Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 32

 

Б.Н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

       Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, шүүгч Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 133/ШШ2018/00459 дугаар шийдвэртэй,

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Цагаан хуаран хотхон, 86а байрны 09 тоотод оршин суух, Баабар овгийн Б. Н /РД: ЧЙ70032823/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Прокурорын газарт холбогдох, Б.Ө 2016, 2017 оны ээлжийн амралтын олговорт олгогдвол зохих 3.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2018 оны 10 дугаар сарын 26-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан, хариуцагчийн төлөөлөгч Б.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний нөхөр Б. Ө нь Улсын ерөнхий прокурорын 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн Б/274 дүгээр тушаалаар Говь-Алтай аймгийн Прокурорын газар хяналтын прокуророор ажиллаж байгаад 2017 оны 5 дугаар сард нас барсан юм. Говь-Алтай аймгийн хяналтын прокуророор ажиллаж байх 1 жил 9 сарын хугацаанд ажлын шаардлагын улмаас гэсэн үндэслэлээр түүний ээлжийн амралтыг эдлүүлээгүй, олгох ёстой ээлжийн амралтын олговорыг Хөдөлмөрийн хуулинд заасан журмын дагуу олгоогүй хохироосон бөгөөд байгууллагын зүгээс 2017 оны 8 дугаар сард тухайн оны ээлжийн амралтыг олгож эдлүүлэхээр тогтсон байсан. Говь-Алтай аймгийн Прокурорын газарт энэ эдлээгүй ээлжийн амралтын олговорын /1 жил 9 сарын хугацааны/ талаар Б.Н миний бие гомдол гарган хандсан боловч манай байгуулллагад аудитын шалгалт хийгдэж байна, манайх удахгүй шийдвэрлэж өгнө гээд хариу өгөхгүй байж байгаад ээлжийн амралтын олговор олгох боломжгүй байна гэж 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 30 дугаар мэдэгдэх хуудсаар хариуг өгсөн. Б.Н миний бие энэ хариуг зөвшөөрөхгүй байгаа тул Говь-Алтай аймгийн Прокурорын газраас миний нөхөр Б.Ө хяналтын прокуророор ажиллаж байх 1 жил 9 сарын хугацааны буюу 2016, 2017 оны ээлжийн амралтыг биеэр эдлүүлээгүй, ээлжийн амралтын олговрыг олгоогүй болохыг тогтоолгож, ээлжийн амралтын олговорт олгох ёстой 3.000.000 /гурван сая/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Б.Ө прокурор нь 2017 оны 5 дугаар сард нас барсан. Говь-Алтай аймгийн прокурорын газарт хяналтын прокуророор ажилласан 1 жил 9 сарын хугацаанд ээлжийн амралтыг биеэр эдлүүлээгүй. Энэ нь цалин авсан баримтаас тодорхой харагдаж байна. 2016, 2017 онуудын ээлжийн амралтыг биеэр эдлүүлэхээр тушаал гарсан боловч ээлжийн амралтын мөнгө аваагүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. 2016, 2017 онд цалингаа авсан. Тухайн үед ээлжийн амралтаа авах байсан бол 1 сар гаруй хугацаагаар амарч, 3.000.000 төгрөг авах байсан гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Ө нь манай Прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байсан. 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр ажилд томилогдсон. Хуулиар тодорхой зохицуулсан зүйл байхгүй. Шинээр ажилд орсон хүн 10 сар ажиллаж байгаад ээлжийн амралт авахаар зохицуулсан. 2016 оны 7 дугаар сард ээлжийн амралт эдлэх эрхтэй байсан. 2015 онд ээлжийн амралт авах эрх үүсээгүй. 2016 оны 02 дугаар сард ээлжийн амралтын хуваарь батлагдсан. 2016 оны 8-9 сард амраахаар тушаал гарсан байсан боловч 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдөр прокурор Г.Э тэтгэвэрт гарч, Б.Э прокурор Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт шилжин ажилласан. Үндсэн чиг үүрэгтэй 3 прокурорын 2 орон тоо сул байсан учир ээлжийн амралт эдлүүлэх боломжгүй байсан. Улсын ерөнхий прокуророос шалгуурт нийцсэн хүн ажиллуулна гэж хэлсэн. Тусдаа хяналтын ажил хариуцаж явсан. 2016 оны ээлжийн амралтыг эдлүүлээгүй. 2017 оны 02 дугаар сард ээлжийн амралтыг өөрийн саналаар амраана гэж хэлээд 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 9 дүгээр сард амрахаар хуваарь гаргасан боловч 5 дугаар сард тухайн хүн нас барсан. Төрийн албаны тухай хуулийн 31.4 дэх хэсэгт заасан мөнгөн урамшуулал олгож болно гэсэн заалт нь захиргааны албан тушаалтанд хамаарч байгаа. Прокурорын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуульд мөнгөн урамшуулал олгох зохицуулалт байхгүй. Ээлжийн амралтын хоорондох хугацаа зайлшгүй шаардлага гэдэг нь ажилтанд гэж зохицуулагдсан. Тэгэхээр хөдөлмөрийн дотоод журман дээр прокурор ажлын зайлшгүй шалтгаанаар ажилласан тохиолдолд олгоно гэсэн ойлголт байхгүй. Улсын Ерөнхий прокурорын газар удаа дараа гаргаж өгсөн. Утсаар хандаж байсан. 2.800.000 төгрөгийг тусдаа, хуулийн зохицуулалт байхгүй учир тусламж хэлбэрээр олгосон. Байрны урсгал зардал дээр нэг удаагын буцалтгүй тусламжаар олгосон. Төрийн албаны тухай хуульд тодорхой хуулийн заалт байхгүй. Ажил олгогчтой тохиролцсоны үндсэн дээр олгож болно гэсэн хуулийн заалт байгаа. Удирдлагууддаа ойлгуулж байгаад буцалтгүй тусламж хэлбэрээр олгогдсон. Хамт ажиллаж байсан хүмүүс нь нас барах үед нь УЕП-ын газарт 1.200.000 төгрөг орж ирээд талийгаачийн ар гэрийн хүнд гардуулж өгч байсан. Оршуулгатай холбоотой бүх ажиллагаанд гар бие оролцож явж байсан. Манай байгууллагад хүсэлт гаргасны дараа манайхаас шийдэх боломжгүй байна гэж хэлж байсан. Тухайн үед 1.200.000, 1.000.000 төгрөг оршуулгын зардал гээд бид өөрсдийн боломжоор тусалж байсан. Тэгэхээр үүнийг буруугаар ойлгоод яваа юм болов уу гэж бодоод байна. Манай байгууллагаас дахин мөнгө гаргуулж чадахгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.8, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн Б.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Прокурорын газарт холбогдох Б.Ө 2016, 2017 оны ээлжийн амралтын олговорт олгогдвол зохих 3.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Н нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Мөнхнасан давж заалдах гомдолдоо: Талийгаач Б.Ө нь 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн Б/274 дүгээр тушаалаар Говь-Алтай аймгийн Прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байгаад 2017 оны 5 дугаар сарын 03-ний өдөр нас барсан юм. Энэ ажиллах хугацаанд ээлжийн амралтын тушаал гарсан боловч тухайн үед ажлын шаардлагаас болж ээлжийн амралтаа биеэр эдэлж амарч чадаагүй байсан. Энэ нь цалин авч байсан баримтууд болон ээлжийн амралт олгохоор гаргасан тушаал зэргээс тодорхой харагдаж байгаа. Талуудаас 2016, 2017 онуудад ажиллахдаа ээлжийн амралтыг биеэр эдлээгүй дээр маргаангүй байгаа.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 00459 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Н нь Говь-Алтай аймгийн Прокурорын газарт холбогдуулан тус Прокурорын газарт ажиллаж байсан нөхөр Б.Ө 2016, 2017 оны ээлжийн амралтын олговор 3.000.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

  Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ: “...Хуулиар тодорхой зохицуулсан зүйл байхгүй, 2016 оны 8-9 дүгээр сард амрахаар ээлжийн амралтын тушаал гарсан байсан, ...Үндсэн чиг үүрэгтэй 3 прокурорын 2 орон тоо сул байсан учир ээлжийн амралт эдлүүлэх боломжгүй байсан. Төрийн албаны тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт заасан мөнгөн урамшуулал олгож болно гэсэн заалт нь захиргааны албан тушаалтанд хамаардаг. Прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд прокурор ажлын зайлшгүй шалтгаанаар ажилласан тохиолдолд мөнгөн урамшуулал олгоно гэсэн ойлголт байхгүй тул манай байгууллагаас мөнгө гаргах боломжгүй...” гэжээ.

Б.Ө нь тус аймгийн Прокурорын газарт 2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдрөөс 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүртэл хяналтын прокуророор ажиллаж, энэ ажиллаж байсан хугацаа буюу 2016, 2017 онд ээлжийн амралтаа биеэр эдлээгүй, мөнгөн урамшуулал олгоогүй, аваагүйтэй талууд маргаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ Прокурорын ээлжийн амралтын хугацаа, амралтын нэмэгдэл зэрэг асуудлын талаар Хөдөлмөрийн тухай хууль, Прокурорын тухай хуулиар, мөн бусад баталгаа, шагнал, урамшуулал, тусламж, дэмжлэгийн талаар Төрийн албаны тухай

хууль болон бусад хууль тогтоомжоор  зохицуулна гэж заасан, мөн Прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлээр прокурор, ажилтнуудын ажил, амралтын горимыг баталгаажуулсан байна гээд хөдөлмөрийн дотоод журмын 5.10-д “...захиргааны шийдвэрийн дагуу ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд түүний зөвшөөрлөөр 1.5 сарын албан тушаалтай тэнцэх мөнгөн урамшуулал олгож болно...” гэж заасан нь прокурорт хамааралгүй, зөвхөн ажилтанд олгохоор заасан байна гэж дүгнэжээ.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4-д зааснаар төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Төрийн албаны тухай хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тодорхойлохоор зохицуулжээ. Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулахаар заасан байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “...Ажилтанд жил бүр ээлжийн амралтыг биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн  дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна...” гэж заасан байна.

Уг зохицуулалтын дагуу хариуцагч байгууллага буюу ажил олгогч нь ажилтанд ээлжийн амралтыг биеэр эдлүүлэх үүрэгтэй байсан бөгөөд уг үүргээ биелүүлэх боломжгүй болсон тохиолдолд ажилтантай тохиролцож мөнгөн урамшуулал олгох талаар тохиролцох ёстой байжээ.

Хэрэгт авагдсан баримтаар хэдийгээр тус аймгийн прокурорын газрын ажлын зайлшгүй шаардлагаар үндсэн чиг үүрэгтэй 3 прокурорын 2 орон тоо сул байсан учраас талийгаач Б.Ө прокурор нь ээлжийн амралтаа биеэр эдлэх боломжгүй байсан байна гэж үзэж болох боловч, хариуцагч байгууллага нь Төрийн албаны тухай хуулийн 31 дугаар зүйлийн 31.4-д “...Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй албан хаагчид түүний зөвшөөрснөөр 1.5 сарын албан тушаалын цалинтай тэнцэх мөнгөн урамшуулал олгож болно...” гэсэн заалт нь төрийн захиргааны албан тушаалтанд хамаарна, прокурорт хамааралгүй, мөн Монгол Улсын Прокурорын байгууллагын хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.10-д заасан дээр дурдсан үндэслэлээр Б.Өлзийбатын ээлжийн амралтыг биеэр эдлүүлээгүй, ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүйтэй холбоотой мөнгөн урамшуулал олгоогүй гэж үзсэн нь буруу юм.

Хариуцагчийн тайлбарласнаар ажиллах ёстой прокурорын орон тоо дутмаг байснаас Б.Ө нь ганцаараа ажиллах ажлын зайлшгүй шаардлага гарч байгаа бол  ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтантай Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар мөнгөн урамшуулал олгох талаар хамтын гэрээ байгуулах болон тохиролцоо хийгээгүй  нь буруу байна.

Хариуцагч аймгийн Прокурорын газраас 2016, 2017 оны эхэнд прокурор, ажилтнуудын ээлжийн амралтын хуваарийг Прокурорын байгууллагын тухай болон Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтын дагуу тушаал гаргаж мөрдөн ажилласан байгаа бөгөөд Б.Ө тухайд 2016 оны ээлжийн амралтаа эдлээгүй нь нотлох баримтаар тогтоогдож байгаа юм.

Б.Ө нь 2017 оны ээлжийн амралтыг байгууллагаас гаргасан хуваарийн дагуу 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 9 дүгээр сард эдлэхээр байсан ба энэ  хугацаа болоогүй байхад буюу 2017 оны 5 дугаар сарын 03-ны өдөр нас барсан байх тул 2017 оны ээлжийн амралтыг биеэр эдлэх боломжгүй болсон байна.

 Харин  2015 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр анх ажилд орж аймгийн Прокурорын 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар баталсан ээлжийн амралтын хуваарийн дагуу 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдрөөс 2016 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр хүртэлх 21 хоногийн амралтыг биеэр эдэлж чадаагүй, мөнгөн урамшуулал авч чадаагүй байх тул энэ хугацааны мөнгөн урамшуулалыг олгох нь зүйтэй гэж үзлээ.

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан цалин хөлс, шагнал урамшуулал, тэдгээртэй адилтгах орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох журмаар нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд төлсөн шимтгэлийг хассан дүнгээр бодож үзэхэд Б.Ө 2016 оны жилийн дундаж цалин нь 1.089.717 төгрөг болж байна харин 1.5 сарын цалин 1.634.575 төгрөг үүнээс нийгмийн дааталын шимтгэл, хувь хүний орлогын балан татварыг хасвал жинхэнэ олгох олговор нь 1.324.007 төгрөг байна. Тиймээс уг олговорыг хариуцагч Говь-Алтай аймгийн Прокурорын газраас гаргуулах нь зүйтэй гэж үзнэ.

2016  => E = 13.076.604 : 12 = 1.089.717 дундаж цалин

Олговор 1.089.717 x 1.5 = 1.634.575    НДШ – 163.457

ХХОАТ – 1.471.118 х 10% = 147.111     олгох нь  1.324.007 төгрөг болж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 133/ШШ2018/00459 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.8-д зааснаар Б.Ө 2016 оны ээлжийн амралтын олговорт 1.324.007 төгрөгийг хариуцагч аймгийн Прокурорын газраас гаргуулж, нэхэмжлэгч Б.Н олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1.675.993 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж,

2. Шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Н нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч аймгийн Прокурорын газраас улсын тэмдэгтийн хураамжид  36.134 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай...” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД                             Ч.ЭНХТӨР

 

                                                                          Т.ЖАРГАЛСАЙХАН