| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямаагийн Баярхүү |
| Хэргийн индекс | 2138000000050 |
| Дугаар | 2021/ДШМ/34 |
| Огноо | 2021-07-05 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | П.Отгонбаатар |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2021/ДШМ/34
2021 07 05 2021/ДШМ/34
Л.Дид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,
Прокурор: П.Отгонбаатар,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ганчимэг,
Нарийн бичгийн дарга: Л.Сувд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоолтой Л.Дид холбогдох 2138000000050 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Л.Дийн давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, Хан хурмаст овогт Л.Д, 1971 оны 3 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар .........................../.
Шүүгдэгч Л.Д нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 2 дугаар багийн нутаг “Айлгалт” гэх газрын ойгоос 2020 оны 3 дугаар сарын 10-ны үед 5 метрийн урттай, 4.2 метр куб модыг зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, 2020 оны 9 дүгээр сарын сүүлээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/144 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Хан хурмаст овогт Л.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод тээвэрлэн “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дид оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Л.Дид оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Л.Доос 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 2,932,496 /хоёр сая есөн зуун гучин хоёр мянга дөрвөн зуун ерэн зургаа/ төгрөгийг, 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 10,000,000 /арван сая/ төгрөгийг гаргуулж Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газарт олгож, иргэний нэхэмжлэгч Б.Пүрэвцэрэн нь өөрт учирсан тээвэрлэлтийн хөлс болох 190,000 /нэг зуун ерэн мянга/ төгрөгийн хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 4,310,832 /дөрвөн сая гурван зуун арван мянга найман зуун гучин хоёр/ төгрөгийн үнэлгээтэй 4.2 куб.метр хэрэглээний нойтон шинэс модыг битүүмжлэлээс чөлөөлж, хураан авч 4,310,832 төгрөгийн хохиролд тооцон, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 8,500,000 /найман сая таван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгчээс албадан гаргуулж хохиролд тооцон Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Засаг даргын Тамгын газарт олгохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан моторт хөрөөг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Л.Д нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Дид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Д давж заалдах гомдолдоо: ... Би өөрийн амины хэрэгцээндээ 2020 оны 3 дугаар сарын 10-ны үед Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 2 дугаар багийн нутаг “Айлгалт “ гэх газрын ойгоос 4,2 метр куб модыг бэлтгэж 2020 оны 9 дүгээр сарын сүүлчээр уг бэлтгэсэн модоо өөрийн төрсөн дүү Л.Даваанямын өмчлөлийн isuzu маркийн 1761 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж Мөрөн суманд оруулж ирсэн. Би өөрөө сайн дураараа Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын байгаль хамгаалагчид хэргээ илчлэн хэлсний үндсэн дээр надад холбогдох хэрэг шалгагдсан.
Анхан шатны шүүх надад холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ дүү Л.Даваанямын эзэмшлийн isuzu маркийн 1761 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 8,500,000 төгрөгийг надаас албадан гаргуулж хохиролд оруулан тооцохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэснийг миний бие эс зөвшөөрч байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан учраас миний гэмт хэрэг үйлдэхэд ашигласан isuzu маркийн 1761 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн өмчлөлийнх биш, миний төрсөн дүү Л.Даваанямын эзэмшлийнх байхад надаас тээврийн хэрэгслийн үнэ болох 8,500,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, миний эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзэж байна. Би ам бүл 2, өндөр настай эхийн хамтаар мал маллан амьдардаг.
Иймд анхан шатны шүүх хуульд заасан заалтыг буруу хэрэглэсэн байна гэж миний зүгээс үзэж байгаа учир Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 144 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Л.Д нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын 2 дугаар багийн нутаг “Айлгалт” гэх газрын ойгоос зөвшөөрөлгүйгээр 10 ширхэг нойтон шинэс мод унагааж, 5 метрийн урттай, 4.2 метр куб мод бэлтгэж, 2020 оны 9 дүгээр сарын сүүлээр өөрийн төрсөн дүү Л.Даваанямын өмчлөлийн “Isuzu ELP” маркийн 1761 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр гарал үүслийн гэрчилгээгүйгээр Мөрөн сум руу тээвэрлэж, “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар болон модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, хохирогч Б.Пүрэвцэрэнгийн мэдүүлэг, гэрч Д.Ганбат, Л.Даваацэрэн, Л.Давааням, Б.Уламбаяр нарын мэдүүлэг, Хөвсгөл аймгийн Эрчимт-Идэр сум дундын ойн ангийн 2021 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Засаг даргын тамгын газрын Байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтний дүгнэлт, 2021 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн “Ашид Билгүүн” ХХК-ийн тээврийн хэрэгсэлд хийсэн үнэлгээний тайлан, яллагдагч Л.Дийн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Дийг “Хууль бусаар мод бэлтгэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, түүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын үндсэн зорилгод бүрэн нийцсэнээс гадна шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдал зэрэгт тохирсон байна.
Шүүгдэгчийн Л.Дийн “...дүү Л.Даваанямын эзэмшлийн isuzu маркийн 1761 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 8,500,000 төгрөгийг надаас албадан гаргуулж хохиролд оруулан тооцохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэснийг миний бие эс зөвшөөрч байна. Тээврийн хэрэгсэл нь миний өөрийн өмчлөлийнх биш, миний төрсөн дүү Л.Даваанямын эзэмшлийнх байхад надаас тээврийн хэрэгслийн үнэ болох 8,500,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Учир нь шүүгдэгч Л.Д нь хууль бусаар 4.2 метр куб мод бэлтгэж, уг модыг гарал үүслийн гэрчилгээгүй Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумаас Мөрөн сум руу тээвэрлэхдээ “Isuzu ELP” маркийн 1761 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан, уг тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлийн эд хөрөнгө болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ...албадан гаргуулна.” гэж, мөн зүйлийн 2-т “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” гэж тус тус заасан.
Мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь шүүгдэгчийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгох, хэрэв уг тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдвол тээврийн хэрэгслийг үнэлж, шүүгдэгчээс гаргуулахаар зохицуулсан байна.
Иймд шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйл /Хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ/, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйл /Шударга ёсны зарчим/-д нийцсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Дийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2021/ШЦТ/144 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Н.БАЯРХҮҮ