Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2022/04151

 

 

 

 

 

 

 

 

 

2022 10 11 101/ШШ2022/04151

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:  небхс бсб-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: г.у-д холбогдох,

 

5,346,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г.Унь 2019-2020 оны хичээлийн жилд манай сургуультай гэрээ байгуулж өөрийн хүү О.Мыг суралцуулсан.

Манай сургуулийн зүгээс цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын Засгийн газар болон Боловсрол Шинжлэх ухааны сайдын шийдвэрийн дагуу сургалтын хөтөлбөр боловсруулан хичээлийг танхимаар болон цахимаар явуулж сурагчдыг суралцах нөхцөл бололцоог хангаж, багш ажилчид ажиллаж байсан.

Сурагч О.М нь 2019-2020 оны хичээлийн жилд танхимаар болон цахимаар хичээлд бүрэн хамрагдсан бөгөөд түүний эцэг эхийн зүгээс 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 3,500,000 төгрөг, хоолны зардал 96,000 төгрөг нийт 3,596,000 төгрөгийг төлөөгүй, төлбөрийн үлдэгдэлтэй байна. Сургууль, эцэг, эх, суралцагчтай байгуулсан гэрээнд сургалтын төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хоног тутамд 0.3 хувийн алданги төлөхөөр тохиролцсон бөгөөд төлөгдөөгүй сургалтын төлбөрийн алданги 1,750,000 төгрөг байна.

Сурагч О.М нь 2019-2020 оны хичээлийн жилийг дуусгаад манай сургуулиас шилжсэн, түүний эцэг Б.О нь сургалтын төлбөрийг бүрэн төлж барагдуулна гэсэн хүсэлтийг сургуулийн захиргаанд гаргаж байсан боловч өнөөдрийг хүртэл огт төлбөр төлөөгүй байна.

Иймд сурагч О.Мын 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 3,500,000 төгрөг, алданги 1,750,000 төгрөг, хоолны зардлын үлдэгдэл 96,000 төгрөг, нийт 5,346,000 төгрөгийг түүний эх Г.Угаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь ХБДС, эцэг эх, суралцагчтай байгуулах гэрээг тус шүүхэд гаргаж өгсөн ба уг гэрээгээр 2018-2019 оны хичээлийн жилд хувийн зардлаар сургуулийн удирдах зөвлөлийн шийдвэрийн дагуу 2,800,000 төгрөгийн төлбөртэй суралцуулахаар тохиролцсон.

2018-2019 оны хичээлийн жилийн төлбөр 2,800,000 төгрөг төлсөн, 2018-2019 оны хичээлийн жилийн төлбөрийн хувьд маргаан байхгүй. Харин 2019-2020 оны хичээлийн сургалтын төлбөрийн асуудлаар маргаантай, хүлээн зөвшөөрөхгүй байна.

Өмнөх гэрээ болох ХБДС, эцэг эх, суралцагчтай байгуулах гэрээг нэхэмжлэгчээс тус шүүхэд гаргаж өгсөн гэрээний хувьд уг гэрээг хэзээ байгуулсан эсэх тодорхойгүй, тамгагүй хуулийн шаардлага хангасан гэрээ гэж үзэхгүй, уг гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.

Харин дараагийн жил буюу 2019-2020 онд бидний хооронд ХБДС, эцэг эх, суралцагчтай байгуулах гэрээг шинээр байгуулаагүй тул бидний хооронд гэрээний харилцаа үүсээгүй юм.

Нөгөө талаар дээрх гэрээ хуулийн шаардлага хангаагүй тул гэрээний 6.1.5-д заасанчлан гэрээ албан ёсоор сунгагдаагүй буюу сунгагдах боломжгүй гэж үзэж байна.

Миний хүү О.М нь 2019 оны эхний улиралд хичээлд суусан ба энэ хугацааны сургалтын төлбөрийг 3 сар буюу эхний улирлаар тооцож, (2019-2020 оны хичээлийн жилийг 9 сар гэж үзэж) 1,166,666 төгрөг төлөхийг зөвшөөрнө, үлдэх сургалтын төлбөрийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Хоолны зардлын үлдэгдэл гэх 96,000 төгрөгийг ХС-д төлсөн тул зөвшөөрөхгүй.

Мөн алданги гэх 1,750,000 төгрөгийг төлөх хууль зүйн үндэслэлгүй, учир нь бидний хооронд гэрээ байгуулагдаагүй, миний хүү 1-р улирлаас хойш тус сургуульд сураагүй.

Мөн нөгөө талаар улс даяар ковид цар тахлын улмаас хөл хорионд бүх нийтээрээ байсан, ялангуяа би цар тахлын үед жирэмсэн, ажилгүй, цалин орлого байхгүй байсан болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 1,166,666 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрнө, үлдэх шаардпага болох 4,179,333 төгрөгийг хүлээн зөвшөөрөхүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхдээ шилжүүлэхээр болж сургуулиас хүүхдийнхээ бичиг баримтыг авъя гэхэд сургууль сургалтын төлбөр төлөөгүйгээр барьцаалаад өгөөгүй тул аргагүйн эрхэнд сургалтын төлбөрийг барагдуулах тухай хүсэлтийг гаргаж өгч байж бичиг баримтаа авсан. Зөвшөөрч байгаа мөнгөн дүн нь Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолоор 2,800,000 төгрөгийг 4 сарын хугацаанд тооцоход 1,244,444 төгрөгийг сургалтын төлбөрт төлөхийг зөвшөөрч байна, алданги төлөхгүй. Хоолны төлбөр 96,000 төгрөгийг төлсөн гэв.

 

Нэхэмжлэгч талаас хэрэгт хавсаргасан нотлох баримтууд:

1.    Сурагч О.Мын хууль ёсны төлөөлөгчтэй 2018-2019 оны хичээлийн жилд байгуулсан ХБДС, эцэг эх, суралцагчтай байгуулах гэрээ хх-12

2.    Х сургуулийн санхүүд гаргасан б.О хүсэлт болон иргэний үнэмлэхийн лавлагаа. хх-13

3.    Сурагчийн хоол, унааны төлбөрийн хүснэгт. хх-14-15

4.    Сурагчдын хоолны ирцийн бүртгэл. хх-16-17

5.    Сурагч О.М 2019-2020 оны хичээлийн жилд суралцаж төгссөн тухай 2021.10.13 огноотой сургалтын менежерийн тодорхойлолт хх-34

 

Хариуцагч талаас хэрэгт хавсаргасан нотлох баримтууд:

1.    Хариуцагчин бичгээр гаргасан хариу тайлбар хх-27

2.    Хариуцагчаас Б.Дд 2022.10.11-ний өдөр олгосон итгэмжлэл хх-33

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч небхс бсб нь хариуцагч Г.Уд холбогдуулан, сурагч О.Мын 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр 3,500,000 төгрөг, алданги 1,750,000 төгрөг, хоолны зардал 96,000 төгрөг, нийт 5,346,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гарасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын 1,244,444 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч, талууд маргаж байна.

2. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.

3. Нэхэмжлэгч нь сурагч О.Мын хууль ёсны төлөөлөгчтэй 2018-2019 оны хичээлийн жилд байгуулсан ХБДС, эцэг эх, суралцагчтай байгуулах гэрээ-г нотлох баримтаар гаргасан ба 2019-2020 онд сурагчийн хууль ёсны төлөөлөгч гэрээнд гарын үсэг зураагүй буюу гэрээ бичгээр байгуулаагүй хэмээн тайлбарлаж байна.

4. Хариуцагч нь 2019-2020 онд гэрээг шинээр байгуулаагүй тул гэрээний харилцаа үүсээгүй, гэрээ албан ёсоор сунгагдаагүй, сурагч О.М 2019 оны эхний улиралд хичээлд суусан ба 2018-2019 оны хичээлийн жилд байгуулсан гэрээнд заасан 2,800,000 төгрөгийг Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолоор, 4 сарын хугацаанд тооцож 1,244,444 төгрөгийг төлнө, алданги төлөхгүй, хоолны мөнгийг төлсөн хэмээн маргасан.

5. Сурагч О.М 2019-2020 оны хичээлийн жилд тус сургуулийн 4а ангид суралцаж, төгссөн болох нь ХБД сургуулийн сургалтын менежерийн 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн тодорхойлолт болон зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

6. Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Монгол Улсын засгын газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолын 6 дахь заалтаар Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын хөтөлбөрийн агуулгаар сургалтын үйл ажиллагааг цахимаар зохион байгуулах арга хэмжээ авахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд, Харилцаа холбооны зохицуулах хороо, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газарт тус тус даалгасан байх бөгөөд нэхэмжлэгч ХБД сургуулийн хувьд цахимаар зохион байгуулах тус арга хэмжээ авсан эсэх талаар зохигч маргаагүй, харин сурагч О.М дээр дурьдсанаар суралцаж 4 дүгээр анги төгссөн үйл баримт тогтоогдсон.

7. Өөрөөр хэлбэл, хариуцагчийн татгалзлын үндэслэлд дурьдаж буй Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 30 дугаар тогтоолоор, 4 сарын хугацаанд тооцож 1,244,444 төгрөгийг төлнө гэх тайлбар үндэслэлгүй байна.

8. Тус сургуулийн 2018-2019 оны хичээлийн жилд 3а ангийн сурагч О. овогтой М-ийн хууль ёсны төлөөлөгч Г.Утай байгуулсан ХБДС, эцэг эх, суралцагчтай байгуулах гэрээ-нд сургалтын төлбөрийг 2,800,000 төгрөгөөр тохиролцсон байх ба тус гэрээний 6.1.5-д Тус гэрээ нь нэг жилийн хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд энэхүү гэрээг хичээлийн жилийн эцсээр гэрээ байгуулагч татгалзах санал гаргаагүй тохиолдолд гэрээ албан ёсоор сунгагдана. гэж заасан, сурагч О.М 2019-2020 оны хичээлийн жилд анги дэвшин суралцаж 4а ангийг төгссөн тул гэрээнд заасны дагуу 2019-2020 оны хичээлийн жилд хариуцагч тал 2,800,000 төгрөгийг төлөх үүрэгтэй.

9. Талуудын хооронд хийгдсэн дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

9.1. Тодруулбал, сургуулийн зүгээс санал болгож буй хувийн зардлаар суралцах сургалтын үйлчилгээг сурагчийн эцэг, эх, хууль ёсны төлөөлөгч нь сайн дурын үндсэн дээр зөвшөөрч, харилцан тохиролцож гэрээ байгуулсан, сурагч суралцаж сургалтын үйлчилгээ авсан дээрх үйл баримт нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан Худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулжээ.

10. Харин, 2018-2019 оны хичээлийн жилд байгуулсан ХБДС, эцэг эх, суралцагчтай байгуулах гэрээ-ний 6.1.5-д зааснаар гэрээ сунгагдсан хэдий ч 2019-2020 оны хичээлийн жилийн сургалтын гэрээг бичгээр байгуулаагүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлйн 232.3.Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ., Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10.Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус... гэж зааснаар алданги шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

10. Нэхэмжлэгч, сурагчийн эцэг Б.О 2019 оны сургалтын төлбөр 3,500,000 төгрөгийг хоёр хувааж төлөх хүсэлт гаргасан хэмээн 3,500,000 төгрөгийг алдангийн хамт шаардсан нь үндэслэлгүй.

10.1. Хавтаст хэргийн 13 дугаар талд авагдсан Б.О миний хүү О.М нь 2019 оны төлбөр төлөгдөөгүй тул төлбөрийг хоёр хувааж төлөх хүсэлтэй байна 10 сарын 01-нд 2,000,000, 12 сарын 01-нд 1,500,000 төгөг төлнө. Иймд хүсэлтийг хүлээн авч хувийн хэргийг нь олгоно уу гэх хүсэлтийг ХС-ийн санхүүд хэмээн хаягласан, 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр нотариатаар гэрчлүүлсэн зэргээс үзэхэд, 2019-2020 оны хичээлийн жилд байгуулах гэрээг сургууль болон эцэг эхийн хооронд байгуулсан гэж үзэх үндэслэлгүй, харин сурагчийн хувийн хэрэг-ийг авах зорилгоор уг хүсэлтийг бичсэн гэх хариуцагчийн тайлбарыг бодьтой гэж үзэхээр байна.

10.2. Тодруулбал, сурагчийн эцгийн зүгээс сургуулийн санхүүгийн албанд хаягласан дээрх хүсэлт нь 2019-2020 оны хичээлийн жил дууссанаас хойш 2020-2021 оны хичээлийн жил эхэлсэн үед бичигдсэн, хэлцэлд төлөөлөх эрхтэй эсэх нь тодорхойгүй этгээдэд хандсан, хэлцлийн шинжийг агуулаагүй буюу Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно. гэж заасантай харшилжээ.

11. Хоолны зардал 96,000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд, хэрэгт авагдсан сурагчдын хоолны ирц болон хоол унааны төлбөрийн хүснэгтэд тусгагдсан мэдээллийг бодьтой гэж үзэх үндэслэлгүй, төлбөрийн тооцоолол, эх сурвалж тодорхойгүй тул уг шаардлагыг хэрэгсэхгүй болгоно. Гэхдээ хариуцагч нь уг хоолны төлбөрийг төлсөн гэх боловч нотлох баримтаа шүүхэд гаргаагүйг дурьдах нь зүйтэй.

11.1. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд хэлэлцэгдэж буй нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэйг дурьдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь: 

1.               Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.3-т тус тус заасныг баримтлан, хариуцагч Г.Угаас 2,800,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч небхс бсб-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,546,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 100,486 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Угаас улсын тэмдэгтийн хураамж 59,750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч небхс бсб-д олгосугай. 

3.               Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА