Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/246

 

 

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

Орчуулагч, хэлмэрч А.Е,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч С.А, Т.Б,

Шүүгдэгч ГоОг Вч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Оросын Холбооны Улсын иргэн, Г Олег Вид холбогдох эрүүгийн 2513000000262 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Оросын Холбооны Улсын иргэн, 1971 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр, Оросын Холбооны Улсын Алтайн хязгаарт төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, агрономич мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Оросын Холбооны Улсын Алтайский Края хотод оршин суух хаягтай, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар /Жасыл бах/ багт түр оршин сууж байгаа гэх, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г Олег Вч, паспортын дугаар: ......;

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г Ог Вч нь 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагийн үед Оросын Холбооны Улсаас Улаанбайшинтийн авто замын боомтоор Монгол Улсын Цагааннуур авто замын хилийн боомт руу с861ха22 улсын дугаартай "Мицубиси Пажеро" загварын тээврийн хэрэгслээр нэвтрэх үедээ хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн галт хэрэгсэл болох "V" гэсэн тэмдэглэгээтэй 5,6x15ммР-ийн калибртай 36 ширхэг, "РГ гэсэн тэмдэглэгээтэй 5,6x15ммК-ийн калибртай 48 ширхэг сум, "Аzot Ргасticе" гэсэн бичиглэлтэй хайрцагтай 12х70мм-ийн калибртай 10 ширхэг сум, нийт 94 ширхэг галт зэвсгийн сумыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг, улсын яллагч, өмгөөлөгч нараас гаргасан дүгнэлтийн агуулга:

1.Шүүгдэгч ГоО Вич шүүхийн хэлэлцүүлэгт: “...Машинд сум байгааг мэдсэн боловч, араас 3 машин явж байсан болохоор уг сумыг би хаяж чадаагүй. Тэгээд Монгол Улсын хилээр орж ирээд саатуулагдсан. Гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна. Хэрэгт холбогдсоноос хойш Баян-Өлгий аймагт байгаа. Ар гэрийнхэн маань санаа зовж байгаа. Надад хуулийн хөнгөлөлт үзүүлж, энэ хэргийг хурдан шийдэж өгнө үү. Би гэртээ харихыг хүсэж байна” гэв.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Ай шүүхийн хэлэлцүүлэгт: “...Оросын Холбооны Улсын иргэн Горлов Олег Валерьевич гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрч, маргахгүй байгаа. Иймд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоход татгалзах зүйл байхгүй. Харин Горлов Олег Валерьевич нь энэ хэрэгт холбогдсоноос хойш Монгол Улсаас гарч чадахгүй, манай аймагт амьдарч байгаа тул түүний хувийн байдал, санхүүгийн байдал зэргийг харгалзан үзэж, торгох ялын доод хэмжээгээр шийтгэж өгнө үү” гэв.

3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Байгонак шүүхийн хэлэлцүүлэгт: ”...Горлов Олег Валерьевич нь гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдлаа сая дэлгэрэнгүй байдлаар ярьж хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн. Тиймээс түүнийг гэм буруутай гэж үзэхэд татгалзах зүйл байхгүй. Энэ хүн манай Улсын хил дээр зөрчил гаргаж саатуулагдаад, энд таньж мэдэх хүнгүй, айлд түр хугацаагаар амьдарч байгаа, түүний хувийн байдал яг одоогийн байдлаар сайнгүй байна. Тиймээс прокурорын санал болгож байгаа торгох ялыг дэмжиж байна. Гэхдээ торгуулийн хэмжээг багасгаж өгнө үү. Учир нь шүүгдэгч Горлов Олег Валерьевич нь гэрээсээ гараад удаж байгаа, Монгол Улсад тэр дундаа Баян-Өлгий аймагт хэдэн сар амьдарч байгаа тул мөнгө төгрөгийн боломж тааруу, шүүхээс хэрэв торгох шийтгэл оногдуулвал бид нараас зээлдэж төлөөд улс орондоо очсоны дараа төлөхөөр ярьж тохирсон байгаа. Шүүхээс гарсан шийдвэрийг хурдан хугацаанд биелүүлнэ. Сум улсын хилээр нэвтрүүлсэн үйлдлээ зөвшөөрч байгаа” гэв.

 

4. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт:”... Шүүгдэгч Г О Вч нь 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагийн үед Оросын Холбооны Улсаас Улаанбайшинтийн авто замын боомтоор Монгол Улсын Цагааннуур авто замын хилийн боомт руу с861ха22 улсын дугаартай "Мицубиси Пажеро" загварын тээврийн хэрэгслээр нэвтрэх үедээ хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн галт хэрэгсэл болох "V" гэсэн тэмдэглэгээтэй 5,6x15ммР-ийн калибртай 36 ширхэг, "РГ гэсэн тэмдэглэгээтэй 5,6x15ммК-ийн калибртай 48 ширхэг сум, "Аzot Ргасticе" гэсэн бичиглэлтэй хайрцагтай 12х70мм-ийн калибртай 10 ширхэг сум, нийт 94 ширхэг галт зэвсгийн сумыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 13.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.500.000 /арван гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэх саналтай байна. Торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар санал байхгүй гэв.

2. Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2513000000262 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2.1. Гаалийн улсын байцаагч Ц.Бгаас 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 02 дахь тал/,

2.2. Эд зүйл /тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 03-10 дахь тал/,

2.3. Гэрч Ц. ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие Улаанбайшинт боомтод гаалийн улсын байцаагчаар ажилладаг. Өнөөдөр буюу 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 11 цагийн үед ОХУ-ын иргэн О.Вач гэгч нь  С681ХА22 улсын дугаартай Mitsubishi Pajero Sport загварын тээврийн хэрэгслээр орж ирэхээр нь бичиг баримтыг нь шалгаж улмаар тээврийн хэрэгсэлд нь үзлэг хийх явцад машины жолооч талын эсрэг талын хайрцгийг онгойлгож үзэхэд хайрцаг нь задарсан сум энэ тэнд шидэгдсэн байдалтай байхаар нь сул байсан сумыг тоолоход калибрын жижиг сум 84 ширхэг, шувууны задардаг сум 14 ширхэг, нийт 94 сум байхаар нь холбогдох алба хаагч нарт мэдэгдэж, холбогдох журмын дагуу түр хураан авч, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

2.4. Баян-Өлгий аймгий Шүүх шинжилгээний хэлтсийн криминалистикийн ахлах шинжээч, цагдаагийн ахмад цолтой Р.Ены 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 026 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн "V" гэсэн тэмдэглэгээтэй 5,6x15ммР-ийн калибртай 36 ширхэг сум нь Оросын холбооны улсад иргэний /ан агнуур/ зориулалттай үйлдвэрлэгдсэн, 5,6x15мм-ийн калибрын сумны байртай бүх төрлийн буугаар буудлага үйлдэх боломжтой. "Р" гэсэн тэмдэглэгээтэй 5,6x15ммК-ийн калибртай 48 ширхэг сум нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад иргэний /ан агнуур/ зориулалттай үйлдвэрлэгдсэн, 5,6x15мм-ийн калибрын сумны байртай бүх төрлийн буугаар буудлага үйлдэх боломжтой “Azot Practive" гэсэн бичиглэлтэй хайрцагтай 12х70мм-ийн калибртай 10 ширхэг сум нь Оросын Холбооны Улсад иргэний /ан агнуур/ зориулалттай үйлдвэрлэгдсэн, 12х70мм-ийн калибрын сумны байртай гөлгөр гол төмөртэй бүх төрлийн буугаар буудлага үйлдэх боломжтой. Шинжилгээнд ирүүлсэн сумнууд нь хошуу, хонгио, дарь, бялт гэсэн бүтэцтэй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 25-29 дэх тал/,

2.5. Оросын Холбооны Улсын иргэн Г О Вайн паспортын хуулбар /хавтаст хэргийн 32 дахь тал/

2.6. Шүүгдэгч Го Ол Вчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би одоогоос 5 жилийн өмнөөс нь Монгол Улсаар аялж үзнэ гэж бодсоны үндсэн дээр 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Монгол Улсад анх удаа ирж байна. Би Монгол Улсад ирэхдээ ОХУ-д үйл ажиллагаа явуулдаг манай байгууллагын нэр дээр бүртгэлтэй с86ха22 улсын дугаартай Мибуци Паджеро маркийн тээврийн хэрэгслээр найзынхаа хамт ирсэн. Монгол Улсын хилийн боомтоор орж ирэх үедээ миний унаж ирсэн тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийх явцад тээврийн хэрэгслийн урд хайрцагнаас галт зэвсэгийн сум илэрсэн учраас намайг саатуулж, цагдаагийн байгууллагад хүлээлгэж өгсөн. Миний унаж ирсэн тээврийн хэрэгслийг манай ажлын газрын хүмүүс ээлжилж унаад, ашигладаг. Харин сумны хувьд ярих юм бол миний дүү надтай хамт ажилладаг бөгөөд дүү маань ОХУ-д галт зэвсэг эзэмших зөвшөөрөлтэй, ан агнах хоббитой байсан учраас нэлээд олон хоногийн өмнө миний унаж ирсэн тээврийн хэрэгслийн урд хайрцаганд өөрийнхөө ашиглаж байсан сумнуудаа хийсэн байна лээ. Би Монгол Улсын хилээр нэвтрэхдээ тээврийн хэрэгсэл дотор сумнууд нь байсныг мэдээгүй, урд хайрцагт нэг тэмдэглэлийн дэвтэр байсан бөгөөд тэмдэглэлийн дэвтрийн доор сумнууд байсныг гаалийн байцаагч шалгаж илрүүлэх үед нь анзаарч хараад, маш ихээр гайхсан. Учир бид нар ОХУ-ын хилээр гарахдаа хутга зэрэг эд зүйлсээ хилээр гаргахгүй байж магадгүй гэж бодоод тэндээ үлдээгээд явсан. Би ямар нэгэн байдлаар санаатайгаар сум оруулж ирсэн асуудал байхгүй. Мөн өөрийгөө хууль бус үйлдэл хийсэн гэдгээ ухамсарлаж, хүлээн зөвшөөрч байна, надад холбогдох хэргийг түргэн шуурхай шийдэж өгөхийг хүсье...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дэх тал/,

2.7. Гэрч Н.Осы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2025 оны 3 сард ОХУ-ын Алтайн хязгаарын бүсэд байрлах химийн бордоо нийлүүлдэг компаний захирал Шестаков Андрей Геннадьевич нь хөдөө аж ахуйн салбарт хамт ажиллаж байгаа хүмүүстэйгээ хамт Монгол орноор аялах гэж байгаа талаар хэлсэн. Улмаар тухайн хүмүүс 2025 оны 6 дугаар сарын 27-нд ирж 4 өдөр, 3 шөнийн хугацаатай Баян-Өлгий аймгийн байгалийн цогцолборт газруудаар аялах тухай төлөвлөгөө гаргаж, тохиролцсон. Тус аяллын багт ОХУ-ын Алтай мужын Товчиха тосгонд газар тариалан эрхэлж, малын тэжээл болон хүнсний ногоо тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжийн захирал иргэн Г О Вайн нэр байсан. Тэгээд 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр дээрх аяллын багийн гишүүд ОХУ-аас Монгол Улсад 3 тээврийн хэрэгсэлтэй нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй орж ирэх үед Горлов Олег Валерьевичийн жолоодож ирсэн тээврийн хэрэгслээс сум илэрч, хил дээр саатуулсан байгаа талаар тухайн багийг ахалж явсан миний танил болох Ш А Гич нь утсаар холбогдож мэдэгдсэн. Энэ үйл явдлаас өмнө Гв Ог Вийг огт таньдаггүй байсан. 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрөөс хойш Гв Ог Ваич нь тус аймгийн Өлгий сумын 12 дугаар багт байрлах манай гэрт түр хугацаанд амьдарч байна. Г О Вевич нь Монгол Улсад сум нэвтрүүлж, үүнийг худалдан борлуулах зорилготой ирээгүй, Ш А Гийн ахалсан аяллын багийн гишүүдийн тоонд багтаж Монгол Улсын байгалийг үзэж, сонирхох зорилго, төлөвлөгөөтэй ирсэн. Г ОВтэй хамт ирсэн ОХУ-ын нэр бүхий 6 иргэн Баян-Өлгий аймгийн Хотон нууранд очиж амраад үндсэндээ 3 хоногийн дараа буцаад ОХУ руу буцсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 105 дахь тал/,

2.8. Хөрөнгийн үнэлгээний “Хас-Үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2776 дугаартай “...сумны нийт үнэлгээ нь 450,000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 109-110 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.

 

2.9. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.

3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар

3.1. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч Г О Вч нь ан агнуурын сумыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь тогтоогдсон тул гэм буруутайд тооцуулах” дүгнэлтийг гаргасан бөгөөд  шүүгдэгчээс гэм буруугийн талаар маргахгүй гэдгээ илэрхийлж, улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

3.2. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт цугларсан гэрч Ц.Б, Н.О нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 12, 105 дахь тал), шинжээчийн 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 26 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 25-29 дахь тал), шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд:

Шүүгдэгч Г ОВалерьевич нь 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагийн үед Оросын Холбооны Улсаас Улаанбайшинтийн авто замын боомтоор Монгол Улсын Цагааннуур авто замын хилийн боомт руу с861ха22 улсын дугаартай "Мицубиси Пажеро" загварын тээврийн хэрэгслээр нэвтрэх үедээ хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн галт хэрэгсэл болох "V" гэсэн тэмдэглэгээтэй 5,6x15ммР-ийн калибртай 36 ширхэг, "РГ гэсэн тэмдэглэгээтэй 5,6x15ммК-ийн калибртай 48 ширхэг сум, "Аzot Ргасticе" гэсэн бичиглэлтэй хайрцагтай 12х70мм-ийн калибртай 10 ширхэг сум, нийт 94 ширхэг галт зэвсгийн сумыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.  

3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогчоос мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт. гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Хууль зүйн дүгнэлт:

3.4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлд “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа, эрдэнэс, эрдсийг Монгол Улсын хилээр, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн бол гэмт хэрэгт тооцохоор заасан байна.

Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг албан тушаалын байдлыг ашиглаж, байлдааны галт зэвсэг, галт хэрэгсэл, цөмийн бодис, цацраг идэвхт хаягдал, тэсэрч дэлбэрэх бодисыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.

3.5. Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар Оросын Холбооны Улсын иргэн, шүүгдэгч Гв О Вич нь 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагийн үед Оросын Холбооны Улсаас Улаанбайшинтийн авто замын боомтоор Монгол Улсын Цагааннуур авто замын хилийн боомт руу с861ха22 улсын дугаартай "Мицубиси Пажеро" загварын тээврийн хэрэгслээр нэвтрэх үедээ нийт 94 ширхэг галт зэвсгийн сумыг Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн болох нь тогтоогдсон байна.

3.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална” гэж заасан бөгөөд Галт зэвсгийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.4 дэх хэсэгт галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл гэдгийг галт зэвсгээс бусад хийн буу, хавчаахай болон ан агнах, спорт-сургалт, үзмэр, цуглуулгын зориулалттай хэрэгслийг ойлгохоор заасан байна.

3.7. Баян-Өлгий аймаг дахь Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн БӨА0125/026 дугаартай дүгнэлтээр шүүгдэгч Гов О Вийн Монгол Улсын хилээр зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлсэн 94 ширхэг сумны "V" гэсэн тэмдэглэгээтэй 5,6x15ммР-ийн калибртай 36 ширхэг сум нь Оросын Холбооны Улсад ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн, 5,6х15мм-ийн калибрын сумны байртай бүх төрлийн буугаар буудлага үйлдэх боломжтой,

R гэсэн тэмдэглэгээтэй 5,6х15ммR-ийн калибртай 48 ширхэг сум нь Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад үйлдвэрлэгдсэн, ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн, 5,6х15мм-ийн калибрийн сумны байртай бүх төрлийн буугаар буудлага үйлдэх боломжтой,

 "Аzot Ргасtivе" гэсэн бичиглэлтэй хайрцагтай 12х70мм-ийн калибртай 10 ширхэг сум нь Оросын Холбооны Улсад ангийн зориулалтаар үйлдвэрлэгдсэн, 12х70мм-ийн калибрийн сумны байртай, гөлгөр гол төмөртэй, бүх төрлийн буугаар буудлага үйлдэх боломжтой, тухайн сумнууд нь хошуу, хонгио, дарь, бялт гэсэн бүтэцтэй болох нь тогтоогджээ.

3.8 Тодруулбал: Шүүгдэгч, Оросын Холбооны иргэн, Г О Вийн Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн 94 ширхэг сум нь иргэний буюу ан агнуурын зориулалттай галт зэвсгээр буудлага үйлдэхэд зориулж үйлдвэрлэгдсэн, Галт зэвсгийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.4 дэх хэсэгт заасан “галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл” болох нь тогтоогдож байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн  “Галт хэрэгсэл”-ийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хүндрүүлэх шинжийг хангаж байна.

3.9. Иймд Оросын Холбооны Улсын иргэн, шүүгдэгч Г О Вийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон ан агнуурын зориулалттай үйлдвэрлэгдсэн галт хэрэгсэл болох 94 ширхэг, галт зэвсгийн сумыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

3.10. Шүүгдэгч ГОВич нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.

3.11. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Гв Ог Вч нь  бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.  

Хоёр:Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар,

2.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.

2.2. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч Г О Вийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2..2 дахь заалтад  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 13500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 13.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэх”дүгнэлтийг,

2.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч  С.А, Т.Бак шүүх хуралдаанд: “Шүүгдэгчид тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээг оногдуулж, торгох ялын хэмжээг аль болох багасгах” гэх дүгнэлтийг,  

2.4. Шүүгдэгч Г О Вич нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргав.

2.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,  2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

2.6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлжээ.

Өөрөөр хэлбэл эрүүгийн хариуцлагын гэмт этгээдийг цээрлүүлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт этгээдийг нийгэмшүүлэх зорилго нь Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудад нийцсэн байх учиртай юм.

2.7. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч, Оросын Холбооны Улсын иргэн  Г О Вич нь 1971 онд төрсөн, 54 настай, хувийн байдлын хувьд урьд гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргаагүй болох нь тус тус тогтоогдсон ба түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасан эрүүгийн харицлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй байна.

Түүнчлэн шүүгдэгч, Оросын Холбооны Улсын иргэн, Ог Гв Ваийн үйлдсэн гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хуульчлагдсан, уг гэмт хэргийн улмаас материаллаг хохирол учраагүй ч  шүүгдэгч нь  Монгол Улсын хил, гаалийн хилээр бараа нэвтрүүлэх, тээвэрлэх талаар хуулиар тогтоосон журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, түүний үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их байгааг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэх нь зүйтэй гэж үзлээ.

2.8. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, уг гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм буруугаа гэмшиж, хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй, зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож, шүүгдэгч Горлов Олег Валерьевичэд 9000 нэгжтэй тэнцэх хэмжээний 9.000.000 /есөн сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г О Ваич нь торгох ялыг хуульд заасан хугацаанд сайн дураараа биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.

2.9. Шүүгдэгч Г О Вавич нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах  хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл  хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

2.10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн "V" гэсэн тэмдэглэгээтэй 5,6x15ммР-ийн калибртай 36 ширхэг сум, R гэсэн тэмдэглэгээтэй 5,6х15ммR-ийн калибртай 48 ширхэг сум, "Аzot Ргасtivе" гэсэн бичиглэлтэй хайрцагтай 12х70мм-ийн калибртай 10 ширхэг сум, нийт 94 ширхэг галт зэвсгийн сумыг зохих журмын дагуу устгуулахаар Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн байгууллагад шилжүүлж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч, Оросын Холбооны Улсын иргэн, ГОВачийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд заасны дагуу хориглосон бараа болох галт зэвсгийн сум буюу галт хэрэгслийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлж, “улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г О Вэд 9000 (есөн мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 9.000.000 (есөн сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г О Вич нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч Г О Ваич нь энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн "V" гэсэн тэмдэглэгээтэй 5,6x15ммР-ийн калибртай 36 ширхэг сум, R гэсэн тэмдэглэгээтэй 5,6х15ммR-ийн калибртай 48 ширхэг сум, "Аzot Ргасtivе" гэсэн бичиглэлтэй хайрцагтай 12х70мм-ийн калибртай 10 ширхэг сум, нийт 94 ширхэг галт зэвсгийн сумыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгуулахаар Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн байгууллагад шилжүүлсүгэй.

6. 2513000000262 дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.Б