| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2022/05957/И |
| Дугаар | 101/ШШ2022/04745 |
| Огноо | 2022-11-10 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2022/04745
| 2022 о 11 с 10ө | Дугаар 101/ШШ2022/04745 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хуралдсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Э-д холбогдох,
2,079,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бадамханд, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хороолол, 10-276 тоотод байрлах 3 өрөө 1 улсын бүртгэлийн гэрчилгээтэй орон сууцны байраа 2018 оны 07 сарын 31-ний өдөр Их мөнх наран ХХК-тай гэрээ байгуулан сарын 700,000 төгрөгөөр хөлсүүлэн тус компани орон нутгийн ажилтнаа суулгасан. 2018 оны 08 сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал 5 сарын төлбөр болох 3,500,000 төгрөгийг тус компани төлж тус компанийн ажилтан Э нь 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс үргэлжлүүлэн хөлсөлж төлбөрийг өөрийн 5084099710 тоот данснаас төлж байсан. 2019 оны 01 сарын 01-нээс 2021 оны 09 сарын 20-ны өдрийг хүртэл нийт 32 сар 20 хоногийн төлбөр сар бүрийн 700,000 төгрөг нийт 22,800,000 төгрөг, СӨХ-ны төлбөр 32 сар сар бүрийн 23,400 төгрөг нийт 748,800 төгрөг, нийт 23,548,800 төгрөг төлөхөөс 21,469,800 төгрөг төлсөн. 2,229,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Иймд Б.Э аас 2,229,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Тооцооллын алдаа гарч 2,229,000 төгрөг нэхэмжилсэн нь буруу байна. Нийт 23,548,800 төгрөг төлөхөөс 21,469,800 төгрөг төлснийг хасвал үлдэгдэл нь 2,079,000 төгрөг гарч байгааг нэхэмжилж байна. Э тай амаар тохирч гэрээг үргэлжлүүлсэн, гэрээг бичгээр байгуулаагүй ... гэв.
Хариуцагч Э шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ... Миний бие Баасандорж овогтой Э нь Улаанбаатар хотод анх 2018 онд ирэхдээ компанийн байранд ирсэн. Уг компанитайгаа цалин хөлс, бусад шалтгаанаар гэрээгээ цуцлаад ажлаас гараад компанийн байранд амьдрах гэрээг хүртэл цуцалсан. 2019 оны 1 сард Д эгчтэй ярилцаж үргэлжлүүлэн том өрөөнд амьдарч эхэлсэн. Бүтэн түрээс 700,000 төгрөг, 3 өрөө байр байсан. Нөгөө 2 жижиг өрөөнд нь би өөрийн юм шиг зар тавьж хүн олж суулгадаг хааяа олдохгүй өвөлдөө бүүр хүйтэн байдаг болохоор хүн орохгүй удаа дараа Д эгчид хэлсэн хүйтэн байна гэж. Хааяа орсон хүмүүс юмаа аваад муриад явна, нөгөө 2 өрөөнд хүн орсон ороогүй би 700,000 дансаар хийдэг, дээрээс нь бусад зардал төлдөг. СӨХ-ны төлбөрийг хүртэл түрээсийн мөнгөтэй цуг шилжүүлдэг байсан яагаад ингэж надаас нэхэж байгааг би гайхаж байна. 32 сар том өрөөнд нь амьдарсан. Хангалттай би нөгөө 2 өрөөг нь өөрийн юм шиг цэвэрлэж өөрөө зар тавьж түрээсэлж чадахаараа л өгдөг байсан. Надаас 2,229,000 төгрөг нэхэж байгааг эсэргүүцэж байна. Таньдаг хүн болохоор түрээсээ гүйцэд өгье л гэж бодож байсан. 1,650,000 төгрөг үлдсэн. Сүүлд 150,000 төгрөг хийсэн. 1,450,000 үлдсэн байсан. Тухайн үед том өрөө 300,000-350,000 үнэ ханштай байсан. 32 сар 325,000= 10,400,000 өгөх ёстой. 32 сар 700,000=22,400,000 өгсөн байна. 32 сар амьдрахдаа өөрийн байр шиг угааж цэвэрлэж арчиж, зохицуулалт хийдэг байхад сүүлд нь иймэрхүү байдлаар хандаж байгаад гомдолтой байна. СӨХ-ийн мөнгө өгдөг байсан дансанд нь коронагийн үед хүн ч байхгүй байхад 100,000 хямдруулсан. Зарагдсан гар л гэсэн бүхэл бүтэн 3 жил түрээслүүлж байгаад шууд гар миний мэдэл биш гэсэн. Үнэхээр гомдолтой байна. Үлдсэн 1,450,000 бага багаар өгөх боломжтой тул уг шийдвэрийг гаргаж өгч тусална уу. Өгөхгүй гэж би хэлэхгүй бас таньдаг хүн болохоор... гэжээ.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ 1 хуудас, зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ 1 хуудас, зээлийн эргэн төлөлтийн график 2 хуудас, Хаан банкны барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ 1 хуудас, Дгийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7-р хороо, 11-р хороолол, 10-276 тоотод байрлах 3 өрөө орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, Дгийн иргэний үнэмлэхийн хуулбар 1 хуудас, Хаан банкны дансны хуулга 48 хуудас.
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 1 хуудас.
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт байхгүй.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Д хариуцагч Б.Э д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 2,229,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Шүүх хуралдааны шатанд тооцооллоо буруу хийсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 150,000 төгрөгөөр багасгаж, 2,079,000 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч тал хажуу өрөөг хөлсөлж мөнгийг өгөх үүрэг хүлээгээгүй, ковидын үед 100,000 төгрөг хөнгөлсөн, 1,450,000 төгрөг үлдсэнийг бага багаар төлнө гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 629,000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Ихмөнх наран ХХК болон нэхэмжлэгч Д нарын хооронд 2018 оны 07 сарын 31-ний өдрөөс 2019 оны 07 сарын 31-ний өдрийг хүртэл орон сууц хөлслөх гэрээг 12 сарын хугацаатай, бичгээр байгуулсан байх бөгөөд хөлслүүлэгч өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11-р хороолол, 10-р байрны 276 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хөлслөгч байгууллагын ажилчдыг амьдрах зориулалтаар эзэмшүүлэхээр шилжүүлэн өгөх, хөлслөгч нь хүлээн авч эзэмших, хөлс төлөхөөр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, 2018 оны 07 сарын 31-ний өдрийн орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээ зэргээр тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй. /хх-2/
Ихмөнх наран ХХК-ийн ажилтан Э дээрх гэрээний дагуу орон сууцанд амьдарч байсан, Ихмөнх наран ХХК-иас гэрээний төлбөрт 2018.08.06-нд 700,000 төгрөг, 700,000 төгрөг, 2018.10.02-нд 2,100,000 төгрөг, нийт 3,500,000 төгрөг төлсөн болох нь Дгийн Хаан банкны 5065288826 тоот дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-10-11/
Хариуцагчийн өмгөөлөгч хэрэгт авагдсан дансны хуулгаас хариуцагч 24,209,800 төгрөгийг төлсөн гэж тайлбарлаж байх боловч Ихмөнх наран ХХК-иас төлөгдсөн 3,500,000 төгрөгийг Б.Э ыг төлсөн гэж үзэхгүй.
Ихмөнх наран ХХК болон нэхэмжлэгч Д нар дээрх гэрээг 2018 оны 12 сарын 31-ний өдрөөр тасалбар болгон цуцалсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
Үүний дараа хөлслүүлэгч Д, хөлслөгч Э нар 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс орон сууц хөлслөх гэрээг хугацаагүй, амаар байгуулсан байх бөгөөд хөлслүүлэгч өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11-р хороолол, 10-р байрны 276 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хөлслөгчид амьдрах зориулалтаар эзэмшүүлэхээр шилжүүлэн өгөх, хөлслөгч нь хүлээн авч эзэмших, хөлс төлөхөөр тохиролцсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар маргаагүй.
Зохигчдын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээ нь Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Гэрээний дагуу хөлслүүлэгч тал болох Д өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо, 11-р хороолол, 10-р байрны 276 тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хөлслөгчид амьдрах зориулалтаар шилжүүлэн өгсөн, хөлслөгч тал болох Э 2019.01.03-ноос 2022.07.22-ны өдрийг хүртэлх хөлсөнд дансаар нийт 21,409,800 төгрөг төлсөн болох нь Дгийн Хаан банкны 5065288826 тоот дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-12-57/
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ 21,469,800 төгрөг төлсөн гэсэн байх боловч 21,409,800 төгрөг төлсөн болох нь дансны хуулгаар тогтоогдсон тул 60,000 төгрөгийн зөрүүг төлсөн гэж үзэхгүй.
Хариуцагчийн өмгөөлөгч 700,000 төгрөг төлөх ёсгүй, зарим саруудад үлдсэн 2 өрөөг түрээсэлж хариуцагч төлбөрийг нь шилжүүлдэг байсан. Бусад өрөөг түрээслэх нь миний үүрэг байгаагүй, боломж бололцоогоороо төлдөг байсан гэж тайлбарлаж байна.
Зохигчийн тайлбар, хэргийн үйл баримт, мөнгө шилжигдсэн утга зэргээс хөлслөгч Э өөрөө 1 өрөөнд амьдарч, хажуугийн 2 өрөөг бусдад хөлсөлж нийт 3 өрөө байрны хөлсөнд 700,000 төгрөг төлөхийг хөлслүүлэгч Д зөвшөөрсөн болох нь тогтоогдож байх тул энэ нь Иргэний хуулийн 305 дугаар зүйлийн 305.1-д Хөлслөгч өөрийн хөлслөн авсан орон сууцыг хөлслүүлэгчийн зөвшөөрөлтэйгээр бүхэлд нь буюу түүний хэсгийг гуравдагч этгээдэд дамжуулан хөлслүүлэх эрхтэй гэж заасанд нийцэж байна.
Хөлслүүлэгч бусдад орон сууцаа худалдах болсонтой холбоотой 2022 оны 9 сарын 20-ноор тасалбар болгон хөлслөгч байрнаас гарсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар хэн аль нь маргаагүй.
Нэхэмжлэгч ... Ихмөнх наран ХХК-тай байгуулсан гэрээний 4.5-д заасны дагуу хариуцагч Э хэрэглээний зардал, СӨХ-ны төлбөрийг төлөх үүрэгтэй... гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д Сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, халуун, цэвэр, бохир ус, ариутгал, хог, цахилгаан, холбоо зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад, дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд тус тус төлнө гэж заажээ.
Орон сууц хөлслөх гэрээг бичгээр байгуулаагүй байх ба Ихмөнх наран ХХК-тай байгуулсан гэрээний үүргийг Б.Э д хариуцуулах үндэслэлгүй.
Хөлслөгч Э СӨХ-нд төлөх төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн болох нь баримтаар тогтоогдохгүй байх тул сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөрт 32 сар, сар бүр 23,400 төгрөг, нийт 748,800 төгрөгийг хариуцагч Б.Э аас гаргуулах үндэслэлгүй.
Дээр дурдсанаас хөлслөгч орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 32 сард 22,400,000 төгрөг, 20 хоногт 400,000 төгрөг, нийт 22,800,000 төгрөг төлөх үүрэгтэйгээс дансаар төлсөн нийт 21,409,800 төгрөгийг хасвал 1,390,200 төгрөг төлөх үүрэгтэй байна.
Иймд хариуцагч Б.Э аас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1,390,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Дд олгож, нэхэмжлэлээс сууц өмчлөгчдийн холбоонд төлөх төлбөр болох 688,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116,118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 302 дугаар зүйлийн 302.1-д заасныг баримтлан хариуцагч Б.Э аас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1,390,200 /нэг сая гурван зуун ерэн мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Дд олгож, нэхэмжлэлээс 688,800 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 50,614 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37,193 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ