| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2022/05027/И |
| Дугаар | 101/ШШ2022/04391 |
| Огноо | 2022-10-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2022/04391
2022 10 24 101/ШШ2022/04391
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Н СӨХ -ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Л/-д холбогдох,
427,868 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Ц, хариуцагч Д.Л, хэлмэрч ж.р , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н СӨХ -ны 30 дугаар байрны 192 тоотын өмчлөгч Д.Л нь 2020 оны 9 дүгээр сараас 2022 оны 8 дугаар сар хүртэлх хугацааны СӨХ-ны төлбөр болох 427,868 төгрөгийг төлөөгүй хуримтлуулсан.
Иргэний хуулийн 147 дугаар зүйл, 148.2.3 дахь заалт, 149.1.2 дахь заалт, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13.2.3 болон 13.3 дахь заалт 16 дугаар зүйлийн хэрэгжилтийг хангаж сууц өмчлөгчийн үүргээ биелүүлээгүй байгаагаас тус байрны 242 суугч өмчлөгчийн эрх ашиг зөрчигдөж байна. Нарлаг Сансар сууц өмчлөгчдийн холбоо санхүүгийн хүнд нөхцөл байдалд орж, хэвийн үйл ажиллагаа алдагдаж байна.
Иймд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4.4 дэх хэсэг болон Иргэний хуулийн 148.2, мөн хуулийн 149.2 дахь хэсэгт заасны дагуу Их тойруу 30 дугаар байрны 119 тоот сууц өмчлөгч Д.Лгаас СӨХ-ны төлбөр болох 427,868 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Их тойруу 30 дугаар байрны чанар онц муу. Гар утсанд байнга хөндлөнгөөс оролцож дуудлага, мессежний орох ба гарах сүлжээг хаасан. 2013 оноос нокиа, 2015 оноос самсунг, 2020 оноос самсунг галакси ж2 төхөөрөмж тавьж утасны нэгж, урамшуулал хулгайлна, ярианы дундуур тасална. 30 дугаар байрны 2 дугаар орцны дээвэр дээрх антенн дээшээ харуулж байрлуулсан, уг нь доош харуулах учиртай. Байрны дотор монтажид мобиком нууц станц холбож, камер холбож намайг хаа явсан газар мөрдөж, хохирол учруулсаар ирсэн. Хэрэглэгчдэд үйлчлэх 3 дугаар төвийн ажилтнууд халуун, хүйтэн усны заалтыг сольж бичиж, илүү мөнгө авдаг, халуун, хүйтэн усны хэмийг зохих түвшинд өгдөггүйг заргалдаж, зогсоолгосон. СӨХ-ны төлбөрийн тариф маргаантай, гүйцэтгэх захирал яаж цалинждаг нь эргэлзээтэй.
СӨХ 10 дугаар сард гэнэт төлбөрөө нэхсэн. СӨХ-ны төлбөр 16,300 гэж байгаад 25,300 төгрөг болчихсон. Оршин суугчдын хурал дээр 10 гаруй л айл оролцсон. Үүнийг би хууль зөрчсөн асуудал гэж үзэж байгаа. Байр ашиглалтад орсон өдрөөс мөнгө төлөхгүй байсан удаа 3 удаа гарсан. Оршин суугчийн хувьд миний тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байгаа учраас мөнгө төлөхгүй гэж хэлсэн. Салхивч агааржуулалт ажиллахгүй байгаа. 1 дүгээр орцныхыг янзлуулсан байж манайхыг янзлуулахгүй байгаа учраас би зөвшөөрөхгүй байгаа. Цонх, хананы хооронд зай гараад байнга салхи үлээдэг. Чанартай холбоотой асуудлаа СӨХ-ны даргад хэлэхэд юу ч хийгээгүй. Агааржуулагч ажилладаггүй учраас өвөлдөө бүгчим байдаг. Оршин суух ая тух алдагдсан. Цонх онгойлгочихоор байнга хүйтэн агаар орж ирдэг. Шуургатай өдөр гэр дотор тоос, шорооны асуудал үүсдэг.
СӨХ-ны хуралд бүх гишүүд оролцдоггүй, бүх оршин суугчид зөвшөөрсөн гэдэг нь худлаа. 25,300 төгрөг гэж тогтоосон баримт байхгүй. Тооцооллыг буруу гаргасан байна. Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н СӨХ нь хариуцагч Д.Лд холбогдуулан, СӨХ-ны төлбөр 427,868 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч талууд маргаж байна.
Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг эс зөвшөөрч буй тайлбараа нотлох баримтаар нотлоогүй ба хариуцагчийн тайлбар нь нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй асуудлаар СӨХ-ны төлбөр төлөхөөс татгалзсан агуулгатай байна.
Хариуцагч Д.Л нь Н СӨХ -ны үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, Их тойруу, 30 дугаар байр, 192 тоот хаягт оршин суугч мөн бөгөөд тухайн орон сууцны өмчлөгч мөн эсэх талаар талууд маргаагүй тул дээрх орон сууцны үйлчилгээний төлбөр, СӨХ-ны хураамжийг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 болон Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-д зааснаар төлөх үүрэгтэй.
Нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргасан Н СӨХ -ны Их тойруу 30 дугаар байрны 192 тоот сууц өмчлөгчийн хуримтлагдсан төлбөрийн жагсаалтад 192 тоотын сууц эзэмшигч Д.Рая 2020 оны 9 дүгээр сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд сар бүр 16,333.43 төгрөг, 2022 оны 5 дугаар сараас мөн оны 8 дугаар сар дуустал хугацаанд сар бүр 25,300 төгрөг, нийт 42,868.60 төгрөгийн төлбөр гарсан талаар тусгасан байх ба хариуцагч нь СӨХ-ны хуралд бүх оршин суугчид оролцоогүй, төлбөр тогтоосон баримтгүй, тооцоолол буруу гэж маргаж байх боловч уг тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, холбогдох нотлох баримтыг бүрдүүлж цуглуулах талаар шүүхэд хүсэлт гаргаагүй.
Мөн түүнчлэн, дээрх төлбөрийн жагсаалтад 192 тоотын сууц эзэмшигч Д.Р гэж тусгагдсаныг хариуцагч зөвшөөрсөн буюу тухайн орон сууцыг өөрийн болон төрсөн эгчийн өмч хэмээн тайлбарласан, СӨХ-ны үйл ажиллагаанд гомдолтой тул СӨХ-ны төлбөрийг төлөхгүй хэмээн маргаснаас үзэхэд, нийт 427,868.60 төгрөгийн төлбөрийн тооцооллыг буруутгах үндэслэлгүй байна.
Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй буюу хариуцагч нь энэхүү үүргээ биелүүлээгүй.
Хариуцагч Д.Л нь БНКазахстан улсын иргэн боловч Монголд төрсөн, монгол хэлээр ярьдаг, сүүлд Казах хэл дээр уран зохиол уншиж, казах хэл сурсан гэх тайлбарыг шүүхэд гаргасан ба сонсгол султайн улмаас өөрийн найз ж.р г хэлмэрчээр оролцуулах хүсэлт гаргасан.
Хариуцагчийн дээрх хүсэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.-т Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр, хэрэв хараагүй, хэлгүй, дүлий зэрэг шалтгааны улмаас төрийн албан ёсны хэл, бичгээр харилцаж чадахгүй бол дохио зангаа, тусгай тэмдэгт ашиглан шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй., 7.3.-т Шүүх энэ хуулийн 7.2-т заасан этгээдээс гаргасан тайлбар, мэдүүлэг, нотлох баримт, хэлсэн үгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод, түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай ийм этгээдэд орчуулагч, хэлмэрчээр дамжуулан танилцуулах үүрэгтэй. гэж заасантай харшлахгүй тул шүүх хуралдаанд ж.р г хэлмэрчээр оролцуулсныг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д заасныг баримтлан, хариуцагч Д.Лгаас 427,868.60 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н СӨХ -д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13,487 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Лгаас улсын тэмдэгтийн хураамж 13,487 төгрөгийг гаргуулж Н СӨХ -д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй, гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА