| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2022/06810/И |
| Дугаар | 101/ШШ2022/04811 |
| Огноо | 2022-11-11 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 101/ШШ2022/04811
2022 11 11 101/ШШ2022/04811
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн.дугаар хороо, дугаар хороолол, байр тоот хаягт байрлах Эксим капитал ББСБ ХХК/хуулийн этгээдийн регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн дугаар хороо, дугаар гудамж, тоот хаягт оршин суух, У.Б/регистрийн дугаар: /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,811,670 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Б.Э, хариуцагч У.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ө нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллагаас У.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр №ХЗ2201108 тоот Хэрэглээний зээлийн гэрээ байгуулж, 2,999,900 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй зээлсэн.
Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралт №1-д заасан графикийн дагуу огт төлөлт хийгээгүй. Зээлээ төлөхийг шаардаж байсан боловч үр дүнд хүрээгүй.
Үндсэн зээл 2,999,900 төгрөг, үндсэн хүү 763,372 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,398 төгрөг, нийт 3,811,670 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. Хариуцагчийн хүсч буй төлбөрийн хуваарийн дагуу эвлэрэх боломжгүй гэв.
2. Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Гэхдээ 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-нд 250,000 төгрөгөөр, 2024 оны 01 дүгээр сарын 30-нд 311,670 төгрөгөөр төлж барагдуулах боломжтой. Сарын сүүлээр цалин буудаг, эхнэр элэгээ солиулж, эм авах, мөнгөний хэрэгцээ их, олон газар зээл төлж байгаа гэв.
3. Нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримтууд:
- Эксим капитал ББСБ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ /хх5-8/
- 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ХК2201108 дугаартай Хэрэглээний зээлийн гэрээ /хх9-11/
- Зээл төлөлтийн дансны хуулга /хх12/
4. Хариуцагчаас гаргасан нотлох баримтууд:
- хариуцагч У.Бы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх18/
- хариу тайлбар /хх21/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч Эксим капитал ББСБ ХХК нь хариуцагч У.Б-д холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 3,811,670 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнгийн талаар маргаагүй боловч 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл сар бүрийн 30-нд 250,000 төгрөгөөр, 2024 оны 01 дүгээр сарын 30-нд 311,670 төгрөгөөр төлж барагдуулах боломжтой гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрч, төлбөр төлөх урт хугацаа олгох боломжгүй, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэхийг шүүхээс хүссэн.
4. Талууд харилцан тохиролцож, 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ХК2201108 дугаартай Хэрэглээний зээлийн гэрээ байгуулан, зээлдүүлэгч Эксим капитал ББСБ ХХК нь зээлдэгч У.Бд 2,999,900 төгрөгийг сард 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, зээлийн гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлбөр төлөх үүргээ зөрчсөн тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгээр зээлдүүлжээ.
5. Нэхэмжлэгч Эксим капитал ББСБ ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хороонд дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байх ба талуудын байгуулсан зээлийн гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.
Тухайлбал, Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 451.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. 452 дугаар зүйлийн 452.2.-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй., 453 дугаар зүйлийн 453.1.-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан.
6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээл төлөлтийн дансны хуулга-аар зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн буюу 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 2,999,900 төгрөг, үндсэн хүү 763,372 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 48,398 төгрөг, нийт 3,811,670 төгрөгийн төлбөртэй болох нь тогтоогдож байна.
7. Хариуцагч нь зээл төлөлтийн дансны хуулгад тусгагдсан зээлийн гэрээний дагуу төлбөрийн үүргээ хэрхэн биелүүлж байсан үйл баримтын талаар маргаагүй, харин төлбөр төлөх боломж, өөрийн бололцоог харгалзан үзэхийг нэхэмжлэгчээс хүссэн.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч У.Баас 3,811,670 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Эксим капитал ББСБ ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 75,940 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Баас улсын тэмдэгтийн хураамж 75,940 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Эксим капитал ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.У