| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2022/03706/И |
| Дугаар | 101/ШШ2022/04137 |
| Огноо | 2022-10-10 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 10 өдөр
Дугаар 101/ШШ2022/04137
2022 10 10 101/ШШ2022/04137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: О.Б-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: д.о-д холбогдох,
7,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч О.Б, хариуцагч Д.О, гэрч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Д.О нь 2019 оны 10 дугаар сард миний эзэмшлийн хоёр ХОВО машиныг нүүрс тээвэрлэх далангийн ажилд түрээсээр авч ажиллуулж байсан бөгөөд, 25 тонны багтаамжтай түлшний ёмкостийг 7,200,000 төгрөгөөр худалдан авах санал гаргаж би өөрийн зардлаар Улаанбаатар хотоос ачиж Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын Ерөөтийн нүүрсний уурхайд хүлээлгэж өгсөн. Түүнээс хойш мөнгө авах талаар хэлэхэд өгнө, за одоохон гэж хойшлуулсаар сүүлдээ шүүхэд өгчих би төлнө гэж хэлдэг байсан. Хоорондын харьцаа үүсэж ярилцаж тохирсон 25 тоннын ёмкостьны үнийг нэхэмжилж байгаа тул 7,200,000 төгрөгийг гаргуулж өгнө үү.
Тухайн үед 25 тонны бохирын зэвэрсэн ёмкость 3,500,000 төгрөг байсан. Манай ёмкость бол түлш хийхэд боломжтой байсан. Би ёмкостоо авъя гэхэд өвөл болчихсон учраас ачаад явах ганц ч машин байхгүй байна гэж хэлсэн. Манай хоёр ХОВО машинаар наашаа явуулчихсан бол би хүлээгээд л авна. н.Б гэдэг залуу таны ёмкостийг сонирхоод байна зарчих уу гэхээр нь 7,200,000 төгрөгөөр зарж болно гэж утсаар хэлсэн. Би өөрөө ёмкость худалдаж авна гэж хэлсэн.
Манай 2 машин хоосон эргэж явахад ачаад явуулчихсан бол би дахиж ёмкость худалдаж авах хэрэггүй байсан. Бодвол өөрт нь хэрэгтэй болоод авсан байх гэж бодож байна. 2018 оны 12 дугаар сар, 01 дүгээр сард таны ёмкостийн мөнгийг чинь өгөхөөр боллоо гэж хэлсэн.
Д.О дээр эрүү үүсгээд явж байсан боловч таны мөнгийг өгнө гэхээр нь Д.О дээр эрүүгийн хэрэг үүсгэх шаардлагагүй гэж хэлсэн. Би Д.Оад эрүүгийн хэрэг үүсгэсэн бол бүх мөнгөө, ёмкостоо авчих байсан гэж хэлдэг. Эрүүгийн хэрэг үүсэхээс болж бүх мөнгийг чинь өгнө гээд намайг залилсан. 25 тонны хоосон 2 ХОВО машинд ачаад ирэх боломжтой байсан. Ёмкость худалдаж авна гэсэн учраас би авъя гэж хэлээгүй. Хавар нь ёмкость худалдаж авах хэрэгтэй байна, явуулчих гэхэд надад авчирч өгөөгүй. Өнөөдрийн ханшаар ёмкость 9,000,000-10,000,000 төгрөгийн үнэтэй байгаа. Манай эхнэр рүү таны мөнгийг өгөх гэж байна гээд нэхэмжлэх авсан байдаг. Намайг очих болгонд таны мөнгийг өгөх гэж байгаа гэж хэлсээр байгаад 3 жил болж байна. Би ёмкостнийхоо мөнгийг л авмаар байна. Би ёмкость зараад 7,200,000 төгрөгийг гаргаад өгчих гэж хэлсэн. Би ёмкостоо авахгүйгээр мөнгийг нь гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.О Нь В М ХХК-ийн захирал бөгөөд 2019 онд Сүхбааатар аймаг Сүхбаатар сум Ерөөлтийн уурхайгаас Бичигтийн боомт хүртэлх авто замын ажилд Д ч ХХК-ийн захиалгаар ерөнхий гүйцэтгэгчээр ажилласан бөгөөд тухайн үед түрээсийн туслантайгаар ажил гүйцэтгэсэн.
Түрээсийн ажил гүйцэтгэх гэрээнд түрээсийн техник нь түлшийг өөрсдөө бүртгэлжүүлэн зардлын тооцоо хийхээр тохиролцсон болно. Иймд нэхэмжлэгч О.Б өөрийн 25 тонн багтаамжтай ёмкостийг авч очсон бөгөөд захиалагч талаас ажлыг зогсоосон тул тухайн ажил үргэлжлэх боломжгүй болсон. Энэ үед О.Б нь уг ёмкостийг буцаан тээвэрлэх боломжгүй байгаа бөгөөд тээвэрлэлт хийх зардалгүй хэмээн надад уг ёмкостийг 3,000,000 төгрөгөөр худалдан авах санал тависан. Энэ саналыг хүлээн авч төлбөрийг захиалагчийн санхүүжилт олгосоноор төлөх дөлтэйгөөр тохиролцсон боловч захаиалагч талаас санхүүжилт одоог хүртэл хийгдээгүй байгаа.
О.Б одоо 7,200,000 төгрөг нэхэмжилж байгаа нь анх тохирсон үнийн дүнг дахин нэмэгдүүлсэн, мөн захиалагч талаас санхүүжилт хийгдээгүй байгааг удаа дараа тайлбарлан, цар тахлын нөлөөгөөр өөр ажил гүйцэтгээгүй санхүүгийн хувьд хүндхэн байгааг хэлсэн боловч элдвээр доромжилон дайрч давшилсан үйлдэл нь хэрээс хэтэрсэн болно.
Монгол Улсын Шүүхийг үл хүндэтгэн товолсон цагт шүүх хуралдаанд оролцохгүй, шүүхэд тайлбар өгөхдөө илтэд худал мэдээлэл өгч байсан.
Иймд миний бие иргэн О.Бы нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн завшөөрөхгүй байгаа болно. Хэрвээ уг ёмкостийг буцаан авна гэвэл иргэн О.Б одоо ч өөрийн зардлаар очоод авах боломжтой.
О.Б гэж хүнийг би огт танихгүй. 2019 оны 11 дүгээр сард энэ яриад байгаа ажил нь болсон юм. н.Б гэх залуутай 12 хово машиныг ажиллуулахаар нүүрсний уурхайн түр замын ажил хийхээр тохиролцсон. Олон хүн ирээд байхаар нь олон хүнтэй харилцахгүй гээд 12 машин түрээслээд ажилд гарсан. Гэтэл н.Б гэж хүн 12 машинтай орж ирээд урьдчилгаа 130,000,000 төгрөгөө аваад өөрөө тээврээ авах болоод уурхай дээр ажил хийхээр очсон. Тэр хүнтэй хийсэн гэрээ маань тодорхой байгаа. 3,000,000 төгрөгөөр зарна гээд авч явах боломжгүй ёмкостоо надад 7,200,000 төгрөгөөр зарсан гэж худлаа яриад байна. н.Б гэдэг залуу 12 машинтай, 20 жолоочтой, өөрөө тээвэртэйгээ ажил хийж байгаад 12 дугаар сард цас их орохоор нь хавар ажил эхэлнэ, 02 дугаар сарын 20-ны өдөр ажил эхэлнэ гэхээр нь бид нар ажлаасаа буусан юм. Гэтэл 2020 оны 01 дүгээр сард хил хаагаад, өнөөдрийг болтол хөрөнгө оруулалт орж ирээгүй тул уурхай хөдлөөгүй. Би ажиллаж байсан компаниасаа 350,000,000 төгрөгийн авлагатай ажил хийгээд гүйцэтгэчихсэн. Би тэр мөнгөө авчихвал энэ хүмүүст 30,000,000 гаруй төгрөгийн өглөгтэй юм гээд шүүхээр ороод эвлэрлийн гэрээ байгуулаад асуудлаа шийдээд явж байгаа. Дөнгөж сая 9 дүгээр сарын 28-ны өдөр Бичигтийн боомтын хөл хөдөлгөөн нээгдээд эхний ажил дөнгөж эхэлж байна. 2 жил бүтэн зогсчихсон байсан учраас хөрөнгө оруулалт байхгүй, их ажил саатчихсан байгаа. О.Бы ёмкостийг худалдаж авна гэж хэлээгүй. Ёмкость ямар үнэтэй вэ гэж асуухад 3,000,000 төгрөг гэж хэлсэн. Хавар хил хаагдаад төсөл нь бүүр зогсчихсон. О.Бы ёмкостийг ерөөсөө хэрэглээгүй, байсан байрандаа л байгаа. Би О.Бд таны ёмкость байна, та очоод ав гэж хэлсэн. Би машин наашаа, цаашаа явахаар нь ачаад явуулчхаж болно гэхдээ би таны 7,200,000 төгрөг нэхээд байгааг огт ойлгохгүй байна гэж ярьсан. О.Б хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлээд байгаа юм гэв.
Гэрч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Манай нөхөр О.Б 2018 оны 9 сарын дундуур Сүхбаатар аймгийн нэг сум руу ажил гүйцэтгүүлэхээр 3 машинаа явуулсан. 3 машины хоёр нь гайгүй, нэг нь тааруухан машин байсан. Ёмкость хэрэгтэй гэхээр нь Налайхын зам дээрээс ёмкость ачаад явуулсан. Д.Оын компани ажил хийхэд хэрэгтэй гээд ачаад явсан. Д.Оын ярьж байгаагаар тухайн компанийг хариуцаж байгаа хүн юм шиг байсан. 25 тонны ёмкостийг ачаад өгөөд явуулсан. Тэнд очоод хэрэгцээгээ хангаад ажил үүргээ гүйцэтгэсэн. Он гараагүй шинэ жил болоогүй байхад мөнгө төгрөгөө тохиролцоод, сүүлдээ худалдаж авахаар болсон. Одоо ёмкость ч байхгүй, ажлын гүйцэтгэлийн мөнгө ч байхгүй байна. Ажлын гүйцэтгэлийн талаар н.Бтай гэрээ хийсэн гэж байна. Д.Отай утсаар яриад, загнадаг байсан. Намайг та нэхэмжлэхээ явуулчих гэхээр нь 100 айлд байдаг офисс дээр нь очиж нэхэмжлэх өгч байсан. 1000 гаруй км газар руу ёмкостоо явуулсан. Сүүлдээ гар дамжаад н.Бд өгсөн гэж хэлсэн. Одоо Д.О ямар ч мөнгө өгсөн зүйл байхгүй, ёмкость авчирч өгөөгүй. Би ёмкость ачуулахын тулд Налайхын шороон шуурганд зогсоод ачуулж байсан. Ажлын хөлс ч өгсөн юм байхгүй, ёмкость ч өгсөн юм байхгүй. Би Д.Отай утсаар ярьж аймар хэрэлдэж байсан. Би Дамбадаржаа Очирбат гэсэн фэйсбүүкээр чат бичихэд та над руу нэхэмжлэхээ явуулчих гэж хэлсэн. Манайх шиг ёмкость одоо 9,000,000 төгрөг гэв.
Зохигч талууд хэн аль нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, татгалзлаа нотлохоор бичгийн нотлох баримт гаргаагүй.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, шүүх хуралдаанд мэдүүлсэн гэрчийн мэдүүлэг зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч О.Б нь хариуцагч Д.Оад холбогдуулан ёмкостны үнэ 7,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хариуцагч нь ёмкость худалдан авахаар тохиролцсон зүйлгүй тул ёмкостийг байгаа газраас нь нэхэмжлэгч очоод авч болно хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд маргаж байна.
2. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу, худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
4. Талуудын хооронд дээр дурьдсан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсээгүй буюу нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нотлогдохгүй байна.
4.1. Тодруулбал, нэхэмжлэгч нь 25 тоннын багтаамжтай ёмкостийг ачааны 3 автомашины хамт н.Б гэгч хүнд түрээслүүлэхээр тохиролцож, ёмкость болон ачааны автомашинуудыг Сүхбаатар аймаг руу явуулсан үйл баримтын талаар зохигч талууд хэн аль нь тайлбарлаж байх боловч О.Б, Д.О нар нь тухайн ёмкостийг 7,200,000 төгрөгөөр үнэлэн худалдах-худалдан авахаар тохиролцсон гэх үйл баримт тогтоогдсонгүй.
5. Гэвч дээр дурьдаж буй түрээсийн гэрээтэй холбоотой гэх тайлбараар нэхэмжлэгч О.Б болон н.Б гэгч хүмүүсийн хооронд аливаа хэлцэл хийгдсэн, үүрэг хүлээсэн үйл баримт бодитоор тогтоогдсон гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй. Гагцхүү, ёмкость худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 7,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар нэхэмжлэгч О.Б, хариуцагч Д.О нарын хооронд хэлцэл хийгдсэн эсэх, тухайн хэлцлийн дагуу хүлэээсэн үүргийн зөрчил бий эсэхийг дүгнэхэд ач холбогдолтой юм.
6. Д.О нь О.Бы өмнө Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан үүрэг хүлээгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.-т тухайлан заасан, нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй этгээд биш болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдож байх тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
7. Зохигч талуудын хэн аль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, хариуцагч Д.Оад холбогдох 7,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Бы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 130,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА