Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2022/04174

 

 

 

 

 

 

 

 

2022 10 12 101/ШШ2022/04174

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: ц.н -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:  Д.Э-т холбогдох

 

1,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байранд нэг орцонд амьдардаг Д.Э нь 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр мөнгөний хэрэг гарлаа, маргааш цалин бууна гэж гуйгаад миний 925 сорьцтой, эртний цутгамал хийцтэй, мөнгөн бүсийг авч, Үлэмж нэртэй хүнсний дэлгүүрт барьцаанд тавиад буцааж авч өгөлгүй өдийг хүрлээ. 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр түүний дүү гэх эмэгтэй нь бүсний мөнгө гээд 100,000 төгрөгийг миний эхнэрийн дансанд шилжүүллээ гэж 91111111 дугаартай утсаар мессеж бичсэн. Д.Э дэлгүүрээс миний бүсийг аваад явсныг дэлгүүрийн худалдагч мэдэж байгаа. Тэр дэлгүүрийн худалдагч гэртээ хүүхдээ хараад байж байгаа. Миний мөнгөн бүсний үнэ одоогийн зах зээлийн ханшийн дагуу 1,600,000 төгрөг болно. Хариуцагчаас 1,600,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Д.Э миний бие нэхэмжлэгчийн тайлбарт дурсан шиг 2021 оны 3 сарын 17-ны өдөр Ц.Нгийн мөнгөн бүсийг аваагүй. Тухайн үед болсон явдлын талаар дурдвал, Ц.Н бас нэг залуу /Ц.Н тэр хоёр бие биенээ таньдаг/ байсан би тэр хоёрт нэг шил архи авч өгөөд гурвуулаа уугаад Ц.Н гэр лүүгээ орсон. Тэгээд намайг байрны гадаа сууж байсан чинь Ц.Н орцноос гарч ирээд хажууд суугаад юм ярьж байснаа миний бүсийг дэлгүүрт тавиад архи аваад өг, би өөрөө маргааш мөнгийг нь төлөөд авна гэж хэлэхээр нь надад өгөхгүй гэж хэлсэн чинь хажууд байсан манай энэ хавийн байрны залуу Ц.Нтэй ярилцаж байснаа бүсийг нь аваад явсан.

Тэрнээс хойш юу болсоныг би мэдэхгүй. Ойролцоогоор 7 хоногийн дараа Ц.Н бүсээ хаана тавьсан билээ гээд надаас асуусан. Тэгэхээр нь би хамт гарч ойр хавийн дэлгүүрээс асуусан боловч олдоогүй. Харин ч намайг мөнгөн бүс авсан гээд тухай үедээ шалгуулна гээд цагдаагийн байгууллагад өгч байсан. Тэгээд Үлэмж дэлгүүрийн хүн болохоор нэг залуу бүс бариад явж байсан гэхдээ би аваагүй гэж хэлсэн. Бүс тавих гэж явсан хүний гэрийн хаягийг нь асууж мэдээд очиход тэр хүн нас барсан байсан. Тухайн үедээ намайг хамт байснаараа бүсний үнийг төл гээд эхнэртэйгээ нийлж намайг дарамтлаад байсан бөгөөд аргагүйн эрхэнд би 200,000 төгрөг өгсөн. Тэр үеийн ханшаар мөнгөн тоногтой бүс нэг зуун тавин мянга орчим байсан. Иймд би энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би бүсийг нь аваагүй байж мөнгө төлж байсан.

Нэхэмжлэл дээрээ 925 сорьцтой мөнгөн бүс гэж бичсэн байна. Энийг яаж нотолж байгаа юм бол. Миний хувьд гэрээсээ орж гарахад сэтгэл санааны дарамттай байдаг болсон Ц.Н болон эхнэр нь байрны орцны үүдэнд тааралдах болгондоо намайг хэл амаар байнга доромжилдог. Ц.Н болохоор чи муу гуйлгачин гөлөгөө энэ тэр гээд л, эхнэр нь болохоор чи манай шоронд оров оо, хохьчино шүү би шүүхийн шийдвэрт ажилладаг, чам шиг юмыг яасан ч яадаг юм гэх мэтчилэн элдэв янзын муу үгээр хэлдэг. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Д.Э бүсийг нь авсан гэх баримт алга. Нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгоно уу гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Д.Эт холбогдуулан мөнгөн бүсний үнэ 1,600,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь 2021 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Д.Эийн гуйснаар, өөрийн мөнгөн бүсийг дэлгүүрт барьцаанд тавихыг зөвшөөрч өгсөн хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаан ба хариуцагч нь тухайн үед нэхэмжлэгч Ц.Н болон түүнтэй хамт байсан хүнд архи авч өгч, гурвуулаа хамт архиа уусан, Ц.Н бүсээ дэлгүүрт барьцаанд тавьж архи авахыг санал болгосон, хамт архи уусан хүн нь бүсийг аваад явснаас хойш юу болсныг мэдэхгүй, бүсийг нь би аваагүй боловч дарамттай байсан тул 200,000 төгрөгийг Ц.Нд төлсөн хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж мэтгэлцсэн.

Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг зохицуулсан Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан, эрх үүрэг үүсгэхээр харилцаа талуудын хооронд үүсээгүй, хариуцагч Д.Э нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Зохигч талууд хэн аль нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, нэхэмжлэлийн шаардлага, татгалзал түүнтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж цуглуулан, шүүхэд нотлох үүргээ биелүүлээгүй.

Нэхэмжлэгчийн нотлох баримтаар гаргасан, Хаан банк дахь 2222222222 дугаартай Баасан Булган эзэмшигчтэй дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд, 5555555555 дугаартай данснаас 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 100,000 төгрөгийг 911111111 бүсний мөнгө утгаар шилжүүлсэн байх боловч хариуцагч Д.Э нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурьдсанаар тухайн мөнгөн бүсийг авсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Тодруулбал, мөнгөн бүсийг аваагүй атлаа, нэхэмжлэгчийн дарамтаас болж бүсний мөнгө хэмээн 200,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэх хариуцагчийн тайлбар, 100,000 төгрөгийг дансаар шилжүүлсэн зэрэг нь нэхэмжлэлийн үндэслэлд дурьдсанчлан Ц.Нн бүсийг Д.Э авсан гэх үйл баримтыг хөдөлбөргүй тогтоохгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан, хариуцагч Д.Эээс 1,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Нн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Нн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 40,550 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА