Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 2017/ШЦТ/083

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Соёлмаа,

Улсын яллагч:Д.Эрдэнэсоёл.

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Т.Пүрэвдаваа нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.           

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч Монгол улсын иргэн, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* *******./******* регистрийн дугаартай /

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ иргэн *******ийн эрх чөлөөнд халдаж биед нь “хөнгөн” зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Яллах талын нотлох баримт:

Шүүгдэгч *******ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

 ...Намайг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 27-нд шилжих шөнө архидан согтуурсан үедээ *******тай хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар бие махбодид нь “хөнгөн” зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж сэжиглэн шалгаж байгааг ойлгож байна. Би энэ зүйл ангийг ойлгож хүлээн зөвшөөрч байна.

2017 оны 04 дүгээр сарын 26-ны орой би өөрийн “Верна аксент” маркийн 21-54 БНХ улсын дугаартай автомашинаар таксинд явж байтал “Их номгон” дэлгүүрийн дэргэдээс нэг эмэгтэй гар өргөж суусан.

Тэр эмэгтэй согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан бөгөөд надад хэлэхдээ “ найзуудтайгаа шоудаж байгаад буудалд үлдээгээд ирлээ манай эгчийн төрсөн өдөр нь байгаа юм, ганц юм / архийг хэлж байна/ авмаар байна гэж хэлсэн. Би дэлгүүр хаасан байна гэхэд би шөнийн дэлгүүр мэднэ гээд Баянхонгор сумын 4 дүгээр баг 2 гудамжинд дунд хэсэгт нэг айлын гадаа очсон

Тэр эмэгтэй өөрийгөө Мөөгий гэж танилцуулсан. Нэг шил архи аваад өгчих гэхээр би түүнд 10000 төгрөг өгсөн. Нөгөө эмэгтэй дэлгүүрт ороод 1 шил 0.5 литрийн “Хараа” нэртэй архи авсан байсан. Тэгээд ******* гэдэг эмэгтэйн гэрт очиж архи уухаар Баянхонгор сумын арван мянгатад ирсэн. Тэднийд ороод архи ууж эхэлсэн, архи талдаа орж байхад нөгөө эмэгтэй ******* эгчтэйгээ хэрэлдэж агсам тавьсан. ******* эгч нь биднийг хөөгөөд бид тэднийхээр гараад хойд талын гудамжинд очсон. Би тэр эмэгтэйг машинаас буу гэж хэлэхэд тэрээр надруу агсам тавиад машинаас буухгүй гээд гутлаа тайлаад, гар цүнхээ хойд талын суудал руу шидсэн. Би хаалгаа онгойлгон түүнийг машинаас буу гэж хэлэхэд тэрээр над руу нулимаад янхан Заяа та 2 юу вэ гэж орилж байснаа миний зүүн талын гар руу цохихоор нь би түүний нүүрэнд нь нэг удаа цохисон. Би бие засаад эргээд хартал миний машиныг асаагаад хөдлөх гэхээр нь би түлхүүрээ булааж аваад машиныхаа хойд талын суудалд суулгаад хөдлөх гэхэд машины хаалга онгойлгон машинаас үсэрч буусан.

Би машинаа зогсоогоод түүн дээр очтол газар хэвтэж байсан. Би чи намайг хэрэгт хийх нь үү мөрөөрөө байж чадахгүй гэж хэлээд нэг удаа хэвлийн тус газар нь өшиглөсөн. Ингээд машинаа асаах гэхэд машины урд талын дугуй жалга руу орсон байхаар нь би машинаа тэнд нь орхиод явсан. Харин маргааш нь нөгөө эмэгтэйн гэрт очиж уулзах гэхэд гэрийг нь мэдэхгүй байсан, тэгээд би Энхзаяа гэдэг эмэгтэйгээс гэрийг нь асууж байгаад нөгөөдөр нь очиж уулзахад түүний шанаа болон гэдэс хөхөрсөн гэж хэлсэн.

Миний үйлдлээс болоод *******ийн биед “хөнгөн” зэргийн гэмтэл учирсан гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Би шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 201 дугаар дүгнэлттэй танилцсан. Энэ дүгнэлттэй холбогдуулан гаргах ямар нэгэн санал хүсэлт байхгүй.

 ...Тэр эмэгтэй над руу дайраад агсам согтуу тавиад, мөн миний өмнөөс нулимж, миний зүүн талын гар руу цохисон. Мөн миний машинаас үсэрч буухаар нь нь миний уур хүрээд түүнийг цохисон, өшиглөсөн нь үнэн.

 ... *******аас уучлалт гуйж бид эвлэрсэн би ийм гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байгаа ... гэх мэдүүлэг./хх-ийн 28-30, 35-36/,

Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй.

Хохирогч *******ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

 ... 2017 оны 04 дүгээр сарын 26-ны орой 23 цагийн орчим би найз ******* гэдэг эмэгтэйтэй хамт “Санчир” бааранд ороод тэнд нэг, нэг пиво уугаад 01 цагийн орчим баарнаас гарсан. Замаас такси бариад ******* эгчийг гэрт нь хүргэж өгөөд би нөгөө таксиндаа суугаад буцаад “Тайхар” супермаркетийн орчим буусан. Дэлгүүрээс өөрт байсан 4000 төгрөгөөр 1 пиво авах санаатай байсан бөгөөд дэлгүүр хаасан байхаар нь гэртээ харих санаатай замаас такси барихад 21-54 гэсэн улсын дугаартай “верна аксент” маркийн цагаан өнгийн такси таарсан. Жолооч нь 30 орчим насны залуу байсан. Тэр залуу намайг хамт жаахан таксинд явъя гэж гуйсан бөгөөд би ч зөвшөөрөн түүнтэй хамт хэсэг хугацаанд таксинд явсан.

Амьчуулын дэлгүүрээс жолооч залуу 10.000 төгрөгөөр 1 шил “Хараа” гэдэг нэртэй архи авснаа хувааж ууя гэсэн. Би мөнгийг нь аваад дэлгүүрээс архи авсан.

Машинаа нэг газар аваачиж тавиад авсан архиа ууя гэж нөгөө залууг хэлэхээр нь би ******* гэдэг эгчийн маань төрсөн өдөр нь байгаа юм, тэдний гэрт очиж ууя гэж хэлээд Хаус хорооллын урд талын гудамжинд байдаг ******* эгчийнх рүү явсан. Тэгтэл ******* эгч “ гэртээ архи уулгахгүй “ гэж хэлсэн, тэднийхээс гараад хойд талын гудамжинд очиж машинаа зогсоож байгаад бид 2 хувааж уусан.

Архийг талд нь ортол уусан бөгөөд би гэртээ харья гэж хэлсэн, тэр залуу би архи уусан болохоор машин барьж болохгүй гэхээр нь би машинаас нь буугаад алхсан, гудамжинд нохой хуцаад байхаар нь айгаад буцаж очоод чи намайг явган ч гэсэн гэрт маань дөхүүлээд өгчих гэж хэлэхэд нөгөө залуу уурлан машинаа асаагаад маш хүчтэй хөдлөх гэхээр нь би намайг аваад хаашаа ч юм явж магадгүй гэж бодоод түүний машинаас нь үсэрч буухад тэр залуу машинаа зогсоогоод “яасан их машинаас үсэрдэг муу хар пизда вэ“ гэж орилсон, тэгээд намайг газар хэвтэж байхад татаж босгоод зүүн талын нүүрэнд хоёр удаа гараа зангидаж байгаад цохисон.

Тэр үед миний ухаан балартан “ туслаарай “ гэж орилсон, би тэр залууг бас элдэв нэг үгээр хэлэхэд тэр уурлан намайг газар хэвтэж байхад хэвлийн тус газар 2-3 удаа дэвссэн. Би сүүлдээ намайг битгий зодооч гэж түүнээс гуйсан.

...Маргааш өглөө нь тэр залуу манай гэрт ирж уучлалт гуйсан. Намайг зодсон залууг ******* гэдэг бөгөөд түүний цохилтоос миний баруун нүдний доод зовхинд 6х3см, хамрын баруун угалзны дээд хажууд 1х0,5см, баруун хажуу дээд хэсэгт 1.5х1см, зүүн шуунд 5х4см, баруун гуяны гадна дээд, дунд доод хэсгийг хамарсан 3.5х1.5см, 5х2.5 см, 2х1.5см, 1х1см, зүүн гуяны гадна 4х2.5 см, 1х1см, Зх2см, 2х2см, 1х1см, баруун шилбэний гадна дээд хэсэгт ЗхЗсм, 2х1см, өвдөгний гадна хэсэгт 2х1.5см, 1х1см, өвдөгний урд хэсэгт 1.5х1см, Зх2см, зүүн шилбэний урд хэсэгт 9х4см. 10х5см, хэвлийн доод хэсэгт ЗхЗ.5 см, баруун хонгонд 4х2.5см хэмжээтэй цус хуралттай, мөн зүүн өвдөгөнд 2.5х1.5см улаан хүрэн өнгийн зулгаралттай, зүүн дээд 7 дугаар шүдний цөгцний эмтрэл, доод уруул цус хурсан гэмтэл тус тус учирсан.

Энэ нь шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 201 дүгээр дүгнэлтэд тусгагдсан. Энэ дүгнэлттэй холбогдуулан гаргах ямар нэгэн санал хүсэлт байхгүй.

Одоо миний биеийн байдал гайгүй боловч, байнга толгой өвдөж, өвчин намдаах эм ууж байгаа. Би Улаанбаатар хот руу явж толгой тархи үзүүлэх хүсэлтэй байна. Энэ зардлыг ******* бүрэн төлж барагдуулахаар бид харилцан тохиролцсон. Тухайн цаг хугацаанд би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ч ухаан мэдрэлээ алдсан хэмжээнд хүртэл согтуу байгаагүй.

Би *******т ямар нэгэн гомдол санал байхгүй, тэр надад эмчилгээний зардалд 450.000 төгрөг өгсөн.Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. ******* бид 2 бие биенээ сайн таньж мэдэхгүй энэ хэрэг гарах болсон шалтгаан нь надаас болсон гэж үзэж байгаа би өөрөө тэр залуугийн таксинд хамт явъя гэхэд нь зөвшөөрч хамт явж архи уусан. Хэрвээ би түүнтэй хамт яваагүй бол ийм асуудалд орж би ч гэмт халдлагад өртөхгүй байсан болов уу гэж бодож байгаа гэх мэдүүлэг. /хх-ийн 08-09, 11-13/,

Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 201 дүгээр шинжээчийн

“1.*******ийн биед зовхи, уруул, хамар, хүзүү, зүүн шуу, баруун зүүн гуяа, шилбэ, зүүн өвдөг, баруун хонго, хэвлийд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, 1 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна

5 Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 20-21/,

Цагаатгах болон хөнгөрүүлэх талын нотлох баримт:

Шүүгдэгч *******ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 5/, хохирогч *******ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 6/, эвлэрлийн гэрээ / хх-ийн 07/, хохирогч *******ийн мэдүүлэг /хх-ийн 11-12/, Баянхонгор    аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 201 дүгээр шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21/, шүүгдэгч *******ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /хх-ийн 28-30/, сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол /хх-ийн 31-34/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40/, шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 42/, урьд ял шалгах хуудас /хх-ийн 43/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 44/, хохирол төлсөн баримт /хх-ийн 47/, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх хэрэг бүртгэгчийн тогтоол /хх-ийн 48/, Хэрэг бүртгэлтийн ажиллагааг дуусгаж хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 53/, хохирогч *******ийн Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /хх-ийн 73/,

Шүүгдэгч *******ийн хэрэг бүртгэлтэд яллагдагчаар өгсөн:

Би ******* гэх эмэгтэйтэй маргалдаж эрх чөлөөнд нь халдаж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болохоо хүлээн зөвшөөрч байна.

...*******ийн биед хувьд согтууруулах ундааны зүйл их хэмжээтэй хэрэглэсэн байсан. Би сүүлд авсан архинаас нэг аягыг уусан. Би согтоогүй эрүүл байсан. ******* надруу агсарч, агсам тавьж орилж, над руу нулимсан. Машин хөдлөөд явах гэтэл машинаас үсэрч буусан болохоор нь миний уур хүрээд түүнийг зодсон гэх мэдүүлэг. /хх-ийн 35-36/,

Гэрч *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

******* миний төрсөн дүү. Би эцэг, эхээсээ гурвуулаа тэрээр манай хамгийн бага нь. ******* 1991 онд төрсөн. 1999 онд Баянхонгор аймгийн 2 дугаар 10 жилийн сургуульд орж, суралцан “Газарчин” дээд сургуулийн уул уурхайн маркшейдер мэргэжлээр төгсөөд одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа. Санчир гэдэг эмэгтэйтэй гэр бүл болж, гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй.

 Миний дүүг 8 дугаар ангид байхад манай эх нас бараад бидний хайр халамжид өссөн. ******* гэр орныхоо бүх ажлыг хийж, аавыг асарч, эгч нарынхаа ахуй амьдралд тус нэмэр болдог. Архи уудаггүй, тамхи татдаг байж байгаад гарсан. Би дүүгээ сайн хүн гэж боддог. Яагаад ийм хэрэгт холбогдсон болохыг мэдэхгүй байна. Этгээд зан авир гаргаад байдаггүй, дуулгавартай, төлөв томоотой дүү байгаа юм гэх мэдүүлэг./хх-ийн 14-15/,

Гэрч Б.Санчирын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

******* бид хоёр ерөнхий боловсролын сургуульд нэг ангид суралцдаг байсан. 2016 оноос эхлэн бид хамтран амьдардаг болсон.

...Би нөхрийгөө бусдын эрх чөлөөнд халдаж биед нь гэмтэл учруулсан талаар өөрөөс нь сонссон. ******* төлөв даруу зантай, үг дуу цөөнтэй, гэр бүлдээ халамжтай. Архи уудаггүй, тамхи татдаггүй муу зуршилгүй сайн хүн гэх мэдүүлэг./хх-ийн 16-17/,

Гэрч *******гийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн:

...*******ийн дагуулж ирсэн залуу нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Тэр залуугаа таксинд явж байхад нь тааралдаж архи авахуулсан гэж байсан. Би түүнийг агсам зантай болохоор нь гэртээ архи уулгаагүй.

2017 оны 04 дүгээр сарын 27-ны өглөө ******* надруу залгаад” та намайг аргалаад унтуулахгүй яасан юм, нөгөө залуу чинь намайг зодсон байна” гэж хэлсэн.

*******тай хамт явсан залуу манайд ирэхээр нь “ чи чинь яагаад эмэгтэй хүн зодсон юм” гэхэд тэр залуу “ тэр эмэгтэй их агсам юм байна лээ, надаас хэрүүл гуйгаад агсам тавиад, би гэрт чинь хүргээд өгье гэхэд машинаас үсэрч буугаад тэгэхээр нь би зодсон юм “ гэж хэлсэн.

******* манайд хэсэг хугацаанд амьдарсан. Хурц ширүүн зантай архи уухаараа их агсам зантай, хүнтэй хэрэлдэж муудалцах гээд байдаг.Согтууруулах ундааны зүйл хэрэглэхээрээ дахиад нэгийг ууя гээд байдаг.

Эрүүлдээ гайгүй зантай хүнтэй нийцтэй, хүнд тусархуу. Ар гэр ахуй амьдралын хувьд сайн биш, нэг хүүхэдтэй хүүхэд нь ахынд нь амьдардаг. Өөрөө ганцаараа амьдардаг. Тээврийн товчооны гуанзанд тогоочоор ажиллаж байгаад Улаанбаатар хот руу ажил хийхээр яваад 2017 оны 04 дүгээр сарын дундуур ирсэн гэсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 51-52/ зэрэг яллах болон цагаатгах талыг нотлох баримтыг шинжлэн судалсан болно.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэрэг бүртгэлтийн шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 27-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан үедээ иргэн *******ийн эрх чөлөөнд халдаж биед нь “хөнгөн” зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-30, 35-36/, хохирогч *******ийн мэдүүлэг /08-09,11-13 /, гэрч *******гийн мэдүүлэг /хх-ийн 51-52/, Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 22/, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 201 дүгээр шинжээчийн “Мөнхтунгалагийн биед зовхи, уруул, хамар, хүзүү, зүүн шуу, баруун зүүн гуяа, шилбэ, зүүн өвдөг, баруун хонго, хэвлийд цус хуралт, зүүн өвдөгт зулгаралт, 1 шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 20-21/, хохирол төлсөн баримт / хх-ийн 47/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******т холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт зүйлчилж яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч ******* нь бусдын бие махбодид “хөнгөн” гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй талаар бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1-д заасан “хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн”, 55.1.3-д заасан “гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураар нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан”, 55.1.9-д заасан “үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн” зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, харин эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-д заасан “согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн”-ийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож ял шийтгэлийг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь хохиролд 450000 төгрөгийг хохирогч *******т төлсөн. Хохирогч ******* нь “...цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” болохоо шүүхийн хэлэлцүүлэгт бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлсэн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол саналгүй, эвлэрсэн” тухайгаа бичгээр хүсэлт гаргасан тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч *******ийн эзэмшлийн 5-н ханатай гэрийг битүүмжилсэн 2017 оны 05 сарын 19-ний өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ахлах хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх 5-н ханатай гэрийг эзэмшигч *******т буцаан олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.4, 297 дугаар зүйлийн 297.4,298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 208 дугаар зүйлийн 208.1.3-д заасныг баримтлан шүүгдэгч ******* овогт ******* *******т холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3-д зааснаар шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн 5-н ханатай гэрийг битүүмжилсэн 2017 оны 05 сарын 19-ний өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ахлах хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх 5-н ханатай гэрийг эзэмшигч *******т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.

5. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шүүгдэгч *******т урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.              

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ