Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 35

 

Д.Ц нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

       Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг, тус шүүхийн ерөнхий шүүгч Ш.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 133/ШШ2018/00456 дугаар шийдвэртэй,

 

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Оргил баг урчуудын 4-3 тоотод оршин суух Их Монгол овгийн Д. Ц /РД: ДЭ54050106/ нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох, эмч эмнэлгийн ажилтанд олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмж 22.856.832 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг шүүгч Ш.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Цэвээн нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Д.Ц миний бие Анагаах ухааны боловсролыг системтэй эзэмшиж, эрүүл мэндийн салбарт тасралтгүй тогтвор суурьшилтай тууштай 35 жил 6 сар 20 хоног ажиллаад 2016 оны 01 сарын 01-ний өдрөөр тасалбар болж тэтгэвэрт гарсан. Улсад тасралтгүй 35 жил 6 сар 10 хоног ажиллаж нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт, нийгмийн даатгалын газраас гаргаж өгсөн тоот, бусад баримтуудаар харагдаж байна. Төр улсад 35 жил ажиллаад өндөр насны тэтгэвэрт гарсны дараа авах ёстой нэг удаагийн тусламжаа авах эрх надад үүслээ гэж ойлгож байна. Олон газарт хандсан боловч байгууллагууд хүний эрх зөрчигдөж байна гэдэг талаас нь авч үзэхгүй байна. Гарч байгаа тушаалууд амьдралд нийцэх нь ховор байна. Эмч нарын нийгэм хамгааллын талаар тодорхой ажил хийдэггүй. Эмч нарын ажиллаж байсан нөхцөлийг хэн ч мэдэж зүй ёсоор хандаагүй. 2014 оны Эрүүл мэндийн газраас гаргаж өгсөн жагсаалтаар 17 эмч тэтгэвэрт гарсан. Хөдөө сумын эмч нар тэтгэлгээ аваад явсан. Гэтэл тухайн 14 хүнээс ганцхан би үлдсэн. Бусад хүмүүс нь тэтгэмжээ авсан. Өргөдөл гаргаад явахаар Эрүүл мэндийн газрынхан ойлгодог хэдий ч эрх мэдэл нь хүрдэггүй. Би нягтлангуудын зовлонг ойлгоод бичиг авч өгөх гэсэн боловч бүтээгүй. Аль ч байгууллага дээр очиход шүүх шиг бичиг баримтыг нь бүрдүүлээд авч үздэг газар байхгүй. Нэгдсэн эмнэлгийн даргын ажлаас халсан тушаал 2 удаа гарсан, ажилд авсан тушаал 2 удаа гарсан. Намайг ажлаа хийгээд явж байхад хүний нөөцийн хүн орж ирээд

таны тэтгэврийн нас хүрсэн учир тэтгэвэрт гарах болсон байна гэж хэлсэн тэгээд гарахдаа өргөдлөө бичээд өг гэж цаас өгсөн. 10 хоногийн дараа намайг дуудаад тал цаас өгөөд нийгмийн даатгалын газар очоод тэтгэвэрээ тогтоолго гэж хэлсэн учир Нийгмийн даатгалын газар очоод тэтгэвэр тогтоолгох гээд материалаа бүрдүүлж өгөх гэтэл та өргөдлөө бичээд өг гэж хэлсэн. 20-оод хоногийн дараа очиход 135.000 төгрөгөөр миний тэтгэврийг тогтоосон байсан. Аль 20 жил нь ороод бага тогтоогдсон талаар мэдэхгүй байна. Одоо 390.000 төгрөгийн тэтгэвэр авч байгаа тухайн оны хавар 5 дугаар сарын сүүлээр Эрүүл мэндийн газраас тэтгэмжээ ав гэж дуудахаар нь очиход 12 сараар бодсон 3.232.000 төгрөгийн тэтгэмж өгсөн. Энэ хугацаанд тушаалууд гараад байсан болохоос би нэг өдөр ажлаа таслаагүй. Тухайн тушаал миний ажлыг хүлээж аваагүй. Тэтгэвэрт гараад 1 цаг ч суугаагүй ийм тушаал гарсан. Энэ талаар би тайлбартаа дурдсан. Ажилласан жил байгаа, ажлаа хийсэн учир нэг удаагийн буцалтгүй тусламжаа Эрүүл мэндийн газар надад гаргаад өгөх байх гэж бодоод шүүхэд өргөдөл гаргасан. Нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн ажилтны санамсаргүй тушаал хүний амьдралыг яаж баллаж байгаа талаар харж байна. Би тэтгэвэрт гарна гэж бодож байгаагүй. Бүх байгууллага бүх хүнийг өөр шигээ гэж бодож явсан. Ийм алдаатай шийдвэр гарсан. Тухайн шийдвэрийг гаргасан хүн нь засаж чадахгүй, хариуцах эзэн байхгүй. Энэ нь эцэстээ үнэнд хүрэх байх. Аливаа гавьяа шагналыг хийсэн хөдөлмөрөөр үнэлдэг. Намайг нүдний эмчээр томилоход суух сандал ширээ байгаагүй. Мэс заслын тасагт ороход Санжмятав эмч намайг хүлээж аваад сул ширээ сандал байвал суугаад истороо бичээрэй гэж хэлж байсан. Би 3 сар ажиллаад нүдний эмчийн сургалтад явсан. Говь-Алтай аймагт анхны нүдний кабинет бий болсон. Би Эрүүл мэндийн 3 сайдад санал тавьж одоогийн байгаа нүдний кабинетыг тоноглож байсан. Өөрийн зардлаар 3 удаа засвар хийж байсан. Шагнал урамшуулал хүнд маш их урам зориг өгч чаддаг. Эмч нарын хийсэн ажил тэр бүр хүний нүдэнд харагддаггүй. Төрийн албаны хууль, Эрүүл мэндийн хуулийн 29.2-т заасны дагуу нэг удаа олгодог мөнгөн тусламжаа авч чадаагүй. Сүүлийн 3 жил хөөцөлдсөн боловч одоо болтол олгогдоогүй тул шүүхэд хандаж өргөдөл бичиж байна. Миний үндсэн цалин 634.912 төгрөг байсан. Тэгэхээр 36 сар*634.912=22.856.832 төгрөг болж байна. Тиймээс Эрүүл мэндийн газраас нэг удаагийн мөнгөн тусламжийн 22.856.832 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Д.Ц нь 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар тэтгэвэрт гарсан. Эмнэлгээс гараад 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрийн сангаар дамжуулан тэтгэмж болох 3.232.212 төгрөгийг авсан. Энэ нь нийгмийн даатгалын дэвтэр болон бусад байгууллагаас гаргаж өгсөн материалыг үндэслэн 28 жил 5 сар ажилласан гэж үзээд тухайн үед 170820 төгрөгийн цалин авч байсан учир үүнээс бодогдоод мөнгөн тэтгэмж тогтоогдсон. Тэтгэвэрт гарах хүсэлтээ өмнө жил өгөөд дараа жилийн төсөвт суугдсан тохиолдолд мөнгөн тэтгэмжийг олгоод тэтгэвэрт гаргаж ажлаас нь чөлөөлдөг. Тухайн үед 1998 оны Эрүүл мэндийн тухай хууль үйлчилж байсан. Тус хуулийн 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 25 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэнд 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байгаа эрүүл мэндийн газраас олгоно гэсэн заалт байгаа учир тухайн жил Монгол Улсад тэтгэвэрт гарах хүмүүсийн нэрсийг гаргаад төсвийг батлаад явуулсан байдаг. Тухайн сайдын тушаалаар иргэнд нэг удаа олгох мөнгөн тэтгэмжийг ямар нэгэн хүндэтгэн үзэхээс бусад шалтгаанаар аваагүй тохиолдолд төрөөс дахин олгох боломжгүй. Гэтэл нэхэмжлэгч нь тухайн үед тэтгэвэрт гараад өөрийн хүсэлтээр бичиг баримтаа бүрдүүлж өгөөд тэтгэмжээ авсан. Тухайн хүн өөрөө яаманд хүсэлт гаргаж байж тухайн жилийн төсөвт суугддаг. Нийгмийн даатгалын газраас 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тэтгэврийг тогтоосон. Тэгэхэд өөрийн биеэр хүсэлтээ бичээд өгсөн байдаг. Монгол Улсын хуулинд хүн тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн мөнгөн тэтгэмж авна гэж заасан. Тухайн хүн тэтгэвэрт гарчихаад ажил хийх эсэхийг төр хориглоогүй. Тэтгэвэрт гарсны дараа гэрээ байгуулаад ажиллах эрх нь тухайн хүнд нээлттэй байдаг гэжээ.

Анхан шатны шүүх: Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт зааснаар Д. Ц нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох эмч эмнэлгийн ажилтанд олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмж 22.856.832 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Миний бие эрүүл мэндийн салбарт тасралтгүй 35 жил 6 сар 10 хоног ажиллаж байна. Хүний нөөцийн ажилтны буруутай үйл ажилагаанаас болоод одоог хүртэл хохирч байна.

1. 2009 оны 4 сард ажлаа хийж байхад хүний нөөцийн ажилтан Г.О тэтгэврийн нас хүрсэн тул тэтгэвэрээ тогтоолго гэсэн. Нүдний нарийн мэргэжлийн эмчээ олоогүй байж, хэнд ажил өгөх билээ гэхэд тайвшир, нэг өдөр чөлөөлсөн, буцааж томилсон тушаал гаргаад болчих юм. Та ажлаа хийж бай гэсэн.  Цаас өгөөд өргөдлөө бич гэсэн. Юу бичих вэ гэхэд өөрөө хэлж өргөдөл бичүүлж авсан. Ингээд 2009 оны 4 сарын 30-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн даргын 57 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Энэ нь ямар ч үндэслэлгүй тушаал юм. Би 60 нас хүртэл ажиллах боломжтой байхад миний эрх ашгийг зөрчиж, хууль бусаар тэтгэвэрт гаргасан. Энэ асуудалд шүүх дүгнэлт өгөөгүй. Төрийг төлөөлж ажиллаж байсан хүний нөөцийн ажилтан намайг хохироосон учир төр хохирлыг хариуцах ёстой.

2. 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар 2009 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөөд,  2009 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Нэгдсэн эмнэлгийн даргын 65 дугаар тушаалаар, 2009 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс ажилд томилсон нь өөрөө хууль илт зөрчсөн байхад шүүх дүгнэлт хийгээгүй.

3. Тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүл мэндийн хуулиар 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ХААН банкны дансанд шилжүүлсэн байсан боловч үргэлжлүүлэн нүдний кабинетийн их эмчээр ажиллаж байсан нь баримтаар тогтоогддог. Ажлаа хийж байгаа хүнд яагаад тэтгэмж өгсөн бэ?.

4. 2011 оны 05 дугаар сарын 05-нд батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэг, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын 405 дугаар тогтоол, 338 дугаар тогтоол зэргийг үндэслэн тэтгэмжийн зөрүүг олгох боломжтой байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

5. 2009 оны 05 дугаар сарын 01-ны өдөр миний бие 55 настай байсан, ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалттай нийцээгүй талаар шүүх дүгнэлт өгөөгүй хэргийг шийдсэн.

6.  Миний бие 2009 онд тэтгэвэр тогтоолгосон нэртэй ч нэг өдөр гэртээ суулгүй ажлаа хийж байсан нь маргашгүй үнэн. Шүүх хөдөлмөр зүтгэлийг үнэлээгүй хохироосон явдалд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, тэтгэмжийн зөрүү 19.669.255 төгрөгийг Эрүүл мэндийн газраас гаргуулж өгнө үү гэжээ.

 

                                                ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Монгол улсын хүний гавьяат эмч Д.Ц нь Эрүүл мэндийн салбарт 35 жил 6 сар 20 хоног тогтвор суурьшилтай ажиллаад 2016 оны 01 сарын 01-ний өдрөөс тэтгэвэрт гарсан тул Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар тус аймгийн Эрүүл мэндийн газраас нэг удаагийн мөнгөн тусламжийн 22.856.832 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч байгууллага болох Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газар хариу тайлбартаа: Эмч Д.Ц нь 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар тэтгэвэрт гарсан. Тэтгэвэрт гараад 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдөр төрийн сангаар дамжуулан тэтгэмж болох 3.232.212 төгрөгийг авсан. 1998 оны Эрүүл мэндийн тухай хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1.1 дэх хэсэгт зааснаар 25 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байгаа эрүүл мэндийн газраас олгоно гэсэн заалт байгаа.  Нэхэмжлэгч нь тухайн үед тэтгэвэрт гараад өөрийн хүсэлтээр бичиг баримтаа бүрдүүлж өгөөд тэтгэмжээ авсан. Хүн тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн мөнгөн тэтгэмж авна гэж заасан. Тэтгэвэрт гарсны дараа гэрээ байгуулаад ажиллах нь эрх нээлттэй байдаг гэжээ.

 Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Ц нь 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс нүдний их эмчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, 2009 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэвэр тогтоолгосон бөгөөд 1998 онд батлагдаж, 2009 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эрүүл мэндийн тухай хуулийн  261дугаар зүйлийн 261.1.1-д эрүүл мэндийн байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэнд тэтгэвэрт гарахад нь 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тусламжийг ажиллаж байгаа эрүүл мэндийн байгууллагаас нь нэг удаа олгоно гэж заасны дагуу 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 3.232.212 төгрөгийн тэтгэмж авсан гэдэг нь зохигчдын тайлбар Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын 2009 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тушаал, Говь-Алтай аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 764 дугаартай албан бичиг, 2009 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн төлбөрийн хүсэлт зэргээр тогтоогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.Ц нэг удаагийн буцалтгүй тусламж авснаас хойш буюу 2011 оны 05 дугаар сарын 05-ны өдөр батлагдаж одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт зааснаар төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагад 25 ба түүнээс дээш жил ажилласан эмнэлгийн мэргэжилтэн, эрүүл мэндийн бусад ажилтан тэтгэвэрт гарахад нь үндсэн цалингийн дунджаас ажилласан хугацааг нь үндэслэн тооцож нэг удаагийн буцалтгүй тусламж олгохоор зохицуулсан болохыг дурьджээ.

Түүнчлэн төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн төрийн жинхэнэ албан хаагчид төрийн албанд ажилласан хугацааг нь харгалзан 36 хүртэл сарын албан тушаалын цалинтай нь тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгох бөгөөд үүнтэй холбогдох журмыг төрийн албаны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар тогтоохоор зохицуулсан боловч нэхэмжлэгч Д.Ц хувьд 2009 онд тэтгэвэр гарч тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу нэг удаагийн мөнгөн тусламжийг олгосон байх тул нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуульд зааснаар тэтгэмж гаргуулахаар шаардах эрхгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлтэй юм.

Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт зааснаар Д.Ц нэхэмжлэлтэй, Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох эмч эмнэлгийн ажилтанд олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмж 22.856.832 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй, анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч Д.Ц 2009 онд тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүний нөөцийн ажилтны шаардлагаар тэтгэвэрт гарах хүсэлт бичиж, улмаар нийгмийн даатгалын газарт тэтгэвэр тогтоолгох өргөдөл өгсөн гэх байдал нь “эмч эмнэлгийн ажилтанд олгодог нэг удаагийн мөнгөн тусламж 22.856.832 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

1. 2009 оны 4 сард ажлаа хийж байхад хүний нөөцийн ажилтан тэтгэврийн нас хүрсэн тул тэтгэвэрээ тогтоолго гэсэн. Нүдний нарийн мэргэжлийн эмчээ олоогүй байж, хэнд ажил өгөх билээ гэхэд тайвшир, нэг өдөр чөлөөлсөн, томилсон тушаал гаргаад болчдог та ажлаа хийж бай гэсэн.  Цаас өгөөд өргөдлөө бич гэсэн, юу бичих вэ гэхэд өөрөө хэлж өргөдөл бичүүлж авсан. Ингээд 2009 оны 4 сарын 30-ны өдөр Нэгдсэн эмнэлгийн даргын 57 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Ямарч үндэслэлгүй тушаал юм. Би 60 нас хүртэл ажиллах боломжтой байхад миний эрх ашгийг зөрчиж, хууль бусаар тэтгэвэрт гаргасан. Энэ асуудалд шүүх дүгнэлт өгөөгүй. Төрийг төлөөлж ажиллаж байсан хүний нөөцийн ажилтан Г.Оюун намайг хохироосон учир төр хохирлыг хариуцах ёстой.

2. 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн Нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар 2009 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс ажлаас чөлөөлөгдөөд,  2009 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Нэгдсэн эмнэлгийн даргын 65 дугаар тушаалаар, 2009 оны 05 дугаар сарын 01-ны өдрөөс ажилд томилсон нь өөрөө хууль илт зөрчсөн байхад шүүх дүгнэлт хийгээгүй.

3. Тухайн үед мөрдөгдөж байсан Эрүүл мэндийн хуулиар 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг ХААН банкны дансанд шилжүүлсэн байсан боловч үргэлжлүүлэн нүдний кабинетийн их эмчээр ажиллаж байсан нь баримтаар тогтоогддог. Ажлаа хийж байгаа хүнд яагаад тэтгэмж өгсөн вэ.

4. 2011 оны 05 дугаар сарын 05-ны батлагдсан Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2

дахь хэсэг, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Монгол улсын Засгийн газрын 405 дугаар тогтоол, 338 дугаар тогтоол зэргийг үндэслэн тэтгэмжийн зөрүүг олгох боломжтой байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

5. 2009 оны 05 дугаар сарын 01-ны өдөр миний бие 55 настай байсан, ажил олгогчийн тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.3 дахь заалттай нийцээгүй талаар шүүх дүгнэлт өгөөгүй хэргийг шийдсэн.

6.  Миний бие 2009 онд тэтгэвэр тогтоолгосон нэртэй ч нэг өдөр гэртээ суулгүй ажлаа хийж байсан нь маргашгүй үнэн. Шүүх хөдөлмөр зүтгэлийг үнэлээгүй хохироосон явдалд гомдолтой байна. Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, тэтгэмжийн зөрүү 19.669.255 төгрөгийг Эрүүл мэндийн газраас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Ц давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол нь Төрийн байгууллага албан тушаалтаны үйл ажиллагаатай холбоотой, эрх ашгийг зөрчиж хохироосон түүнээс улбаатай хохирлыг арилгуулах талаар гомдол гаргажээ. Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд өөрөөр хэлбэл “Говь-Алтай аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдох, эмч эмнэлгийн ажилтанд олгодог нэг удаагийн мөнгөн тэтгэмж 22.856.832 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлд үүсгэсэн иргэний хэргийн хүрээнд хэргийг хянаж шийдвэрлэх эрх хэмжээтэй байна.

 Нэхэмжлэгч нь анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх, өөрчлөх эрхтэй бөгөөд ийнхүү нэмэгдүүлэн өөрчилсөн баримт хэрэгт авагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т зааснаар давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг үнэлэх, анхан шатны шүүхэд хэлэлцэгдэж, шийдвэрлэгдээгүй нэхэмжлэлийн хүрээ, хязгаараас хэтэрч анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах өөрчилөх эрхгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.  

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 133/ШШ2018/00456 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д.Ц давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дахь хэсэгт зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.ЭНХТӨР

 

                                                  ШҮҮГЧИД                              Д.ЭРДЭНЭБИЛЭГ

 

                                                                      Ш.БАТТОГТОХ