Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2023/0225

 

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, П.Ганхуягийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.Ганхуяг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “...Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/750 дугаар захирамжийн “Монтед” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” 951 дүгээр захирамжийн “Монтед” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох” гэжээ.

Нэхэмжлэгч П.Ганхуягаас 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: “...Нэхэмжлэгч П.Ганхуяг миний бие Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 210/МА2022/01104 дугаар магадлал гарсантай холбогдуулан тус шүүхэд гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/750 тоот захирамжийн “Монтед” ХХК-д холбогдох хэсэг, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 951 дүгээр захирамжийн “Монтед” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66.1, 66.2, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэл гаргагч П.Ганхуягийн, “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/750 тоот захирамжийн “Монтед” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” 951 дүгээр захирамжийн “Монтед” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлээр Нийслэлийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн байна.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаар хариуцагчид холбогдуулан үүсгэсэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр тус шүүхэд ирүүлсэн байна. Энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д “...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй”, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д “нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно”, 66.2-д “... нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх...” гэж зааснаар нэхэмжлэгч П.Ганхуягийн зүгээс шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл болж байна.

 Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Түүнчлэн нэхэмжлэгч П.Ганхуяг нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Ганхуяг нь “Нийслэлийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/750 дугаар захирамжийн “Монтед” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгох, Нийслэлийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Газар эзэмшүүлэх,ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” 951 дүгээр захирамжийн “Монтед” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгохыг даалгах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, П.Ганхуягийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох 128/2021/0791/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Ганхуягийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                           У.БАДАМСҮРЭН