| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 302/2025/0110/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/200 |
| Огноо | 2025-07-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | А.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/200
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Д,
Хохирогч Т.Б,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжан,
Шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Эт ургийн овгийн Брийн Мт холбогдох 2513000000094 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын оператор мэргэжилтэй, Ховд аймгийн "Алтайн зам" ХХК-д ажилладаг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .... дугаар /А / багийн ... дугаар гудамжны ... тоотод оршин суух хаягтай, одоо тус сумын ....-р багт гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа гэх, урьд
-Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ял,
-Мөн шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 төгрөгөөр торгох ял,
-Мөн шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн, хэрэг хариуцах чадвартай гэх, Э. ургийн овогтой Ба.йн М, регистрийн дугаар: .....
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2025 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 3 дугаар сарын 02-ны өдөрт шилжих шөнийн 04 цаг 30 минутын орчимд, мөн 2025 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн орчимд тус тус Баян-Өлгий аймгийн Алтай сумын 2 дугаар /Улаан хад/ багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Бийг "... гэртээ гал түлээгүй..." гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд баруун нүдний алимын салстад цусан хураатай, баруун долоовор хуруунд шархтай, баруун дээд доод зовхи, зүүн доод зовхи, зүүн хацар, дээд уруулын баруун гадна талд 2.8x0.5 см, баруун бугалгын гадна дээд хэсэгт, дотор хэсэгт, зүүн мөрний дээд хэсэгт, гадна дунд, дотор хэсэгт, баруун суганы доод хэсэгт, зүүн хөхний доод хэсэгт, баруун, зүүн өгзөг, ууц, баруун, зүүн шилбэнд тус тус хөхөлбөр өнгийн цус хуралттай гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Архи ууж согтуурсан үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэндээ маш их харамсаж байна. Цаашдаа архи дарс уухгүй, эхнэр, 3 хүүхдээ амгалан тайван амьдруулах болно” гэв.
1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Б мэдүүлэхдээ:“...Б.М нь удаа дараа согтуугаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан тул 2024 оны 8 сараас хойш бид хоёрын хооронд асуудал үүсэж, тусдаа амьдрах болсон. 2025 оны 03 сарын 01-02-нд шилжих шөнө, мөн 2025 оны 03 сарын 04-ний өдөр намайг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь үнэн. Бид шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан, одоо тусдаа амьдарч байгаа. Миний хувьд нөхөр Б.Мт гомдолтой гээд байх зүйл байхгүй. Хамгийн гол нь би хүүхдүүдтэйгээ, ямар нэгэн айдасгүй амгалан тайван амьдармаар байна. Би хүүхдүүдээ бодоод нөхөр Б.Мыг удаа дараа уучилсаар ирсэн. Бид нэгэнт гэрлэлтээ цуцлуулсан тул одоо намайг тайван байлгаад өгөөч. Б.М ял авах, авахгүйдээ гол нь биш, ял шийтгэл хүлээлээ гэхэд тодорхой хугацааны дараа гараад л ирнэ. Б.Мыг гаргасан алдаагаа битгий давтаасай, одоо тус тусдаа сайхан амьдарья гэж хүсмээр байна. Хэдий салсан ч гэсэн эцгийн хувьд үр хүүхэдтэйгээ уулзах эрх нь байгаа тул би эсэргүүцэхгүй. Би хамгийн гол нь амгалан тайван амьдаръя л гэж хүсэж байна. Тиймээс нөхөр Б.Мыг заавал хорьж, цагдах, улам хүндрүүлье гэсэн санал огт гаргахгүй” гэв.
1.3 Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт “...Яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгч Б.Мын мэдүүлэг,х хохирогч Т.Бийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн зүйл хэсгээр 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх саналтай байна. Шүүгдэгч Б.Мт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож эдлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчид хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Мөн шүүхээс хохирогчтой уулзахгүй байх хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан байгаа бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Хохирогч түүнээс ямар нэгэн хохирол, хор уршиг нэхэмжлээгүй. Шүүгдэгч Б.М нь иргэний нэхэмжлэгч, эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1.600.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн тул түүнийг бусдад төлөх хохиролгүй гэж үзэх үндэслэлтэй. Хэрэгт хураагдсан болон битүүмжилсэн зүйл байхгүй. Мөн энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан зүйл байхгүй, хэргийн хамт хүргүүлсэн иргэн болон бусад баримт бичиг байхгүй” гэх дүгнэлтийг,
1.4. Шүүгдэгчийн өмгөөлөгч А.С. шүүхийн хэлэлцүүлэгт:“.... Мөрдөн байцаалтын шатнаас эхлэн миний бие Б.Мын өмгөөлөгчөөр ажилласан. Б.Мын хувьд хувийн байдлын талаар өмнөх болон өнөөдрийн шүүх хуралдаан дээр хэлж ярьсан. Гэр бүлийн харилцаа таарамжгүй бөгөөд ахуйн чанартай маргаан гардаг. Энэхүү маргааныг дарахын тулд Б.М голчлон буруу замаар, архи хэрэглэж хэрүүл маргаан үүсгэдэг. Үүний улмаас гэр бүлийн хүчирхийлэл болж даамжирдаг нөхцөл байдал үүссэн. Энэ талаар Б.М надад хэлсэн бөгөөд би түүнд зөвлөгөө өгсөн. Түүнээс хойш Б.М архи уухгүй гэж амласан бөгөөд 2025 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш огт архи хэрэглээгүй гэдгээ өөрөө мэдэгдсэн. Хохирогч ч мөн хүүхдүүдтэй уулзахаар ирэхдээ эрүүл байдлаар ирдэг гэдгээ баталж хэлсэн. Өөрөөр хэлбэл, Б.М буруу замаа сонгосноо ухаарсан гэж би харж байна. 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш буюу 4 сарын хугацаанд архи уугаагүй байгаа нь архи уухгүй байж болохыг Б.М ойлгосон гэсэн үг юм. Б.М холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр болж, шүүхээс хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсний дараа мөн оны 05 дугаар сарын 20-ны өдөр болон иргэний хэргийн шүүх хуралдаанаар Б.М, Т.Б нарын гэрлэлтийг цуцалж, 3 хүүхдийг ээжийнх нь асрамжинд үлдээж, эцэг Б.Маар тэжээн тэтгүүлэх шийдвэр гарсан гэж би сонссон. Би иргэний шүүхийн шийдвэрийг авахыг хүссэн боловч хэрэг архивт шилжсэн байсан бөгөөд архивт очоод ч авах боломж гарсангүй. Өөрөөр хэлбэл, тэтгэлэг төлүүлэхээр шийдвэр гарсан гэж би ойлгож байна. Миний үйлчлүүлэгч гэм буруугийн талаар маргахгүй байгаа. 2025 оны 03 дугаар сараас буюу энэ гэмт хэрэгт холбогдсоноос хойш засарсан гэж ойлгож байна. Аль болох маргаан үүсгэхгүй, хэрүүл хийхгүй байх тал дээр хичээсэн гэж бодож байна. Ийм учраас гэм буруутайд тооцоход татгалзахгүй. Эрүүгиийн хариуцлагын хувьд Б.М гэрлэлт цуцлуулснаас хойш ганцаараа амьдарч байгаа. Тэрээр 8 дугаар баг, 13 дугаар баг, Алтай сум зэрэг хэд хэдэн хаягт амьдардаг бөгөөд Ховд аймгийн Хөшөөт гэдэг газарт тээврийн ажил хийдэг. Орлого нь 2.500.000 гаруй төгрөг байдаг талаар мэдүүлсэн байна. Улсын яллагчаас урьд нь хэд хэдэн удаа ял шийтгүүлж байсан учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргаж байна. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Б.М нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж, дуусгавар болсон нь тогтоогдсон тул шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар тогтоосон хязгаарлалтгүй тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасныг анхаараасай гэж хүсэж байна. Ийм учраас хувийн байдлыг харгалзан үзээд, Б.Мт энэ удаад торгуулийн ял шийтгэж өгөөч гэж үзэж байна. Хэрвээ шүүхээс Б.Мт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, тодорхой нэг нутаг дэвсгэрээс хязгаарлах юм бол ажил хийж орлого олж, хүүхдүүдийн тэтгэлэг төлөх боломжгүй болсноор түүний 3 хүүхдийн эрх зөрчигдөнө. Тиймээс торгуулийн ял оногдуулж өгөөч гэж хүсэж байна. Хэрвээ зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах шаардлагатай гэж шүүх үзвэл ялын хэмжээг багасгаж 2 сарын хугацаагаар оногдуулахыг санал болгож байна. Учир нь удахгүй 9 сар болох гэж байна, хүүхдүүд сургуульд орсон, хүүхдийн хэрэгцээ бий, мөн орлого олох шаардлага байгаа тул ийм дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
2.1. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),
2.2. Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хавтаст хэргийн 04-06 дахь тал),
2.3. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн дэслэгч цолтой Х.Е.н 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 259 дугаартай “...Иргэн Т.Бийн биед баруун нүдний алимын салстад цусан хураатай, баруун долоовор хуруунд шархтай, баруун дээд доод зовхи, зүүн доод зовхи, зүүн хацар, дээд уруулын баруун гадна талд 2,8х0,5см, баруун бугалгын гадна дээд хэсэгт, дотор хэсэгт, зүүн мөрний дээд хэсэгт, гадна дунд, дотор хэсэгт, баруун суганы доод хэсэгт, зүүн хөхний доод хэсэгт, баруун, зүүн өгзөг, ууц, баруун, зүүн шилбэнд тус тус хөхөлбөр өнгийн цус хуралттай гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Т.Б учирсан дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал),
2.4. Хохирогч Т.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би нөхөр болох Б.Мтай гэр бүл болоод 11 жил болж байна. Бид хоёр 2024 оны 8 сараас хойш тус тусдаа амьдарч байгаа. Нөхөр болох Б.М нь 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өглөө 07 цагийн үед согтуу залгаад "... одоо эрт гарахгүй бол оройтно, зам хэцүү цастай байгаа.." гэж хэлхээр нь би "согтуу хүнтэй хамт явахгүй гэж..." гэж хэлээд утсаа тасалсан. Улмаар 10 цагийн үед уулзахад өмнөх өдөр нь хөдөө явах цагаан сарын бэлтгэл хийж авсан 10 шил архинаас 6 шилийг нь уучихсан, нэлээд согтуу байсан ба бид хоёр хэрүүл маргаан хийж байж Алтай сум руу явахаар болсон юм. Би 3 хүүхдээ аваад Б.Мын машинд суусан боловч Б.М нь аймаг дотор баахан согтуу давхиж байгаад Алтай сум руу явах замдаа унтаж замаас хэд хэдэн удаа гарч зам тээврийн осол гаргах дөхсөн. Замд явж байхад Алтай сумын Можай гэх хүнтэй таарч ууж явсан архинаас тухайн хүнд амсуулсан, Можай нь Б.Мт хандаж "... чи согтуу байна, унтаж амраад болгоомжтой яваарай..." гэж хэлсэн ба тухайн газарт Б.М нь хэсэг унтаж байгаад цааш явж Алтай суманд очсон. Дараа нь Алтай сумын 2 дугаар багт 03 дугаар сарын 02-ны өдрийн үүрийн 04 цаг 30 минутын үед М нь согтуу хадам ээжийн гэрт орж ирсэн ба би тухайн үед орон дээр унтаж байсан юм. Миний нүүрэнд алгадаж "...босож гал түл..." гэж хэлэхээр нь би "... чи яагаад намайг цохиод байгаа юм, зүгээр хэлж болдоггүй юм уу..." гэхэд намайг тайлбар тавилаа гэх шалтгаанаар дахин нүүр, нүд, толгой, хөл, гар, нуруу гээд биеийн бүх хэсэгт цохиж зодсон юм. Улмаар 03 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн үед Б.М нь согтуу ирж намайг машинд суулгаж авч гэрээс хол газарт аваачиж"... чамайг ална..." гэж хэлээд биеийн бүх хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөж, хоолойг боосон. Намайг удаа дараа машинд сууж, буух явцад цохиж нүүр ам бүх зүйл хавдсан, согтуугаар машин жолоодож явсан тул гарч болох эрсдэлээс сэргийлж машины түлхүүрийг булааж авахад миний зүүн гарын долоовор хурууг цус гартал хазсан. М намайг машиндаа суулгаж... чи хаана үхмээр байна, мөсөн дээр үхмээр байна уу, уулан дээр үхмээр байна уу?.." гэж хэлж удаа дараа намайг дарамталсан юм. Би танд холбогдох баримтуудыг гаргаж өгөх болно.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дэх тал),
2.5. Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хавтаст хэргийн 49 дэх тал),
2.6.Шүүгдэгч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “...Миний бие гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. Би 1999 оноос 2009 онд бүрэн дунд боловсрол эзэмшсэн, Дархан-Уул аймагт сургалтад сууж хүнд машин механизмын операторчин мэргэжлээр суралцаж төгссөн, одоо Ховд "Алтайн зам" ХХК-д хүнд механизмын операторчноор ажилладаг, сард 1,900,000-2,300,000 төгрөгийн цалинтай, эхнэр Т.Бтэй 2014 онд гэр бүл болж, дундаасаа 2-10 насны 3 хүүхэдтэй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 35 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.7. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
-Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 78 дахь тал),
-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 79 дэх тал),
-Үндэсний энгийн гадаад паспортын лавлагаа (хавтаст хэргийн 80-82 дахь тал),
-Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 83 дахь тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 45 дахь тал),
-Тус шүүхийн шийтгэх тогтоол, шийтгэврийн хуулбарууд (хавтаст хэргийн 51-62, 68-76, 95-96 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.8. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Мыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар:
3.2. Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохын тулд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт цугларсан хохирогч Т.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 53-54 дахь тал), шүүх хуралдааны үеэр өгсөн мэдүүлэг, шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 259 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 14-15 дахь тал), шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд:
Шүүгдэгч Б.М нь 2025 оны 3 дугаар сарын 01-02-нд шилжих шөнийн 04 цаг 30 минутын орчимд, мөн 2025 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн орчимд тус тус Баян-Өлгий аймгийн Алтай сумын 2 дугаар /Улаан хад/ багийн нутаг дэвсгэрт хохирогч Т.Бийг "...гэртээ гал түлээгүй..." гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд баруун нүдний алимын салстад цус хуралт, баруун долоовор хуруунд шарх, баруун дээд доод зовхи, зүүн доод зовхи, зүүн хацар, дээд уруулын баруун гадна талд 2.8x0.5 см, баруун бугалгын гадна дээд хэсэгт, дотор хэсэгт, зүүн мөрний дээд хэсэгт, гадна дунд, дотор хэсэгт, баруун суганы доод хэсэгт, зүүн хөхний доод хэсэгт, баруун, зүүн өгзөг, ууц, баруун, зүүн шилбэнд тус тус хөхөлбөр өнгийн цус хуралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Т.Бийн мэдүүлэг, шүүгдэгч Б.Мын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогджээ.
Шүүгдэгч Б.М нь урьд удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчилд холбогдож, ял шийтгэл хүлээж байсан нь тогтоогдсон бөгөөд тэрээр 2025 оны 3 дугаар сарын 01-02-нд шилжих шөнийн 04 цаг 30 минутын орчимд, мөн 2025 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн орчимд тус тус согтуугаар хохирогч Т.Бийг гэр бүлийн харилцаатай байдлыг далимдуулан, үл ялих зүйлээр шалтаглан, хүчирхийллийн шинжтэй үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хангалттай, эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.
3.3. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогчоос мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
3.4 Шүүгдэгч Б.Мын 2025 оны 3 дугаар сарын 01-02-нд шилжих шөнийн 04 цаг 30 минутын орчимд, мөн 2025 оны 3 дугаар сарын 04-ний өдөр 15 цагийн орчимд тус тус согтуугаар, ямар нэгэн тодорхой шалтгаангүйгээр хохирогч Т.Бийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр биед нь халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
3.5. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд уг гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.
Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангана.
3.6. Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн Арванхоёрдугаар зүйлийн 13-д ”Иргэн бүр халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулжээ.
3.7. Шүүгдэгч Б.М нь согтуугаар хохирогч Т.Бийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн халдаж, хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлийг хийсэн ба уг үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Б.Мийг санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
3.8. Шүүгдэгч Б.Мын хохирогч Т.Бийг зодсон үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоорондоо шалтгаант холбоотой байна.
3.9 Шүүгдэгч Б.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
3.10. Шүүгдэгч Б.М нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй болно.
3.11. Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч Б.Мын ухамсар, ёс зүйн төлөвшил дутмаг, мөн архи согтууруулах ундаа хэрэглэсэн нөхцөл байдал шууд нөлөөлсөн гэж шүүх үзлээ.
3.13. Шүүгдэгч Б.Мын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т.Бийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр нотлогдож, хохирогч Т.Б нь Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас 1.606.990 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. (хавтаст хэргийн 38-39 дэх тал),
Мөрдөн байцаалтын шатанд Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын байгууллагын төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч А.Асемгүл нь хохирогч Т.Бийн эмчилгээний зардалд гарсан дээрх төлбөрийг гэм буруутай этгээдээс төлүүлэхээр нэхэмжилснийг шүүгдэгч Б.М нь Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан байна. (хавтаст хэргийн 98 дахь тал),
Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Маас гаргуулж хохирогч Т.Б болон Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзлээ.
Хоёр:Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
2.1. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт эдлүүлэх дүгнэлтийг”,
2.2. Хохирогч Т.Б шүүх хуралдаанд:”...Б.М бид хоёр иргэний шүүхээр гэрлэлтээ цуцлуулж, тусдаа амьдарч байгаа. Би одоо хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт амьдарч байгаа тул Б.Мт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, бидний амьдарч байгаа 13 дугаар багт эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх санал гаргаж байгааг зөвшөөрөх боломжгүй байна. Тиймээс өөр багт эдлүүлэхээр тогтоож өгнө үү” гэх хүсэлтийг,
2.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: “Миний үйлчлүүлэгч Б.М нь гэм буруугаа ухаарч, гэмшиж, уг гэмт хэрэгт холбогдсоноос хойш дахин гэмт хэрэг зөрчил үйлдээгүй, архи согтууруулах ундаа хэрэглээгүй. Хохирогч Т.Бт төлөх хохиролгүй, иргэний нэхэмжлэгч байгууллагад 1.606.990 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Хүүхдийн тэтгэлэг төлөх шаардлагатай байгаа тул ажил хөдөлмөр эрхэлж, орлого олох шаардлагатай байгаа. Түүнчлэн Б.М нь Ховд аймагт компанид ажиллаж байгаа тул түүний үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, маргаагүй, гэмт хэргийн хор уршгийг арилгасан зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож хэрэглэж өгнө үү” гэх дүгнэлтийг,
2.4. Шүүгдэгч Б.М нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус гаргав.
2.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй байна.
2.6 Шүүгдэгч Б.Мын үйлдсэн гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д заасан хүнд ангиллын гэмт хэрэгт хамаарна.
2.7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
2.8. Шүүгдэгч Б.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Б.М нь гэмт хэргийн хор уршигт Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд 1.606.990 төгрөг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “Гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөлд тооцож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн бол эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхээр заажээ.
Шүүгдэгч Б.М нь гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнийг “Тохиолдлын шинжтэй нөхцөл байдал” гэж үзэх үндэслэлгүй, тэрээр урьд удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан нь тогтоогдсон тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг хэрэглэх боломжгүй гэж шүүх үзлээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М нь хувийн байдлын хувьд урьд удаа дараа гэмт хэрэгт холбогдож, эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь тогтоогдож байна.
Тодруулбал: Шүүгдэгч Б.М нь урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар, мөн шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 2022/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дээрх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэж байсан зэрэг нь тогтоогдож байгаа боловч тэрээр дээрх ялыг эдэлж дуусгавар болсон,
Тэрээр хамгийн сүүлд 2022 оны 6 дугаар сарын 09-ний өдөр тус шүүхийн 2022/ШЦТ/78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж, торгох ялыг 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр эдэлж дууссан, 8 сарын хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдаж, тэнсэнгийн хугацаа 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр дууссанаас хойш энэ гэмт хэрэгт холбогдох хүртэл 2 жилийн хугацаа өнгөрсөн нь тогтоогдож байна. (хавтаст хэргийн 45 дахь тал),
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хүний эрх байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасныг баримтлан шүүгдэгч Б.Мын урьд энэ төрлийн гэмт хэрэгт 3 удаа ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөлд тооцох боломжгүй гэж шүүх үзлээ.
Харин шүүгдэгч Б.Мын урьд удаа дараа гэмт хэрэг үйлдэж байсан нөхцөл байдлыг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хувийн байдалд хамааруулж үзэх нь зүйтэй байна.
2.9. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгчийн гэм буруугаа гэмшиж, хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд удаа дараа гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж байсан хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэргийн хор уршгийг арилгасан хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялыг сонгож хэрэглэх шүүгдэгчийн өмгөөлөгч А.Серикжаны дүгнэлтийг хүлээн авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний 2.700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгох ялыг 10 (арав) сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж шийдвэрлэв.
Гэмт хэргийн хохирогч Т.Б нь хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт амьдардаг болох нь тогтоогдож байх тул улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “Шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, уг ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 13 дугаар багт эдлүүлэх” санал нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж шүүх үзлээ.
2.10. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй.
2.11. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
2.12. Шүүгдэгч Б.Мт холбогдох хэргийг 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, хохирогч Т.Бийн мэдүүлэгт үндэслэн шүүгдэгч Б.Мын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийн шинж тогтоогдох эсэхийг шалгуулахаар шүүх хуралдааныг 60 хоногоор завсарлуулж, нэмэлт ажиллагаа хийлгэсэн боловч мөрдөн байцаалтын ажиллагаагаар шүүгдэгч Б.Мын үйлдэлд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох гэмт хэргийн шинж тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.овогт Б.ийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт 2700 /хоёр мянга долоон зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 /арав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Энэ хэрэгт шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах, хохирогч Т.Бтэй уулзахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл тус тус хэвээр үлдээсүгэй.
5. Шүүгдэгч Б.М нь гэмт хэргийн хор уршигт 1.606.990 /нэг сая зургаан зуун зургаан мянга есөн зуун ер/ төгрөгийг эрүүл мэндийн даатгалын санд төлснийг дурдаж, хохирогч Т.Б нь шүүгдэгчээс мөнгөн хэлбэрээр хохирол, хор уршиг нэхэмжлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Маас гаргуулах хохирол, хор уршиггүйг дурдсугай.
6. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Маас гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б.