| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2022/03925/И |
| Дугаар | 101/ШШ2022/04346 |
| Огноо | 2022-10-20 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 20 өдөр
Дугаар 101/ШШ2022/04346
2022 10 20 101/ШШ2022/04346
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г ХХК -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б.Г -д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 14,970,971.99 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, хариуцагч Б.Г, хариуцагчийн өмгөөлөгч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Г нь 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр Г ХХКтай ЗГ1235120124 тоот Зээл барьцааны гэрээ байгуулж 12,680,000.00 төгрөгийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлж авсан. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 449 хоног хугацаа хэтрүүлэн банкыг хохироож байгаа бөгөөд зээлийн гэрээний 4.4.1-д заасныг үндэслэн банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна. 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд: Үндсэн зээлийн төлбөрт 11,683,500.31 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 3,200,938.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 86,533.28 төгрөг, нийт 14,970,971.99 төгрөгийн өртэй байна. Зээлдэгч Б.Гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 14,970,971.99 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж Г ХХКинд олгуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Г ХХКнаас 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр цалингийн зээл авч байсан бөгөөд 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Цалингийн зээл нь миний үндсэн цалингаас дээрх зээлийг төлөх байдлаар зээлийн гэрээний үүргээ гүйцэтгэдэг байсан бол ажлаас чөлөөлөгдөж, цалин, орлогогүй болсноос хойш зээл төлөхөд хүндрэлтэй болж, зээлийн гэрээний үүргээ зөрчихөд хүргэсэн. Миний хувьд өнөөдрийг хүртэл тодорхой эрхэлсэн ажилгүй, бага насны хоёр хүүхэдтэй учраас дээрх зээлийг банкны шаардсанаас төлж чадахгүй нөхцөл байдал үүссэн бөгөөд банк нийт 3,200,938 төгрөгийн хүү, 86,533 төгрөгийн нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байгаа нь надад хүнд байна. Иймд хуульд заасны дагуу миний одоогийн цалин, орлогын байдал, тодорхой эрхэлсэн ажилгүй байгааг харгалзан үзэж нийт хүүгийн 50 хувийг багасгаж өгөхийг хүсч байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Г зээл авсан талаар маргахгүй. Уг зээл нь цалингийн зээл олгох хэлбэрээр олгосон зээл. Барьцаанд цалингийн карт байгаа. Энэ зээл төлөгдөх боломжгүй, доголдож эхэлсэн шалтгаан нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгоод албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Үүнээс хойш Б.Г нь ямар нэгэн байдлаар ажиллаагүй, цалин орлогогүй өнөөдрийг болтол явж байна. Энэхүү баримтыг нотлох баримтын шаардлага хангуулан шүүхэд гаргаж өглөө. Г ХХК-д ажлаас халагдсан тул зээл төлөх боломжгүй талаараа мэдэгдсэн. Зээлийн гэрээн дээр зээлдүүлэгч тал, зээлдэгч тал эрх, үүрэг хүлээж оролцож байгаа. Барьцааны гол зүйл болсон цалин байхгүй болсон талаар 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр банк мэдсээр байж 2 жил гаруй хугацааны дараа шүүхэд хандаж байгаа нь Б.Гт зээлийн хүүгийн дарамт үүсч байгаа. Зээлдэгч зээлийг буцаан төлөх боломжгүй болсон бол зээлийг цуцалж, нэн даруй мэдэгдэж зээлийг төлүүлэх талаар арга хэмжээ авна гэсэн эрх байсан. Энэ эрхээ хэрэгжүүлээгүй учраас Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2-т зааснаар хүүгийн хэмжээг 50 хувиар багасгаж, 1,600,469 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үндсэн зээлийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүн дээр маргахгүй. Зээлийн гэрээний 3.1.5-т ажлын байр солигдсон тохиолдолд мэдэгдэх үүрэгтэй гэж заасан байгаа. Ажлаас чөлөөлөгдсөн бол ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг авчирч өгнө, эсхүл мэдэгдэнэ гэж гэрээнд тусгагдаагүй байгаа. Тэр ч утгаараа Б.Г ажлаас чөлөөлөгдсөнийхөө дараа Г ХХКанд мэдэгдэж, зээл төлөх хугацааг хойшлуулж өгөхийг мэдэгдсэн байдаг. Г ХХК нь тухайн үед Б.Гыг ажиллуулж байсан ажил олгогчтой нь хамтран ажиллах гэрээ байгуулж, хамтран ажиллах гэрээнийхээ дагуу тухайн байгууллага нь ажилтныг ажлаас халсан тохиолдолд эсхүл цалин хөлс буурсан тохиолдолд банканд мэдэгдэх үүргийг байгууллага хүлээдэг юм байна. Ажлаас халагдсан талаар мэдэгдээгүй учраас тухайн үед шүүхэд нэхэмжлэл гаргаагүй талаар хэлж байна. Банк нь Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан байдаг. Зээлдэгч зээлээ төлж чадахгүй, цалин хөлсгүй болсон талаар мэдэгдсэний дараа жил гаруй хугацааны дараа шүүхэд хандаад түүний хуримтлагдсан хүү нь 3,200,938 төгрөг болсон байгаа. Хүндэтгэн үзэх шалтгаан Б.Гт үүсэж, ажлаас чөлөөлөгдсөн байх тул шүүхээс эрх хэмжээнийхээ хүрээнд нийт хүүний 50 хувь буюу 1,600,4690 төгрөгийг чөлөөлж хасаж өгөөч гэж хүсэж байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Г ХХК нь хариуцагч Б.Гт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт, үндсэн зээлийн төлбөр 11,683,500.31 төгрөг, үндсэн хүүний төлбөр 3,200,938.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 86,533.28 төгрөг, нийт 14,970,971.99 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч нь зээлийн үндсэн хүүг тал хувиар багасгахыг шүүхээс хүсч, банк зээлдэгчийг цалингийн орлогогүй болсныг мэдсэн атлаа зээлийн гэрээг цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргахгүй хугацаа өнгөрөөсөн гэх тайлбар гаргаж, хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг эс зөвшөөрч талууд маргаж байна.
3. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
4. Г ХХК нь Б.Гтай 2020 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 1235120124 дугаартай, Зээл болон барьцааны гэрээ байгуулж, 12,680,000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар, зээлдэгчийн цалингийн орлого болон 11111111111 дансны дугаар бүхий картын ба бусад орлогыг барьцаа болгожээ.
5. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд: Үндсэн зээлийн төлбөрт 11,683,500.31 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 3,200,938.40 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 86,533.28 төгрөг, нийт 14,970,971.99 төгрөгийн төлбөр үүссэн болох нь зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга, Хүү тооцооллын хүснэгт зэргээр тогтоогдож байна.
6. Хариуцагч Б.Г 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр тасалбар болж албанаас халагдсан тухай Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 4444 дугаартай Мэдэгдэх хуудас хэрэгт авагдсан.
7. Гэвч ажлаас чөлөөлөгдөж, цалин орлогогүй болсноо банкинд мэдэгдсэн, цалин орлогогүй болсон зээлдэгчийн зээлийн буцаан дуудах үүргээ банк хэрэгжүүлээгүй хэмээн үндсэн хүүгийн тал хувийг бууруулахыг шүүхээс хүссэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.
8. Тодруулбал:
8.1. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
8.2. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар гэрээг байгуулах нь талуудын эрх боловч нэгэнт байгуулагдсан гэрээнээс татгалзах, цуцлах тохиолдолд нөгөө талын хүсэл зоригийг харгалзах журамтай.
8.3. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж, мөн 221.3-д гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцлаж болно гэж тус тус зохицуулсан.
9. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан, хариуцагч Б.Гаас зээлийн гэрээний үүрэгт 14,970,971.99 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 232,805 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гаас улсын тэмдэгтийн хураамж 232,805 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА