Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/198

 

 

 

 

 

 

 

 

 

     2025      09         19                                     2025/ШЦТ/198

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Мөнхгэрэл, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй, шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Б.Цагцалмаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2535000000168 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Ч ургийн овогт Г-ын Г (РД: ...), 2003 оны 02 дугаар сарын 10-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал аж ахуйг эрхэлдэг, ам бүл гурав, эцэг, эхийн хамт ... аймгийн ... сум, ... дугаар багт оршин суудаг, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан.

Хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Нэргүй “шүүгдэгч Г.Г нь 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Гиваанбаатарын талбай дээр хохирогч Б.Этэй маргалдаж, гараараа цохиж унагааж, хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:

- Улсын яллагч: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас), хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас), хохирогч Б.Эийн мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас), гэрч Э.Бийн мэдүүлэг (хавтаст хэргийн 21 дүгээр хуудас), гэрч С.Цн мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар хуудас), хохирогчийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 260 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас), шүүгдэгч Г.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас) зэргийг шинжлэн судалсан;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч: Хохирогч Б.Эийн тодорхойлолт (хавтаст хэргийн 73 дугаар хуудас), шүүгдэгч Г.Гын яллагдагчаар өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас) зэргийг тус тус шинжлэн судалсан болно.

2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

2.1. Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 3-4 дүгээр хуудас);

- Хохирогч Б.Эийн “...Би 2025 оны 07 дугаар сарын 08-ны орой 22 цагийн үед найз Э.Б, н.Дөлбаяр нартай уулзсан. Бид гурав уулзаад Их наяд бааранд сууж 1 литрийн архи ууж, бүжиглэж байгаад баар хаахад бид гурав шөнийн 02 цагийн үед гарсан. Би 2 найзаасаа салаад гэр рүүгээ ганцаараа явсан. Гэр рүү явж байх замд Цэдэнбалын талбайн ойролцоо миний араас хүн дуудсан. Шөнө харанхуй байсан болохоор хэн гэдэг нь харагдахгүй байсан. Намайг араас дуудахаар нь эргээд хартал миний нүүр хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохисон. Яагаад намайг цохих болсныг мэдэхгүй байна. Намайг цохиж газар унагааж миний дээрээс хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөсөн. Тухайн залуу намайг зодож байхдаа “ална би цагдаа болчихсон, би энгийн хувцастай явж байгаа тул намайг цагдаад өгөөд ямар ч нэмэр байхгүй” гэж хэлж байсан. Эхлээд би тухайн залууг таниагүй бөгөөд ойртож ирээд намайг цохих үед би тухайн хүнийг таньсан. Намайг цохисон хүнийг Г.Г гэдэг бөгөөд 2024 оны зун манай модны үйлдвэрт хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 19 дүгээр хуудас);

- Гэрч С.Цн “...Миний төрсөн хүү Г.Г нь 2025 оны 07 дугаар сарын 09-ний шөнө 03 цагт гэртээ ирсэн. Гэртээ ирэхдээ ямар нэгэн юмнаас айсан, сандарсан байдалтай байсан. Би хүү Г.Гоос юу болсон талаар асуухад “би ажил тараад гэр рүү явж байтал Б.Э Гиваанбаатарын талбай дээр согтуу тааралдаад намайг хэл амаар доромжлоод байхаар нь түлхэж унагаагаад нүүр рүү нь өшиглөчихлөө” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хүү Г.Гыг тайвшруулаад унтуулсан бөгөөд өглөө Б.Этэй уулзах гэхэд цагдаад дуудлага мэдээлэл өгчихсөн байсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 23 дугаар хуудас);

- Шүүгдэгч Г.Гын гэм буруугаа хүлээн зөвшөөрч, яллагдагчаар өгсөн “....Би н.Сугаржавыг гэрт нь оруулж өгөөд Улаангом сумын 05 дугаар баг, Цагаан хаалганы ойролцоо айлд очиж хонохоор Гиваанбаатарын талбайн гэрэлт гудамжаар алхаж яваад Б.Этэй тааралдсан. Би 2024 оны 06 дугаар сард Б.Эийн модны үйлдвэрт ажиллаж байсан бөгөөд Б.Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж ирээд агсам согтуу тавьж хэрүүл маргаан үүсгэсэн учир би ажлаа орхиж явсан. Түүнээс хойш Б.Э бид хоёрын дунд үл ойлголцол үүссэн байсан. Уг үйл явдал болсон гэх 2025 оны 07 дугаар сарын 09-ний өглөө Б.Э бид хоёр хоёулаа архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай тухайн газарт таарч улмаар урьдын асуудлаа ярьж маргалдсан. Би Б.Эийг хөлөөрөө хавирч унагаагаад гар нүүр толгой хэсэгт нь хэд хэдэн удаа цохиж, хөлөөрөө түүний гуя, нуруу хэсэгт өшиглөсөн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас) зэргээр 2025 оны 07 дугаар сарын 09-ний шөнө Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч Г.Г нь хохирогч Б.Этэй урьдын таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүнийг хавирч унагаагаад толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохиж, нуруу, гуя хэсэг рүү нь өшиглөсөн үйл баримт тогтоогдож байна.

2.2. Хохирогч Б.Эийн биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 260 дугаартай “...Б.Эийн биед баруун нүдний салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шинжээч томилсон тогтоолд заагдсан тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Баруун нүдний салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас)-ээр хэрэг болсон гэх цаг хугацаанд хохирогч дээрх гэмтлийг авсан байх ба уг гэмтлүүд нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хөнгөн зэрэгт хамаарч байна. Дээрх (2.1-т заасан) үйл баримттай харьцуулан дүгнэвэл шүүгдэгчийн хууль бус довтолгооны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирчээ.

2.3. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл: 2025 оны 07 дугаар сарын 09-ний шөнө Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч Г.Г нь хохирогч Б.Этэй урьдын таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцдаа түүнийг хавирч унагаагаад толгой хэсэг рүү нь хэд хэдэн удаа цохиж, нуруу, гуя хэсэг рүү өшиглөж, баруун нүдний салстад цус харвалт, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” бол гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ.

Энэхүү гэмт хэргийн улмаас Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдал зөрчигддөг. Бусдын биед хүч хэрэглэж халдах нь ёс суртахууны болон хууль зүйн хувьд хүлээн зөвшөөрөгдөхгүй үйлдэл юм. Уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирдаг тул нийгэмд аюултай үйлдэл гэж үзнэ.

3.2. Бусад хүн рүү чиглэсэн цохих, өшиглөх, мөргөх аливаа үйлдлийг санаатай үйлдэл гэж үздэг. Учир нь ердийн ухамсрын хүрээнд уг үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд гэмтэл буюу хохирол учирч болохыг тухайн этгээд мэдсэн гэж үздэг.

Шүүгдэгч Г.Г нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг, өөрийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулахыг мэдсээр байж хохирогчийн биед олон удаагийн үйлдлээр халдсан байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

3.3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг тодорхойлохдоо обьектив болон субьектив талын шинжүүдээс гадна учирсан хохирлын хэмжээг харгалздаг. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх тул уг гэмт хэргийн үндсэн шинж хангагджээ.

3.4. Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэж үзэх үндэслэлгүй. Мөн шүүгдэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

4.1. Шүүгдэгч Г.Гын үйлдлийн улмаас хохирогч Б.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.   

Шүүгдэгч Г.Г хохирогч Б.Эөд учирсан хохирлыг бүрэн төлсөн нь хохирогчийн “...Г.Г нь энэ хугацаанд надаас уучлалт гуйж, надад эмчилгээний зардал, холбогдох зардлыг бүрэн төлж барагдуулсан тул цаашид миний зүгээс Г.Гоос нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй” гэх тодорхойлолт (хавтаст хэргийн 73 дугаар хуудас)-оор тогтоогдож байна.

4.2. Хохирогч Б.Э уг гэмт хэргийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, эрүүл мэндийн даатгалын сангаас 62’500 төгрөгийн зардал гарсан нь Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээллээр нотлогдож байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан. Энэхүү үндэслэлээр шүүгдэгч Г.Г эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 62’500 төгрөгийн зардлыг төлсөн нь мөнгөн шилжүүлэг гэх баримтаар нотлогджээ. Иймд шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж дүгнэв.

Б. Эрүүгийн хариуцлагын талаар:

1. Шүүгдэгч Г.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан дүгнэлт хийв.

2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 52 дугаар хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 53 дугаар хуудас), Увс аймгийн Улаангом сумын 02 дугаар багийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 137 дугаартай тодорхойлолт (хавтаст хэргийн 65 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 55 дугаар хуудас), шүүгдэгч Г.Гын яллагдагчаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 49-50 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ. Энэхүү нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Г нь эцэг, эхийн хамт амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 142 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан гэх хувийн байдал тогтоогдож байна.

2.2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлын төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

3. Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг хийсэн гэм буруутай үйлдэл нь 1’000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1’000’000 төгрөгөөр торгох” гэх санал;

- Шүүгдэгчийн өмгөөлөгч “...шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан үзэж 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.

3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ялын төрлүүдээс аль нэгийг нь сонгож оногдуулахаар заажээ.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Год 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

4. Мөрдөгч 2025 оны 08 дугаар сарын 05-ны өдөр шүүгдэгч Г.Год хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ (хавтаст хэргийн 40 дүгээр хуудас) авсан байх ба шүүгдэгчийг энэхүү хэрэгт холбогдуулан шүүхийн зөвшөөрөлтэй болон хойшлуулшгүйгээр баривчлаагүй, мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно. Шүүгдэгчид торгох ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.

5. Энэхүү хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ч ургийн овогт Г-ын Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Гыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600’000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Г.Гыг энэ хэрэгт холбогдуулан цагдан хориогүй болохыг дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.

4. Шийтгэх тогтоолоор шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.МӨНХЗАЯА