Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 2021/ДШМ/33

 

 

 

 

 

 

2021         07            05                                          2021/ДШМ/33

 

   Ч.Нид холбогдох

   эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Б.Наранмөнх,

Шүүгдэгч: Ч.Н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Манлайбаяр,

Нарийн бичгийн дарга: С.Уянга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолтой Ч.Нид холбогдох 2138000000116 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Паст овогт Ч.Н, 1975 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар ......................../.

Шүүгдэгч Ч.Н нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар багийн нутаг “Зүүн нуруу Цагаан царам” гэх газарт 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдөр самар түүж явахдаа нэн ховор амьтны жагсаалтад орсон “Хандгай” амьтныг байгалийн жамаар үхсэн байхыг олж, түүний хөлийн арьс болох түүхий эдийг бэлтгэж, гутал хийж өмсөх зорилгоор хадгалж, хууль бусаар ан агнах гэмт хэрэгт холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Паст овогт Ч.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор ан амьтны гаралтай түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нийг 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Нид оногдуулсан 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж, шүүгдэгч Ч.Нид оногдуулсан торгох ялыг гүйцэтгэхийг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар иргэний нэхэмжлэгч нь хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн 2138000000116 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан бор саарал өнгөтэй амьтны арьсаар хийсэн түрүүтэй гутал 1 хосыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсны дараа Ч.Нид буцаан олгох, болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Нид шүүхээс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.Н, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр нар давж заалдах гомдолдоо: ... Шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн, шүүгдэгч Ч.Н миний эрх, хууль ёсны ашиг сонирхолд үл нийцэх шийдвэр болсон байна.

Учир нь: Хөвсгөл аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэхдээ “...Ч.Н нь...нэн ховор амьтны жагсаалтад орсон Хандгай амьтныг байгалийн жамаар үхсэн байхыг олж, түүний хөлийн арьс болох түүхий эдийг бэлтгэж, гутал хийж өмсөх зорилгоор хадгалж, хууль бусаар ан агнах гэмт хэргийг үйлдсэн”-д холбогдуулан шүүхэд шилжүүлсэн байдаг. Харин тус шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...нэн ховор амьтны гаралтай түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэсэн нь үндэслэлгүй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэж, гэм буруугийн санаатай, болгоомжгүй, холимог хэлбэрүүдийн талаар мөн хуулийн 2.3, 2.4 дүгээр зүйлд тодорхой хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль бусаар ан агнах гэмт хэргийн объектив талын үндсэн шинжийг “...тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан...” гэх мэтээр тусгайлан зааснаас үзвэл, зохих “зөвшөөрөлгүйгээр” нэн ховор амьтны гаралтай түүхий эдийг бэлтгэсэн, хадгалсан үйлдэл холбогдол нь хуульд зааснаар тухайн зүйл ангийн гэм буруугийн санаатай хэлбэрт хамаарагдахгүй юм. Өөрөөр хэлбэл, дээрх зохицуулалтаар хуульд заасан тусгай зөвшөөрлийг зөвхөн тухайн амьтныг агнах, барих, гаршуулан тэжээх зэрэгт болон тэдгээрийн гаралтай түүхий эдийг бэлтгэсэн, хадгалсан үйлдэлд хамаатуулахаар заажээ.

Гэтэл Ч.Н миний бие нэн ховор амьтан болох хандгайтай “байгалийн жамаар үхсэн” байхтай таарсан бөгөөд “...анх таарахад...нэг амьтан хажуу тал идээ татчихсан байсан...” гэх мэтээр мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой хэлж мэдүүлсэн.

Хэдий тийм боловч, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна” гэж заажээ.

Тэр ч утгаараа намайг “...нэн ховор амьтны гаралтай түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн, хадгалсан...” гэмт хэрэг үйлдсэнд буюу тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган буруутгаж, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3 дахь хэсэгт “Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг худалдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тухайн сум дахь байгаль хамгаалагч гарал үүслийн тодорхойлолт /цаашид “тодорхойлолт” гэх/ олгоно” гэж заасны дагуу тухайн хэрэг болсон гэх газар буюу Эрдэнэбулган сумын байгаль хамгаалагчаас гарал үүслийн тодорхойлолт авах ёстой байсан гэж үзэж байгаа.

Энэхүү үндэслэлийг би дараах байдлаар үгүйсгэж байна. Тодруулбал, би дээрх хандгайг агнаагүй, харин үхсэн амьтны сэг, зэмтэй тааралдсан төдийгүй бусдад тухайн амьтны түүхий эдийг худалдан борлуулсан үйлдэл, санаа зорилго огтоос байхгүй юм. Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/75 дугаар тушаалын 1 дүгээр хавсралт болох “Ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн гарал үүслийн тодорхойлолт олгох, хяналт тавих журам”-ын 2.1-д “Тухайн сумын улсын байцаагч ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн тодорхойлолтыг олгохдоо тухайн сумын Засаг даргын Тамгын газраас олгосон ахуйн зориулалтаар ан агнах эрхийн бичиг болон үйлдвэрлэлийн зориулалтаар ан агнах гэрээг үндэслэнэ” гэж, 2.7-д “Тодорхойлолтыг зөвхөн ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнасан ан амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдэд олгоно” гэж тус тус зааснаас үзвэл иргэн миний байгалийн жамаар үхсэн нэн ховор амьтнаас авсан дээрх түүхий эдийг авахад уг журам нь хамаарагдахгүй бөгөөд хэн нэгэн албан тушаалтнаас тусгай зөвшөөрөл, тодорхойлолт авах шаардлагагүй юм.

Түүнчлэн Ч.Н миний үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасанд хамаарч байна.

Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 127 дугаартай яллах дүгнэлтээр Ч.Нийг байгалийн жамаар үхсэн нэн ховор амьтан болох “Хандгай” амьтны түүхий эд болох хөл хэсгийн арьс годыг салгаж авч бэлтгэж, хадгалан гутал хийлгэж хууль бусаар ан агнасан гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй, гэмт хэргийн шинжгүй байхад анхан шатны шүүх Ч.Нийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсныг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар “Молцог хандгай /Alces alces/” нь нэн ховор амьтны төрөлд хамаарах хэдий ч уг амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан, тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, нэн ховор амьтны чихмэл, түүхий эд, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлд гэмт хэрэгт тооцохоор хууль тогтоогч хуульчлахдаа гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжээс гадна гэмт хэрэгт тооцох хамгийн чухал шалгуур болох нийгмийн хор аюулыг харгалзан үзэхийг чухалчилсныг анхан шатны шүүх харгалзан үзэхгүйгээр хуулийн зорилго, мөн чанарт бус зөвхөн хэл зүйн талаас нь авч үзэн хэргийг шийдвэрлэсэн буруу болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, мөн зүйлийн 4-д “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй” гэж хуульчилсан.

Шүүгдэгч Ч.Нид холбогдох хэргийн тухайд байгалийн жамаар үхсэн “Хандгай”-н түүхий эд болох хөл хэсгийн арьсыг салган авч бэлтгэсэн, хадгалсан үйлдлийн улмаас бодит хохирол, хор уршиг учраагүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “нэн ховор амьтны түүхий эдийг бэлтгэсэн, ...хадгалсан...” үйлдэл нь мөн хэсэгт заасан “нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан...” үйлдэлтэй хоорондоо шалтгаант холбоотой байх учиртай.

Гэтэл Ч.Нийн дээрх үйлдэлд ийм шинж байхгүйн дээр түүний үйлдэл нь нийгэмд аюулгүй, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй байна.

Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн “...цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Нид холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 2 дахь хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хүлээн авч, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/149 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Нид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ч.Нийг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй  хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                        Б.СОСОРБАРАМ

                                              ШҮҮГЧИД                         Л.ЭРДЭНЭБАТ

                                                                             Н.БАЯРХҮҮ