| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 302/2025/0193/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/203 |
| Огноо | 2025-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/203
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч Д.А,
Шүүгдэгч З.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Т К ургийн овгийн Зйн Тэд холбогдох 2513001360196 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авсныг 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1983 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжмийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ... дугаар /..../ багт оршин суудаг оршин суух хаягтай, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Тө К ургийн овгийн Заийн Т, регистрийн дугаар: .....;
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч З.Т нь 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 7 дугаар /Билүүн/ багт байрлах гэртээ согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ө.Н.йг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.Т мэдүүлэхдээ: “...Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, уучлал хүсэж байна” гэв.
1.2. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч З.Т нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэв.
1.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч З.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Иймд түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэв.
2. Шүүгдэгч З.Т нь 2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын ... дугаар /Б..../ багт байрлах гэртээ согтуугаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ө.Нийг гаднаас орж ирэхэд “Чи хаана явж байгаад ирж байгаа авгай вэ, яагаад ажлаасаа оройтож ирсэн юм бэ” гэх зэргээр хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч Ө.Н рүү, эмэгтэй хүний хатуу өсгийтэй, түрийтэй гутал шидэн толгойг нь цохиж, эрүүл мэндэд нь тархины доргилт, зулайны ар хэсэгт няцарсан шарх, хавдар гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
-Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 03 дахь тал),
- Ө.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2025 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 18 цагийн үед Цагдаагийн байгууллагад хандсан учир нь ажлаа тараад охин Т.Харакөзийн хамт гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд манай нөхөр З.Т нь гэрийн зууханд юм шатаасан байдалтай согтуу зогсож байсан бөгөөд надад хандаж "...чи хаанаас ирсэн авгай вэ?, яагаад ажлаасаа оройтож ирдэг юм бэ?...." гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж гартаа барьж байсан миний гутлыг аваад над руу шидэж, улмаар миний толгойны орой хэсэгт онож, толгой хагарч цус алдсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгч, эмнэлэгт үзүүлж оёдол тавиулсан. Тухайн үед нөхөр маань миний урд түрийтэй хатуу өсгийтэй гутлыг аваад над руу шидэж, толгой хэсэгт цохисон ба би ухаан алдаж хэсэг зогссон. Би дүгнэлттэй холбоотой асууж тодруулах зүйл байхгүй. Дүгнэлттэй танилцсан. Тухайн үед миний охин болох Т.Харакөз /15 настай эмэгтэй/ байсан. Бүгдийг нь мэдэж байгаа.
Надад “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгүүд (хавтаст хэргийн 44, 75 дахь тал),
-Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 462 дугаартай “Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч К.Хн 2025 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 392 дугаартай “Иргэн Ө.Нийн биед тархины доргилт, зулайны ар хэсэгт няцарсан шарх, хавдар гэмтлүүд тогтоогдлоо. Иргэн Ө.Нийн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтлүүд болно. Иргэн Ө.Нийн дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар, хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Иргэн Ө.Нийн биед хамрын нурууны хуучин мурийлттай байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 10-11 дэх тал),
-Яллагдагч З.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “....Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний бие Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 7-р багт эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг. 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Улаанхус суманд гадуур явж байгаад танил хоёр хүний хамт гурвуулаа 0.5 литрийн 2 шил архи авч хувааж уусан. Тэгээд миний бие 16 цагийн үед би Улаанхус сумын 7-р багт байрлах гэртээ ирэхэд гэрт хүн байгаагүй ба гэрт зуухны хажууд ном уншаад сууж байсан. Тэгтэл 20 цагийн үед эхнэр Ө.Н нь охин Т.Харакөзийг дагуулаад ороод ирсэн. Тухайн үед би эхнэр Ө.Нд уурлаад "Ажил чинь 17 цагаас тардаг, хаагуур яваад байдаг юм бэ, чи өөрөө биш одоо хүүхдийг дагуулж явдаг болсон юм уу" гэх зэргээр уурлаж загнасан. Тухайн үед эхнэр Ө.Н нь гэрт орж ирээд гутлаа тайлж байсан ба гутлаа бариад над руу дайрахаар нь би гутлыг нь гараас нь татаж аваад өөр лүү нь шидчихсэн. Тэгэхэд Ө.Нийн толгой хэсэгт оносон. Тэгээд би шууд гэрээс гараад явсан ба гадуур 20 орчим минут гадуур явж байгаад гэртээ ороод ирэхэд эхнэр Ө.Нийн толгойноос цус гарсан, толгой нь хагарсан байдалтай байсан. Сумын цагдаа Т.Н, Жсы нар манай гэрт ирсэн байсан ба бид хэд эмнэлэг орсон...” мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
4. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
5. Шүүгдэгч З.Т нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
6. Энэ хэргийн улмаас хохирогч Ө.Нийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч Ө.Н нь мөрдөн байцаалтын шатанд “Нөхөр З.Тэд гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж, хор уршиг нэхэмжилсэн баримтаа гаргаж ирүүлээгүй байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 75 дахь тал)
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч З.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч З.Т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
3.Прокуророос шүүгдэгч З.Тийн хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 260 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч З.Тэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т кр овогт Зийн Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тэд 260 (хоёр зуун жаран) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Тэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 260 (хоёр зуун жаран) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-өлгий аймгийн Улаанхус сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч З.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан ”Энэ хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б