| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2022/06179/И |
| Дугаар | 101/ШШ2023/00042 |
| Огноо | 2022-12-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2023/00042
| 2022 о 12 с 22ө | Дугаар 101/ШШ2023/00042 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ............-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ...............д холбогдох,
13,667,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин, хариуцагч Л , түүний өмгөөлөгч Г.Цолмон, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Энхтүвшин шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Иргэн Б , Л тай үерхэж гэр бүл болохоор зэхэж байх үедээ Б , Л нар 93-18 УАК улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашиныг 14,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохирч М.Баасандулам 3,500,000 төгрөг гаргаж, Л 1,000,000 төгрөг, ээжээсээ авч нийт 4,500,000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн ба үлдэх 10,000,000 төгрөгийг Е ХХК Л , Б нар сарын 2,9 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатайгаар 2020 оны 06 сарын 12-нд өдөр зээлж авч, машины мөнгийг гүйцээж төлсөн. 10,000,000 төгрөг Л ын дансаар орж худалдагчид шилжсэн. приус машиныг Б унаж хэрэглэж хойшид өөрийн өмчлөлд шилжүүлэх яриа тохироотой байсны хувьд Е ХХК-д сар бүрийн зээлийн төлбөрийг өөрийн харилцах дансаар мөнгийг төлдөг байсан ба гэрээний хугацаа дуусах хүртэл нийт 10,717,100 төгрөгийг Е ХХК-д төлсөн. 2021 оны 10 сараас ковид өвчний улмаас Засгийн газрын шийдвэрийн дагуу зээлийн төлөлтийг багасгаж төлсний улмаас зээлийн гэрээний хугацаа дуусахад 4,000,000 төгрөг, төлөгдөөгүй байсны улмаас Е ХХК машиныг хураан авч мөнгөө төлөхийг шаардсан. Энэ үед 2022 оны 06 сард Б ын аав хөдөө орон нутагт амьдарч байгаад өвчний улмаас нас барсан учир Говь-Алтай аймаг яваад буцаж ирэхэд Е ХХК-ийн үлдэгдэл авлага төлбөрийг Л төлж дуусгаж суудлын тэргийг өөрийн нэр дээр 2022 оны 08 сарын 06-ны өдөр шилжүүлэн авсан байх ба 2022 оны 08 сарын 13-ны өдөр Жаргалсайхан овогтой Хулангийн нэр дээр шилжүүлсэн байдаг. Б , Л нар жилийн өмнөөс дотно харьцаагүй болж хамтран амьдрах тухай асуудал үгүй болсон. Тэд одоо уулзаж учрахгүй холбогдож ярихгүй хөндийрсөн байгаа. Авто машиныг Б худалдан авах эзэмших хүсэлтэй байсан ба улсын дугаар нь хөдөө орон нутгийн хаягаар олгогдоно гэхээр Улаанбаатар хотын дугаар нь авах гэж мөн зээлийн Е ХХК Улаанбаатар хотын оршин суугчид гаргана гэсний улмаас Л ын нэр дээр зээл авч, төлөхөд хүрсэн байдаг. Приус 20 авто машиныг Есөн шижир ХК барьцаалан Л ын нэр дээр зээл авч төлөхөд хүрсэн байдаг. Приус 20 авто машиныг Е ХХК барьцаалан Л ын нэр дээр зээл олгож улмаар түүний нэр дээр шилжүүлсэн. Уг машин дараагийн эзэмшигчид зарагдсан байх тул тус машиныг худалдан авахад оруулсан хөрөнгөө Б хариуцагч Л аас гаргуулахаар 14,217,100 төгрөгийг нэхэмжилж байна.
Хариуцагч нэг удаагийн зээлд 550,000 төгрөгийг хасаж, 13,667,100 төгрөг гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагч Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
...Би Б тай гэр бүл болно хэмээн бодож машин авсан. Зээл нь миний нэр дээр гарсан ба би өөрийн эд зүйлийг барьцаалж зээл авсан. Машины урьдчилгаанд би 1,500,000 төгрөг өгсөн, мөн зээл авах үедээ би өөрийн хүүхдийн хадгаламж болон өөрийн хадгаламжийг барьцаалж зээл авсан. Б бид 2 хамт зээл авсан тул эхний төлөлтийг 50 хувиар хувааж төлнө гэсэн. Дараагаас нь Б нь хэл чимээгүй алга болсон, тэгээд дараа нь өөрөөс нь асуухад би өөр эхнэртэй болсон, чи гэрээс зайлаад өг гэж алгадаж, өөрийн углаашийг шидээд намайг хөөдөг байсан ба түүнээс хойш 2 жилийн хугацаанд Б машинаа унаад алга болсон. 2 жилийн дараа ББСБ-аас над руу залгаж та зээлийн гэрээгээ шинэчлэх хэрэгтэй байна, таны зээл алданги үүсэж байна гэж залгасан. 2 жил гаруй хугацааны дараа Б надад би энэ машины чиний оруулсан урьдчилгаа, чиний оруулсан мөнгийг төлөөд машиныг өөрийн нэр дээр авах хүсэлтэй байна, чи нэрийг нь миний нэр рүү шилжүүлж өгөх боломж байна уу гэж ярьсан. ББСБ-д очиход надад ч мөнгө өгөөгүй, дээрээс нь зээлийн эдийн засагчид очиж чи надад өгөх гэж байгаа мөнгөө энэхүү компанид өгч хохиролгүй болгож зээлийг хаачих гэсэн, надад мөнгө байхгүй байна чи төлчих боломж байна уу гэх үндэслэлээр ярьсан. Дараа нь ББСБ-аас 10 хоногийн хугацаатай зогсоолд байрлуулна зээлийг төлж чадахгүй бол машиныг хураана гэж байсан. Би 9 дэх хоногт нь Б руу ярьж 10 хоногийн хугацаа өгч байна чи энэ мөнгийг төлөх боломж байна уу, зээлийн эдийн засагч 2,000,000 төгрөгийг төлөөд сардаа 800,000 төгрөгийг төлөх боломж байна, эсхүл энэхүү үнийн дүнгээр шууд хаах гэсэн 2 боломж байна гэж хэлэхэд надад мөнгө байхгүй байна гэсэн тэгэхэд дараагийн арга хэмжээ нь зогсоолд хураалгах арга хэмжээ авна гэж хэлж байсан. Би 9 дэх хоногт нь энэхүү машиныг өөрийн нэр рүү шилжүүлж авсан. Би 4,652,200 төгрөгийг ББСБ-д төлж машиныг авсан. Тухайн мөнгөнд нэмэгдээд торгууль, тэмдэгтийн хураамж ойролцоогоор 5 гаруй сая төгрөг төлсөн. Баасанжаргал анх 3,500,000 төгрөг төлсөн. Б зээлийн төлбөрийг хийхдээ өөрийнхөө данснаас хийдэг байсан, мөн би Баасанжаргалын данс руу хийгээд мөнгөө нийлүүлээд шилжүүлдэг байсан. Бид 1 жил 7 сар орчим хамтран амьдарч байсан. Б нь өөр эхнэртэй болсон ба тухайн хүн над руу дайрч, дээрэлхэж байгаа, мөн манай ээжийг хэл амаар доромжилсон зүйл удаа дараа гаргаж байгаа. Миний хүүхэд Б ыг ааваа гэж боддог ба Б ыг аав гэж дууддаг байсан, миний хүүхдэд хэцүү байгаа. Би энэхүү зээлийг охиныхоо хадгаламжийг барьцаалж зээл авсан тул охинд ногдох хэсэг оногдох ёстой гэж үзэж байна. Би эгч Ж.ХУланд машиныг 12,750,000 төгрөгөөр худалдсан, гупер нь эвдэрсэн, эвдрэл ихтэй байна гэсэн учир буцааж 5 сая төгрөгийг өгсөн, машин үнэ 7,750,000 төгрөг болсон... гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: итгэмжлэл 1 хуудас, зээлийн гэрээ 1 хуудас, барьцааны гэрээ 1 хуудас, зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваарь 1 хуудас, тээврийн хэрэгслийн лавлагаа 1 хуудас, Хаан банкны депозит дансны хуулга 38 хуудас,
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: зарлагын баримт 1 хуудас, ажлын хуудас 1 хуудас, тэтгэврийн зээлийн гэрээ 1 хуудас, Хаан банкны депозит дансны хуулга 29 хуудас, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 1 хуудас, А.Намууны төрсний бүртгэлийн лавлагаа 1 хуудас
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Гэрч нарыг асуусан тэмдэглэл 5 хуудас.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б , хариуцагч Л аас 14,217,100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 550,000 төгрөгөөр бууруулж, үлдэх 13,667,000 төгрөгийг нэхэмжилж байна.
Хариуцагч тал гэр бүл болох зорилготой байсан, урьдчилгаанд 1.5 сая төгрөг, зээлд 5 сая гаруй төгрөг төлсөн гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй маргаж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шаардлагын үндэслэлээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д үндэслэж тайлбарлав.
2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Е ХХК, Л , Б нарын хооронд байгуулсан суудлын автомашин худалдан авах зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээгээр Л , Б нар автомашин худалдан авч Б 2 жилийн хугацаанд уг автомашиныг эзэмшиж байгаад 2022 оны 06 сард Л автомашиныг өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авсан болох нь хэрэгт авагдсан зээлийн болон барьцааны гэрээний хуулбар, зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба энэ талаар талууд маргаагүй.
Нэхэмжлэгч Б , хариуцагч Л нар гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтын амьдралын хугацаанд уг автомашиныг дээрх байдлаар худалдан авч, эзэмшиж байсан ба зээлийн төлбөрийг дараах байдлаар төлжээ. Үүнд:
Автомашины урьдчилгаанд нэхэмжлэгч 3,500,000 төгрөг, хариуцагч 1,000,000 төгрөг төлж, Е ХХК-иас 10,000,000 төгрөгийг зээлж, нийт 14,500,000 төгрөгөөр авто машиныг худалдан авсан болох нь зохигчийн тайлбар, Б ын дансны хуулга, Л.Норжмаагийн Хаан банкны 5039613847 тоот дансны хуулга, гэрч Л.Норжмаагийн хүүхдүүдийг гэр бүл болно гэж бодож тэтгэврийн зээл авч 1,000,000 төгрөгийг авто машин авахад нь зориулж бэлэглэсэн гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
Зээлдэгч Л , Б нар тохирсон хуваарийн дагуу Е ХХК-ийн 5007882444 тоот дансанд зээлийн төлбөрийг төлөхөөр тохирсон болох нь зээл, зээлийн хүүг буцаан төлөх хуваариар тогтоогдож байх ба уг данс уруу зээлийн төлбөрт нэхэмжлэгч Б 2020 оны 08 сарын 05-ны өдрөөс 2022 оны 05 сарын 05-нд хооронд 9,925,700 төгрөг, хариуцагч Л 2022.06.08-нд 4,652,200 төгрөг төлсөн болох нь Хаан банк дахь Б ын 5028581623 тоот, Л ын 5026766796 тоот дансны хуулгаар тус тус тогтоогдож байна.
Хариуцагч ... Е ХХК авто машиныг Б ын эзэмшлээс хураан авч зарж зээлийн үүргийг хангуулахаар талбайд байрлуулсан байсан, мөн хадгаламжаа барьцаалж, зээлийг би өөрийн нэрээр авсан, Монгол банкны зээлийн мэдээллийн санд муу түүхтэй болохгүйн тулд зээлийн үлдэгдэл 4,652,200 төгрөг болон торгууль, бусад хураамжийг төлсөн, ингээд би төрсөн дүү Ж.Хуланд 12,750,000 төгрөгөөр худалдсан...гэж тайлбарлаж байна.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-т хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болох ба нэхэмжлэгч Б , хариуцагч Л нар хамтын амьдралтай байх хугацаандаа уг автомашиныг зээлийн хөрөнгөөр авсан хэдий ч зээлийн төлбөрийг төлж дуусаагүй байхад тэдний өмчлөлийн хөрөнгө гэж үзэхгүй юм.
Нэхэмжлэгч Б , хариуцагч Л нар хамтын амьдралын явцад уг автомашиныг худалдан авсан ба тусдаа амьдрах болсноор хэн нь зээлийг хариуцаж төлөх, хэн нь авто машиныг өмчлөлдөө авах талаар харилцан тохиролцсон баримтгүй байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар 2020 оны 8 сараас хойш хамт амьдрахаа больсон, 2022 оны 6 сард зээлийн үлдэгдэл 4,652,200 төгрөгийг Л төлж автомашиныг өөрийн өмчлөл, эзэмшилдээ авсан байна.
Л авто машиныг өөрийн нэр дээр шилжүүлэн авч, Б ын зөвшөөрөлгүй авто машиныг төрсөн дүү Ж.Хуланд 12,750,000 төгрөгөөр худалдсан болох нь хариуцагч болон гэрч Ж.Хулангийн 12,750,000 төгрөгөөр худалдан авсан гэх тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргахгүй байна.
Зээлийг төлж дуусгаснаар, Л , Б нар авто машиныг харилцан тохиролцож захиран зарцуулах эрхтэй байхад Л Б ын зөвшөөрөлгүй авто машиныг төрсөн дүү Ж.Хуланд 12,750,000 төгрөгөөр худалдсан нь тогтоогдсон тул Б нь Л аас Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэв.
Авто машиныг 14,500,000 төгрөгөөр худалдан авч, 2 жилийн хугацаанд ашигласан элэгдэл хорогдлыг тооцоход 12,750,000 төгрөгөөр худалдсан гэх хариуцагчийн тайлбар, гэрч Ж.Хулангийн мэдүүлэг нь Л ын Хаан банкны 5026766796 тоот дансанд 2022.08.13-нд 4,000,000 төгрөг, 8,000,000 төгрөг, 750,000 төгрөг, нийт 12,750,000 төгрөг машин мөнгө гэсэн утгатай орсон үйл баримттай нийцэж байна гэж үзэх үндэслэлтэй.
Хариуцагчийн дүү Ж.Хулангаас 12,750,000 төгрөг авсан, машин эвдрэлтэй байсан тул буцааж 5,000,000 төгрөгийг өгсөн гэх тайлбар баримтаар тогтоогдохгүй байх ба 14,500,000 төгрөгөөр худалдан авсан авто машин 2 жилийн дараа 7,750,000 төгрөг болж үнэ буурсан болохыг хариуцагч нотлоогүй.
Хариуцагч талын ...Л ын охин А.Намууныг оролцуулж 3 хуваана... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй ба уг авто машиныг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймд хариуцагч Л аас авто машиныг бусдад худалдаж хөрөнгөжсөн 12,750,000 төгрөгийн тал хувь болох 6,375,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б д олгож, нэхэмжлэлээс 7,292,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод үлдээж, хариуцагчийн төлөх 6,375,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамжийг тооцон гаргаж нэхэмжлэгчид олгох нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасанд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар хариуцагч Л аас 6,375,000 /зургаан сая гурван зуун далан таван мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б д олгож, нэхэмжлэлээс 7,292,100 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,035 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 116,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ