| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдингийн Батцэцэг |
| Хэргийн индекс | 101/2022/02525/И |
| Дугаар | 101/ШШ2023/00220 |
| Огноо | 2023-01-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2023/00220
| 2023 о 01 с 05ө | Дугаар 101/ШШ2023/00220 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэцэг даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ..................-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ................
Хариуцагч: ................. нарт холбогдох,
Зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, 1,573,655,297 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх, хариуцагч К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амартунгалаг, нарийн бичгийн дарга Э.Эрхэм-Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Алтансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Монгол Улсын Засгийн газрын 2020 оны Агентлаг байгуулах тухай 49 дүгээр тогтоол, ХХААХҮ-ийн Сайдын 2020 оны Ажлын хэсэг байгуулах тухай А-273 дугаар тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн ажлын албыг татан буулгаж чиг үүргийг Жижиг, дунд үйлдвэрийн газарт шилжүүлсэн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 30.2 дэх хэсэгт эрх залгамжлагчийн гаргасан хүсэлтээр эрх залгамжлан авбал зохих этгээдээр сольж болно. гэж зохицуулсан байдаг. Монгол улсын Иргэний хуулийн 24 дүгээр бүлгийн 281-285 дугаар зүйлүүд, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтууд, Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтууд, Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олох төсөл сонгон шалгаруулах журмын 1.3, 2.4, 6.2 дахь заалтууд, Жижиг, дунд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан зээл олгох салбар, чиглэл, хугацаа, хүү, эх үүсвэрийн хуваарилалт болон зээл олгоход шаардлагатай бусад нөхцөлийг тус тус үндэслэн Зээлдэгч К ХХКнь Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 88/2018/3-114 тоот зээлийн, 88/2018/Б-114 тоот барьцааны гэрээ байгуулан 1,500,000,000 /нэг тэрбум таван зуун сая/ төгрөгийг 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй Дулааны аргаар мах боловсруулах, борлуулах төслийн зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд:
1. Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хар усан тохой, Гачууртын зам гудамж, 113/42 тоот О өмчлөлийн 459.96 м.кв талбайтай улсын бүртгэлийн 2дугаартай гэрчилгээний ....... дугаартай амины орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө
2. Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хар усан тохой, Гачууртын зам гудамж, 113/37 тоот О өмчлөлийн 459.96 м.кв талбайтай улсын бүртгэлийн ..... дугаартай гэрчилгээний ..... дугаартай амины орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө
3. Хан-Уул дүүргийн 11-р хороо, Ривер гарден Их Монгол улс гудамж, ....... тоот О өмчлөлийн 281 м.кв талбайтай улсын бүртгэлийн Ү-2206037797 дугаартай гэрчилгээний 000380856 дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө
4. Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хар усан тохой, Гачууртын зам гудамж, 78/3 байрны 4 тоот Н өмчлөлийн 180 м.кв талбайтай улсын бүртгэлийн 3дугаартай гэрчилгээний ....... дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө
5. Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Эмнэлгийн гудамж 8 тоот, О өмчлөлийн 88,56 м.кв талбайтай улсын бүртгэлийн 1 дугаартай гэрчилгээний .......дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээнд заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 290,959,184.48 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 96,434,583.11 төгрөг, нийт 387,393,767.59 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн гэрээний дагуу төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүй, удаа дараа зөрчиж зээлийн хугацаа 609 хоног хэтэрч, зээлийн төлбөр төлөлгүй зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул зээлийн гэрээнд заасны дагуу зохих арга хэмжээ авч зээлээ хугацаандаа төлөх, төлөхгүй тохиолдолд зээлийн гэрээ болон хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг зээлдэгчид урьдчилан мэдэгдэж, зээл төлөх албан бичиг зэргийг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэлх хугацаанд зээлийн төлбөрийг төлөлгүй гэрээг зөрчсөн байна.
Нэмэгдүүлсэн шаардлагаа дэмжиж байна.
1.2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 88/2018/3-114 тоот зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах.
2.2022 оны 07 дугаар сарын 4-ний өдрийн байдлаар тасалбар болгосон зээл төлбөр болох үндсэн зээлд 1,238,721,215.71 төгрөг, хүүгийн төлбөрт 42,169,823.35 төгрөг, хөшүүргийн төлбөр 292,764,257.51 төгрөг, нийт 1,573,655,297 төгрөг гаргуулж өгнө үү.
3.Зээлийн төлбөрийг мөнгөн дүнгээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгө болох
3.1 Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хар усан тохой, Гачууртын зам гудамж, ....... м.кв талбайтай улсын бүртгэлийн 2дугаартай гэрчилгээний 000592692 дугаартай амины орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө
3.2. Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хар усан тохой, Гачууртын зам гудамж, ....... дугаартай гэрчилгээний.....дугаартай амины орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө
3.3. ........... тоот О өмчлөлийн 281 м.кв талбайтай улсын бүртгэлийн ...... дугаартай гэрчилгээний..... дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө
3.4.Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хар усан тохой, Гачууртын зам гудамж, ..........тоот Н өмчлөлийн 180 м.кв талбайтай улсын бүртгэлийн 3дугаартай гэрчилгээний ...... дугаартай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө
3.5.Сүхбаатар дүүргийн 1-р хороо, .....тоот, .......өмчлөлийн 88,56 м.кв талбайтай улсын бүртгэлийн 1 дугаартай гэрчилгээний ........ дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Манай санхүүгийн программд алдангийн нэр хөшүүрэг гэж орсон учир хөшүүрэг гэж нэрлэж нэхэмжилсэн, энэ нь гэрээнд заасан алданги юм. Зээлийн гэрээний эргэн төлөлтөөр эхний 12 сар үндсэн зээлээс чөлөөлж эрхийг нь эдлүүлсэн... гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Надмидцэдэн 2022 оны 07 сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан нэмэгдүүлсэн шаардлагадаа: ... Нэхэмжлэлийн шаардлагаа 2022 оны 07 сарын 04-ний өдрийн байдлаар үндсэн төлбөрийн үлдэгдэл 1,238,721,215.71 төгрөг, хүүгийн төлбөрт 42,169,823.35 төгрөг, хөшүүргийн төлбөр 292,764,257.51 төгрөг, нийт 1,573,655,297 төгрөг болж нэмэгдүүлж байна... гэжээ.
Хариуцагч К ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Манай компанийн барьж буй дулааны аргаар мах боловсруулах үйлдвэр нь Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн Газраас баталсан бодлогын хүрээнд Монгол Улсад нэн шаардлагатай байгаа жижиг, дунд үйлдвэрүүдийн нэг бөгөөд холбогдох шаардлага, шалгуурыг хангаж санхүүжилт авч, зориг гарган энэхүү төслийг эхлүүлсэн. Энэхүү төслийн хүрээнд Монгол Улсаас ОХУ, БНХАУ, БНСУ, Япон зэрэг улсуудад борцолсон мах, лаазалсан мах, дулааны аргаар боловсруулсан мах экспортолсноор Монгол Улсад орох валютын урсгалыг нэмэгдүүлж, хөдөө аж ахуй, түүний дотор махны салбараас гадаад орноос орлого олох боломжийг эрэлхийлсэн, эх оронч төсөл юм. Бидний хувьд тус төслийг амжилттай хэрэгжүүлж байгаа бөгөөд одоогийн байдлаар үйлдвэр, оффисын барилга, ажилтнуудын орон сууц, агуулах, уурын зуухны барилга, гал тогооны барилга зэрэг барилгын ажлууд дуусаж, гадаад болон дотор инженерийн шугам сүлжээг холбосон. Өнөөдрийн байдлаар гадаад тохижилтын ажил болон дэд бүтцийн ажлыг дөнгөж дуусгаад байна. Манай төсөл ашиглалтад орсноор улсад жилдээ 4 орчим тэрбум төгрөгийн татвар төлөх бөгөөд 50-60 байнгын ажлын байр бий болгох юм. Монголд хамгийн анх хийгдэж байгаа энэхүү төсөл нь олон улсын хүнсний чанар стандартад нийцсэн бүрэн автомат тоног төхөөрөмжүүд шаардлагатай бөгөөд эдгээр тоног төхөөрөмжийг БНХАУ-д өөрсдийн захиалгаар хийлгүүлсэн. Хамгийн сүүлд гэхэд 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр БНХАУ-ын Beijing Zhongyi Boda Technology Development Co Ltd компанитай БНХАУ-ын чанар стандартыг хангасан Мах боловсруулах үйлдвэрийн тоног төхөөрөмж, туслах тоног төхөөрөмжийн хийцийн материалуудыг авах гэрээ байгуулан тоног төхөөрөмжөө хүлээж байна. Үүний өмнө БНХАУ-ын Хэнань Ийна Трейдинг ХХК-тай 2020 оны 05 дугаар сарын 03-ны өдөр тоног төхөөрөмж захиалгын гэрээ байгуулж 18 нэр төрлийн Дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрийн үндсэн тоног төхөөрөмжийг авсан. Бид бүгдийн урьдчилан тооцоолох боломжгүй, дэлхий нийтийг хамарсан Корона вируст халдвар цах тахлын нөхцөл байдлаас шалтгаалж барилгын материал, тоног төхөөрөмжийн үнэ өсч, ажиллах хүчний хомсдолд орж, тээврийн саатал үүссэний улмаас төслийг ашиглалтад оруулах хугацаа хойшлоод байна. Тухайлбал бүх нийтийн бэлэн байдалд шилжиж, хатуу хөл хорио тогтоосноор барилгын ажилчид болон туслан гүйцэтгэгч нар ажлаа зогсоосон. Түүнчлэн БНХАУ болон манай улс хилээ хааснаас хамаарч барилгын материал, үйлдвэрийн тоног төхөөрөмжийг оруулж, ирэх боломжгүй болж материалын хомсдолд орж ажил зогсох, гацах нөхцөл байдал үүссэн. Корона вирусийн улмаас хил хааж, БНХАУ-аас Монгол Улсад хүн оруулахгүй байгаатай холбогдуулан БНХАУ-ын Хэнань Ийна Трейдинг ХХК-тай байгуулсан гэрээний 5.2-т заасан ...худалдагч тал нь суурилуулалтын ажлыг удирдан зохион байгуулах, зааварчилгаа өгөх үүрэгтэй. Бүтээгдэхүүний угсралтын ажил, тохиргоог худалдагч тал тус тус хариуцна, 5.5.2-т Худалдан авагч тал өөрийн бүх тоног төхөөрөмж, байгууламж, багаж хэрэгсэл, дамжуулах хоолойг бэлтгэж, суурилуулах, тохируулах нөхцөлийг хангасан нөхцөлд худалдагч талд мэдэгдэж тохиргоо хийлгүүлнэ. Худалдагч тал нь хоёр ч удаа үнэ төлбөргүй ажлын талбай дээр нь очиж суурилуулалтын үйлчилгээ үзүүлнэ. гэсэн зохицуулалтууд биелэгдэхгүй байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгч талын инженер орж ирж чадахгүй байгаагаас шалтгаалж тоног төхөөрөмжөө угсарч чадахгүй байна. Түүнчлэн БНХАУ-ын Beijing Zhongyi Boda Technology Development Co Ltd компанитай байгуулсан гэрээний дагуу өнөөдрийг хүртэл хилийн нөхцөл байдалтай холбоотойгоор 7 багц төрлийн тоног төхөөрөмжүүд, тавилга ба уурын зуухны ялтас холбогчууд гэх зэрэг үйлдвэрлэлийн тусгай тоног төхөөрөмж ирээгүй байна. Энэхүү тоног төхөөрөмжүүдийг ч дээрх гэрээний адил гадаад инженер ирж угсрах ёстой байгаа. Авсан зээлээ цар тахлаас шалтгаалж төлж чадахгүй байгаа учраас хойшлуулах хүсэлтийг 2020.11.02-ны өдөр 11/13 тоот албан бичгээр өгсөн ч ямар ч хариу өгөөгүй. Манай компани нь зээлийн гэрээний 4.2.2, 4.2.3 дахь заалт болон 4.5 дахь зүйлд заасан төслийн зориулалтаар ашиглах үүргээ чандлан биелүүлж байгаа байдлыг харгалзан үзэж талуудын хооронд байгуулсан гэрээний 4.2.9-д заасан зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх, зээлийн хугацаа сунгах, зээлийн эргэн төлөлтийн хуваарь нэмэлт өөрчлөлт оруулах зэргээр 1 удаа өөрчилж болох бөгөөд энэ тохиолдолд зээлдүүлэгч жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас бичгээр зөвшөөрөл авна. Зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулсан тохиолдолд зээлийн гэрээний ерөнхий хугацаанаас хэтрэхгүй байна гэж заасны дагуу зээл төлөлтийн графикт өөрчлөлт оруулж хугацаандаа төлж барагдуулах боломжоор хангахыг хүсье. Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч 2020 онд корона вируст халдвар цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдаж, иргэд, аж ахуй нэгжийг эдийн засгийн зүгээс дэмжсэн. Уг хуулийн 10 дугаар зүйл Төв банк, санхүүгийн зохицуулах хороо болон банк, санхүүгийн байгууллагаас авах арга хэмжээнд барилгын салбарын зээлийн чанар муудахаас сэргийлэх, ажлын байрыг хадгалах зорилгоор орон сууцны ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлэх, төрөөс хэрэгжүүлж буй орон сууцны ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хугацаа хойшлуулах, зээлийн хугацааг мөн хугацаагаар сунгах зэрэг арга хэмжээг Засгийн газартай хамтран хэрэгжүүлэхээр заасан байна. Мөн барьцаалан зээлдэх газар болон зээлдэгч нарын хоорондын харилцааг тус хуулийн 141 дүгээр зүйлээр зохицуулсан бөгөөд хүү болон алдангийн хэмжээг бууруулан тогтоож, нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцох болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглосон байна. Энэ бүхнээс үзэхэд барилгын ажлын цар тахлаас үүдэн зогсонги байдалд орох нөхцөл байдлыг ойлгож, хөнгөлөлт үзүүлсэн ба үл хөдлөх хөрөнгийн барьцаа /ипотек/-лсан зээлийг тусгайлан авч үзэж хөнгөлөлт олгосон байна. К ХХК-д барилгын ажлыг явуулж байхад цар тахлын нөхцөл байдлаас үүдэн барилгын ажил зогсож, ашиг орлого олохоор төлөвлөсөн хугацаанаас хойшлогдох, зээлийг эргэн төлөх эх үүсвэргүй болох нөхцөл бодитоор бүрдсэн. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх хяналт тавих журам-ын 1 дүгээр зүйлийн 1.1-ээс жижиг, үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдэд олгох зээл нь экспортыг нэмэгдүүлж, импортыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжин өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, инновацыг дэмжих, шинээр бизнес эхлүүлэх болон ажлын байр бий болгох, нэмэгдүүлэх зорилготой гэдгийг харж болно. Манай дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрлэл нь мах, махан бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулах үйлдвэр билээ. Бид мөн зорилгынхоо хүрээнд цар тахлын хүнд, хэцүү цаг хугацааг даван туулж, үйлдвэрийг барьсаар өнөөг хүрсэн билээ. Иймд үйлдвэрийг ашиглалтад оруулахад бага хугацаа үлдсэн тул ашиг, орлого олох хугацаа зэргээс хамаарч талууд харилцан тохиролцож, зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах, хугацааг сунгаж зээлийг эргэн төлөх боломж олгоно уу... гэжээ.
К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Амартунгалаг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: : Ковид-19 цар тахлын давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл бий болох хүртэл бид нар үүнийг графикийн дагуу төлж ирсэн. К ХХКнь зориулалтын дагуу ашигласан, өөрөө энэхүү компани нь санхүүгийн хувьд бүх эрсдэлийг даагаад ЖДҮ газраас баталгаа гаргаж өгсөн байдаг. Энэхүү дулааны аргаар мах махан бүтээгдэхүүн боловсруулах, борлуулах үйлдвэрийн төсөл 4.5 тэрбум төгрөгийн төсөл юм. Үүнээс 1,5 тэрбум төгрөгийг ЖДҮ сангаас санхүүжилт гаргуулж, бусад буюу 3 тэрбум төгрөгийг өөрийн хөрөнгөөр тухайн эрсдэлийг дааж, тухайн үйлдвэрийг барьж байгуулсан. БНХАУ-ын Хэнань Ийна брэндийн компанитай 2020 оны 05 сарын 03-ны өдөр тоног төхөөрөмж захиалгын гэрээ байгуулж, 18 нэр төрлийн тоног төхөөрөмж бүгдийн худалдан авч, оруулж ирсэн. 2021 оны 11 сарын 15-ны өдөр буюу цар тахлын үед бид энэхүү төслийн үйл ажиллагааг зогсоохгүйн тулд өөрсдийн нөөц бололцоог ашиглаад идэвхийлэн ажиллаж байсан. Энэ нь БНХАУ-ын Бээжин Зонгуэ бода технологи компанитай БНХАУ-ын чанар стандартыг хангасан мах боловсруулах үйлдвэрийн туслах тоног төхөөрөмжийн хийцийн материалуудыг авахаар бид гэрээ байгуулж хүлээж байгаа. Бид урьдчилсан давагдашгүй хүчин зүйлийг урьдчилж мэдэж давах боломжгүй байсан. БНХАУ-аас энэхүү Хэнань Ийна гэх компанийн мэргэжилтнүүд ирж угсралтын үйл ажиллагааг хийж чадаагүй, одоогийн байдлаар энэхүү нөхцөл байдал арилаагүй байгаа. Үүнийг Гадаад хэргийн яамны консулын газраас ирүүлсэн 2022 оны 12 сарын 13-ны өдрийн 10/6516 тодорхойлолтоос тодорхой харагдаж байгаа, БНХАУ, Монгол улс хооронд хил хаалттай, хүн тээвэр зорчихгүй байгаа, одоог хүртэл энэ байдал хэвээр байгаа гэдэг нь харагдаж байна. Иймд яагаад энэхүү үйлдвэрийг 95 хувь гэж хэлж байна вэ гэвэл зөвхөн суурилуулалт хийж чадаагүй байгаа. К ХХК-аас болон энэхүү компанийн санхүүгийн байдал зэрэг бусад нөхцөл байдлаас шалтгаалж санаатай, санамсаргүй байдлаас шалтгаалж угсралт хийхгүй байна гэсэн зүйл биш бөгөөд давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж байна. Иймд Худалдаа аж үйлдвэрийн танхимаас давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээгээр энэхүү үйл явдал батлагддаг. Ийм нөхцөл байдал байгаа тул энэхүү үйлдвэр нь үйл ажиллагаагаа явагдуулж чадахгүй байгаа. Манай бүтээгдэхүүнийг худалдаж авах ОХУ, БНХАУ-ын компаниудтай хийсэн гэрээнүүд хүртэл байдаг, энэ нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. МУ-ын Засгийн газраас 2020 оноос 2021 онуудад нийт 17 удаагийн тохиолдлоор бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг, хатуу хөл хорио болон хэсэгчилсэн хөл хорио тогтоосон. Үүнд жишээлбэл хөл хориог хэд хэдэн хоногоор хэзээ тавигдаж байсан талаар гаргасан байна. Нийт 2020 оноос 2021 оны хооронд 760 хоног хөл хорио хийсэн. 2020 оны 04 сарын 29-ний өдрөөс 2020 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл 246 өдөр, 2021 оны 01 сарын 01-ний өдрөөс 12 сарын 31-ний өдөр хүртэл 365 хоног, 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс 12 сарын 31-ний өдрийг хүртэл 365 хоног, нийт 976 хоногийн турш корона вируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэл үйлчилсэн. Үүнд 2 улсын хил нээгдэхгүй, хүн тээвэр зорчихгүй байсан тул бүх шалтгаанууд нь санаатай буюу болгоомжгүйгээр буюу гэрээ цуцлах ганцхан заалтад дээрх шалтгаанууд нь тухайн компанийн санаатай, санаандгүй үйлдлээс хамаарахгүй байх тул гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага нь хуульд нийцэхгүй байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү. Бид энэхүү зээлийг төлөхгүй гэж байгаа зүйл биш, үндсэн зээлийг авсан нь үнэн, гэхдээ санхүүгийн эрсдэл үүрч улсынхаа хөгжилд нэмэр болж зоригтой үйлдэл хийж байхад 1 талаасаа уян хатан хандаж өгнө үү гэж байгаа. Бүүр нарийн яривал ЖДҮ хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлийн зээлийн сонгон шалгаруулах журам гэж байгаа Засгийн газрын 2016 оны 138 дугаартай тогтоолын 1 дүгээр хавсралтад байгаа, Үүний 2 дугаар зүйлийн 2.7.3-т тухайн сангаас олгож байгаа зээл нь үндсэн зээлээс чөлөөлөх хугацаа нь 12 сар хүртэл байна гэдгийг зааж өгсөн. Ийм нөхцөл байдал байна гэж удаа дараа хариуцагчаас нэхэмжлэгч талд хүсэлтүүдийг илэрхийлж байсан, гэвч хүсэлтүүдийг ямар нэгэн байдлаар хүлээн авч шийдвэрлээгүй. Иймд энэхүү шаардлага нь хуульд нийцэхгүй байна. Мөн 2016 оны Засгийн газрын тогтоолын 1 дүгээр хавсралтын 2 дугаар зүйлийн 2.3-т сангаас шууд олгох бодлогын зээлийн эх үүсвэр нь сангийн өөрийн эх үүсвэр болон түүний буцаан төлөлтийн орлогоос бий болсон хуримтлал байхыг заасан бөгөөд энэ нь үйлдвэрлэл, үйл ажиллагаа хэвийн явж, үйл ажиллагааны орлогоос зээлийн төлбөрийг санд төлж, санд төвлөрүүлэх ёстой байдаг гэтэл энэ нь үйл ажиллагаа, үйлдвэрлэл явахгүй байхад бид ямар орлогын эх үүсвэрээс үүнийг төлөх ёстой байсан бэ, ямар ч боломжгүй юм. Мөн корона вируст халдвар, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдаж, иргэд, аж ахуйн нэгжийг эдийн засгийн зүгээс дэмжих зорилгоор энэхүү хууль батлагдсан. Уг хуулийн 10 дугаар зүйлд Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо болон банк, санхүүгийн байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ нь Барилгын салбарын зээлийн чанар муудахаас сэргийлэх, ажлын байрыг хадгалах зорилгоор ипотекийн зээлийг үргэлжлүүлэн санхүүжүүлнэ, Төрөөс хэрэгжүүлж байгаа ипотекийн хөнгөлөлттэй хүүтэй зээлийн төлбөрийн үүргийн гүйцэтгэлийг зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хугацаа хүртэл хойшлуулах, мөн хугацаагаар зээлийн гэрээний хугацааг сунгах асуудлыг Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ гэж маш тодорхой заасан. Мөн энэ хуулийн 141-р зүйлд барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хоорондын харилцааг зохицуулсан бөгөөд хүү болон алдангийн хэмжээг бууруулан тогтоож нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцох болон барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглоно гэж заасан. Энэхүү хуулийн 10 дугаар зүйлд Ипотекийн зээл гэж байгаа. 2018 оны 07 сарын 09-ний өдөр ЖДҮ хөгжүүлэх сан, К ХХК-ны хооронд байгуулсан 88/2018/З-114 зээлийн зээлийн гэрээ. ЖДҮ хөгжүүлэх сан, К ХХК-ны хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгийн барьцаа Ипотекийн гэрээ. Гэрээний дугаар 88/2018/Б-114 гэснэ гэрээнүүдээр энэ нь Ипотекийн зээл гэдэг нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл талууд хоорондоо Ипотекийн зээл, зээлийн гэрээ, энэ гэрээнүүдийг байгуулснаараа өөрөөр хэлбэл цар тахлын тухай хуулийн агуулгад хамаарах байсан. Нэхэмжлэгч тал энэхүү хуулийн зохицуулалтыг оруулаагүй. Үүнд манай тохиолдол хамаарч байх тул гэрээний хугацааг хойшлуулж өгөөч гэх хүсэлтийг манайх удаа дараа тавьж байсан. Дээрх хуулийн үйлчлэл нь хариуцагч буюу зээлдэгчид хамаарч байгаа, зээлдэгч нь эс үйлдэхүй гаргасан, компанийн эрх зүйн байдлыг дордуулсан, өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн. Хэрвээ магадгүй тодорхой хэмжээнд хуулийн үйлчлэлд хамааруулсан бол бид төлөхгүй биш төлнө гэж 100 хувь идэвх зүтгэл гаргаад явдаг, онцлогтой компани юм. Иймд зээлийн хугацаа хойшлуулж, зээлийн хугацааг мөн хугацаагаар сунгах, үүргээ биелүүлэх боломжийг олгож өгнө үү, хэрвээ энэхүү хугацаанд үндсэн болон зээлийн хүүг төлөхгүй бол бид гэрээнд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохирсон байгаа, ийм боломжууд байгаа. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.2-т ЖДҮ-ийн сан нь ЖДҮ-д зориулж зээл олгодог байгууллага юм. Зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллага болж байна. Зээлийн үйл ажиллагаа эрхэлж байгаа бол Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасны дагуу анз хэрэглэхгүй. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар алданги нь анз юм. Яагаад нэхэмжлэгч нь зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг этгээд байж яагаад алданги тооцож байна вэ, энэ нь хуулиар боломжгүй юм. Иймд алдангид 292,764,257.51 төгрөгийг шаардах эрхгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-т байх зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах гэх заалт нь хариуцагчийн нөхцөл байдалд тохирохгүй байна. Энэ гэрээний алдангитай холбоотой хэсэг нь хууль бус тул алдангитай холбоотой хэсгийг бүгдийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Барьцааны зүйлийн хувьд К ХХК-ийн нэг ч барьцаа хөрөнгө байхгүй, үүнд иргэн О, Наянтай нарын эд хөрөнгө байдаг. Үнэхээр энэхүү хүмүүсийн эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж байгаа бол энэхүү хүмүүсийн эрх ашиг нь хөндөгдөнө. Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндсэн зээл, хүүг төлөхийг зөвшөөрч, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй ... гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримт: зээлийн гэрээ 7 хуудас, зээлийн эргэн төлөлтийн хуваарь 2 хуудас, зээлийн эх үүсвэрийн мөнгөн хөрөнгийн зарцуулалтын тайлан 1 хуудас, үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны гэрээ 7 хуудас, барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт 6 хуудас, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга 2 хуудас, К ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, К ХХК-ийн дүрэм 4 хуудас, Б, Э нарын иргэний үнэмлэхийн хуулбар 3 хуудас, Б.Наянтайгийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, Оийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, Жижиг дунд үйлдвэрийн газрын 2021 оны 10 сарын 14-ний өдрийн 1/785 дугаартай албан бичиг 1 хуудас, Оээс Э т олгосон итгэмжлэл 1 хуудас, Н-аас Э т олгосон итгэмжлэл 1 хуудас, О-оос Э т олгосон итгэмжлэл 3 хуудас, Төсөл хэрэгжүүлэх баталгаа 1 хуудас, зээлийн гэрээний өргөдөл 2 хуудас, зээлийн эх үүсвэрийн мөнгөн хөрөнгийг дансаар шилжүүлэх хүсэлт 1 хуудас, итгэмжлэл 1 хуудас, зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга 3 хуудас, хөшүүргийн жагсаалт 11 хуудас.
Хариуцагч К ХХК-ийн шүүхэд гаргасан нотлох баримт: компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 1 хуудас, итгэмжлэл 1 хуудас, зээлийн гэрээ 7 хуудас, зээлийн эх үүсвэрийн мөнгөн хөрөнгийг дансаар шилжүүлэх хүсэлт 1 хуудас, зээлийн эх үүсвэрийн мөнгөн хөрөнгийн зарцуулалтын тайлан 1 хуудас, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар 2 хуудас, компанийн дүрэм 4 хуудас, фото зураг 12 хуудас, зээлийн гэрээ 4 хуудас, зээлийн эх үүсвэрийн мөнгөн хөрөнгийн зарцуулалтын тайлан 1 хуудас, үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа /ипотек/-ны гэрээ 4 хуудас, К ХХК-ийн эргэн төлөлтийн хуваарь 1 хуудас, төлбөрийн хүсэлт 1 хуудас, К ХХК-ийн албан бичиг 1 хуудас, тоног төхөөрөмж, материал захиалгын гэрээ түүний хавсралт 12 хуудас, гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг 4 хуудас, Тоног төхөөрөмж захиалгын гэрээ 15 хуудас, мөнгөн шилжүүлгийн баримт 4 хуудас, Төрийн банкны гадаад гуйвуулгын даалгавар 1 хуудас, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ 1 хуудас, гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ 2 хуудас, өмгөөлөгч Б.Батсэлэнгээс татгалзсан хүсэлт 1 хуудас.
Хариуцагч Баас шүүхэд гаргасан нотлох баримт : итгэмжлэл 1 хуудас,
Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Гадаад харилцааны яамны албан бичиг 1 хуудас.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан Засгийн газрын тусгай сангийн тухай хууль /2006 оны 06 дугаар сарын 29-ны өдөр батлагдаж 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр хүчингүй болсон/-ийн 14 дүгээр зүйлийн 14.5.2-д зааснаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэхэд зориулж урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох эрхтэй байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2020 оны 08 дугаар сарын 21-ны өдрийн А-273 дугаар тушаалаар Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх санг татан буулгаж, эрх залгамжлагч буюу Жижиг, дунд үйлдвэрийн газрыг байгуулсан болох нь нийтэд илэрхий үйл баримт байна.
Иймд нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газрыг зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээд гэж үзэхээр байна.
Нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газар хариуцагч К ХХК, Б нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлд 1,238,721,215.71 төгрөг, хүүд 33,319,889.10 төгрөг, алдангид 258,554,439.30 төгрөг, нийт 1,530,595,544 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газар нэхэмжлэлийн шаардлагаа ...хүүд 8,849,934.25 төгрөг, алданги 34,209,818.75 төгрөг, нийт 43,059,753 төгрөгөөр нэмэгдүүлж, зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцалж, үндсэн зээлд 1,238,721,215.71 төгрөг, зээлийн хүүд 42,169,823.35 төгрөг, алдангид 292,764,257.51 төгрөг, нийт 1,573,655,297 төгрөг гаргуулах, 5 барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжилсэн ба энэ шаардлагаа дэмжиж байна.
Хариуцагч тал Ковид-19 цар тахлын улмаас үйлдвэрээ ашиглалтад оруулж чадаагүй тул зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлахыг зөвшөөрөхгүй байна, барьцааны гэрээгээр барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нарын эрх ашиг хөндөгдөж байна, нэхэмжлэгч байгууллага анз шаардах эрхгүй гэх үндэслэл зааж зээл, хүүг зөвшөөрч, гэрээг цуцлах болон алдангийг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 1,500,000,000 /нэг тэрбум таван зуун сая/ төгрөгийг хариуцагч К ХХК, Б нарт 60 сарын хугацаатай, жилийн 3 хувийн хүүтэй, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.1 хувийн алданги тооцохоор зээлж, Э өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204090716 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хар усан тохой гудамж /13221/, Гачууртын зам гудамж, 113/37 тоот 459.96 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Э өмчлөлийн улсын бүртгэлийн 2дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хар усан тохой гудамж /13221/, Гачууртын зам гудамж, ... талбайтай, амины орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Э өмчлөлийн улсын бүртгэлийн ..... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Ривер гарден Их Монгол улс гудамж, ...... м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Б.Наянтайн өмчлөлийн улсын бүртгэлийн 3дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хар усан тохой /13221/ Гачууртын зам гудамж, .... тоот 180 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, О-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн 1 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, ......., 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө зэргийг тус тус барьцаалж, зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь, үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийн гэрээ зэргээр тогтоогдож байна. /1хх-5-27/
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн болон барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-д нийцсэн хүчин төгөлдөр хэлцэл байна.
Дээрх зээлийн гэрээний зээлдэгч тал К ХХК, Б нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид байна.
Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан зээлийн гэрээний дагуу 1,500,000,000 төгрөгийг зээлдэгч К ХХК-ийн Хаан банкны ..... тоот данс уруу шилжүүлэн өгсөн болох нь төлбөрийн хүсэлт, зохигчийн тайлбараар тогтоогдож байна. /1хх-101/
Зээлдэгч нар үндсэн зээлд 290,959,184.48 төгрөг, зээлийн хүүд 96,434,583.11 төгрөг, нийт 387,393,767.59 төгрөг төлсөн болох нь зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга, зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба хариуцагч нар төлсөн мөнгөн дүнгийн талаар маргаагүй. /1хх-28/
Зээлийн гэрээний хугацаа 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр буюу 6 орчим сарын дараа дуусахаар байх боловч зээлдэгч нар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж 2020.09.09, өдрөөс хойш 380 гаруй хоног үүргээ биелүүлээгүйн улмаас Жижиг дунд үйлдвэрийн газар хариуцагч К ХХК, Б нарт зээлээ төлөх, төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан Жижиг дунд үйлдвэрийн газрын 2021.10.14-ний өдрийн 1/785 тоот мэдэгдлээр тогтоогдож байна.
Дээрх мэдэгдлийг өгснөөс хойш зээлдэгч нар зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөөгүй байх ба 2021.10.14-ний өдрөөс хойш 170 орчим хоногийн хугацаанд зээлдэгч нар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч 2022 оны 4 сарын 7-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д нийцэж байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний 9 дүгээр зүйлийн 9.3-т зээлдэгч энэ гэрээг санаатай болон болгоомжгүй зөрчвөл зээлдүүлэгч гэрээг дангаар цуцална гэж заасны дагуу нэхэмжлэгч гэрээгээ цуцалж, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж байгааг буруутгах боломжгүй ба Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.4-т заасан гэрээнээс татгалзаж болохгүй нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж заасан ба нэхэмжлэгчээс хариуцагчтай зээлийн гэрээг байгуулахдаа гэрээний 1.5, 9.1-д зааснаар 0.1 хувийн алданги төлөхөөр тохирсон нь хуульд нийцээгүй гэж дүгнэн, алданги /нэхэмжлэгч хөшүүрэг гэж нэрлэсэн/ шаардах эрхгүй гэж дүгнэв.
Хариуцагч тал ...барьцаа хөрөнгийн өмчлөгч нарын эрх ашиг хөндөгдөж байна... гэж тайлбарлаж байна.
Барьцаа хөрөнгийн өмчлөгч болох Цэвээнжаргалын О, Б-ын О, Н нарын олгосон итгэмжлэлийн дагуу талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт эрхийн улсын бүртгэийн Ү-2204090716, Ү-2204090717, Ү-2206037797, Ү-2203011348, 3дугаарт бүртгэгдсэн хөрөнгүүдийг барьцаалж, барьцааны гэрээг бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх тул барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлгүй, хуульд нийцсэн гэж үзнэ.
Хариуцагч талын ...Ковид 19 цар тахлын улмаас Хятад Улсаас тоног төхөөрөмж суурилуулах ажилтан ирээгүй, энэ нөхцөл байдлын улмаас үйлдвэрээ ажиллуулж мөнгө олоогүй... гэх тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байна.
К ХХК зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэхэд ковид цар тахал тархсантай холбоотой давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн болох нь Худалдаа аж үйлдвэрийн танхимаас олгосон гэрчилгээгээр тогтоогдсон, зээлдэгч зээлийг зориулалтын дагуу ашиглаж, үйлдвэр барьсан, ковид цар тахлын улмаас хил хаасан, хүн, ачаа хязгаартай нэвтэрч байсан болох нь зохигчдын тайлбар, Гадаад харилцааны яамны 2022 оны 12 сарын 13-ны өдрийн 10/6516 дугаартай албан бичгээр тогтоогдож байх боловч Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар зээлдэгч нар зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй байна.
Хариуцагч тал ...зээлийн эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулах санал өгсөн боловч шийдвэрлээгүй... гэж тайлбарлаж байх боловч гэрээг байгуулах, нэмэлт өөрчлөлт оруулах нь талуудын эрх бөгөөд зээлийн гэрээ, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулаагүй зээлдүүлэгч талыг буруутгах боломжгүй байна.
Хариуцагч тал нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үндсэн зээл, хүүг төлөхийг хүлээн зөвшөөрч байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч К ХХК, Б нараас үндсэн зээлийн үлдэгдэл 1,238,721,215.71 төгрөг, хүүд 42,169,823.35 төгрөг, нийт 1,280,891,039 /нэг тэрбум хоёр зуун наян сая найман зуун ерэн нэгэн мянга гучин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлээс алданги 292,764,257.51 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Э өмчлөлийн улсын бүртгэлийн ......... дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хар усан тохой гудамж /13221/, Гачууртын зам гудамж, 113/37 тоот 459.96 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Э өмчлөлийн улсын бүртгэлийн 2дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хар усан тохой гудамж /13221/, Гачууртын зам гудамж, ........ тоот 459.96 м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Э өмчлөлийн улсын бүртгэлийн ....... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Ривер гарден Их Монгол улс гудамж, ........ м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Н өмчлөлийн улсын бүртгэлийн 3дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хар усан тохой /13221/ Гачууртын зам гудамж, ...... м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Оийн өмчлөлийн улсын бүртгэлийн 1 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, .....3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 1,280,891,039 /нэг тэрбум хоёр зуун наян сая найман зуун ерэн нэгэн мянга гучин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газарт олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.
Нэхэмжлэгч төрийн байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 6,632,605 төгрөгийг /1,280,891,039 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамжид 6,562,405 төгрөг, барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагад төлөх 70,200 төгрөг/ гаргуулж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулах нь хуульд нийцнэ.
Хариуцагч Бын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн удаа дараа шүүх хуралдаанд ирдэггүй нөхцөл байдал болон зохигчийн хүсэлтийг үндэслэн хариуцагч Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Мөнхсайханы эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаар зүйлийн 115.2.2, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч К ХХК, Б нараас 1,280,891,039 /нэг тэрбум хоёр зуун наян сая найман зуун ерэн нэгэн мянга гучин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газарт олгож, нэхэмжлэлээс 292,764,257.51 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан үүрэг гүйцэтгэгч К ХХК, Б нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйл болох Э өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204090716 дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хар усан тохой гудамж /13221/, Гачууртын зам гудамж, .....м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Э өмчлөлийн улсын бүртгэлийн 2дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хар усан тохой гудамж /13221/, Гачууртын зам гудамж, ........м.кв талбайтай, амины орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Э өмчлөлийн улсын бүртгэлийн ......... дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11-р хороо, Ривер гарден Их Монгол улс гудамж, ....... тоот 281 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Н-ын өмчлөлийн улсын бүртгэлийн 3дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 20-р хороо, Хар усан тохой /13221/ ...... м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Оийн өмчлөлийн улсын бүртгэлийн 1 дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Эмнэлгийн ........м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж үнийн дүнгээс 1,280,891,039 /нэг тэрбум хоёр зуун наян сая найман зуун ерэн нэгэн мянга гучин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Жижиг дунд үйлдвэрийн газарт олгохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч К ХХК, Б нараас улсын тэмдэгтийн хураамжид 6,632,605 төгрөгийг гаргуулж, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 100200300941 тоот дансанд оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.БАТЦЭЦЭГ