Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 33

 

П.Л нэхэмжлэлтэй иргэний

                                                     хэргийн тухай

 

 

 Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ш.Баттогтох даргалж, шүүгч Ч.Энхтөр, шүүгч Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 520 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Шарга сумын Баянгол багт хаягийн бүртгэлтэй, одоо тус аймгийн Есөнбулаг сумын Индэрт багийн 13-17-11 тоотод оршин суух, Монгол овогт П. Л нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт холбогдох,

Ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч П.Л, Хариуцагчийн төлөөлөгч: Ж.М, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч П.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.Л нь үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тухай гомдол гаргаж Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэн ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалинг нөхөн олгох шийдвэр гарсан билээ. Уг шийдвэр гарсанаас хойш тухайн албан тушаалтан одоо хүртэл шүүхийн шийдвэр биелүүлээгүй байгаа бөгөөд биелүүлэх боломжгүй тухай албан бичиг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүргүүлсэн байна. Иймд миний ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах өдрөөр тасалбар болгон тогтоож өгнө үү. 2017 оны 02 дугаар сарын 21-нд ажлаас чөлөөлөгдсөн. Энэ ажлаас чөлөөлөгдсөн шалтгаанаа үндэслэлгүй гэж Захирааны хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаад анхан шатны шүүхийн шийдвэр 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр гарч ажилд томилогдсон байгаа. Ингээд тухайн 7 дугаар сарын 16-ны өдөр миний цалинг тасалбар болгон олгогдохоор заасан байсан. Үүнээс хойш Захиргааны хэргийн давж заалдах шат, хяналтын шатны шийдвэр гаргаад үүний дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар холбогдох бичиг баримтаа өгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгүүлж өгөөч гэхэд одоо хүртэл ажилд аваагүй. Үүний дагуу 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс өнөөдрийг хүртэл өдрийн цалингаа нэхэмжилж байна. Мөн нийгмийн даатгал,эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгэж өгнө үү? гэсэн нэхэмжлэл гаргасан. Миний ажлын байрны талаар ярьлаа. Эхнээсээ манай байгууллагын бүтцэд байгаагүй гэдэг тайлбар яриад байна. Анхнаасаа намайг Засгийн газрын 55 дугаар тогтоолоор тээврийн авто замыг татан буулгаад Тамгын газарт шилжүүлсэн. Тухайн үеийн дарга удирдлагууд энэ газрын ажилтан гэж намайг тийшээ шилжүүлээгүй. Одоо байгаа бичиг баримтад танай бүтцэд оруул гэсэн юм биш. Удирдлагаар нь хангаад адил чиг үүрэг хэрэгжүүлж байгаа хүнтэй адил цалин тамгын газраас олгож байсан. М.Ууган-Эрдэнэ даргын шийдвэр тамгын газрын ажилтанг хамаагүй хүн халчихсан. Заавал бүтцэд байх гээд байгаа юм биш. Зүгээр чиг үүргээр нь хангаад тэнд нь ажиллаад багаж тоног төхөөрөмж аймгийн нөөц бололцоог ашиглаад ажиллуулж байгаа хувилбар. Харин цалинг тэнд ажиллуулаад захиалагчийн хяналтын зардлаас Тамгын газрын шийдвэрээр гаргаад явж байсан. Газрын харилцаа барилга хот байгуулалтын үндсэн бүтцээс геодиз зураг зүйн газраас ирдэг санхүүжилтээс нь нэг ч удаа цалин авч байгаагүй. Тэгэхээр үүн дээр бүтцийн талаар ярих шаардлагагүй гэж үзэж байна.  Уг шилжүүлэх үйл явцыг тухайн үеийн аймгийн Засаг дарга, тамгын газар бол манай бүтцэд ажиллахад хүндрэл бэрхшээлтэй асуудал байгаа юм байна. Тиймээс цалинг нь орон нутгийн замын сан болон бусад захиалагчийн хяналтын зардлаас шийдвэрлээд ажлын байр нь Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт суугаад хяналт тавих боломжтой гэж үзээд ажиллуулсан. Тэгэхээр цалинг Тамгын газраас захиалагчийн хяналтын зардлаасаа эхний үед шийднэ. Дараагийн үед нь бүтцэдээ  оруулаад явна гэж  эхэлж байсан. М.Ууган-Эрдэнэ бол манай ажилтан гэж ойлгоод халсан. Уг нь Тамгын газрын дарга ч гэсэн тухайн үед хэлэхдээ энэ хүн бол манай ажилтан. Тамгын газар ажиллаж байгаа инженерүүд нь хөгжлийн бодлого хариуцсан инженер гэж байдаг. Талбай дээр  хяналт хийдэг инженер гэж байхгүй. Талбайд  хяналт хийдэг инженерээ газрын харилцаа  хот байгуулалтын газарт байдаг учраас танайд харьяалуулаад явж байгаа болохоос танай бүтцэд оруулсан зүйл байхгүй гэж хэлж байсан. Гэвч буцаагаад тамгын газарт нь шилжүүлэлгүй ажлаас чөлөөлсөн. Энэ чөлөөлсөн хугацаанаас хойш 2018 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатал, эрүүл мэндийн даатгал зэргийг нөхөн  төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Шүүхийн шийдвэр гаргаснаас хойш шүүхийн шийдвэрийг биелүүлэх гэсэн боловч манайд хүндрэлтэй асуудал гарсан. П.Л нь манайд замын хяналтын инженерээр ажиллаж байсан. 2015 онд манай бүтэц орон тоо шинэчлэгдсэн. Тэгэхэд П.Л орон тоо гэж байгаагүй. Саяхан 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр дахин бүтэц орон тоо батлагдсан. Буцаагаад авъя гэхээр бүтэц орон тоонд нь байхгүй. Иймэрхүү хүндэтгэн үзэх шалтгааны улмаас П.Л буцааж авах боломжгүй байсан. Энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр аймгийн Засаг даргын Тамгын газарт удаа дараа албан бичиг хүргэж байсан. Засаг даргын Тамын газраас саяхан шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт албан бичиг хүргүүлсэн байна билээ. Манайд албан ёсоор ингэж шийдвэрлэлээ гэсэн бичиг өгөөгүй. Буцаад ажилд авах гэхээр тиймэрхүү хүндрэлтэй асуудал байна. Тиймээс одоогоор тухайн хүнийг ажилд аваагүй байна. Миний хувьд шүүхийн шийдвэр биелүүлэхтэй холбоглуулан бүтцийн тухай яригдсан. Мөн нэг зүйл дурдахад П.Л замын хяналтын сангаас цалинжуулах нь буруу юм гэсэн аудитын дүгнэлт удаа дараа гарсан. Дотоод аудитын газраас замын хяналтын сангаас хүн цалинжих биш зөвхөн замын хяналтын зардалд зарцуулагдах ёстой. Төсвийн тухай хуулийг буруу хэрэглэсэн байна гэж яригдсан. Буцаагаад тэр ажилд нь авах гэхээр аудит манайд удаа дараа дүгнэлт тавьсан байгаа. Тэгэхээр аудитын тухай хууль, Төсвийн тухай хуулиудыг зөрчих болоод байгаа гэжээ.

 Анхан шатны шүүх:  Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т заасныг баримтлан хариуцагч Говь-Алтай аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газарт холбогдох ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч П. Л нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч П.Л давж заалдах гомдолдоо: Миний бие П.Л нь Говь-алтай аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргахад 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 133/ШШ2018/00520 дугаартай шийдвэр гарсан.

Уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн тухай гомдол гаргаж Захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлүүлэн ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн олгох шийдвэр гаргасныг үндэслэн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзэж бодитойгоор үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсгийн заалтыг хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч П.Л Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговор гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгал нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг шүүх “...нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх хариуцагч нь Говь-Алтай аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалгалзаж буй үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг хариуцагч өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

П.Л нэхэмжлэлтэй хэргийг өмнө давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж, анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар “...Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор...” олгох тухай харилцаанаас үүссэн маргааныг хянан шийдвэрлэхдээ ажилгүй байсан хугацааны олговрыг яаж тооцож тодорхойлсон нь ойлгомжгүй байна гэж дүгнэсэн байхад энэ талаар  нэхэмжлэгчээс тодруулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримтын талаар дахин дүгнэж, уг үйл баримтыг үгүйсгэсэн дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасан “..Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй...” гэснийг зөрчсөн нь буруу гэж үзнэ.

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 27 дугаартай шийдвэрээр П.Л аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын авто зам хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоож, П.Л ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 3.225.535 төгрөгийг аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас гаргуулан шийдвэрлэж шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Нэхэмжлэгч П.Л нь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойшхи хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговороо гаргуулахаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад иргэний хэргийн анхан шатны шүүх хариуцагч нь биш гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.Л 3.225.535 төгрөгийг хариуцагч байгууллага Монгол Улсын Барилга хот байгуулалтын сайдын багцаас гаргуулж олгосон талаар тайлбарлаж буй бөгөөд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хуульд нийцүүлэн хэрхэн биелүүлэх нь хариуцагч байгууллагын үүрэг юм.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 133/ШШ2018/00520 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч П.Л нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Ш.БАТТОГТОХ

 

           ШҮҮГЧИД                                  Ч.ЭНХТӨР

 

                                                                                          Т.ЖАРГАЛСАЙХАН