн гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцож хариуцагч О ээс үндсэн зээл, хүүд 14,040,000 төгрөг, алдангид 7,020,000 /үндсэн үүрэг 14,040,000 төгрөгийн 50 хувь/ төгрөг, нийт 21,060,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М-д олгож, нэхэмжлэлээс 21,675,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч О ээс 21,060,000 /хорин нэгэн сая жаран мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М-д олгож, нэхэмжлэлээс 21,675,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 377,625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О ээс улсын тэмдэгтийн хураамжид 263,250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ