Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 101/ШШ2023/00064

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ...............ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ..................-д холбогдох,

35,701,280 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтуяа, хариуцагч А.З , нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Оюунтуяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Иргэн З нь Хаан банкнаас 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр №ЗГ/201843939386 тоот Зээлийн гэрээ байгуулж 7,000,000 төгрөгийг жилийн 18,6 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж авсан. Улмаар 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр №ЗГ/201844058039 тоот Зээлийн гэрээ байгуулж өмнөх зээлийн үлдэгдэл дээр нэмж 20,000,000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар хэрэглээний зориулалтаар зээлж авсан. Зээлдэгч нь 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлээс 3,942,574.93 төгрөг, хүүгийн төлбөрт 3,918,629.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 4,203.17 төгрөг нийт 7,865,407.48 төгрөгийг төлсөн байна. Гэвч зээлдэгч зээлийн гэрээний хавсралт дахь эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн тул банкны зүгээс зээлдэгчид зээлээ төлөх тухай мэдэгдэл хүргүүлэх, утсаар ярих, уулзах зэрэг арга хэмжээнүүдийг авсан боловч өнөөдрийг хүртэл зээлийн өр, төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 23,057,425.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 12,683,788.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 460,066.67 төгрөг нийт 36,201,280.45 төгрөг гаргуулж өгнө үү.

Шүүхэд нэхэмжлэл өгснөөс хойш 500,000 төгрөг төлсөн тул хасаж, үндсэн зээлийн үлдэгдэл 22,557,425.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 12,683,788.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 460,066.67 төгрөг, нийт 35,701,280 төгрөг гаргуулж өгнө үү.

Шүүхэд хандахаас өмнө үндсэн зээлийг төлбөл хүү, нэмэгдүүлсэн хүүгээс хөнгөлөх боломжийг олгосон боловч төлөөгүй, улмаар шүүхээс эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд шилжсэн үед эвлэрэх боломжтой байсан боловч уулзалтад ирээгүй тул одоо эвлэрэх санал байхгүй, эвлэрэхгүй ... гэв.

 

Хариуцагч З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээл авсан, төлсөн мөнгөн дүнгийн талаар маргаан байхгүй. Миний бие ажилгүй болсон тул төлөх боломжгүй байна. Нэхэмжлэлийн үндсэн зээлийн 23,057,407 төгрөгийг төлөх боломжоор хангаж өгнө үү. Эвлэрүүлэн зуучлалаас дуудахад би хөдөө явж байсан учир сүлжээ тасарсан. 23,057,407 төгрөгийг төлөхөөр эвлэрмээр байна... гэв.

Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, итгэмжлэл 3 хуудас, 2018 оны 09 сарын 27-ны өдрийн зээлийн гэрээ 3 хуудас, 2018 оны 09 сарын 27-ны өдрийн барьцааны гэрээ 2 хуудас, 2018 оны 11 сарын 13-ны өдрийн зээлийн гэрээ 3 хуудас, 2018 оны 11 сарын 13-ны өдрийн барьцааны гэрээ 2 хуудас, А.З гийн иргэний үнэмлэхийн хуулбар 1 хуудас, зээл хүсэгчийн анкет 1 хуудас, мөнгөн шилжүүлгийн баримт 2 хуудас, зээлийн бүртгэлийн карт 2 хуудас, Хаан банкны зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга 2 хуудас, зээл төлөх мэдэгдэл 5 хуудас, зээлдэгчтэй холбоо барьсан уулзалт хийсэн тэмдэглэл 1 хуудас,

Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримт байхгүй.

Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2022 оны 10 сарын 25-ны өдрийн 1136 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл 1 хуудас.

Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ха ХХКхариуцагч З-д холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 23,057,425.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 12,683,788.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 460,066.67 төгрөг, нийт 36,201,280 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа төлсөн 500,000 төгрөгөөр бууруулж, үндсэн зээлийн үлдэгдэлд 22,557,425.07 төгрөг, зээлийн хүүд 12,683,788.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 460,066.67 төгрөг, нийт 35,701,280 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Хариуцагч тал үндсэн зээлийг төлөхийг зөвшөөрч хүү, нэмэгдүүлсэн хүүг ажилгүй учир төлөх боломжгүй гэх үндэслэл зааж зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Ха ХХК А.З тай 2018 оны 09 сарын 27-ны өдөр ЗГ/201843939386 тоот зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан 7,0000,000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар жилийн 18.6 хувийн хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, цалингийн орлогыг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн төлбөрийн хуваарь зэргээр тогтоогдож байна. /хх-8-12/

 

Ха ХХКА.З тай 2018 оны 11 сарын 13-ны өдөр ЗГ/201844058039 тоот зээлийн гэрээ, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны гэрээг тус тус байгуулан 20,0000,000 төгрөгийг хэрэглээний зориулалтаар жилийн 19.2 хувийн хүүтэйгээр, 48 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд гэрийн эд хогшил, цалингийн орлогыг барьцаалсан болох нь зохигчийн тайлбар, талуудын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн төлбөрийн хуваарь зэргээр тогтоогдож байна. /хх-13-17/

 

Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 156 дугаар зүйлийн 156.1-т нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.

 

Зээлдэгч тал болох З зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч шүүхэд хандсан, шүүх хэргийг шийдвэрлэхээс өмнө буюу 2022.10.26-нд зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон болох нь зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээлийн хүүгийн тооцоолол хүснэгтээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй.

 

Зээлийн гэрээний хугацаа 2022.10.26-ны өдөр дуусах хүртэл З үндсэн зээлд 3,942,574.93 төгрөг, хүүд 3,918,629.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 4,203.17 төгрөг, нийт 7,865,407.48 төгрөгийг төлсөн болох нь зохигчийн тайлбар, зээлийн бүртгэлийн карт хүснэгтээр тогтоогдож байх ба хариуцагч төлсөн мөнгөн дүнгийн талаар маргаагүй.

 

Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагчаас зээлийн төлбөрт 500,000 төгрөг төлсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ талаар маргаагүй.

 

Хариуцагч З зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй буруутай байх тул үндсэн зээлийн үлдэгдэлд 22,557,425.07 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 12,683,788.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 460,066.67 төгрөг, нийт 35,701,280 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй.

 

Иймд хариуцагч А.З гаас үндсэн зээлийн үлдэгдэлд 22,557,425.07 төгрөг, зээлийн хүүд 12,683,788.72 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 460,066.67 төгрөг, нийт 35,701,280 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хаан банк ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,956.40 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн 35,701,280 төгрөгт ногдох 336,456 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасанд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.З гаас 35,701,280 /гучин таван сая долоон зуун нэг мянга хоёр зуун ная/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 338,956.40 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.З гаас 336,456 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХААН банк ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ