| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2022/03730/И |
| Дугаар | 101/ШШ2022/04493 |
| Огноо | 2022-10-27 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2022/04493
2022 10 27 101/ШШ2022/04493
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, Бага тойруу 7/1 тоотод байрлах Т ХХК /регистрийн дугаар: 5341469/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ц.п
Хариуцагч: П.Г нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 29,304,743.85 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Балжинням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: П.Г, Ц.П нар нь 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Төрийн банктай №0000000000 дугаар бүхий Зээлийн гэрээ байгуулан 25,000,000 төгрөгийн зээлийг сарын 1,6 хувь, жилийн 19,2 хувийн хүүтэй 40 сарын хугацаатай авсан. Төрийн банк нь зээлийн гэрээний дагуу 2020 оны 03 дугаар сарын 18-ний өдөр зээлдэгч Ц.Пгийн Төрийн банк дахь 00000000000 тоот харилцах дансанд 25,000,000.00 төгрөгийг бэлэн бусаар шилжүүлж зээлийг бодитойгоор бүрэн олгосон.
Зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралт 1-ийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, хүүгийн төлбөрийг сар бүрийн 15-ны өдрүүдэд бүрэн төлөх үүрэгтэй боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй 330 хоног хугацаа хэтэрч зээл, зээлийн хүүгийн төлбөр төлөөгүй байна. Банкнаас удаа дараа зээлийн төлбөрийг төлөхийг зээлдэгчид мэдэгдэж, мөн удаа дараа утсаар холбогдон зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах шаардлага тавьж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээнд заасан үүргээ үл биелүүлээгүй.
2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн байдлаар зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 24,599,323.41 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 4,425,459.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 279,960.54 төгрөг, нийт 29,304,743.85 төгрөг болж хуримтлагдсан байна.
Зээлдэгч нар нь зээл авсан өдрөөс хойш үндсэн зээлд 400,676.59 төгрөг зээлийн хүүнд 5,903,265 төгрөг төлсөн байна.
№0000000000 тоот зээлийн гэрээг цуцалж, нийт 29,304,743.85 төгрөгийг П.Г, Ц.П нараас гаргуулж өнгө үү гэв.
Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын талаар хариу тайлбар гаргаагүй.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд:
1. Т ХХК болон П.Г, Ц.П нарын хооронд 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулагдсан 0000000000 дугаартай Зээлийн болон Барьцааны гэрээ, хүү тооцооллын хүснэгт /хх5-11/
2. Төрийн банк 25,000,000 төгрөгийг зээлдэгч Ц.Пгийн 0000000000 дугаар дансанд шилжүүлсэн тухай Ц.Пгийн Зээлийн дансны харилцагчийн хуулга /хх12/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Т ХХК нь хариуцагч П.Г, Ц.П нарт холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 29,304,743.85 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
2. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.
3. Шүүх, хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг зохигч талуудад мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ. гэж заасныг баримтлан, хариуцагч талын эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэв.
4. Т ХХК болон П.Г, Ц.П нарын хооронд 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр 0000000000 дугаартай Зээлийн болон Барьцааны гэрээ байгуулагдаж, зээлдэгч нар нь 25,000,000 төгрөгийн зээлийг сард 1,6 хувь, жилд 19,2 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай, үндсэн зээл, зээлийн хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаанд төлөөгүй тохиолдолд дараагийн өдрөөс эхлэн гэрээний хугацааг хэтрүүлсэнд тооцож, зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгөөр зээлж, банк 25,000,000 төгрөгийг зээлдэгч Ц.Пгийн 0000000000 дугаар дансанд шилжүүлсэн байна.
5. Талуудын байгуулсан дээрх зээлийн гэрээнүүд нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан өгөх үүргийг тус тус хүлээх зохицуулалттай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
6. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, 208 дугаар зүйлийн 208.1-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж заасан. Тодруулбал, зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн этгээд үүргээ тогтоосон хугацаанд заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд үүргээ аливаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.
7. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж зааснаар гэрээг байгуулах нь талуудын эрх боловч нэгэнт байгуулагдсан гэрээнээс татгалзах, цуцлах тохиолдолд нөгөө талын хүсэл зоригийг харгалзах журамтай.
8. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй гэж, хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1-д хүндэтгэн үзэх үндэслэл байвал урт хугацаатай гэрээний талууд гэрээ дуусгавар болох хугацааг харгалзахгүйгээр гэрээнээс татгалзаж болно гэж, мөн 221.3-д гэрээний үүргийг зөрчсөн нь түүнийг цуцлах үндэслэл болж байвал энэ хуулийн 219.3, 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно гэж,
9. Банк, эрхий бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж тус тус зохицуулсан.
10.Талууд гэрээ байгуулахдаа, зээлдэгч эргэн төлөлтийн хуваарь зөрчиж, хугацаандаа зээлийг төлөөгүй тохиолдолд төлөгдөөгүй зээлийн үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээгээр тохиролцсон бөгөөд Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй гэж, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
11. Зээлдэгч нар нь зээл авсан өдрөөс хойш үндсэн зээлд 400,676.59 төгрөг, зээлийн хүүнд 5,903,265 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 50,858.38 төгрөг төлсөн байх ба нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах үед 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 24,599,323.41 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 4,425,459.9 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 279,960.54 төгрөг, нийт 29,304,743.85 төгрөгийн төлбөр хуримтлагдсан болох нь зээлийн хүү тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна.
12. Дээр дурьдсан үндэслэлүүдээр хариуцагч П.Г, Ц.П нараас зээлийн гэрээний үүрэгт нийт 29,304,743.85 төгрөг гаргуулах үндэслэлтэй байна.
13. Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд хэлэлцэгдэж буй нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрсдөө нотлох үүрэгтэй буюу хариуцагч нар энэхүү үүргээ биелүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг саатуулах, шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан, хариуцагч П.Г, Ц.П нараас зээлийн гэрээний үүрэгт 29,304,743.85 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 304,473.72 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Г, Ц.П нараас улсын тэмдэгтийн хураамж 304,473.72 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА