2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/2115

 

 

 

      2025         09          09                                               2025/ШЦТ/2115

                                 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

Улсын яллагч Б.Ууганбаяр,

Шүүгдэгч: О.Б, түүний өмгөөлөгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2025 оны 08 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны **** дугаар сарын ****-ны өдөр ****-д төрсөн, **** настай, эрэгтэй, дээд боловсролтой, **** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ****-д оршин суух хаягтай,

Урьд **** дахь ****-ын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны **** дугаар сарын ****-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох,

**** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны **** дүгээр сарын ****-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар,

**** шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны **** дугаар сарын ****-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор дугаартай шийтгэх тогтоолоор 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 650.000 төгрөгөөр торгох,

**** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны **** дүгээр сарын ****-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

**** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны **** дугаар сарын ****-ны өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

**** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны **** дүгээр сарын ****-ний өдрийн **** дугаартай шийтгэх тогтоолоор 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, О.Б- /****/.

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Б нь **** оны **** дүгээр сарын ****-ний өдөр Нийслэлийн **** дүүргийн, ****-ийн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Э-той маргалдан түүний зодож биед нь хамар ясны зөрүү багатай далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, хоёр нүдний зовхи, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч О.Б нь “...**** оны **** дүгээр сарын ****-ний өдөр Нийслэлийн **** дүүргийн **** дугаар хороо, ****-ийн гадна архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Э-той маргалдан түүний зодож биед нь хамар ясны зөрүү багатай далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, хоёр нүдний зовхи, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан...” үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 2-3х/,

 

Хохирогч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "... Бид хоёр үл ойлголцоод маргалдаж байх үеэр намайг мэдээгүй байхад Б гэнэт баруун гараараа миний зүүн нүд рүү нэг удаа цохисон тэгээд шууд зөрүүлээд зүүн гараараа нүүр хэсэгт хамар хавьцаа цохисон. Тэгээд би нүүрээ дараад газарт унахад миний дээрээс дэвсэж байгаад караокеноос гараад явсан тэгээд би араас нь гараад шатан дээр таарахад баруун зүүн гараараа дахиад миний нүүр толгой хэсэгт 2-3 удаа цохиод дэвсээд байсан. Тэр үеэр би ухаан алдсан чинь намайг заамдаад сэрээх гээд байгаа бололтой чирээд байсан. Миний биед 2 нүд хавдаад хөхөрсөн бас толгой хагарсан, цээж хэсэгт хөхөрсөн байсан харин хамар далийсан байсан шүүх эмнэлэгт үзүүлэхэд нэг яс хугарсан байна гэж хэлж байсан....би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй.... би эмнэлгээс тусламж үйлчилгээ аваагүй шүүх эмнэлэгт үзүүлсэн одоо миний биеийн байдал хэвийн байгаа... Би өөрийн биед учирсан гэмтэлтэй холбогдуулаад гарсан эмчилгээний зардлыг Б-аас авсан надад өөр ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй байна.... Энэ хэргийг хурдан шийдүүлмээр байна. Надад ямар нэгэн гомдол санал гэх зүйл байхгүй. Бид хоёр найзууд учраас үл ойлголцож маргалдсан асуудалдаа учраа олсон...” гэх мэдүүлэг /Хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын, Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн ‍‍‍‍**** оны ‍‍‍‍****  дүгээр сарын ‍‍‍‍**** -ны өдрийн ‍‍‍‍**** дугаартай "... Б.Э-ын биед хамар ясны зөрүү багатай далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, хоёр нүдний зовхи, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 3-аас доошгүй удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй..." гэх дүгнэлт /Хх-ийн 32-34 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

Эдгээр нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч О.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас насанд хүрээгүй хохирогч Б.Э-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүгдэгч О.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна.

Хохирол хор уршгийн хувьд:

Хохирогч Б.Э нь гомдол саналгүй шүүгдэгчээс ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй, сэтгэцэд учирсан хохирлыг тогтоолгохгүй гэсэн нь хавтаст хэргийн 96-р талд авагдсан хохирогчийн хүсэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч О.Б-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч О.Б-ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Иймд шүүхээс шүүгдэгч О.Б-ыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

 Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч  О.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

            5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Г.ТҮВШИНТӨГС