| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 302/2025/0078/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/130 |
| Огноо | 2025-05-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 2025/ШЦТ/130
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.М,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч С.А,
Шүүгдэгч Ж.Е, З.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Жовогт Жийн Е, Ит овогт Зеийн А нарт холбогдох 2513000000090 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэнд дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар /Цагаан эрэг/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ж ургийн овогтой Жийн Е, регистрийн дугаар:
2. Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Цагааннуур тосгоны Засаг даргын Тамгын газарт жолооч ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын .. дүгээр /Цагаан нуур/ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, И ургийн овогтой Зйн А, регистрийн дугаар: ....
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Е нь 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар /Цагаан эрэг/ багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Жа.гийн гэрт хохирогч З.Аыг “Миний аав, ээжид агсам тавьсан”...” гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд зүүн нүдний алимны салстад цус харвалт, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт, хаван хавдар, баруун чамархай, баруун, зүүн тохойнд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан,
Шүүгдэгч А нь 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар /Цагаан эрэг/ багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.ийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Еыг зодож, түүний эрүүл мэндэд зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн дээд доод зовхинд цус хуралт, бага зэрэг хаван хавдар, духны зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатайгаар учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Е мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.А мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
1.2 Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Ж.Е, З.А нар нь харилцан зодолдож, бие биенийхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэв.
1.3 Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Ж.Е, З.А нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд ял тохирч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлж байгаа тул прокурорын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.
2. Шүүгдэгч Ж.Е нь 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар /Цагаан эрэг/ багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн Ж.ийн гэрт хохирогч З.Аыг “Миний аав, ээжид агсам тавьсан...” гэх шалтгаанаар зодож, түүний эрүүл мэндэд зүүн нүдний алимны салстад цус харвалт, баруун зүүн дээд доод зовхинд цус хуралт, хаван хавдар, баруун чамархай, баруун, зүүн тохойнд зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг,
-Шүүгдэгч А нь 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 2 дугаар /Цагаан эрэг/ багийн нутаг дэвсгэрт иргэн Ж.гийн гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ж.Еыг зодож, түүний эрүүл мэндэд зүүн нүдний алимны салстад цус харвалт, зүүн дээд доод зовхинд цус хуралт, бага зэрэг хаван хавдар, духны зүүн дээд хэсэгт зулгаралт гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал), хохирогч З.А, Ж.Е нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 5, 76, 8, 78 дахь тал), Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Х.Ерболын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 234, 239 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 34-35, 38-39 дахь тал), яллагдагч Ж.Е, З.А нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд (хавтаст хэргийн 61, 71 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
3. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
4. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал буюу шүүгдэгч Ж.Е, З.А нарын үйлдэл тус бүр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
5. Шүүгдэгч Ж.Е, З.А нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
6. Энэ хэргийн улмаас хохирогч Ж.Е, З.А нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдсон бөгөөд хохирогч Ж.Е, З.А нар нь харилцан бие биендээ гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, хоорондоо эвлэрсэн талаар мэдүүлсэн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ж.Е, З.А нараас гаргуулах гэмт хэргийн хохирол, хор уршиггүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 68, 78 дахь тал),
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Ж.Е, З.А нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч Ж.Е, З.А нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
3.Прокуророос шүүгдэгч Ж.Е, З.А нарын хүсэлтийг хангаж, тэдгээрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.
4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Е, З.А нарын тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 (таван зуун тавин) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван тавин мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч Ж.Е, З.А болон тэдний өмгөөлөгч С.А нар хүлээн зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгч нарт прокурорын сонсгосон ялыг оногдуулж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Прокурор болон шүүгдэгч нар нь торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар тохиролцоогүй, шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас шүүгдэгч Ж.Е, З.А нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд сайн дураараа биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ж.Е, З.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж овогт Жийн Е, И овогт Зеийн А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Е, З.А нарын тус бүрт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 (таван зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Е, З.А нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 хоногийн хугацаанд биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Е, З.А нарт сануулсугай.
4. Шүүгдэгч Ж.Е, З.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Шүүгдэгч Ж.Е, З.А нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан ”Энэ хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б