| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2021/02172/И |
| Дугаар | 101/ШШ2022/04697 |
| Огноо | 2022-11-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2022/04697
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ш-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Г/,
Хариуцагч: Б нарт холбогдох,
40,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амарзаяа, хариуцагч Г, түүний өмгөөлөгч В.О*******, гэрч С.Ганцэцэг, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шминий бие Б болон түүний ах Гтай З******* ХХК-ийн эрхийг нийт 40 сая төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож тус компани Б ийн нэр дээр байдаг тул түүнтэй бичгээр 2018 оны 03 сарын 16-ны өдөр Хэлцэл байгуулж нотариатаар баталгаажуулж, хуулиар хүчин төгөлдөр болсон. Дээрх хэлцлийн дагуу иргэн Ш2018 оны 03 сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 03 сарын 20-ны өдөр Б ийн ах болох Гын хаан банкин дахь ******* тоот төгрөгийн дансанд өөрийн дүү Сэнгээгийн Ганцэцэгийн данснаас 10 сая төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 10 сая төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчид бэлнээр тус тус өгсөн болно. Гэвч иргэн Б , Г нар хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй Компанийн тамга тэмдэг, дүрэм, гэрчилгээ, хайгуулын лицензийг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй бөгөөд тэдэнд өгсөн 40 сая төгрөгийг буцаан өгөхийг шаардахад боломжгүй байна, өгнө гэсээр өнөөдрийг хүрээд байна. Нэхэмжлэгчийн зүгээс иргэн хэлцлийг бичгээр Б тэй хийсэн тул түүнд холбогдуулан Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүгчийн туслахаар дамжуулан 821023827322 дугаарын утсаар Б тэй холбогдоход би Солонгос улсад байгаа, тэглээ ч хэлцэл дээр миний нэр байгаа болохоос биш миний ах Г гэж хүн мөнгийг нь авсан. Тэр хүн мэднэ гэх тайлбарыг өгдөг тус шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 102/Ш32021/00775 дугаар захирамжаар хаяг тодорхойгүй шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Г нь маргаан бүхий хэлцэлд нэр нь ороогүй ч компанийн тамга тэмдэг, дүрэм, гэрчилгээ, хайгуулын лицензийг албан ёсоор хүлээлгэж өгөхөд зохих хэмжээний үүрэгтэй байсан. Тус үүргээ биелүүлээгүй тул түүнд шилжүүлсэн 10 сая төгрөгийг Гаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: ...Ш миний бие иргэн Б болон түүний ах Г-тай З ХХК-ийн эрхийг нийт 40,000,000 төгрөгөөр худалдаж авахаар харилцан тохиролцож тус компани Б ийн нэр дээр байдаг тул түүнтэй бичгээр 2018 оны 03 сарын 16-ны өдөр хэлцэл байгуулж нотариатаар баталгаажуулж, хуулийн хүчин төгөлдөр болсон. Дээрх Хэлцлийн дагуу иргэн Шминий бие 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 20 сая төгрөгийг бэлнээр, 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Б ийн ах болох Гын хаан банкин дахь ******* тоот төгрөгийн дансанд өөрийн дүү Сэнгээгийн Ганцэцэгийн данснаас 10 сая төгрөгийг шилжүүлж, үлдэгдэл 10 сая төгрөгийг 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хариуцагчид бэлнээр тус тус өгсөн болно. Өмнө шүүхэд хариуцагч Гт холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргаад байсан бол одоо хариуцагч Б Монгол улсад ирсэнтэй холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасны дагуу бэлнээр өгсөн 30,000,000 төгрөгийг гаргуулахаар нэмэгдүүлж байна. Иргэн Г, Б нараас 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан хэлцлийн дагуу шилжүүлэн өгсөн нийт 40 сая төгрөгийг гаргуулж өгнө үү.. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Амарзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Шнь Б болон түүний ах Гтай З ХХК-ийн эрхийг нийт 40,000,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож, тус компани нь Б ийн нэр дээр байсан тул Б тэй 03 сарын 16-ны өдөр хэлцэл байгуулсан. Дээрх хэлцлийн дагуу Шнь 2018 оны 03 сарын 16-ны өдөр 20,000,000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 03 сарын 20-ны өдөр Б ийн ах Гын ******* тоот дансанд өөрийн дүү Ганцэцэгийн данснаас 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл 10,000,000 төгрөгийг 03 сарын 28-ны өдөр шилжүүлнэ гэсэн боловч тус өдрөө 30,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Б , Г нар нь хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй компанийн эрхийг шилжүүлж өгөөгүй тул шилжүүлж өгсөн 30,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Хариуцагч Б нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн нөхцөл байдал болох 40,000,000 төгрөгийг авсан гэдгийг нотолсон тайлбарыг бичиж өгсөн. Иймд 40,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.О******* 2021 оны 11 сарын 03-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Г-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Ш нь тухайн үед эрх шилжүүлэн аваад өнөөдрийг хүртэл тус компаниар олон тендерт оролцож байсан. Миний бие ямар нэгэн төлбөр өгөх үүрэг хүлээгээгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.
Хариуцагч Б 2022 оны 03 сарын 15-ны өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Миний бие Ш-той 2018 оны 03 сарын 16-ны өдөр хэлцэл хийсэн бөгөөд хэлцлийн дагуу 20,000,000 төгрөгийг бэлнээр Ганбаатар тэр өдөр авсан ба 10,000,000 төгрөгийн Ганбаатарын Хаан банкны данс руу хийсэн. Мөн үлдэгдэл 10,000,000 төгрөгийг 2018 оны 03 сарын 28-ны өдөр Гт бэлнээр өгсөн болно. Ийм учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахгүй. Нэхэмжлэгч Шхариуцагч Г нар нь намайг хэрэгт холбогдолгүйг мэдэж байгаа... гэжээ.
Хариуцагч Г шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Анх Мөнхөө гэх Хятад хүн уул уурхайн лиценз худалдаж авна гэж Хэнтий аймгийн Батноров сумын нутагт байх З ХХК-ийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлийг надаас 40,000,000 төгрөгөөр худалдаж авна гэж тохирсон. Энэ тохиролцооны дагуу лиценз шилжих гэтэл маш их хугацаа орох, ажилбар, маш олон хүндрэлтэй талууд байсан. Тухайн үед З******* ХХК нь 3 лиценз буюу Говь-Алтай аймгийн Тайшир сум, Завхан аймгийн Эрдэнэ хайрхан яруу сумын заагт, Хэнтий аймгийн Батноров сумын нутаг дэвсгэрт байсан. Мөнхөө гэх хүнтэй Хэнтий аймагт байх лицензийг тохирсон. Тухайн үед би 20 хайгуулын лиценз авч байсан тул тухайн үед хэд хэдэн дүү нарынхаа нэр дээрх бэлэн байгуулсан байсан компанийн нэр дээр лиценз авсан. Б нь тухайн лиценз авах ажил болон төлбөр мөнгөтэй холбоотой асуудалд огт оролцоогүй. Лиценз авах бүх ажлыг би гардан хийсэн ба холбогдох зардал нь энэхүү компанид нийлээд 50 орчим сая төгрөгийн зардлыг би гаргаж байсан. Дараа нь компанийг шилжүүлэхэд миний хүслээр Б нь огт шийдвэр гаргахгүйгээр шилжүүлэхээр надтай 2-3 өдөр явж байсан. 2018 оны 03 сарын 16-ны өдөр 30,000,000 төгрөг төлнө гэсэн. Тухайн үед 1 лицензийг 40,000,000 төгрөг, 3 лицензийг 100,000,000 төгрөг гэж эцсийн байдлаар шийдээгүй Мөнхөө бид 2 аман хэлбэрээр ярилцсан. Нийт авсан мөнгө бол 30,000,000 төгрөг юм, 20,000,000 төгрөгийг тухайн өдөр бэлнээр авч дараа нь 10,000,000 төгрөгийг авсан. Би үлдсэн төлбөрийг авах гэж нэхэмжлэгч талтай маш их холбогдсон, нэхэмжлэгч талаас над руу залгасан, намайг алга болсон гэж байгаа нь худлаа, надтай хүссэн үедээ холбогддог байсан. Нэхэмжлэгч талаас тамга тэмдэг байхгүй үйл ажиллагаа явуулж чадахгүй байна гэж байна, нэхэмжлэгч тал тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, 3 тусгай зөвшөөрөл, холбогдох бүх зүйлсийг авч явсан. Тухайн үед лицензүүдийг яагаад хямд зарсан бэ гэвэл, би өөрөө энэ талбай дээр өндөр зардал гаргаж хайгуул хийж, тухайн газруудад миний төсөөлж байсан зүйлс байхгүй байна гэхэд Мөнхөө үүнийг мэдэж байсан, би энэ газруудад хайгуул хийсэн юм гарч ирэхгүй байна хямдхан зарна гэхэд Мөнхөө за гээд миний лицензүүдээс сонгож байгаад Хэнтий аймгийн Батноров суманд байрлах З******* ХХК-ийн эзэмшилд байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг 40,000,000 төгрөгөөр худалдаж авна гэсэн. Үүний дараа нэхэмжлэгч тал тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, 4 тусгай зөвшөөрлүүдийн хуулбарыг бүгдийг авч явсан. 2018 оны 06 сарын 30-ны өдөр бүх компанийн эцсийн эзэмшигчийг тогтоох ажиллагааг улсын бүртгэлийн байгууллагаас зохион байгуулсан, үүнд Шбид 2 улсын бүртгэлийн газарт хэд хэдэн удаа очсон, иймд нэхэмжлэгч талын хэлж буй намайг алга болсон гэж байгаа нь худлаа юм. Би нэхэмжлэгч талаас үлдэгдэл төлбөрөө авах ёстой байсан тул байнга холбоотой байсан. Би тухайн үед уул уурхайн ажлаар хөдөө явсан утас сүлжээгүй болсон зүйлс байгаа, гэхдээ би хамгийн удаан хугацаандаа 7 хоног гэхэд Мөнхөө гэх хүн рүү холбоо тогтоодог байсан. 2018 оны 04 сард хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшихийн тулд түүнийг Мөнхөө бид 2 шөнө хүртэл хамт сууж байгаад тайланг гаргаж өгч байсан. Надтай үүссэн харилцаанд Мөнхөө нь өөрийн эхнэр энэхүү гэрчээр ирсэн Ганцэцэгийн эгч Ш-ын нэр дээр надтай гэрээ байгуулсан. Шбид 2 компанийн эцсийн өмчлөгч тодорхойлох үе буюу 2018 оны 06 сард Улсын бүртгэлийн газарт ирж, очиж явсан, ба бид дараа нь татварын албанд очсон. Тухайн үед татварын газраас энэ компанийн нэр дээр байгаа лицензийг худалдаж, төрд авахад жил болгон газрын төлбөр төлдөг, хайгуулын зардал гардаг энэ зардлуудыг харахад энэ компани нь хамгийн багадаа 150,000,000 төгрөгийнх байна гэж хэлсэн. 37 орчим хувийн эрх шилжүүлсэн гэх татвар шилжүүлэх ёстой гэсэн энэ нь тухайн лицензийг шилжүүлэх ажлыг удаашруулсан гол зүйл юм. Нэхэмжлэгч тал ашигт малтмалын газраас сонгон шалгаруулалтаар уул уурхайн зөвшөөрөл өгдөг тендерт оролцсон. Тухайн тендерт оролцсоныг нь Б болон би мэдээгүй байсан. нэхэмжлэгч талд улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг, бүх тусгай зөвшөөрөл байсан тул тухайн тендерт оролцсон. Үүнийг нь би зурагтаар үзэж мэдсэн. Нэхэмжлэгч тал тухайн газрууд дээр очиж хайгуул хийсэн ба Хэнтий аймагт Мөнхөө очиж тухайн газрыг олохгүй байна гэж над руу залгаж Хэнтий аймгийн Батноров сумын засаг даргатай цуг явж байна, энэ хайгуулын талбайг үзэж, танилцаж байна гэж хэлсэн, би тухайн он сарыг тодорхой санахгүй байна ямар ч байсан зун байсан. Дараа нь намайг өглөө унтаж байхад би Завхан аймгийн Эрдэнэмандал, Яруу уул сумуудын заагт байна, хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг олохгүй байна гэж ирсэн. Тухайн үед нэхэмжлэгч тал тухайн газар руу явах ёсгүй, Хэнтий аймагт байх газар руу явах ёстой гэсэн бодол надад төрөөд бид утсаар маргалдаж байсан. 3 зөвшөөрөл бүхий компанийг 100,000,000 төгрөг гэж хоорондоо ярилцсан ч эцэслэн тохирч чадаагүй. Хэнтий аймагт байх лицензийг бид 2 анх 40,000,000 төгрөгөөр тохирсон. Тухайн үедээ би энэхүү газарт жил болгон 2,000,000 төгрөгөөс 3,000,000 төгрөгийн хооронд төлбөр төлдөг талбайг би оруулсан мөнгөнөөсөө бага хэмжээгээр зарсан. Нэхэмжлэгч тал энэхүү компанийг худалдаж авах биш анх зөвхөн лицензийг сонирхож байсан. 2 жил гаруй хугацаанд нэхэмжлэгч тал ашиглаж байгаад энэхүү хугацаандаа тухайн лицензийн төлбөр, болон хайгуулын төлбөрийг төлөөгүй, төлөвлөгөө тайлан тооцоог нь өгөөгүй 2 жил өнгөрсний дараа Мөнхөө надтай уулзаж би мөнгөө буцаан авна гэж хэлсэн. Энэ нь 2020 оны хавар уулзаж ярьсан яриа юм. Нэхэмжлэгч тал нь компанийг шилжүүлж аваагүй байх хугацаандаа Б гэх хүний гарын үсгийг хуурамчаар зурж, Б т мэдэгдэлгүй, уул уурхайн тендерт оролцсон. Тухайн үед би санхүүгийн асуудалтай байсан тул нэхэмжлэгч талаас үлдсэн төлбөрийг авах гэж тогтмол холбогддог байсан. Нэхэмжлэгч тал анх шүүхэд нэхэмжлэл гаргах үедээ компанийн тамга тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийг өгөөгүй байсан. Нэхэмжлэгч тал залилан хийж байгаа, би энэхүү Иргэний хэргийг дуусгавар болгож дараа нь цагдаад өгч эрүүгээр явна. Би нэхэмжлэгч талаас үлдсэн 10,000,000 төгрөгийг авч компанийг шилжүүлчихвэл, энэхүү компанийн үнэлгээ нь 40,000,000 төгрөг биш, 40,000,000 төгрөгт компанийг шилжүүлнэ гэж тохироогүй зөвхөн Хэнтий аймгийн Батноров суманд байх хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий лицензийг шилжүүлэхээр тохирсон. Би Ш-ыг шүүх хуралдаанд оролцуулах хүсэлтэй байна... гэв.
Нэхэмжлэгч талаас бүрдүүлсэн нотлох баримт: С.Б*******т олгосон итгэмжлэл 1 хуудас, хэлцэл гэх баримт 1 хуудас, Хаан банкны дансны хуулга 1 хуудас, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 01 сарын 15-ны өдрийн 775 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж 1 хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 04 сарын 02-ны өдрийн 5570 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж 2 хуудас, Д.Амарзаяад олгосон итгэмжлэл 1 хуудас, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэртэй баримт 1 хуудас, хуулга 1 хуудас.
Хариуцагч Г шүүхэд бүрдүүлэн өгсөн нотлох баримт: В.О*******тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 2 хуудас, Ю.О*******д олгосон итгэмжлэл 1 хуудас.
Хариуцагч Б шүүхэд бүрдүүлэн өгсөн нотлох баримт байхгүй.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: З******* ХХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн лавлагаа 2 хуудас, Ашигт малтмал газрын тосны газрын 2022 оны 07 сарын 08-ны өдрийн 8/3685 дугаартай албан бичиг 1 хуудас.
Шүүх хуралдаанаар зохигчийн гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичмэл баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ш хариуцагч Г-т холбогдуулан 10,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Б ийг татаж, нэхэмжлэлийн шаардлагаа 30,000,000 төгрөгөөр нэмэгдүүлж, хариуцагч нараас 40,000,000 төгрөг гаргуулахаар шаардсан ба энэ шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж байна.
Хариуцагч Г дансаар 20,000,000 төгрөг, бэлнээр 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг миний бие авсан нь үнэн, гэхдээ З*******ь ХХК-ийн эцсийн өмчлөгч Шболсон тул авсан 30 сая төгрөгийг өгөхгүй, 10 сая төгрөгийг аваагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Хариуцагч Б Ш-оос авсан мөнгийг Гт өгсөн тул тэрээр хариуцна, компанийг зарсан нь надад хамааралгүй асуудал гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг би хариуцахгүй гэж маргасан байна.
З******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчээр болон гүйцэтгэх захирлаар Б 2015 оны 09 сарын 04-нд улсын бүртгэлд бүртгүүлсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. /хх-51/
З******* ХХК-ийн эзэмшилд ашигт малтмалын ХВ-019933, ХВ-019979, ХВ-020267 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүд бүртгэлтэй байсан, ХВ-019933 тоот зөвшөөрлийг 2016.01.28-наас 2018.04.27-ны өдрийг хүртэл, ХВ-019979 тоот зөвшөөрлийг 2016.02.08-наас 2019.02.08-ны өдрийг хүртэл, ХВ-020267 тоот зөвшөөрлийг 2016.04.01-нээс 2019.04.01-ний өдрийг хүртэл тус тус эзэмшиж байсан болох нь ашигт малтмал, газрын тосны газрын 2022.07.08-ны 8/3685 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.
Г, н.Мөнхөө, Шнар /нэхэмжлэгч Ш-ын хүргэн, гэрч С.Ганцэцэгийн нөхөр гэх/ 2018 оны 3 сарын 16-ны өдөр З******* ХХК-ийн эрхийг болон уг компанийн эзэмшдэг дээр дурдсан 3 лицензийн хамт 40 сая төгрөгөөр Ш-ын нэр дээр шилжүүлэн өгөхөөр тохиролцсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хэлцэлд Ш-, Б нар гарын үсэг зурсан болох нь хэлцэл гэх баримтаар тогтоогдож байх тул худалдагч Г, Б , худалдан авагч Шнарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй. /хх-6/
Зохигчийн тайлбар, хэргийн үйл баримт зэргээс н.Мөнхөө гэгчийг худалдан авагч гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар хэргийг шийдвэрлэх боломжтой гэж дүгнэн, гэрч С.Ганцэцэгийн нөхөр гэх н.Мөнхөө гэгчийг гэрчээр асуух шаардлагагүй гэж үзсэн болно.
Хариуцагч Гын шүүх хуралдаанд гаргасан ...би Б тэй садан төрлийн холбоотой, З******* ХХК-ийн нэр дээр ашигт малтмалын ХВ-019933, ХВ-019979, ХВ-020267 тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг би авсан байснаа н.Мөнхөөд 40 сая төгрөгөөр худалдахаар тохиролцсон. Улсын бүртгэлийн байгууллага дээр очиж Ш-ын нэр дээр шилжүүлэх гэсэн боловч татварын байгууллага 35-40 сая төгрөгийн татвар төл гэсэн шаардлага тавьсан учир уг мөнгийг төлж нэр шилжүүлж чадаагүй гацаанд орсон, одоо эцсийн өмчлөгч нь Шбүртгэлтэй болсон тул 30 сая төгрөгийг төлөхгүй... гэх тайлбар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...компанийг Ш-ын нэр дээр шилжүүлээгүйгээс ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, ашиглаж чадаагүй тул гэрээнээс татгалзаж, 40 сая төгрөгөө гаргуулна... гэх тайлбарууд, хэргийн үйл баримтаас дүгнэвэл, З******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б , ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг тус компанийн нэр дээр эзэмшихээр эрх авсан Г нар /хариуцагч Б хариуцагч Гыг З******* ХХК-ийн эрхийг тусгай зөвшөөрлийн хамт Ш-т худалдах эрхгүй гэж маргаагүй/ худалдан авагч Ш-т компанийн эрхийг ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хамт шилжүүлэн өгөхийг хүлээн зөвшөөрсөн боловч Г, Б нар татварт төлөх 35-40 сая төгрөгийг төлөөгүйгээс шалтгаалж З******* ХХК-ийн эрхийг /ашигт малтмалын тусгай зөвшөөрлүүдийн хамт/ худалдан авагч Ш-ын нэр дээр шилжигдээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь эрэл, хайгуулын талаарх анхдагч материал, тайлан зэрэг мэдээллийг холбогдох хууль тогтоомжийн дагуу худалдаж зохих албан татвар төлсөн нь баримтаар нотлогдсон тохиолдолд түүний эзэмшилд байсан тусгай зөвшөөрлийг худалдан авагчид нь шилжүүлж болно гэж заажээ.
2020 оны 10 сарын 14-нд З******* ХХК-ийн бүртгэлд эцсийн өмчлөгч Ш-ыг бүртгүүлсэн болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна. Гэвч Г, Б нар хэлцэлд заасан 2018.03.28-нд ХВ-019933 тоот зөвшөөрлийн хугацаа 2018.04.27-нд, ХВ-019979 тоот зөвшөөрлийн хугацаа 2019.02.08-нд, ХВ-020267 тоот зөвшөөрлийн хугацаа 2019.04.01-нд дуусахаас өмнө Ашигт малтмалын тухай хуулийн 49.2-т заасан шаардлагыг ханган, З******* ХХК-ийн эрхийг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй буруутай гэж үзэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Ш-оос хариуцагч Гт 2018 оны 3 сарын 16-нд 20,000,000 төгрөгийг бэлнээр, 2018.03.20-нд С.Ганцэцэгийн 5429008532 тоот данснаас Гын ******* тоот данс уруу 10 сая төгрөгийг, нийт 30,000,000 төгрөгийг хүлээлгэн өгсөн зохигчийн тайлбар, С.Ганцэцэгийн Хаан банкны 5429008532 тоот дансны хуулга, гэрч С.Ганцэцэгийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй.
Хэлцэлд 2018 оны 3 сарын 28-нд 10,000,000 төгрөгийг төлөхөөр заасан байх боловч ШГт 2018.03.28-нд бэлнээр 10,000,000 төгрөгийг хүлээлгэн өгснөө баримтаар нотлоогүй.
Худалдагч тал З******* ХХК-ийн эрхийг хэлцэлд заасан хугацаанд шилжүүлээгүй байх ба Ш-оос шалтгаалж ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн хугацаа сунгагдаагүй гэж үзэх үндэслэлгүй байна.
З******* ХХК-ийн эзэмшдэг 3 тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан болох нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2022.07.08-ны 8/3685 дугаартай албан бичгээр тогтоогдсон тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасны дагуу худалдах, худалдан авах гэрээнээс татгалзах эрхтэй байна.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй. гэж заасны дагуу Ш-оос худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлсөн 30,000,000 төгрөгийг хариуцагч Гаас гаргуулж нэхэмжлэгч Ш-т олгож, 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
30,000,000 төгрөгийг Г хүлээн авсан, 10 сая төгрөгийг хариуцагч нарын хэн аль авсан болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагч Б т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагч Б ийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч Гаас 30,000,000 /гучин сая/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш-т олгож, нэхэмжлэлээс 10,000,000 төгрөгт холбогдох хэсгийг болон хариуцагч Б т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 482,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Гаас 307,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш-т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Давж заалдах журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх хүртэлх хугацаанд, хяналтын журмаар гомдол гаргасан бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.3-т зааснаар хэргийг хэлэлцүүлэхээс татгалзах тогтоол гарах, эсхүл хяналтын шатны шүүх хуралдааны тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүхээс гаргах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай 101/ШЗ2022/09876 дугаартай захирамж хүчинтэй хэвээр байхыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ