| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2025/0313/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/337 |
| Огноо | 2025-09-29 |
| Зүйл хэсэг | 22.1.1., |
| Улсын яллагч | Б.Даваахүү |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/337
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,
Улсын яллагч Б.Даваахүү,
Гэрч Ц.Х, Х.Д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюунбилэг,
Шүүгдэгч О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О-ийн Б-д холбогдох 2538000000172 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Г овогт Оийн Б,
Холбогдсон хэргийн талаар: (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Шүүгдэгч О.Б нь ************************ын 2012 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 07 дугаартай тушаалаар Хөвсгөл аймгийн ********** сумын ********** буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх хэсэг “Төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан” гэж заасан төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалтнаар томилогдон ажиллаж байх хугацаандаа Төрийн албаны тухай хуулийн 37.1.1-д заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-д заасан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх, хууль бус, шударга бус явдалтай эвлэрэхгүй байх”, 37.1.3-д “Эх орон, ард түмнийхээ тусын тулд иргэний ёсоор үндэсний язгуур ашиг сонирхолд захирагдан өөрт олгогдсон бүрэн эрхийн хүрээнд ажиллах, хүний нэр төр, алдар хүнд, эрх, эрх хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх”, Авлигын эсрэг хуулийн 7.1.3-д заасан “Албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах”, 7.1.6-д заасан “Албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.1-д заасан “Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахина”,
Мөн Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтаар газар эзэмших эрх авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь 90 хоногт багтаан байгаль орчны нөлөөллийн үнэлгээг хийлгэсний дараа тэдгээртэй газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, тус хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэг (Энэ хуулийн 33.1.1- д зааснаас бусад зориулалтаар болон энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан хэмжээнээс илүү газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад мал аж ахуйн үйлдвэрлэл эрхлэх зориулалтаар малчдын хоршоонд нэг удаа 5 га хүртэлх газар эзэмшүүлэх асуудлыг аймаг, сум, нийслэлийн Засаг дарга дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар шийдвэрлэнэ. Төсөл шалгаруулах, дуудлага худалдаа явуулах журмыг Засгийн газар тогтооно”,
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 41 дүгээр тогтоолын 14 дүгээр хавсралтаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан Салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд хангах, Газрын дуудлага худалдааг зохион байгуулах, гэж тус тус заасныг зөрчиж,
Хөвсгөл аймгийн ********** сумын иргэн Л.Ч-ад ********** сумын нутаг дэвсгэрт 2020 онд газар эзэмших эрх олгогдоогүй буюу сумын засаг даргын захирамж гараагүй, гэрчилгээ олгогдож гэрээ байгуулаагүй байхад албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж “иргэн Л.Ч нь иргэн Х.Дид газар худалдсан гэх хүсэлтийг үндэслэн” 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******** дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар иргэн Х.Дид Хөвсгөл аймгийн ********** сумын 7 дугаар баг ******** төв хэсэгт 1482м2 газрыг эзэмшүүлж бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1-р хуудас),
Газрын кадастрын мэдээллийн системд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 29-38-р хуудас),
Иргэний гаргасан өргөдлийг шийдвэрлүүлэхээр гзарын даамал О.Бд цохсон засаг даргын танилцуулах хуудасны хуулбар (хх-ийн 40-р хуудас),
Хөвсгөл аймгийн ********** сумын засаг дарга болон **********д иргэн Х.Дийн гаргасан өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 41-42-р хуудас),
Хөвсгөл аймгийн ********** сумын **********д иргэн Л.Чын гаргасан өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 43-44-р хуудас),
Хөвсгөл аймгийн ********** сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******** дугаартай захирамж, захирамжийн хавсралт (хх-ийн 45-46-р хуудас),
Хөвсгөл аймгийн ********** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн **** дугаартай тогтоол, тогтоолын хавсралт (хх-ийн 47-48-р хуудас),
Хөвсгөл аймгийн ********** сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн ** дугаартай тогтоол, тогтоолын хавсралт (хх-ийн 50-51-р хуудас),
Архивын тасгийн 2023 оны нөхөн бүрдүүлтийн 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн төлөвлөгөө (хх-ийн 53-р хуудас),
************************ын 2012 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 7 дугаартай тушаал (хх-ийн 56-р хуудас),
Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 361 дугаартай тогтоол (хх-ийн 57-р хуудас),
Албан тушаалын тодорхойлолт (хх-ийн 58-63-р хуудас),
Хөвсгөл аймгийн ********** сумын Засаг даргын 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн **** дугаартай ажлын хсэг байгуулах тухай захирамж (хх-ийн 64-р хуудас),
Шүүгдэгч О.Бийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Л.Чын аав болох Д.Л нь тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан Ц.Х даргатай газар авах талаар уулзсан. 2019 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөө нь батлагдаагүй байсан тул ирэх жилийн буюу 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлагдахаар хүсэлтээ өгөөрэй гэж хэлсэн. Ингээд 2020 оны 4 сард Д.Л гэх хүн Засаг даргатай дахин уулзаж газар авахаар хүсэлт өгсөн. Намайг өрөөндөө байхад Засаг дарга Ц.Х уулзаад тухайн хүний газрыг хэмжиж өг урд жилээс хойш явж байгаа хүн байгаа юм гэж хэлсэн. Би Засаг даргаас амаар өгсөн чиглэлийн дагуу Л.Ч түүний аав, ээж хамт байж байхад би газрыг нь хэмжээд 4 цэгийг нь тэмдэглүүлээд шон хатгуулсан. 2020 оны 6 дугаар сард мэргэжлийн байгууллагаар кадастрын зураг хийлгүүлсэн. 2020 оны 7 дугаар сарын сүүлээр байшин суурь цутгана гээд элс, хайрга буулгасан байсан. Иргэн Л.Ч нь иргэн Х.Дид талыг нь 7,500,000 төгрөгөөр худалдсан гэх хүсэлтийг ирүүлсэн. Уг хүсэлтийг үндэслэн Сумын засаг дарга Ц.Хн тухайн иргэний өргөдөл дээр Нэгэнт өөрийн эзэмшил газраа бусдад шилжүүлсэн тул иргэн Чад тэнд дахин эзэмшил газар байхгүй гэдгийг мэдэгдэж, 2 талыг хүсэлт ёсоор иргэн Х.Д-ид газрыг шилжүүлье. Газар авчхаад бусдад зарж борлуулчхаад дахин иргэн Ч-ад эзэмшил байхгүй гэдгийг мэдэгдье О.Б гэж цохолт хийгээд гарын үсэг зурсан байсан. Тухайн 2 иргэний хүсэлт Засаг даргын цохилтыг үндэслэн Сумын засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 08-н өдрийн ******** тоот захирамж гарсан. ********** миний хувьд тухайн иргэний хуульд нийцүүлэн 2 иргэний хүсэлт, кадастрын зураг, засаг даргын цохолтыг үндэслэн захирамжийн төслийг боловсруулсан... Газрын тухай хуульд газар эзэмшүүлэх, өмчлүүлэх, хугацаа сунгах асуудлыг сумын ********** шийдвэр гаргадаг албан тушаалтан биш тул иргэн Х.Дид давуу байдал олгоогүй гэж үзэж байна. Л.Ч болон Х.Д нартай миний хувьд ямар нэгэн хувийн холбоо хамаарал байхгүй. Эдгээр хүмүүсээс хахууль шан харамж авсан зүйл байхгүй...Шилжүүлэхийг хүссэн гэрчилгээ хүчин төгөлдөр эсэхийг ********** шалгах ёстой байсан энэ үүргээ хэрэгжүүлээгүй ажилдаа хайнга хандсан нь миний буруу юм....” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Х-н шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Хоёр талын өгнө, авна гэсэн хүсэлт ирсэн юм уу гэсэн чинь ирсэн гэхээр нь би шийдвэр гаргасан. Манайх газар олгохдоо даамал дээр өргөдөл ирж бичиг хэргээр бүртгүүлээд над дээр ирэхээр нь би О.Б рүү цохолт хийдэг зарчимтай. Аав нь над дээр орж ирэхээр нь би О.Бийг дуудаад “н.Дийн хажуу талд ахуйн зориулалтаар 0,07 га газар яриад байна. Тэр боломжтой гэж үзэж байгаа учраас тэрийг шийдье” гэсэн. Тэгээд аавд нь “өргөдөл материалыг нь **********д бүрдүүлж өг” гэж хэлж байсан. Гэхдээ сүүлд сонсоход бүрдүүлж өгөөгүй юм байна лээ. Тэгээд аав нь нас барсан, хүү нь ч тэр талаар яриагүй... Тухайн үед өөрсдөө амаараа ярьчхаад материалаа бүрдүүлж албажуулж аваагүй байж тэр хүн газраа бусдад зарна гэсэн асуудал байхгүй. Гэтэл О.Б дээр н.Ч өгье, н.Д авъя гэсэн хүсэлт орж ирсэн байсан учраас тэрийг болж байгаа юм байна гэж ойлгоод хоёр тал хоёулаа зөвшөөрч байгаа учраас хуулийн дагуу шийдье гэж бодоод шийдвэр гаргасан. Би ажлаа өгөхөөсөө 3, 4 хоногийн өмнө шийдвэр гаргасан шиг санаж байна. Би 12 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор ажлаа хүлээлгэж өгсөн. Тэрнээс өмнө О.Бд надтай холбоотой өргөдөл байна уу гэхэд тэрнээс гадна 3, 4 хүний асуудлыг шийдэж захирамж гаргасан. Бүгд нэг нь өгнө, нөгөөх нь авна гэсэн хүсэлт гаргасан байсан учраас гомдол чирэгдэлгүй учраас шийдье гэж бодсон. Тэр захирамжаар өмнө нь эзэмшиж байсан 4 хүний эзэмшил газрыг бүгдийг нь цуцлаад дараагийн авах хүмүүст олгох захирамж гаргасан...Өгье, авъя гэсэн аль аль тал нь өргөдөл хүсэлтээ өгчихсөн байсан учраас гэрчилгээтэй, гэрчилгээгүйг анзаараагүй. Хоёр тал ямар нэгэн маргаан байхгүй бол асуудлаа шийд гэж би хэлдэг байсан... Ганцхан хайхрамжгүй хандсан зүйл бол н.Чын газар хэдэн тоот захирамжаар гаргасан билээ, хэдэн тоот гэрчилгээтэй билээ гэдгээ шалгаагүй, тэрийг О.Б шалгаагүй нэг нь авна, нөгөөх нь өгнө гэхээр нь тэрэнд итгээд ийм зүйл болсон байна лээ. Энэ бидний алдаа...” гэх мэдүүлэг,
Гэрч Х.Д-ийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Эхлээд бид хоёр газрын хэмжээг яриагүй. Мөнгөө шилжүүлснээс хойш утсаа авахаа байгаад гэрт нь очоод сүүлдээ зодолдохдоо тулаад нэмж мөнгө өг гэхээр нь тийм зүйл байхгүй гэсэн. Тухайн үед үл хөдлөх барьчихсан байсан учраас тэрийгээ тавьж банкнаас зээл аваад үйл ажиллагаагаа эхлүүлэхээр болсон. Мөнгөө өгснөөс хойш газраа шилжүүлээд өгөөч гэж гуйж үзээд, уурлаж үзээд тэгсээр байгаад талыг нь авъя гээд өргөдөл бичиж өгсөн...Газрын гэрээ гэрчилгээний талаар асууж байгаагүй... О.Б гэдэг газрын байцаагчид н.Чаас газар шилжүүлж авах өргөдөл, хүсэлт гаргахдаа өөртөө давуу байдал бий болгохоор мөнгө өгсөн, шан харамж амласан зүйл байхгүй...Юу ч бариагүй хоосон хөцөө татсан байсан... Чын газар гээд хүмүүс яриад байхаар нь би н.Чтай уулзсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Хн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сумын нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх асуудлыг Газрын тухай хуульд зааснаар сумын Засаг дарга захирамж гаргаж шийдвэрлэдэг. Газар эзэмших олгохтой холбоотой асуудлыг ********** бүрдүүлж, захирамжийн төсөл боловсруулж оруулж ирээд танилцуулдаг...Би дээрх цохолтыг хийснээ бол санаж байна. Л.Чын талийгаач аав нь манай хүү газар өгөөч гээд гуйгаад байдаг байсан. Тэгээд би албан ёсоор хүсэлтээ бичээд өг гэж хэлдэг байсан. Ингээд 2020 онд Л.Ч болон Х.Д гэх хоёр хүн нэг нь газар авна, нэг нь газраа зарж байна гэсэн утгатай хүсэлтийг гаргасан байсныг ********** О.Б бариад миний өрөөнд орж ирсэн. Би О.Бд хэлэхдээ энэ Ч чинь газар авна авна гэж авчихаад одоо зарж байгаа юм уу наад нөхөр чинь газрын наймаа хийгээд байгаа юм уу, одоо дахиж энэ хүнд газар олгохгүй шүү гэдгийг би хэлж байсан...Л.Ч-ын бусдад худалдсан гэх газрыг албан ёсоор эзэмшиж байсан талаар нь би мэдэхгүй байна. Хашаа шиг юм бүрэн биш дутуу барьсан байсан гэж харж байсан...Л.Ч-ад газар олгосон талаар захирамж гаргасан эсэхийг санахгүй байна. Би газар олгохтой холбоотой захирамж дээр гарын үсэг зурахдаа газрын даамлаас амаараа асуугаад эдгээр нь хуульд нийцэж байгаа юу, асуудалгүй биз дээ гэхэд асуудалгүй, хуульд нийцэж байгаа гэж хэлдэг байсан...Мөн надад танилцуулахдаа маргаантай газар дээр нь ийм хууль тогтоомж зөрчиж байна үндэслэлгүй юм гэх байдлаар танилцуулдаг байсан...Би иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх захирамж гаргахдаа газрын хувийн хэргийг үзэж байгаагүй. Яагаад гэхээр газрын асуудал хариуцсан ********** гэдэг албан тушаалтан байгаа учраас тэр хүн тухайн сум орон нутагт газрын тухай хуулийг хэрэгжүүлэх, хувийн хэргийг хуулийн дагуу бүрдүүлэх чиг үүрэгтэй шүү дээ. Миний хувьд маргаан үүсдэг буюу **********гийн газруудын хувийн хэргийг өөрөө газрын даамлаас авч үзэж байсан...Би Л.Чад шилжүүлсэн гэх газрыг албан ёсоор эзэмшиж байгаагүй талаар сая анх удаа сонгож байна. Л.Чын газар эзэмшиж байгаагүй талаар ********** О.Б надад хэлж байгаагүй. Би О.Бэс наад хоёр чинь нэг нь өгнө нэг нь авна гэсэн юм маргаан байхгүй биз гэхэд маргаан байхгүй гэж надад хэлсэн. Уг нь ********** энэ шилжүүлэхтэй холбоотой баримтуудыг судлаад бүрдлийг нь хангаад хууль зүйн үндэслэлтэй захирамжийн төсөл боловсруулж орж ирэх ёстой. Сумын засаг даргын хувьд ганц газартай холбоотой асуудал биш бүхий л үйл ажил холбоотой асуудалд оролцож гарын үсэг зурдаг учраас би газартай холбоотой үйл ажиллагаанд өдөр тутамд оролцоод байх боломж надад байхгүй. Би 2020 оны 12 дугаар 10-ны өдөр дараагийн Засаг дарга Х-д тамгаа шилжүүлж ажлаа өгсөн. Л.Чын газрыг бусдад шилжүүлсэн захирамж гаргуулахдаа үүнийг хууль нийцээгүй, газрын тухай хууль зөрчиж байгаа талаар надад танилцуулаагүй. Асуудалгүй юм байна 2 талын хүсэлттэй юм байна гэж хэлээд надаар гарын үсэг зуруулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 21-23-р хуудас),
Гэрч Х.Дийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Миний хувьд ********** сумын иргэн Л.Чаас 2020 оны хавар худалдан авахаар аман тохиролцоо хийж 7-8 сая төгрөгөөр худалдаж авсан. Би худалдан авсан газрын мөнгийг Л.Чын юм уу эхнэрийнх нь данс руу хийсэн санагдаж байна. Ингээд тус 2020 оноос эхлэн одоог хүртэл эзэмшиж байна. Л.Ч нь надаас газар худалдсан мөнгөө аваад газраа шилжүүлж өгөхгүй удсан. Тэгээд нэлээд хугацааны дараагаар тус газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан...Тус сумын ********** О.Б болон ********** сумын засаг дарга Ц.Х нарт хүсэлт бичиж өгсөн. Түүний дагуу уг газар миний эзэмшилд шилжсэн, хэрхэн ямар процессын дагуу шилжсэн талаар мэдэхгүй...Би Л.Чаас худалдан авсан газар дээр өөрийн хөрөнгөөр 8 нэрийн хүнсний дэлгүүр барьж 2020 оноос одоог хүртэл үйл ажиллагааг нь тасралтгүй явуулж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18-р хуудас),
Гэрч Л.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний эцэг Д.Л нь ********** сумын Модны үйлдвэрт насаараа ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан хүн байсан, 2024 оны 06 дугаар сард нас барсан...Улмаар 2015 билүү 2016 оны үед аавтайгаа цуг сумандаа үйлдвэр, үйлчилгээний зориулалттай газар авч хувиараа хөдөлмөр эрхлэхээр шийдэж, сумын Засаг даргад газар эзэмших талаар хүсэлт өгсөн. Тухайн үед ********** сумын Газрын даамлаар н.Б гэдэг хүн ажиллаж байсан. Тэр хүн одоог хүртэл Газрын даамлаар ажиллаж байгаа. Аав бид хоёроос гаргасан хүсэлтийн дагуу ********** н.Б нь сумын төв буюу Баяр наадмын талбайн баруун талд, замын хажууд нэг газар зааж өгсөн. Тэр газар нь багцаагаар 80 метр орчим урт, 40 орчим метр өргөн газар байсан. ********** хэлэхдээ энэ үйлдвэр, үйлчилгээний зориулалтаар олгох газар шүү гэж зааж өгөөд та нар тэгээд энэ газраа өөрсдөө хашиж аваарай, тэгээд өөрөө эндээ юм аа хийгээрэй гэж хэлсэн. Тэрний дагуу 2015 билүү 2016 оны үед буюу эхний жилд газраа тойруулж хэдэн шон тэмдэглэж зоосон. Дараа жил нь буюу 2016 оны үед газраа тойруулж модон хайсаар хашаагаа барьсан. Би ажил төрөлгүй байсан учраас өөрийн боломжоороо эхлээд хашаа барьж, дараа нь 2017-2018 онд хашаандаа байшингийн суурь цутгах зорилгоор элс, хайрга буулгасан. Тэрнээс хойш юм хийж чадаагүй. Манай сумын иргэн Х.Д гэх хүн 2020 оны зун надтай уулзаад чи өөрийн хашаа барьсан газраасаа талыг нь надад зараа ч гээд нэлээд хэсэг хугацаанд гуйж явсаар байгаад сүүлдээ би түүнд газрынхаа талыг нь зарахаар болж аман гэрээ байгуулсан. Би түүнд 20х40 метрийн харьцаатай тал газраа 7,500,000 төгрөгөөр худалдахаар амаар тохиролцсон. Тэгээд энэ талаар сумын ********** н.Бд хэлэхэд, бид хоёроос тус тусад нь өргөдөл бичүүлэн авч, тухайн газарт газрын гэрчилгээ гаргана гэж өргөдлийг хавсаргаж авсан. **********тай уулзахаас өмнө би Х.Доос газар зарсан мөнгө гэж 7,500,000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь ********** тоот дансаар хүлээн авсан. Тухайн үйл явдал нь 2020 оны зунаас эхэлсэн. Тэрний дараа миний хашаа барьсан газрыг бүхэлд нь Х.Дид эзэмшүүлэхээр сумын Засаг даргын захирамж гарч, газрын гэрчилгээ олгогдсон байсан. Би болохоор үлдсэн тал газрын гэрчилгээ нь гарах байх гэж бодоод хүлээж байсан. Х.Дид тухайн газрыг бүхэлд нь эзэмшүүлэхээр олгосныг олж мэдээд ********** н.Бд хандаж ямар учраас үлдсэн тал газарт надад гэрчилгээ гаргаж өгөхгүйгээр бүтнээр нь Х.Дид өгч байгаа юм бэ гэхэд н.Б надад хандаж Х.Д дээр Засаг даргын захирамж гарсан гэдгийг л хэлсэн. ..Уг газрын эзэмших хүсэлт гаргаснаас хойш сумын Засаг дарга болон Газрын даамлын зүгээс ямар эрх зүйн баримт бичиг үйлдэгдсэн талаар би мэдэхгүй байна. Надад ямар ч байсан газар эзэмших эрхийн гэрчилгээ олгоогүй. Надад тухайн газрыг эзэмшдэг гэдэг нотлох баримт байхгүй. Хамгийн анх энэ газар чиний газар шүү гэж ********** н.Б биечлэн очиж зааж өгсөн. Зааж өгөхдөө өөрөө хэмжилт хийгээд надад 4 буланг тодорхойлж өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 7-9-р хуудас),
Гэрч З.Нын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Сумын ********** нь ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу газар зохион байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх газартай холбоотой бүх асуудлыг шийдвэрлэнэ. Жишээлбэл газар төлөвлөх, төлөвлөгөөний дагуу Засаг даргын захирамжийн төсөл боловсруулах, захирамжийг үндэслэн кадастрын мэдээллийн санд газрын мэдээллийг үнэн зөв оруулах гэх мэт...Тухайн нутаг дэвсгэр хариуцсан ********** Засаг даргын гаргаж байгаа шийдвэрт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч Газрын тухай хууль тогтоомжид нийцсэн эсэх талаар мэдээллээр хангах ёстой. Мөн гаргаж байгаа захирамж нь Газрын тухай хуульд нийцээгүй зөрчсөн байвал энэ талаар Засаг даргад хэлэх ёстой байдаг...Үйлчилгээний зориулалттай газрыг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т заасны дагуу дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулах замаар шийдвэрлэнэ. Үйлчилгээний зориулалттай газрын хүсэлт гаргасан иргэн, хуулийн этгээдэд шууд эзэмшүүлж болохгүй...Эзэмших эрх хүчин төгөлдөр болоогүй газрыг бусдад шилжүүлэх боломжгүй. Тийм эрх зүйн зохицуулалт байхгүй...Сумын ********** Засаг даргын захирамжийг үндэслэлгүй гэж үзвэл тухайн захирамжийг хэрэгжүүлэхгүй байх, гэрээ гэрчилгээ олгохгүй байх эрхтэй. Мөн хууль бус шийдвэрийн талаар шууд удирдах албан тушаалтан буюу газрын дарга болон бусад удирдах албан тушаалтанд мэдэгдэж мэргэжил арга зүйн зөвлөгөө авч болдог...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-28-р хуудас) зэргийг шинжлэн судлав.
Эрүүгийн 2538000000172 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Гэм буруугийн талаарх талуудын гаргасан санал, дүгнэлт:
Улсын яллагчаас шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь ********** сумын иргэн Л.Ч-ад ********** сумын нутаг дэвсгэрт 2020 онд газар эзэмших эрх олгогдоогүй буюу сумын засаг даргын захирамж гараагүй, гэрчилгээ олгогдож гэрээ байгуулаагүй байхад албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдлийг хийж “иргэн Л.Ч нь иргэн Х.Д-ид газар худалдсан гэх хүсэлтийг үндэслэн” 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******** дугаартай "Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар иргэн Х.Д-ид Хөвсгөл аймгийн ********** сумын 7 дугаар баг ******** төв хэсэгт 1482 м2 газрыг эзэмшүүлж бусдад давуу байдал бий болгосон нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэдий ч түүний гэм буруутай нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжгүй байгаа. Харин О.Б-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжтэй боловч учруулсан хохирол байхгүй тул мөн уг гэмт хэрэг болох боломжгүй юм. Иймд О.Б-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч О.Б нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би газар эзэмших эрхийн гэрчилгээ байгаа эсэхийг нягтлан шалгаагүй ажилдаа хайнга хандсан. Харин бусдад санаатай давуу байдал бий болгосон зүйл байхгүй...” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцсэн болно.
Шүүхээс тогтоосон үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч О.Б нь Хөвсгөл аймгийн ********** сумын газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа Хөвсгөл аймгийн ********** сумын иргэн Л.Ч-ад ********** сумын нутаг дэвсгэрт 2020 онд газар эзэмших эрх олгогдоогүй буюу сумын засаг даргын захирамж гараагүй, гэрчилгээ олгогдож гэрээ байгуулаагүй байхад иргэн Л.Ч нь иргэн Х.Д-ид газар худалдсан, Х.Д нь Л.Чаас газар худалдан авсан гэх хүсэлтүүдийг үндэслэн” засаг даргын захирамжийн төслийг боловсруулж, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******** дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар иргэн Х.Дид Хөвсгөл аймгийн ********** сумын 7 дугаар баг ******** төв хэсэгт 1482 м2 газрыг эзэмшүүлсэн үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б нь Л.Ч, Х.Дид газар худалдсан, Х.Д нь Л.Чаас газар худалдан авсан гэх хүсэлтүүдийг үндэслэн” иргэн Х.Д-ид Хөвсгөл аймгийн ********** сумын 7 дугаар баг ******** төв хэсэгт 1482 м2 газрыг эзэмшүүлэх Засаг даргын захирамжийн төслийг боловсруулж, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******** дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийг гаргуулахдаа Х.Д-ид давуу байдал бий болгосон гэх үйлдэлд гэмт хэргийн субъектив шинж тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл:
Иргэний гаргасан өргөдлийг шийдвэрлүүлэхээр ********** О.Б-д цохсон засаг даргын танилцуулах хуудасны хуулбар (хх-ийн 40-р хуудас),
Хөвсгөл аймгийн ********** сумын засаг дарга болон **********д иргэн Х.Дийн гаргасан өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 41-42-р хуудас),
Хөвсгөл аймгийн ********** сумын **********д иргэн Л.Чын гаргасан өргөдөл, иргэний үнэмлэхийн хуулбар (хх-ийн 43-44-р хуудас),
Шүүгдэгч О.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Л.Ч-ын аав болох Д.Л нь тухайн үед Засаг даргаар ажиллаж байсан Ц.Х даргатай газар авах талаар уулзсан...Засаг дарга Ц.Х уулзаад тухайн хүний газрыг хэмжиж өг урд жилээс хойш явж байгаа хүн байгаа юм гэж хэлсэн....Иргэн Л.Ч нь иргэн Х.Д-ид талыг нь 7,500,000 төгрөгөөр худалдсан гэх хүсэлтийг ирүүлсэн. Уг хүсэлтийг үндэслэн Сумын засаг дарга Ц.Хн тухайн иргэний өргөдөл дээр Нэгэнт өөрийн эзэмшил газраа бусдад шилжүүлсэн тул иргэн Ч-ад тэнд дахин эзэмшил газар байхгүй гэдгийг мэдэгдэж, 2 талыг хүсэлт ёсоор иргэн Х.Д-ид газрыг шилжүүлье. Газар авчхаад бусдад зарж борлуулчхаад дахин иргэн Ч-ад эзэмшил байхгүй гэдгийг мэдэгдье О.Б гэж цохолт хийгээд гарын үсэг зурсан байсан. Тухайн 2 иргэний хүсэлт Засаг даргын цохилтыг үндэслэн Сумын засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 08-н өдрийн ******** тоот захирамж гарсан....********** миний хувьд тухайн иргэний хуульд нийцүүлэн 2 иргэний хүсэлт, кадастрын зураг, засаг даргын цохолтыг үндэслэн захирамжийн төслийг боловсруулсан....” гэх мэдүүлэг,
Гэрч Ц.Хн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Аав нь над дээр орж ирэхээр нь би О.Бийг дуудаад “н.Дийн хажуу талд ахуйн зориулалтаар 0,07 га газар яриад байна. Тэр боломжтой гэж үзэж байгаа учраас тэрийг шийдье” гэсэн. Тэгээд аавд нь “өргөдөл материалыг нь **********д бүрдүүлж өг” гэж хэлж байсан. Гэхдээ сүүлд сонсоход бүрдүүлж өгөөгүй юм байна лээ...Гэтэл О.Б дээр н.Ч өгье, н.Д авъя гэсэн хүсэлт орж ирсэн байсан учраас тэрийг болж байгаа юм байна гэж ойлгоод хоёр тал хоёулаа зөвшөөрч байгаа учраас хуулийн дагуу шийдье гэж бодоод шийдвэр гаргасан....Өгье, авъя гэсэн аль аль тал нь өргөдөл хүсэлтээ өгчихсөн байсан учраас гэрчилгээтэй, гэрчилгээгүйг анзаараагүй. Хоёр тал ямар нэгэн маргаан байхгүй бол асуудлаа шийд гэж би хэлдэг байсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Х.Дийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Миний хувьд ********** сумын иргэн Л.Чаас 2020 оны хавар худалдан авахаар аман тохиролцоо хийж 7-8 сая төгрөгөөр худалдаж авсан. Би худалдан авсан газрын мөнгийг Л.Чын юм уу эхнэрийнх нь данс руу хийсэн санагдаж байна. Ингээд тус 2020 оноос эхлэн одоог хүртэл эзэмшиж байна. Л.Ч нь надаас газар худалдсан мөнгөө аваад газраа шилжүүлж өгөхгүй удсан. Тэгээд нэлээд хугацааны дараагаар тус газрыг өөрийн нэр дээр шилжүүлэн авсан...Тус сумын ********** О.Б болон ********** сумын засаг дарга Ц.Х нарт хүсэлт бичиж өгсөн. Түүний дагуу уг газар миний эзэмшилд шилжсэн...О.Б гэдэг газрын байцаагчид н.Чаас газар шилжүүлж авах өргөдөл, хүсэлт гаргахдаа өөртөө давуу байдал бий болгохоор мөнгө өгсөн, шан харамж амласан зүйл байхгүй...Тухайн газарт юу ч бариагүй хоосон хөцөө татсан байсан... Чын газар гээд хүмүүс яриад байхаар нь би н.Чтай уулзаж газрыг худалдаж авсан...” гэх мэдүүлэг,
Гэрч Л.Чын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2015 билүү 2016 оны үед аавтайгаа цуг сумандаа үйлдвэр, үйлчилгээний зориулалттай газар авч хувиараа хөдөлмөр эрхлэхээр шийдэж, сумын Засаг даргад газар эзэмших талаар хүсэлт өгсөн. Аав бид хоёроос гаргасан хүсэлтийн дагуу ********** н.Б нь сумын төв буюу Баяр наадмын талбайн баруун талд, замын хажууд нэг газар зааж өгсөн...эхний жилд газраа тойруулж хэдэн шон тэмдэглэж зоосон. Дараа жил нь буюу 2016 оны үед газраа тойруулж модон хайсаар хашаагаа барьсан. Би ажил төрөлгүй байсан учраас өөрийн боломжоороо эхлээд хашаа барьж, дараа нь 2017-2018 онд хашаандаа байшингийн суурь цутгах зорилгоор элс, хайрга буулгасан...Тэрнээс хойш юм хийж чадаагүй. Манай сумын иргэн Х.Д гэх хүн 2020 оны зун надтай уулзаад чи өөрийн хашаа барьсан газраасаа талыг нь надад зараа ч гээд нэлээд хэсэг хугацаанд гуйж явсаар байгаад сүүлдээ би түүнд газрынхаа талыг нь зарахаар болж аман гэрээ байгуулсан. Би түүнд 20х40 метрийн харьцаатай тал газраа 7,500,000 төгрөгөөр худалдахаар амаар тохиролцсон. Тэгээд энэ талаар сумын ********** н.Бд хэлэхэд, бид хоёроос тус тусад нь өргөдөл бичүүлэн авч, тухайн газарт газрын гэрчилгээ гаргана гэж өргөдлийг хавсаргаж авсан...**********тай уулзахаас өмнө би Х.Доос газар зарсан мөнгө гэж 7,500,000 төгрөгийг өөрийн Хаан банк дахь ********** тоот дансаар хүлээн авсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 7-9-р хуудас) зэргээс үзэхэд иргэн Л.Ч нь тухайн газрыг хууль ёсоор эзэмшиж аваагүй атлаа бусдад өөрийн эзэмшлийн мэт харагдахаар буюу газрыг тойруулж хашаалсан, иргэн Х.Дид 7,500,000 төгрөгөөр худалдсан, мөн тухайн газрын гэрчилгээг Х.Дид шилжүүлэхээр талууд Засаг дарга болон **********д хүсэлт гаргасан, уг хүсэлтийг үндэслэн шүүгдэгч О.Б засаг даргын захирамжийн төсөл боловсруулахдаа Хөвсгөл аймгийн ********** сумын иргэн Л.Ч нь тухайн газрыг эзэмшдэг эсэх, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй эсэх, газрын хувийн хэрэг байгаа эсэхийг нягтлан шалгах газрын даамлын ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүрэгтээ хайнга хандаж улмаар Х.Дид газар эзэмшүүлэх засаг даргын захирамжийг гаргуулсан болох нь тогтоогдож байна.
Шүүгдэгч О.Б нь иргэн Л.Ч, Х.Дид газар худалдсан нэг нь худалдан авсан гэх хүсэлтүүдийг үндэслэн Хөвсгөл аймгийн ********** сумын 7 дугаар баг ******** төв хэсэгт 1482м2 газрыг эзэмшүүлэх Засаг даргын захирамжийн төслийг боловсруулж, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******** дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийг гаргуулахдаа иргэн Х.Дид тухайн газрыг эзэмшүүлэх захирамж гаргуулах талаар урьдчилан тохиролцсон, амласан, түүнчлэн засаг даргын захирамжийн хавсралтад дур мэдэн Х.Дийн нэрийг оруулсан зэрэг гэм буруутай сэдэлт, санаа зорилго огт тогтоогдохгүй байгаа болно.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалдагсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Б нь Хөвсгөл аймгийн ********** сумын газрын даамлаар ажиллаж байх хугацаандаа Хөвсгөл аймгийн ********** сумын иргэн Л.Чад ********** сумын нутаг дэвсгэрт 2020 онд газар эзэмших эрх олгогдоогүй буюу сумын засаг даргын захирамж гараагүй, гэрчилгээ олгогдож гэрээ байгуулаагүй байхад иргэн Л.Ч нь иргэн Х.Дид газар худалдсан, Х.Д нь Л.Чаас газар худалдан авсан гэх хүсэлтүүдийг үндэслэн” засаг даргын захирамжийн төслийг боловсруулж, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******** дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар иргэн Х.Дид Хөвсгөл аймгийн ********** сумын 7 дугаар баг ******** төв хэсэгт 1482м2 газрыг эзэмшүүлсэн үйл баримт буюу гэмт хэргийн объектив шинж эргэлзээгүй тогтоогдож байна. Харин уг захирамжийг гаргуулах болсон шүүгдэгчийн гэм буруугийн сэдэлт, санаа зорилго зэрэг гэмт хэргийн субъектив шинж хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн эрх зүйн онолын талаас авч үзвэл:
Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан обьектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгох ба энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцдог. Харин дан ганц үр дагаварт чиглэсэн обьектив яллах ажиллагааг Эрүүгийн эрх зүйн онол, хууль ёсны зарчмаар хориглосон байдаг юм.
Гэмт хэргийн бүрэлдүүний субъектив шинжид гэм буруу, сэдэлт, зорилго хамаарах бөгөөд гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүй түүний улмаас бий болох хор уршигт хандах сэтгэхүйн харилцаа, үйлдлийнхээ шинж чанар болон түүнээс үүдэн гарах үр дагаврыг ухамсарласан байдал буюу оюун санааны, тухайн зан үйлдээ хэрхэн хандсан байдал буюу хүсэл зоригийн талуудын нэгдэл байдаг.
Гэмт хэргийн бүрэлдүүний субъектив шинж нь хэн нэгний, тухайлбал, мөрдөгч, прокурор, шүүгчийн ухамсараас ангид бодитойгоор оршин байдаг учраас объектив шинжтэй юм. Өөрөөр хэлбэл субъектив талын шинжийг тогтоохдоо хэн нэгний ухамсараас шалтгаалахгүй хэрэгт холбогдуулан цуглуулсан нотлох баримтуудыг үнэлэх замаар тогтоодог.
Тодруулбал хэлбэрийн бүрэлдүүнтэй гэмт хэргийн субъектийн хүсэл зоригийн талыг зөвхөн үйлдлээр нь тогтоох шаардлагатай болдог. Иймд санаатай гэм бурууг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт тогтоохдоо субъект өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг ухамсарласан байдал болон түүнийг хүсэж үйлдсэн байдлыг гол шалгуур болгодог учиртай.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална.” гэж заасан.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенцын 19 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх явцад өөртөө эсхүл өөр этгээд, байгууллагад зүй бус давуу байдал олгохдоо албан тушаалаа урвуулан ашиглах санаа, сэдэлтийг агуулж байсныг нотлох нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн нөхцөл болохыг заасан болно.
Түүнчлэн, Үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 8 дугаар зүйлд Авлигын эсрэг НҮБ-ын конвенцоор тодорхойлсон нийтийн албан тушаалтан албаны чиг үүргээ урвуулан ашиглах гэмт хэргийн шинжийг илүү өргөн агуулгаар буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүрэг, бүрэн эрхэд хамаарах буюу хуулиар зөвшөөрөгдсөн үйлдлийг хийсэн, түүнчлэн хийгээгүйн төлөө өөртөө болон бусдад ямар нэгэн хууль бус давуу байдал бий болгохыг хүссэн, эсхүл тийм саналыг хүлээн авсан санаатай үйлдлийг гэмт хэрэгт тооцохыг тусгасан байна.
Монгол Улсын нэгдэн орсон дээрх гэрээ, конвенцууд болон Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинжийг судлан үзвэл тусгай субьект буюу нийтийн албан тушаалтан албаны чиг үүргийн хувьд гэм буруугийн зөвхөн шууд санаатай хэлбэрээр хуулиар зөвшөөрөгдөөгүй буюу хориглосон үйлдлийг гүйцэтгэх, эсхүл хуульд заасны дагуу хийх ёстой зүйлийг хийж гүйцэтгээгүйн улмаас өөртөө болон бусдад хууль бус давуу байдал олгосон байх гэсэн зорилгод үндэслэсэн шинжийн нэгдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Дээр дурдагдсан Монгол Улсын хууль, нэгдэн орсон гэрээ, конвенцууд болон эрүүгийн эрх зүйн онолын үүднээс авч үзвэл шүүгдэгч О.Б нь иргэн Л.Ч, Х.Дид газар худалдсан нэг нь худалдан авсан гэх хүсэлтүүдийг үндэслэн Хөвсгөл аймгийн ********** сумын 7 дугаар баг ******** төв хэсэгт 1482 м2 газрыг эзэмшүүлэх Засаг даргын захирамжийн төслийг боловсруулж, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******** дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжийг гаргуулахдаа иргэн Х.Дид тухайн газрыг эзэмшүүлэх захирамж гаргуулах талаар урьдчилан тохиролцсон, амласан, түүнчлэн засаг даргын захирамжийн хавсралтад дур мэдэн Х.Дийн нэрийг оруулсан зэрэг гэм буруутай сэдэлт, санаа зорилго огт тогтоогдохгүй байна.
Харин иргэн Л.Ч нь тухайн газрыг хууль ёсоор эзэмшиж аваагүй атлаа бусдад өөрийн эзэмшлийн мэт харагдахаар буюу газрыг тойруулж хашаалсан, иргэн Х.Дид 7,500,000 төгрөгөөр худалдсан, мөн тухайн газрын гэрчилгээг Х.Дид шилжүүлэхээр талууд Засаг дарга болон **********д хүсэлт гаргасан зэргээс тухайн газрыг иргэн Л.Ч эзэмшдэг мэт харагдахуйц нөхцөл байдал үүссэн бөгөөд хүсэлтийг үндэслэн шүүгдэгч О.Б засаг даргын захирамжийн төсөл боловсруулахдаа Хөвсгөл аймгийн ********** сумын иргэн Л.Ч нь тухайн газрыг эзэмшдэг эсэх, газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчинтэй эсэх, газрын хувийн хэрэг байгаа эсэхийг нягтлан шалгах газрын даамлын ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүрэгтээ хайнга хандаж улмаар Х.Дид газар эзэмшүүлэх засаг даргын захирамжийг гаргуулсан ба уг захирамжийг гаргуулахад санаатайгаар бусдад давуу байдал бий болгосон гэх нөхцөл байдал нь хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч О.Б нь газар эзэмших эрх олгогдоогүй буюу сумын засаг даргын захирамж гараагүй, гэрчилгээ олгогдож гэрээ байгуулаагүй байхад иргэн Л.Ч нь иргэн Х.Дид газар худалдсан, Х.Д нь Л.Чаас газар худалдан авсан гэх хүсэлтүүдийг үндэслэн” засаг даргын захирамжийн төслийг боловсруулж, 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******** дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” захирамжаар иргэн Х.Дид Хөвсгөл аймгийн ********** сумын 7 дугаар баг ******** төв хэсэгт 1482м2 газрыг эзэмшүүлэхдээ бүрдүүлэх баримт бичиг, газрын хувийн хэрэг, гэрээ, гэрчилгээ, эзэмшил хүчинтэй эсэхийг нягтлан шалгах үүргээ биелүүлээгүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Албан үүрэгтээ хайнга хандах” гэмт хэргийн үндсэн шинжийн обьектив талыг хангаж байх боловч уг гэмт хэрэг нь бусдад их хэмжээний хохирол учирсан байхыг шаарддаг тул шүүгдэгч О.Бийн албан үүргээ зохих ёсоор билүүлээгүйг эрүүгийн гэмт хэрэг бус зөрчлийн шинжтэй гэж үзэхээр байна.
Иймд Хөвсгөл аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Бийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.Бийн хувьд холбогдох баримт бичгийг нягтлан шалгалгүйгээр бусдад газар эзэмшүүлэх эрхийг шилжүүлэх тухай Засаг даргын захирамжийн төсөл боловсруулж, захирамж гаргуулсан үйлдлийг эрх бүхий албан тушаалтан холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн гэж үзэж, хариуцлага тооцоход уг тогтоол саад болохгүйг дурдлаа.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгч О.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гэмт хэргийн субьектив шинж тогтоогдоогүй гэх үндэслэлээр шүүх хүлээн авах боломжгүй гэж үзсэн. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгч О.Бд холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэх санал дүгнэлтүүдийг хүлээн авах үндэслэлтэй байна.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн 2538000000172 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Шүүгдэгч О.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5, 6, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г овогт Оийн Бд холбогдох эрүүгийн 2538000000172 дугаартай хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч О.Бийг цагаатгасугай.
2. Шүүгдэгч О.Б нь хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг өөрийн оршин суугаа газрын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг болохыг тайлбарласугай.
3. Эрүүгийн 2538000000172 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Цагаатгах тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч О.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР