| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2021/03383/И |
| Дугаар | 101/ШШ2022/03731 |
| Огноо | 2022-09-12 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 101/ШШ2022/03731
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: О. А-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Р.Б,
Хариуцагч: Б.Ж нарт холбогдох
Газар албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М, гэрч Т.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ууганжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн О.Ат Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1 гудамж, ******* тоотод байрлах, гэр бүлийн хэрэгцээний 700 м.кв талбай бүхий газрыг анх 2003 оны 4 сарын 26-ны өдрийн Баянзүрх дүүргийн Засаг даргын 93 Захирамжаар эзэмших эрх үүссэн байна. О.А нь уг хаягт байрлах газрыг дээрх шийдвэрийг үндэслэн, 2003 оны 8 сарын 06-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг даргын 10-ны өдрийн 284 дугаар эзэмших эрхийн гэрчилгээ авсан. Үүний дараа 2013 оны 12 сарын 05-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 43000 шийдвэрээр О.Ат уг эзэмшлийн газрыг өмчлүүлэх шийдвэр гарсан. Шийдвэрийг үндэслэн, ******* бүртгэлийн дугаартай өмчлөлийн гэрчилгээгээр баталгаажуулж, дээрх газрын хууль ёсны өмчлөгч болсон. Өмчлөлийн газар дээр баригдсан 44м.кв талбай бүхий, хувийн сууцыг мөн 2014 оны 02 сарын 07-ны өдөр улсын бүртгэлийн эд хөрөнгийн бүртгэлийн газарт хууль ёсоор бүртгүүлж, ******* дугаартай гэрчилгээ авсан. О.А нь уг өмчлөлийн газар, байшиндаа өөрийн төрсөн ах О.Б-ийн амьдралыг дэмжиж, олон хүүхэдтэй айлын тав тухыг бодож, гэр бүлийнх нь хамт амьдруулдаг байсан. Гэтэл О.Б, түүний гэргий Т.Р нар нь хамт амьдрахаа больсноос хойш миний өмчлөлийн газрыг гэр бүлийн хөрөнгө гэж марган, булаацалдах болсон. Бүх бүртгэл бичиг баримт хуулийн дагуу учраас би тэдний хэл аманд орооцолдохыг хүсээгүй, асуудалд тайван ханддаг байсан. Гэвч манай бэр Т.Р гэх эмэгтэй 2013 онд надаас нууцаар хууль бусаар бусдад өөрийн газар хэмээн ойлгуулж, худалдсан тухай асуудал яригддаг болсон. Учир нь 2013 оноос хойш би өөрийн өмчлөлийн газар, байшингаа эзэмшиж, ашиглаж, өмчлөх эрхээ эдэлж чадахгүй болсон. Сүүлийн жилүүдэд тасралтгүй иргэн Э.Э гэх эмэгтэй гэр бүлийн хамт хажуугийн 108 тоотыг миний өмчлөлийн ******* тоот, манай ах Эрдэнэбулганы өмчлөлийн ******* тоотын 3 айлын газрыг дураараа эзэмшиж, ашиглаж амьдардаг болсон. Түүний хууль бусаар эзэмшиж буй газарт миний газар багтаж байгаа. Газар дээр барьсан хашаан дотор гарцыг нь хаалга хийх, нохой уяж, гаднаас хүн оруулахгүй саад тавьсан. Олон тооны том котейнерууд, хүнд даацын машинууд байрлуулсан байгаа. Тэр бүү хэл удахгүй миний газар дээр байшин барилга барихаар төлөвлөж, тэр хавийн газрыг ухаж тэгшлэх кран ч байрлуулсан байгаа. Би 2013 оноос хойш маш олон жил хувийн журмаар газраа ашиглах гэж очоод, хөөгдөөд гардаг. Хамгийн сүүлд очиход Э.Э гэх эмэгтэй гэр бүлийн хамт амьдарч байна. Би түүнтэй уулзаж, учир байдлыг тодруулахад энэ 108, *******, ******* тоотуудыг бүгдийг худалдаж авсан гэж хэлсэн. Энэ мэт тайлбар хэлэн, миний өмчлөлийн газрыг хууль бусаар эзэмшиж, ашиглаад, надад газрыг маань суллаж өгөхгүй байгаад гомдолтой байна.
Т.Р 2014 онд нууцаар, хууль бусаар өөрийн өмчлөлийн газар гэж худалдсан асуудал гарснаас хойш О.А өөрийн өмчлөх эрхээ эдлэж чадахгүй байна. Сүүлийн жилүүдэд Р.Б, Б.Ж нарын эзэмшил, ашиглалтад байгаа. Тухайн хашаан дотор 3 айлын газрыг оролцуулаад бетонон хашаа барьсан, гарцыг хаагаад гаднаас хүн оруулахгүй, битүүмжилсэн. Олон тооны контейнэр, хүнд даацын машинууд байрлуулсан.
Р.Б, Б.Ж нарын хууль бус эзэмшлээс О.А-ийн өмчлөлийн Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1 гудамж, ******* тоотод байрлах, ******* бүртгэлийн дугаартай, өмчлөлийн газрыг албадан чөлөөлүүлнэ үү.
Нэхэмжлэгч О.А өөрийн газрыг 2014 оноос хойш Т.Р гэх хүн хууль бусаар зарсан өөрөөс нь нууцаар зарсан гэдэг. Р.Бат-Эрдэнийг төлөөлөгч н.Ж шүүхэд гаргасан тайлбарт эдгээр тайлбарууд болон цаг хугацаа нь давхацдаг. Т.Р гэх хүн өөрийн гэж ойлгоод бусдад худалддаг. Р.Бд ямар ч хамаагүй гэсэн хэр нь н.Ж-г дараа нь хамтран хариуцагчаар татах үед н.Ж-гийн тухайд надад огт хамаагүй гэдэг тайлбар гаргаагүй. Тэгэхээр н.Ж-г хамааралтай гэж үзэж байгаа. Энэ хүмүүст татгалзлаа нотолсон баримт байхгүй тайлбар өгсөн байдаг. Иймд нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна гэв.
Хариуцагч Р.Б-ИЙН итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн О.А нь 2013 онд өөрийн төрсөн ах О.Б, түүний эхнэр Т.Р нартай үгсэн хуйвалдаж, залилан мэхлэх замаар уг газрыг Р.Б-ИЙН гэр бүлийн хүнд 13,500,000 төгрөгөөр зарсныхаа дараа өөрийн өмч гэж газрын албаар явж танил талаараа хөөцөлдөн уг газрыг 2014 онд өөрийн нэр дээр авсан билээ.
О.Бийн хүү Б.Рэ 2019 онд захиргааны шүүхэд Эцэг О.Б, эх Т.Р нар 1981 онд гэр бүл болж 1986 онд 80 ширхэг палк модоор хашаандаа байшин барисан, уг хашаанд О.А гэгч 10 дугаар анги төгсөж явсанаас хойш огт амьдарч байгаагүй, өөрийн төрсөн эцгийг асараагүй гээд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо улаанхуарангийн 1-******* тоот хаягт байрлах О.Аийн нэр дээр бүртгэгдсэн газар өмчлөх ******* дугаар бүртгэл, болон үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2204020774 дугаар бүртгэлийг хүчингүй болгуулахаар" нэхэмжлэл гаргасан.
Уг хашаа анхнаасаа 108, *******, ******* гэсэн 3 хашаа байгаагүй. 1 том хашаа байсан. ******* тоот хашааны хаалга хойшоо харсан явган хаалгатай, 108 тоот хашааны хаалга зүүн харсан байсан талаар энэ хашаанд 30 жил амьдарсан ах О.Бийн эхнэр Т.Р хэлж байсан бөгөөд О.Аийн ах дүү нар бүгд мэднэ, бүгд энэ хаяг дээрээ бүртгэлтэй байдаг. Өөрөөр хэлбэл О.А нь энэ хашаанд огт амьдарч байгаагүй, өөрөө огт арчилж тордоогүй, Т.Ргийн гэх балгас болсон байшинд үл хөдлөх хөрөнгийн гэрчигээг өөрийн нэр дээр мөн гаргуулсан байсан. Р.Бд огт хамааралгүй тэрхүү ******* тоот гэх хаяг бүхий газараа албадан чөлөөлүүлнэ гэж яваа нь О.А ийнхүү амьдардаггүй, амьдарч байгаагүй, ах О.Б, бэр эгч Т.Р-тайгаа нийлж намайг хуурч залилан газраа зарсан гэдэг нь давхар нотлогдож байгаа юм.
Энэ ******* тооттой холбоотой асуудлаар Баянзүрх дүүргийн Прокурорын газар, СБД-ийн анхан шатны шүүх, Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж байсан ба энэ бүх үйл явцад О.А өөрөө оролцож явсан. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.04.17-ны өдрийн 101/ШШ2018/01325 тоот шийдвэрээр хариуцагч Т.Ргаас /эрэн сурвалжлагдаж байгаа гэх Р.Б-ИЙН эхнэр/ Б.Жд 13,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд 2018.07.01-ний өдрийн 1586 тоот шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуудас бичигдэж, одоо Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Баянзүрх дүүргийн 242 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч Н.О /утас 0000000/ шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж, О.Аийн бэр эгч Т.Р нь төлбөр төлөх чадваргүй, эд хөрөнгөгүй тул тэтгэвэрээс нь суутгал хийгдэж байна. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусаагүй болно.
Цаашид О.А, ах О.Б болон бэр эгчийн хамт дахин хэдэн хүнд уг газрыг зарах гэж байгаа нь тодорхойгүй байна.
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь уг газарт огт хамааралгүй хүнийг ямар ч нотлох баримтгүйгээр өөрийн дураар, хариуцагч гэж тооцон цагдаагаар эрэн сурвалжлуулж, О.А болон түүний ах О.Б, эхнэр Т.Р нарт гэр бүлээрээ залилуулж хохирсон дээр нь дахин эдгээр залилагчдийн худал үгээр, олон хүний өмнө оргон зайлж явдаг, луйварчин, хулгайч хүн мэтээр зориуд харагдуулсанд Р.Б маш их гомдолтой, төрөл садан, найз нөхөд танилуудаасаа маш ихээр ичиж, нэр төрд минь халдсан гэж үзэж байна.
Харин эдгээр залилагчдийн хууль бус ажиллагаа хэзээ дуусч, Р.Бд огт хамааралгүй газрыг чөлөөлүүлнэ гэж нэр төрд нь халдаж явахаа зогсох ёстой, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдврэлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр, эсхүл нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан, түүнчлэн хэргийг хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр шүүхийн болон арбитрын шийдвэр буюу шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж байгаа бол нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан.
Гэтэл О.А, түүний ахын эхнэр Т.Р болон Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн 1-******* тоот хаяг бүхий газартай холбоотой маргаан эцэслэн шийдэгдсэн, өгсөн, авснаа буцаасан шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, шүүхээр эцэслэн шийдэгдсэн гэж бодож байсан хэрэг, энэ хэргийн хариуцагч огт биш бөгөөд Р.Б-ИЙН эд хөрөнгө байхгүй, огт хамааралгүй газарыг чөлөөлүүлэхээр, эрэн сурвалжилж байгаад гомдолтой байна.
Иймд тус шүүхийн шүүгчийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 101/Ш32022/07000 дугаартай Хариуцагчийг эрэн сурвалжлуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа түдгэлзүүлэх тухай захирамжийнхаа Р.Бд холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүний нэр төрийг сэргээн хамгаалж өгөхийг хүсч байна гэжээ.
Хариуцагч Б.Ж шүүхэд хариу тайлбар гаргаагүй.
Гэрч Т.Р шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Газар миний нэр дээр байсан. Баянзүрх дүүргийн газрын албанд би газраа өмчилж авах гээд өргөдөл гаргасан. 2011 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай хашаанаас өндөр хүчдэл авна гэхээр нь өргөдөл өгсөн. Захирамж гарсан болов уу гээд очоод авах гэтэл манайх бүтцийн өөрчлөлт орсон архиваас олдохгүй байна дахин өргөдөл өгөөрэй гэсэн. Дахин өргөдөл өгөөд захирамж гарахын өмнө зарах шаардлага гараад зарсан. 2013 онд 13,500,000 төгрөгөөр зарсан. Амаар ярьж зарсан. Б.Ж гэж хүнд зарсан. Р.Б гэх хүн Б.Жгийн нөхөр гэхдээ би харьцдаггүй, сайн мэдэхгүй. Надаас худалдаж аваад 2014 оноос хойш Р.Б, Б.Ж нар үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг би мэдэхгүй. Хүний газар аваад хууль бусаар зарснаар Цагдаагийн байгууллагад шалгагдсан гэж ойлгосон. 2013 оноос хойш өнөөдрийг хүртэл Б.Ж гэх хүн уг газрыг эзэмшиж, ашиглаж байгаа эсэхийг мэдэхгүй. Одоо уг ******* тоотод хэн байгааг мэдэхгүй, Б.Жгийн манаач эмэгтэй байдаг гэсэн. Б.Ж гэх хүн шүүхээр явж байх үед намайг байшингаа буулгаж ав гэсэн. Б.Ж төлбөрөө төлж дуустал энэ газрыг ашиглана харин мөнгө бүрэн төлж дууссаны дараа чөлөөлнө гэж хэлсэн зүйл байхгүй. 1-******* тоотод хамгийн сүүлд 2022 оны цагаан сарын үеэр очсон гэхдээ хашаа руу нь ороогүй. Урд талын айл руу нь орохдоо хашаа руу нь харсан том кран байсан гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
1. О.Аийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх4/
2. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 28-ын өдрийн 93 дугаартай захирамж, хавсралтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх5-6/
3. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *******, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээ /хх7-8/
4. О.Аийн Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх9/
5. О.Аийн өмчилж буй газрын байршлын кадастрын зураг /хх10/
6. Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газрын Архивын 2019.11.06 өдөр хуулбарласан байшингийн фото зураг /хх11-12/
7. Байшин, төмөр зам бүхий фото зураг /хх13/
8. Дүүргийн Нэгдүгээр прокурорын газрын прокурорын 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4958 дугаартай тогтоол (Баянзүрх дүүргийн Прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архив хуулбарласан.) /хх74-76/
9. Баянзүрх дүүргийн Прокурорын газрын прокурорын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 891 дүгээр тогтоол(Баянзүрх дүүргийн Прокурорын газрын эрүүгийн хэргийн салбар архив хуулбарласан.) /хх77-79/
10. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШШ2018/01325 дугаар захирамж, тус шийдвэрийг албадан гүйцэтгэх хуудас /хх80-82/
11. Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан цагаан өнгийн Си Ди-нд хийсэн 2022.06.06 өдрийн Үзлэгийн тэмдэглэл /хх84-90/
12. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.03.31№249 тогтоол /хх92-93/
13. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.02.05№128/ШЗ2020/1148 дугаартай захирамж /хх94-98/
14. Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 1 гудамж, ******* тоот хаягт байрладаг гэх байшингийн гадна, дотор талын фото зураг, хашааны фото зураг /хх100/
15. Байшин, *******, ******* улсын дугаартай суудлын автомашинууд, чиргүүл, 36-69УЧ улсын дугаартай улбар шар өнгийн цистерна холбосон, дугаар тодорхойгүй чирэгч автомашин, улсын дугаартай кран, контейнэр, байшингийн суурь гэх фото зураг /хх117-122/
16. Шийдвэр гүйцэтгэгч Н.Оын үйлдсэн Төлбөр төлөгч Т.Р, төлбөр авагч Б.Ж нарын төлбөрийн тооцоо /хх123/
17. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018.08.08 өдрийн 14108 дугаартай шүүх хуралдааны тэмдэглэл /хх124-126/
18. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018.08.20№101/ШШ2018/02706 дугаартай захирамж /хх126-128/
19. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018.07.27-ны өдөр гэрч Ж.Ж-аас авсан гэрчийн мэдүүлэг /хх129-130/
20. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018.03.27-ны өдөр гэрч Ж.Ж, Ц.Ц нарын гаргасан тодорхойлолт /хх131-132/
21. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018.07.27-ны өдөр гэрч Ц.Ц-с авсан гэрчийн мэдүүлэг /хх133-134/
22. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018.03.29-ний өдөр гэрч Д.У, Э.С нарын гаргасан тодорхойлолт /хх135-136/
23. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018.05.28-ны өдөр нэхэмжэгч Т.Р, Р.А, Б.Рэ нарын нэхэмжлэлийн шаардлагын талаар гуравдагч этгээд А.Т гаргасан тайлбар /хх137-138/
24. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018.05.10-ны өдөр нэхэмжэгч Т.Р, Р.А, Б.Р нарын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч О.Б-ийн гаргасан хүсэлт /хх139/
25. Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 дүгээр хэсэг, Улаанхуаран ******* тоот хаягт байршилтай, газрыг О.А эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /хх142/
26. О.Аийн өмчилж байгаа нэгж талбарын дугаартай 820 м.кв талбайтай газрын түүхчилсэн лавлагаа /хх143-144/
27. О.Б, Т.Р нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх145/
28. Т.Р Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 1 хэсэг УЛ-******* хаягт оршин суудаг тухай тус хорооны засаг даргын 2018.03.27-ны өдрийн тодорхойлолтын хуулбар /хх146/
29. Б.Рэийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар /хх147/
30. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн Нэгдүгээр хэлтэст 2014.05.17 өдөр О.Аийн гэрчээр өгсөн мэдүүлгийн хуулбар /хх148-149/
31. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн Нэгдүгээр хэлтэст 2014.05.20 өдөр О.Б гэрчээр өгсөн мэдүүлгийн хуулбар /хх150-151/
32. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн Нэгдүгээр хэлтэст 2014.06.04 өдөр Т.Р сэжигтнээр байцаагдсан тэмдэглэлийн хуулбар /хх152-153/
33. Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн Нэгдүгээр хэлтэст 2014.09.17 өдөр Б.А гэрчээр өгсөн мэдүүлгийн хуулбар /хх154-155/
34. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018.07.27-ны өдөр Т.Ганчимэг гэрчээр өгсөн мэдүүлгийн хуулбар /156-158/
35. Л.О-ийн хашаа, байшингийн талаар тайлбарласан Г.Г тайлбарын хуулбар /хх159/
36. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2018.05.01-ний өдөр О.Г гаргасан өргөдлийн хуулбар /хх160/
37. Баянзүрх дүүргийн 10 дугаар хорооны ХАӨМС-д ******* тоотод О.Б, О.А бүртгэлтэй боловч одоогоор хаягтаа байхгүй, тус хаягт Чойжилхүүгийн Нарантуяа /УК57011706/ ам бүл-3 түр оршин суудаг, АӨМС-д 108 бүртгэлгүй болохыг тодорхойлсон тус хорооны засаг даргын 2022.0617№522 дугаартай тодорхойлолт /хх162/
38. Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас тус шүүхэд хүргүүлсэн 2022.06.20№15/1134 дугаартай албан бичгээр хүргүүлсэн, газар баталгаажилтын хувийн хэргийн материалын хавсралтын хуулбарууд /хх163-211/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.А нь хариуцагч Р.Б, Б.Ж нарт холбогдуулан, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
2. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.
3. Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 1 гудамж, ******* тоот хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, 44 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 18650310260661 нэгж талбарын дугаартай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй 700 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний газрын хууль ёсны өмчлөгч О.А болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *******, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна.
4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд Өмчлөгчийн шаардах эрхийг зохьцуулсан бөгөөд хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т ...өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй, 106.3-т ...шаардлаа гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна. гэж заасан тул нэхэмжлэгч нь газар өмчлөх эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй.
5. Нэхэмжлэгч нь Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 1 гудамж, ******* тоот хаягт байрлах газрыг чөлөөлүүлэх нэхэмжлэлийг Э.Эийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагчийг Р.Бэр сольж, Б.Жг хамтран хариуцагчаар татаж, газар чөлөөлүүлэхээр шаардсан.
5.1. Чөлөөлүүлэхээр шаардаж буй Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 1 гудамж, ******* тоот хаягт байрлах газрыг хариуцагч Р.Б, Б.Ж нар эзэмшиж, ашиглаж байгаа гэх үйл баримт тогтоогдсонгүй.
5.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. гэж зохицуулсан.
5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж зохицуулсан бөгөөд нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан тайлбар, татгалзлаа нотлох баримтаар нотлоогүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан, хариуцагч Р.Б, Б.Ж нарын хууль бус эзэмшлээс Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуаран 1 гудамж, ******* тоот хаягт байрлах газрыг албадан чөлөөлүүлэх тухай О.Аийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 дугаар зүйлийн 7.1.2 тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА