Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2022/04765

 

 

 

 

 

 

 

 

2022 11 11 101/ШШ2022/04765

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг,  дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөө  дугаар байр,  тоот хаягт байрлах Сансит капитал ББСБ /хуулийн этгээдийн регистрийн дугаар: /-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, дүгээр хороо,  тоот хаягт оршин суух,  Э. Ц/регистрийн дугаар: /-д холбогдох,

 

Зээлийн төлбөрт 10,972,231 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Б.Г, хариуцагч Э.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Сансит капитал ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сансит капитал ББСБ ХХК нь Э овогтой Ц-тэй 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр №ЗГ2019-053 тоот Зээлийн гэрээ-г байгуулсан ба уг гэрээгээр зээлдэгч Э.Ц нь 30 сарын хугацаатай үндсэн зээл 10,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү сарын 3,7 хувиар тооцож гэрээг байгуулсан болно.

Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр №ФГ2019-053 тоот Фидуцийн гэрээ-ээр Э.Ц-ийн  улсын дугаартай,  арлын дугаартай,  өнгийн, машиныг барьцаалсан байна.

Зээлдэгчтэй байгуулсан №ЗГ2019-053 тоот Зээлийн гэрээ-ний хугацаа 2021 оны 8 дугаар сарын 01-ний өдөр дууссан боловч зээлдэгч нь энэхүү гэрээний 2.2 дугаар зүйлд заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл төлөх үүргээ зөрчин 392 хоногийн хугацааг хэтрүүлэн манай банк бус санхүүгийн байгууллагыг хохироосоор байна.

Зээлийн гэрээний 2.7 дугаар зүйлд Зээлдэгч энэхүү гэрээний Хавсралт№1-д заасан эргэн төлөх графикт хугацаанд зээл зээлийн хүүний төлбөрийг төлж барагдуулаагүй бол зээл төлөгдөх хуваарьт өдрийн дараах өдрөөс эхлэн энэхүү гэрээний 2.1.3-д заасан зээлийн хуүг үргэлжлүүлэн төлөхөөс гадна 2.1.3-д заасан үндсэн хүүний 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүүг зээл эргэн төлөлтийн графикт хугацаанд нийцүүлэх хүртэл хугацаанд төлөхөөр талууд тохиролцов гэж заасан байдаг.

Гэтэл зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ 2021 оны 5 сарын 17-ны өдрөөс хойш биелүүлээгүй өдийг хүрсэн бөгөөд манай банк бус санхүүгийн байгууллагын зүгээс зээлдэгчид гэрээний үүргээ биелүүлэх талаар удаа дараа утсаар болон бусад хэлбэрээр шаардлага тавьсан боловч эргэн төлөлтийн тал дээр ямар нэг үр дүн гарахгүй, мөн зээлээр авсан тээврийн хэрэгслийг буцааж авчирч өг хэмээн шаардлага тавьсан боловч манай нэр дээрх тээврийн хэрэгслийг хаана байгаа, хэнд байгааг зааж өгөхгүй одоог болтол нуусаар байна.

Зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн буюу 2022 оны 6 дугаар сарын 13-ны байдлаар зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 7,027,795 төгрөг, зээлийн хүүнд 3,285,172 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 659,354 төгрөг, нийт 10,972,321 төгрөгийн төлбөртэй байна.

Зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд нийт 10,972,321 төгрөгийг гаргуулах, хариуцагч Э.Цийн зээлийн барьцаагаар үүргийн гүйцэтгэлийг хангуулна.

Барьцаа хөрөнгийг дамлан зарсан нь фидуцийн гэрээний 4.2.10 заалтыг зөрчсөн, манайхыг хохироож байгаа үйлдэл гэв.

 

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Сансит капитал ББСБ-н гаргасан гаргасан нэхэмжлэлийг 2020 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Миний зүгээс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр нийт 30 сарын хугацаатай 10,000,000 төгрөгийг сарын 3.7 хувийн хүүтэй зээлсэн болно. Өнөөдрийг хүртэл нийт 12,407,500 төгрөгийг төлөөд байна. Харин нэхэмжлэгчийн зүгээс хөл хорио тогтоож хөдөлмөр эрхэлж зээлээ төлөх боломжгүй цаг хугацаанд хүү тооцон нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Анх 2021 оны 01 дүгээр сард тус ББСБ-н гүйцэтгэх захиралтай уулзан гэрээг цуцлан хүү зогсоох хүсэлт бичгээр бичүүлж авсан болно. Үүнээс хойш 2021 оны 6 дугаар сард ахин уулзан зээлийн гэрээний хүү зогсоож өгөх хүсэлт гаргасан болно. Миний зүгээс нэгдүгээрт улс орон даяар хөл хорио тогтоож хөдөлмөр эрхлэх боломжгүй болж, хоёрдугаарт 2021 онд миний уушги устаж байнгын эмнэлгийн хяналтанд байх болсон тул зээлийн хүүг төлөх ямар ч боломжгүй болсон болно.

Иймд нэхэмжлэгчид үндсэн зээлийг хүүгийн зарим хэсгийн хамт бүрэн төлсөн атал 2020 оны 11 дүгээр сараас 2021 онд зээлийн хүүг үндсэн төлбөрөөр бодож төлбөр нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Миний зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 3,000,000 төгрөгийг төлж үлдэх хэсгээс татгалзаж эвлэрэн хэлэлцэх замаар маргааныг шийдвэрлэх хүсэлттэй байна.

3,000,000 төгрөг төлье гэж байгаад дараа нь 5,000,000 төгрөг өгье гэтэл манай хадам ээж нас барсан, банк бус санхүүгийн байгууллагад байраа алдсан, урьдчилгаа мөнгө өгч байгаад юу ч өгч авч чадаагүй. Нэмээд 5 сая төгрөг өгье гээд байгаа. 10 сая төгрөгийн зээл алданги, хүү гэж явсаар байгаад ийм болсон. Машинаа зараагүй, барьцаанд алдсан гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Сансит капитал ББСБ нь хариуцагч Э.Цэд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт 10,972,321 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагын барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас 10,972,321 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Сансит капитал ББСБ нь зээлдэгч Э.Цтэй 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр ЗГ2019-053/А дугаартай зээлийн гэрээ, мөн өдөр №ФГ2019-053 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг сарын 3,7 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай зээлдүүлсэн болох нь хэрэгт авагдсан зээлийн болон фидуцийн гэрээ, зохигч талуудын тайлбараар тогтоогдож байна.

Дээрх зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 451.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. 452 дугаар зүйлийн 452.2.Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй., 453 дугаар зүйлийн 453.1.Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор Иргэний хуулийн 235 зүйлийн 235.1-д зааснаар фидуцийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр байна.

Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д зааснаар, үүрэг хүлээсэн этгээд нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаандаа гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Дээр дурдсанаар, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор өмчлөх эрхийг түр зуурын хугацаанд шилжүүлэхдээ талуудын тохиролцсон гэрээний хугацаанд түр шилжүүлнэ. Гэхдээ үүрэг гүйцэтгэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн баталгаа болж түр шилжүүлэгдсэн эд хөрөнгө нь үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд бүрмөсөн шилжинэ.

Гэвч №ФГ2019-053 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээний зүйл болох Тоёота Аурис маркийн .улсын дугаартай тээврийн хэрэгслийг зээлдэгч бусдад худалдсан, барьцаанд алдсан гэх тайлбарыг зохигч гаргасан, зээлдүүлэгч нь дээр дурьдсанаар, үүргийн гүйцэтгэлийн баталгаа болох эд хөрөнгийг өмчлөлдөө шилжүүлэн авах боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, зээлийн гэрээний үүргийг хариуцагчаар гүйцэтгүүлж, 10,972,321 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээл төлөлтийн дансны хуулга-аар зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн буюу 2022 оны 6 дугаар сарын 13-ны байдлаар зээлийн гэрээний үндсэн зээлийн төлбөрт 7,027,795 төгрөг, зээлийн хүүнд 3,285,172 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 659,354 төгрөг, нийт 10,972,321 төгрөгийн төлбөртэй болох нь тогтоогдож байна.

Хариуцагч нь зээл төлөлтийн дансны хуулгад тусгагдсан зээлийн гэрээний дагуу төлбөрийн үүргээ хэрхэн биелүүлж байсан үйл баримтын талаар маргаагүй, харин төлбөр төлөх боломж, өөрийн бололцоог харгалзан үзэхийг нэхэмжлэгчээс хүсч байснаа шүүхэд тайлбарласан.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1, 235 дүгээр зүйлийн 235.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Э.Цээс 10,972,321 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Сансит капитал ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч Сансит капитал ББСБ ХХК-иас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөг, 190,507.13 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Цээс улсын тэмдэгтийн хураамж 190,507.13 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Сансит капитал ББСБ ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.У