| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2022/05388/И |
| Дугаар | 101/ШШ2022/04513 |
| Огноо | 2022-10-28 |
| Маргааны төрөл | Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулиар , |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 10 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2022/04513
| 2022 10 28 | 101/ШШ2022/04513 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б овогт Д-ын Б /регистрийн дугаар:/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, байр тоот хаягт оршин суух, Б овогт Х-ын Э/регистрийн дугаар:/-д холбогдох
Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Б, хариуцагч Х.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2021 оны 6 дугаар сарын 11-нд Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, байр тоот хаягт байрлах орон сууцыг амьдрах зориулалтаар Х.Э-д хөлслүүлж гэрээ байгуулсан. Төлбөрийг гэрээнд заасан хугацаанд нэг ч удаа төлөөгүй, орон сууцтай холбоотой зардал, СӨХ-ны мөнгийг хугацаанд нь төлөөгүй тул СӨХ биднээс нэхдэг. Байрыг зөвхөн амьдрах зориулалтаар хөлслүүлсэн боловч өөрийн оёдлын ажлаа гэртээ хийж байна гэж өөрөө хэлсэн.
Иймд байрнаас гарах шаардлагыг 2021 оны 11 дүгээр сард тавьсан. Байдал дахин дахин давтагдсан учир 6 дугаар сард байр чөлөөлж өгөхийг бичгээр мэдэгдэхэд утсаа таслаад ямар ч холбоо барих боломжгүй, 8 дугаар сар хүртэл алга болсон. 8 дугаар сарын эхэнд байрнаас гарахыг гуйхад 10 хоногийн хугацаа өгчих би 8 дугаар сарын 20-нд гаръя гэсэн боловч 20-нд түлхүүрээ авъя гэхэд байрнаас гарахгүй гээд загнаад худлаа хэлж, үл тоомсорлож байна.
Х.Э-ээс бидний байрыг чөлөөлж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Бидний хооронд 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 36 сарын хугацаатай гэрээ байгуулагдсан. Гэрээний 3.2-т энэ гурван жилийн хугацаанд төлбөрийн ямар нэг өөрчлөлтгүй гэж заасан. Би хоёр хүүхэдтэй, өрх толгойлж амьдардаг, энэ байрны ойролцоо дүгээр дунд сургуульд хүүхдээ сургуульд оруулж, сурч боловсрох, аюулгүй байдлыг тооцоолж, энд амьдрах болсон. Хөлслүүлэгчийн хэлсэн шиг амьдрах зориулалттай байрыг зориулалтын бусаар ашиглаад байгаа зүйлгүй, ажлын байрандаа амжаагүй ганц нэг захиалгаа гэртээ гүйцээж хийдэг.
Байрыг сулла гэснийг хүлээн зөвшөөрсөн зүйлгүй. 2022 оны 6 дугаар сарын 22-нд хаалган дээр нааж үлдээсэн бичгийг нь нотлох баримтаар хавсаргалаа. Хүний тайлбар сонсохгүй, утсаар ярих бүртээ хэл амаар доромжлоод байдаг нь харьцахад төвөгтэй байдаг. Байрандаа ямар нэг хууль бус болон гэрээ зөрчсөн үйлдэл гаргаж байгаагүй.
Гэрээний 4.5-д заасны дагуу 1 сарын өмнө бичгээр мэдэгдэж, харилцан зөвшилцсөний үндсэн дээр гэж заасан байгаа ч ийм зүйл байгаагүй.
Нэхэмжлэлийн шаардлага болон 2022 оны 6 дугаар сарын 22-нд хаалган дээр нааж үлдээсэн бичиг хоёр нь зөрөөд байгаа тул гэрээний дагуу бүх зүйлээ нягталж харахыг түрээслүүлэгчдээс хүсье гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:
1. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээний хуулбар хх.-4
2. 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр №3423 дугаартай Орон сууц хөлслөх гэрээ хх-5
Хариуцагч талаас шүүхэд гаргасан нотлох баримтууд:
1. Хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбар хх14-15
2. Эд. Бид ирээд явлаа. Чи байсангүй. Бид байраа 7 дугаар сарын 01-нээс өөр хүнд үнэтэй түрээслэхээр болсон. Холбоо бариарай. Бүх тооцоонуудыг дуусгая. Холбоо барихгүй бол бид асуудлаа хуулийн дагуу шийдүүлэх болно. Ц 2022.06.26 гэх гар бичвэр.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Д.Б нь хариуцагч Х.Эд холбогдуулан, орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
2. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.
3. Д.Б нь өөрийн өмчлөлийн, дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, /13320/ Д.Н-ийн гудамж, байр, тоот хаягт байрлах 33 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалттай орон сууцыг 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 6 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 36 сарын хугацаатай, сард 450,000 төгрөгийн хөлсийг 3 сараар төлөх нөхцөлтэйгөөр Х.Э-д хөлслүүлэхээр харилцан тохиролцож, 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр №3423 дугаартай Орон сууц хөлслөх гэрээ-г байгуулсан байх ба уг гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байна.
4. Нэхэмжлэгч нь хариуцагчийг байрнаас гарах шаардлагыг 2021 оны 11 дүгээр сард тавьж, 2022 оны 6 дугаар сард байр чөлөөлж өгөхийг бичгээр мэдэгдсэн, 8 дугаар сарын эхэнд байрнаас гарахыг гуйхад 10 хоногийн хугацаа өгөхийг хариуцагч хүссэн хэмээн тайлбарлаж байх боловч талууд гэрээг цуцлахаар зөвшилцсөн зүйлгүй, ...нэхэмжлэл болон хаалган дээр наагаад орхисон бичиг нь зөрж байна... гэх хариуцагчийн тайлбарыг үгүйсгэж нотлоогүй.
4.1. Тодруулбал, хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эд. Бид ирээд явлаа. Чи байсангүй. Бид байраа 7 дугаар сарын 01-нээс өөр хүнд үнэтэй түрээслэхээр болсон. Холбоо бариарай. Бүх тооцоонуудыг дуусгая. Холбоо барихгүй бол бид асуудлаа хуулийн дагуу шийдүүлэх болно. Ц 2022.06.26 гэх бичгийг нэхэмжлэгч үгүйсгээгүй буюу нэхэмжлэлийн агуулгад тусгагдсан, талууд зөвшилцөж Орон сууц хөлслөх гэрээ-г дуусгавар болгосон гэх үндэслэл тогтоогдохгүй, харин орон сууцыг өндөр үнээр бусдад түрээслүүлэхээ хөлслөгч Х.Эд мэдэгдсэн гэж үзэхээр байна.
5. Иргэний хуулийн 106 дугаар зүйлд Өмчлөгчийн шаардах эрхийг зохицуулсан бөгөөд хуулийн 106 дугаар зүйлийн 106.1.-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. 106.2.-т Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй., 106.3.-т Энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх нь зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч арбитрын хэлэлцээртэй бол арбитрын журмаар, бусад тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна. гэж заасан.
6. Хариуцагч нь дээрх орон сууцыг хууль бусаар эзэмшээгүй буюу Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3-т тус тус тухайлан заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул хариуцагчийг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар хороолол, байр тоот хаягт байрлах орон сууцыг хариуцагч Х.Э-ын эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7 дугаар зүйлийн 7.1.2 тус тус зааснаар, нэхэмжлэгч Д.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.У