| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2020/04693/И |
| Дугаар | 101/ШШ2022/04690 |
| Огноо | 2022-11-07 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2022/04690
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ө-т холбогдох,
57,266,403.39 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясаа, Б.Төмөр, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Г*******, хариуцагч Н.Ө*******, түүний өмгөөлөгч Г.Бат-Отгон, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ө нь А ХХК-д хөдөлмөрийн гэрээ ажиллах хугацаандаа компанид нийт 57,266,403.39 төгрөгийн өр төлбөрийг үүсгэн, үүнийгээ төлнө, хугацаа олгоно уу хэмээн хэлж байсан боловч өнөөдрийг хүртэл энэхүү өр төлбөрийг төлөөгүй байна. Иймд хариуцагч Ө-өөс57,266,403.39 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясаа 2021 оны 12 сарын 20-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: ... 2018 оны өр төлбөр 24,319,523 төгрөг, 2019 оны өр төлбөрт 32,946,880 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясаа 2022 оны 10 сарын 25-ны өдөр гаргасан нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ө нь 2012 оноос 2020 оныг хүртэл борлуулагчаар ажилласан болно. Ажиллаж байх хугацаандаа зарлагын баримт үйлдэж компаниас бараа бүтээгдэхүүн авч буцаагаад орлогын ордерын тасалбар үйлдэж бэлэн мөнгө тушаадаг байсан. Гэтэл хариуцагч Ө нь компанид тушаах ёстой мөнгөө тушаахгүй явсаар 2020 онд нийт 57,266,403.39 төгрөгийн өр үүсгэсэн. 2012 онд 425,453,460 төгрөг, 2013 онд 833,777,560 төгрөг, 2014 онд 73,365,920.77 төгрөг, 2015 онд 594,983,200 төгрөг, 2016 онд 421,579,120 төгрөг, 2017 онд 378,995,280 төгрөг, 2018 онд 397,640,952.42 төгрөг, 2019 онд 98,382,000 төгрөг, нийт 3,224,177,493.19 төгрөгийн бараа авсан.
2012 онд 385,697,310 төгрөг, 2013 онд 561,092,400 төгрөг, 2014 онд 300,416,080 төгрөг, 2015 онд 631,430,594 төгрөг, 2016 онд 384,695,594.19 төгрөг, 2017 онд 372,319,875.06 төгрөг, 2018 онд 431,108,218.36 төгрөг, 2019 онд 99,388,518.19 төгрөг, 2020 онд 762,500 төгрөг, нийт 3,166,911,089.80 төгрөг төлсөн. Энэхүү зарлагын дүнгээс орлогын дүнг хасахад, нийт 57,266,403.39 төгрөгийн өртэй гарсан. Иймд Ө-өөс57,266,403.39 төгрөг гаргуулж өгнө үү.
Энэхүү баримтыг нэг бүрчлэн Ө-ынгарын үсэгтэй баримтуудыг үндэслэж гаргасан. Тухайн үед нярваар ажиллаж байсан, бараа олгодог хүн болох Тармазин 2017 онд нас барсан, гарын үсэг зураагүй болон бусад зүйлийг асуулгах ямар ч боломжгүй. Миний бие сүүлд менежерийн ажилд томилогдсон учраас бусад зүйлсийг сайн мэдэхгүй... гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төмөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Ө нь 2012 онд 425,453,460 төгрөг, 2013 онд 833,777,560 төгрөг, 2014 онд 73,365,920.77 төгрөг, 2015 онд 594,983,200 төгрөг, 2016 онд 421,579,120 төгрөг, 2017 онд 378,995,280 төгрөг, 2018 онд 397,640,952.42 төгрөг, 2019 онд 98,382,000 төгрөгийн бараа авч 2012 онд 385,697,310 төгрөг, 2013 онд 561,092,400 төгрөг, 2014 онд 300,416,080 төгрөг, 2015 онд 631,430,594 төгрөг, 2016 онд 384,695,594.19 төгрөг, 2017 онд 372,319,875.06 төгрөг, 2018 онд 431,108,218.36 төгрөг, 2019 онд 99,388,518.19 төгрөг, 2020 онд 762,500 төгрөгийн төлсөн. Энэхүү орлого, зарлагын зөрүү нийт 57,266,403.39 төгрөгийн үлдэгдэл барааны төлбөрийг нэхэмжилж байна. Миний бие тухайн үед ажиллаж байгаагүй. Саяхан компанид байгаа зарлагын баримтуудыг шүүж, хэрэгт өгсөн тооцооллыг гаргасан. Өглөг, авлагыг баталгаажуулсан баримт байхгүй, компанид байгаа баримтуудыг хэрэгт өгсөн, өөр өгөх баримт байхгүй... гэв.
Хариуцагч Ө шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэгч 57,266,403.39 төгрөгийг огт үндэслэлгүй нэхэмжилсэн байна. Би тус байгууллагад ямар нэг өр төлбөргүй бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Энэхүү компанид ажиллаж байсан нь үнэн, ажлаас гарахдаа бүх тооцоог дуусгаад гарсан, гэвч 2 жилийн дараа хуурамч баримтаар намайг ийм байдалд оруулж байна. Цэвээнээ гэх хүн хүний гарын үсгийг дуурайлгаж зурдаг, тухайн хүн гарын үсэг зурсан байх. Би тооцоог бүгдийг нь дуусгаад гарсан. Би огт төлбөр төлөхгүй... гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: итгэмжлэл 2 хуудас, А ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, А ХХК-ийн дүрэм 2 хуудас, хөдөлмөрийн гэрээ 2 хуудас, эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх гэрээ 3 хуудас, харилцагчтай хийсэн хоорондын тооцоо 2 хуудас, Л.С*******тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 1 хуудас, зарлагын падаан 47 ширхэг, Б.Г*******тэй байгуулсан хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 1 хуудас, орлого зарлагын падаан 1678 хуудас, итгэмжлэл 2 хуудас, эд хөрөнгийн хариуцлага хүлээлгэх гэрээ 3 хуудас, хөдөлмөрийн гэрээ 3 хуудас, 2012-2020 оны өрийн задаргаа 35 хуудас,
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хуудас, орлого зарлагын падаан 74 ширхэг.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт 8 хуудас, түүнд хавсаргасан баримт 17 хуудас, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт 27 хуудас, түүнд хавсаргасан баримт 11 хуудас, гэрчийн мэдүүлэг 5 хуудас, А ХХК-ийн захирлын 2015 оны 01 сарын 03-ны өдрийн Борлуулалтын менежер ажилд авах тухай №01/048 дугаартай тушаал 1 хуудас, борлуулалтын менежер, жолоочийн ажлын байрны тодорхойлолт 2 хуудас.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бичмэл баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч А ХХК хариуцагч Ө-т холбогдуулан хөдөлмөрийн гэрээгээр ажиллах явцдаа компаниас авсан барааны өрд 57,226,403.39 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2021 оны 12 сарын 20-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ... 2018 оны өр төлбөр 24,319,523 төгрөг, 2019 оны өр төлбөрт 32,946,880 төгрөгийг хариуцагчаас гаргуулах... гэж тодруулсан.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясаа 2022 оны 10 сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа ...Ө нь 2012 оноос 2020 оныг хүртэл борлуулагчаар ажиллах хугацааны нийт өр 57,266,403.39 төгрөгийг гаргуулах... гэж тодруулсан ба энэ шаардлагаа дэмжиж байна.
Хариуцагч ажлаас гарахдаа тооцоогоо дуусгаад гарсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Ө А ХХК-д 2012 оны 1 дүгээр сараас хүнсний барааны борлуулагчаар томилогдож, хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2019 оны 03 дугаар сараас ажиллаагүй болох нь зохигчийн тайлбар, хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ, шинжээчийн 1502 тоот дүгнэлт, гэрч Б.Цэвээнжавын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. /1хх-8-12, 97-123,133-135/
Н.Ө*******ыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаагүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.
А ХХК Н.Ө*******тай 2017.04.03-нд өдөр хөдөлмөрийн гэрээг, 2017.11.01-нд эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан болох нь зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан А ХХК болон Ө нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ зэргээр тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.3-т Ажил олгогч нь эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэж болох ажил, албан тушаалын жагсаалтын дагуу ажилтантай эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулна,
талуудын хооронд байгуулагдсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ-ний 4.1.3-т ажилтан .....дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эргүүлж төлөөгүй бол эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ гэж тус тус заасны дагуу А ХХК Н.Ө*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ-ний дагуу шаардах эрхтэй байна.
А ХХК нь Монгол Улсад үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж болох нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд захирагдаж анхан шатны баримт бүрдүүлэх, журнал хөтлөх, санхүүгийн тайлан балансаа гаргах зохицуулалттай байна.
2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдаж, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдсөн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Нягтлан бодох бүртгэлд дараах зүйлсийг заавал бүртгэнэ, 14.4.2-т бүх хөрөнгө, хөрөнгө оруулалт, авлага гэж заасны дагуу А ХХК 2016 оноос хойш улирал, жилийн тайландаа Ө-өөс57,266,403.39 төгрөгийн авлагатай болохоо тусгаагүй, тайлан гаргах бүрд авлагаа баталгаажуулсан анхан шатны баримтыг үйлдсэн болохоо баримтаар нотлоогүй тул ажилтан Н.Ө*******ыг ажил олгогч А ХХК-д 57,226,403.39 төгрөгийн өглөгтэй гэж үзэх үндэслэлгүй байна.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулиар анхан шатны баримтыг нягтлан бодогч, ажилтантай тооцоо нийлж, баталгаажуулах үүрэгтэй.
Нэхэмжлэгчээс хэргийн 13-т өгсөн харилцагчтай хийсэн хоорондын тооцоо гэх баримтад ямар хугацааны хоорондох өр төлбөрийн үлдэгдэл дээр нэмж тооцоо нийлсэн талаар тодорхойгүй, эрх бүхий албан тушаалтан болох нягтлан бодогч үйлдсэн эсэх нь тодорхойгүй байх тул уг баримтыг үнэн зөв гэж үнэлэх боломжгүй.
Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны батлагдаж, 2022 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл үйлчилсэн/ 135 дугаар зүйлийн 135.1-д Ажилтан дор дурдсан тохиолдолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ,
135.1.1-д ажилтны хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болохыг тогтоосон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон;
135.1.2-т хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх үедээ байгууллагад хохирол учруулсан ажилтан эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр хууль тогтоомжид заасан;
135.1.3-т дараа тайлан гаргахаар итгэмжлэл буюу бусад баримт бичгээр хүлээн авсан эд хөрөнгө, үнэ бүхий зүйлийг эгүүлж төлөөгүй гэж заажээ.
Ө 2012.01.23-ны өдрөөс 2012.11.28-ны өдрийг хүртэл 71 ширхэг зарлагын баримтаар нийт 408,956,460 төгрөгийн барааг авсан болох нь зарлагын баримтуудаар тогтоогдож байна.
2012.04.21-ний 16,497,000 төгрөгийн зарлагын баримтад хүлээн авсан хүний гарын үсэг байхгүй байгаа тул Н.Ө*******ыг уг барааг авсан гэж үзэхээргүй байна. /2хх-58-155/
Ө-өөс2012.01.23-наас 2012.11.28 хүртэл 42 удаагийн орлогын баримтаар нийт 385,697,310 төгрөг төлсөн болох нь орлогын баримтуудаар тогтоогдож байна. /2хх-137-140/
2013.01.07-ны өдрөөс 2013.12.31-ний өдрийг хүртэл 144 ширхэг зарлагын баримтаар нийт 806,506,240 төгрөгийн барааг авсан болох нь зарлагын баримтуудаар тогтоогдож байна.
2013.01.26-ны 4,095,000 төгрөгийн, 2013.01.26-ны 2,340,000 төгрөгийн 2013.01.28-ны 5,709,600 төгрөгийн, 2013.01.29-ний 2,900,000 төгрөгийн, 2013.05.01-ний 1,170,000 төгрөгийн, 2013.05.01-ний 3,150,400 төгрөгийн 6 ширхэг зарлагын баримтад зурсан гарын үсэг Н.Ө*******ынх мөн гэдэг эргэлзээтэй байх тул Н.Ө*******ыг уг барааг авсан гэж үзэхээргүй байна. /2хх-144-250, 3хх-1-9/
Нэхэмжлэгч талаас өгсөн 2013.10.25-ны 13,677,600 төгрөгөөр нэхэмжилсэн баримт 5,771,280 төгрөгийн дүнтэй байгаа тул уг дүнгээр тооцох нь зүйтэй гэж үзэв. /2хх-235/
Ө-өөс2013.01.07-наас 2013.12.31 хүртэл 50 удаагийн орлогын баримтаар нийт 561,092,400 төгрөг төлсөн болох нь орлогын баримтуудаар тогтоогдож байна. /3хх-10-14/
Ө 2014.02.12-ны өдрөөс 2014.12.26-ны өдрийг хүртэл 42 ширхэг зарлагын баримтаар нийт 73,366,020 төгрөгийн барааг авсан болох нь зарлагын баримтуудаар тогтоогдож байна. /3хх-17-62/
Ө-өөс2014.01.13-наас 2014.12.26 хүртэл 36 удаагийн орлогын баримтаар нийт 300,416,080 төгрөг төлсөн болох нь орлогын баримтуудаар тогтоогдож байна. /3хх-65-67/
2015.01.05-ны өдрөөс 2015.12.29-ний өдрийг хүртэл 260 ширхэг зарлагын баримтаар нийт 594,975,200 төгрөгийн барааг авсан болох нь зарлагын баримтуудаар тогтоогдож байна. /3хх-87-249, 4хх-1-114/
Ө-өөс2015.01.06-наас 2015.12.30 хүртэл 147 удаагийн орлогын баримтаар нийт 631,430,594 төгрөг төлсөн болох нь орлогын баримтуудаар тогтоогдож байна. /3хх-74-86/
Ө 2016.01.05-ны өдрөөс 2016.12.28-ны өдрийг хүртэл 189 ширхэг зарлагын баримтаар нийт 421,579,120 төгрөгийн барааг авсан болох нь зарлагын баримтуудаар тогтоогдож байна. /4хх-134- 248, 5хх-1-87/
Ө-өөс2016.01.09-наас 2016.12.28 хүртэл 163 удаагийн орлогын баримтаар нийт 384,695,594.19 төгрөг төлсөн болох нь орлогын баримтуудаар тогтоогдож байна. /4хх-121-133/
Ө 2017.01.03-ны өдрөөс 2017.12.29-ний өдрийг хүртэл 215 ширхэг зарлагын баримтаар нийт 378,995,280 төгрөгийн барааг авсан болох нь зарлагын баримтуудаар тогтоогдож байна. /5хх-109-252, 6хх-1-91/
Ө-өөс2017.01.02-наас 2017.12.28 хүртэл 209 удаагийн орлогын баримтаар нийт 372,319,875.05 төгрөг төлсөн болох нь орлогын баримтуудаар тогтоогдож байна. /5хх-93-108/
Ө 2018.01.02-ны өдрөөс 2018.12.27-ны өдрийг хүртэл 221 ширхэг зарлагын баримтаар нийт 397,640,952.42 төгрөгийн барааг авсан болох нь зарлагын баримтуудаар тогтоогдож байна. /6хх-99-247, 7-хх-1-70, 1хх-160-181/
Ө-өөс2018.01.03-наас 2018.12.28 хүртэл 202 удаагийн орлогын баримтаар нийт 431,108,218.36 төгрөг төлсөн болох нь орлогын баримтуудаар тогтоогдож байна. /7хх-95-106/
Ө 2019.01.04-ний өдрөөс 2019.03.13-ны өдрийг хүртэл 38 ширхэг зарлагын баримтаар нийт 98,382,000 төгрөгийн барааг авсан болох нь зарлагын баримтуудаар тогтоогдож байна. /7хх-113-126, 1хх-159,182-206/
Ө-өөс2019.01.08-наас 2019.06.30 хүртэл 41 удаагийн орлогын баримтаар нийт 99,388,518.19 төгрөг төлсөн болох нь орлогын баримтуудаар тогтоогдож байна. /7хх-109-112/
Ө-өөс2020.01.15-нд 450,000 төгрөг, 2020.05.19-нд 312,500 төгрөг, нийт 762,500 төгрөг төлсөн болох нь орлогын баримтуудаар тогтоогдож байна. /7хх-157/
Дээрх тооцооллоос борлуулагч Ө 2012 оны 01 сараас 2019 оны 03 сар хүртэл нийт 3,180,401,272.42 төгрөгийн барааг авсан, 2012.01 сараас 2020.06 сар хүртэл нийт 3,166,911,089.79 төгрөгийг бэлнээр тушаасан гэж үзэхээр байх ба үлдэгдэл 13,490,182.63 төгрөгийг төлөөгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагч Ө ...ажлаас гарахдаа тооцоогоо дуусгасан... гэх тайлбараа баримтаар нотлоогүй.
Борлуулагч Ө ...дараа нь мөнгийг төлөхөөр бараа борлуулахаар авах... эрх бүхий ажилтан болох нь дээр дурдсанаар тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 135.1.3-т заасны дагуу эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд хариуцагч Ө-өөс2012 оны 01 сараас 2019 оны 03 сарын 13-ны өдрийг дуустал хугацаанд дараа мөнгийг төлөхөөр авсан барааны өглөгт 13,490,182.63 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс 43,776,220.76 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө-өөс 13,490,182.63 /арван гурван сая дөрвөн зуун ерэн мянга нэг зуун наян хоёр төгрөг жаран гурван мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс 43,776,220.76 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444,300 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ө-өөс225,401 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ