Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2022/05058

 

 

   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У даргалж хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн  дугаар хороо,  дугаар гудамж, тоот хаягт оршин байрлах Б******* ХХК /регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүргийн дүгээр хороо,  гудамж, тоот хаягт оршин суух, Р. Т /регистрийн дугаар:/-д холбогдох,

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 2,070,000 төгрөг, нийт 4,570,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Б.Ө хариуцагч Р.Т, хариуцагчийн өмгөөлөгч Б.Ц, гэрч Ш.Ж шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Хариуцагч Р.Т нь өөрийнхөө үйл ажиллагаа явуулдаг паб-даа манай Б******* ХХК-ийн дэлгүүрээс байнга ус, ундаа, архи, пиво зэргийг зээлээр авч төлбөрөө цувуулан өгч, авалцдаг итгэлтэй үйлчлүүлэгчдийн нэг байсан. Гэтэл 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр авсан бараа бүтээгдэхүүний үлдэгдэл дээр 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр авсан барааны үнэ нийлээд 2,500,000 төгрөгийн бараа урьдын адил даруйхан буюу оройдоо тооцоогоо хийнэ гэж хэлээд 0015 тоот зарлагын баримт бичүүлж барааг хүлээн аваад явсан боловч өнөөдрийг хүртэл олон удаа, янз бүрийн шалтаг тоочсоор өгсөнгүй.

Цагдаагийн байгууллагад өгч шалгуулсан боловч Эрүүгийн хэргийн шинжгүй гээд Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын 2020 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 1018 тоот Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тогтоол гарсан.

Үүний зэрэгцээ барааны эргэлтийн мөнгийг түгжиж хомсдолд оруулж, бараагаа худалдан авахын тулд бусдаас мөнгө зээлж, хүү төлж, орлого олохгүй хохирч үлдсэн. Бид ББСБ-д 2019.10.15-нд, 2020.07.15-нд 3,8% буюу 855,000 төгрөг, 2020.07.20-2021,06.29-нд 3% буюу 825,000 төгрөг, Төрийн банк 1.3% буюу 390,000 төгрөг тус тус төлж, нийт хүү 2,070,000 төгрөгийг хариуцагч Р.Таас нэхэмжилж байна.

Иймд хариуцагч Р.Таас худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,500,000 төгрөг, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд 2,070,000 төгрөг, нийт 4,570,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Ө нь намайг 2,500,000 төгрөгийн бараа аваад нэг ч төгрөг төлөөгүй гэж гүтгэлгийн шинжтэй гомдлыг цагдаад гаргасан байсан. Цагдаа үнэнийг тогтоож, 1,400,000 төгрөгийг түүнд өгсөн болохыг тогтоосон бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгож хаасан. Гэвч Б.Ө шүүхэд хандаж намайг гүтгэж байна.

Би, өөрийн хүү Ш.Ж-н эзэмшдэг Хаан банк дахь  данснаас Б.Ө-ийн данс руу 1,400,000 төгрөг шилжүүлсэн.

Би, Б.Өт 1,100,000 төгрөг төлөх ёстой бөгөөд холбогдох баримтуудаар үнэн зөв тогтоогдоно.

Миний хувьд 2019 оны 6 дугаар сараас хойш 8 дугаар сарын 21-ний өдөр хүртэл Б.Өээс 2-3 удаа бараа авсан. Хамгийн сүүлд авсан барааны төлбөр гээд 200,000 гаруй төгрөг өгөөд тэрнээс хойш мөнгө өгч чадаагүй. Мөнгө өгч чадахгүй болохоор удаа дараа очиж боломжгүй байгаа талаараа хэлж байсан. Би 1,100,000 төгрөгийг л төлнө. Гэхдээ удаачихсан учраас би чамд хүүтэй нь хамт 2,500,000 төгрөг болгож өгье гэхэд Б.Ө баримт үйлдчихсэн байсан. Падааны мөнгөн дээр л маргаад байгаа болохоос огт өгөхгүй гэсэн зүйл байхгүй.

Би 2021 оны 08 дугаар сараас хойш нэг ч бараа аваагүй. 2,500,000 төгрөгийн бараа авсан гээд байгаа болохоос аваагүй юм. Барааг нь аваад удаачихсан юм чинь гэж хэлэхэд чи энэ дээр гарын үсэг зурчих гэхээр нь зурчихсан чинь баахан юм бичээд цагдаад өгчихсөн байсан. Би Б.Өт энэ мөнгийг өгнө. Би Б******* ХХК гэж мэдэхгүй. 2021 оны 6 дугаар сараас хойш 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл бараа авсан. Бараа авсан падаан нь байгаа.

Б.Өийн данс руу шилжүүлдэг байсан. Би Б******* ХХК гэж ерөөсөө сонсоогүй. 2-3 удаа бараа авъя гээд л бараа авсан. Надад 2,500,000 төгрөгөөр бараа авах шаардлага байгаагүй. Манай паб 5-6 ширээтэй паб байсан. Одоо 1,400,000 төгрөгийн л баримт байгаа. Би тэр орой нь хүүхдийн данснаас 280,000 төгрөгийг шилжүүлсэн. Би Б.Өээс хүүтэй мөнгө аваагүй. Би бараа авсан 1,100,000 төгрөгийг л төлнө гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг шаардсан нь нотлогдохгүй байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая 2,500,000 төгрөгийн падаан дээр эхлээд Р.Таар гарын үсэг зуруулчихсан юм гэж хэлж байна. Энэ бол хариуцагчийн хэлж байгаатай тохирч байна. Би чиний мөнгийг удаачихсан тул муухай зүйл болж байна, тийм би чамд 1,100,000 төгрөг биш, 2,500,000 төгрөг өгье гэж тохиролцсон байсан. Энэ хоёр хүний хооронд ямар үйл явдал болсон нь нотлогдож байна. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасан байгаа. Нэхэмжлэгч байгууллага маань 1,680,000 төгрөгийн ашиг олох байсан юм уу, ямар байдлаар нэхэмжлэлийн шаардлага гаргаад байгаа юм бэ. Зээлийн гэрээ гээд 2-3 гэрээ өгчихсөн байгаа. Энэ зээлийн гэрээг судлаад үзэхээр Б******* ХХК зээл аваад байгаа биш, иргэн Б.Ө гэж хүн зээл аваад байна. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд 1,680,000 төгрөгийг хасаж тооцож өгнө үү. Худалдах худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байна. Хариуцагчийн хувьд энэ хүн надтай эвээр ярьсан бол 2,500,000 төгрөгийг сайн дураар өгөх байсан гэж тайлбарлаж байна. Иймд хариуцагч Р.Таас 1,100,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч талаас хэрэгт хавсаргасан нотлох баримтууд:

1.    2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Зарлагын баримт /хх5/

2.    Бизнес инвест девелопмент ББСБ ХХК болон Б.Ө нарын хооронд байгуулагдсан 2019.10.31-ний өдрийн №ЗГ030000205850 дугаартай, 2020.6.29-ний өдрийн №03000200232 дугаартай зээлийн гэрээнүүд /хх6-9/ Төрийн банк Б.Ө Ж.С нарын хооронд байгуулагдсан 2021.02.25 өдрийн 100900668301 зээлийн гэрээ /хх117-119/

3.    Б.Өийн хохирогчоор тогтоох тухай Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн 2020.01.14-ний өдрийн тогтоол /хх12/

4.    Б.Өийн эзэмшдэг Хаан банк дахь . дугаартай дансны 2019.07.01-2019.09.01 өдрийг хүртлэх хугацааны дэлгэрэнгүй хуулга /хх120-122/

Хариуцагч талаас хэрэгт хавсаргасан нотлох баримтууд:

1.    Хариуцагчийн хариу тайлбар /хх22-23/

2.    гэрч Ш.Ж эзэмшдэг Хаан банк дахь . дугаартай дансны (хуулга 2019.08.15-2019.09.15 хүртэл хугацааны) /хх75-77/

3.    Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн 2020.02.27-ны өдрийн санал /хх88/

4.    Хохирогч, иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хх90-91/

5.    Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын тогтоол 2020.01.27№200600658 /хх92-93/

6.    Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн 2020.01.14-ний өдрийн тогтоол /хх94/

7.    ББХХК 2019.07.27 өдрийн Орлогын баримт /хх109/

8.    Данс эзэмшигч, гүйлгээ тодорхойгүй, хаан банк  тэмдэг дарагдсан дансны хуулга /хх110/

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

1.    Хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай Баянзүрх дүүргийн прокурорын газрын прокурорын 2020.03.04№1018 тогтоол /хх102/

Хариуцагчийн хүсэлтээр шүүх бүрдүүлсэн нотлох баримт:

1.    Иргэний нэхэмжлэгчээр тогтоох тухай Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн 2020.01.14-ний өдрийн тогтоол /хх103/

2.    Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн Р.Таас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл 2020.01.17-ны өдөр /хх104/

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, 2,070,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Б******* ХХК нь хариуцагч Р.Тд холбогдуулан гаргасан, худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2,500,000 төгрөг, гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 2,070,000 төгрөг, нийт 4,570,000 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2.1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө нь 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр нийт 2,500,000 төгрөгийн барааг Р.Тд хүлээлгэн өгч, хоосон падаан дээр Р.Таар мөнгөн дүнг бичүүлж, гарын үсэг зуруулж аваад барааны нэр, үнийг сүүлд нөхөж бичсэн, уг барааны үнийг хариуцагч төлөөгүйгээс эргэлтийн хөрөнгөгүй болж Б.Ө өөрийн нэрээр банк бус санхүүгийн байгууллагаас зээл авч Б******* ХХК-д тушааж, банк бус санхүүгийн байгууллагад хүү төлж 2,070,000 төгрөгөөр хохирсон гэжээ.

3. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг дараах байдлаар үгүйсгэж мэтгэлцэж байна. Үүнд:

3.1. Б******* ХХК гэж мэдэхгүй, 2019 оны 6 дугаар сараас хойш 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Б.Өээс 2-3 удаа бараа авч, барааны үнийн үлдэгдэл төлбөр 1,100,000 төгрөгийг төлөлгүй удаасан учир 2,500,000 төгрөг төлье гэж тохиролцоод хоосон падаан дээр нь бичиж, гарын үсэг зурж өгсөн, түүнээс мөнгө аваагүй, 2,500,000 төгрөгийн бараа аваагүй, уг барааны үнэ төлөөгүйгээс Б.Ө хувьдаа зээл авсан гэх асуудал нь нэхэмжлэгчид учирсан хохирол гэж үзэхгүй, 1,100,000 төгрөгийг Б.Ө төлнө гэв.

4. Хэргийн 5 дугаар талд авагдсан, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Зарлагын баримт-аас үзэхэд, байгууллагын нэр хэсэгт ББолор ХХК гэж бичигдэж, Б******* ХХК-ийн тамга дарагдсан, 11 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, тоо, хэмжээ, үнийн хамт бичигдсэн, нийт 2,500,000 төгрөгийг Б.Өт төлөхөөр бичигдсэн байх ба энэхүү баримтыг үйлдэх тухайн үед 2,500,000 төгрөг төлөхөөр Р.Т зөвшөөрсөн, барааны нэр, үнийг Б.Ө сүүлд нөхөж бичсэн болохыг зохигч талууд хэн аль нь тайлбарлаж байна.

5. Дээрх 2,500,000 төгрөг төлөх тухай баримтыг эс зөвшөөрч, 1,100,000 төгрөг төлнө гэх хариуцагчийн татгалзал нотлох баримтаар нотлогдсонгүй.

6. Зохигч талуудын хооронд, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн болох нь дээр дурьдсан, талуудын үйлдсэн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Зарлагын баримт-аар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагын 2,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

7. 2019 оны 6 дугаар сараас хойш 8 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Б.Өээс 2-3 удаа бараа авч, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй удсан гэх хариуцагчийн тайлбар нотлогдоогүй буюу 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө үүссэн төлбөр гүйцэтгэх үүргээ хариуцагч хэрхэн биелүүлсэн үйл баримт тогтоогдоогүй.

8. Гэрч Ш.Ж-н эзэмшдэг Хаан банк дахь . дугаартай дансны хуулга хэрэгт авагдсан боловч худалдах-худалдан авах гэрээний дагуу үүрэг үүсгэсэн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн зарлагын баримтад тусгасан төлбөрөөс төлөгдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй буюу мөн өдрөөс өмнөх өдрүүдэд 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 200,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдөр 309,600 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 170,000 төгрөгийг Б.Өийн . тоот дансанд шилжүүлсэн байна.

9. Хэрэгт авагдсан, Бизнес инвест девелопмент ББСБ ХХК болон Б.Ө нарын хооронд байгуулагдсан 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн №ЗГ030000205850 дугаартай, 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн №03000200232 дугаартай зээлийн гэрээнүүд Төрийн банк Б.Ө Ж.С нарын хооронд байгуулагдсан 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 100900668301 дугаартай зээл гэрээ нь нэхэмжлэгч Б******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд хамааралгүй, хариуцагч Р.Т гэрээний үүргээ зөрчсөнөөс нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ талаар гаргасан шаардлага нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3.Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно. гэж заасантай нийцэхгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус зааснаар хариуцагч Р.Таас 2,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,070,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 94,180 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Р.Таас 54,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б******* ХХК-д олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА