| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2022/05366/И |
| Дугаар | 101/ШШ2022/05093 |
| Огноо | 2022-12-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2022/05093
2022 12 05 101/ШШ2022/05093
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргийн хороо, хаягт оршин байрлах Жи-мобайл ХХК/регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, дугаар хороо, дугаар хороолол бйар тоот хаягт оршин суух, Б.М /регистрийн дугаар /-д холбогдох,
376,845 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.С, хариуцагч Б.М, нарийн бичгийн дарга Р.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Маас 3391191 тоот Тусгай нөхцөлт дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх гэрээ-ний үүргийн гүйцэтгэлд 251,230 төгрөг, алданги 125,615 төгрөг, нийт 376,845 төгрөгийг гаргуулна.
Б.М нь 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдөр манай компанитай 3391191 тоот Тусгай нөхцөлт дараа төлбөрт үйлчилгээний гэрээ байгуулан дараа төлбөрт дугаарыг ашиглаж эхэлсэн. Гэвч хэрэглэгч нь 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сарын ярианы төлбөр 251,230 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 125,615 төгрөг, нийт 376,845 төгрөгийн төлбөрийг Б.Маас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь огт яриа хийгээгүй, сим ашиглаагүй байхад гэрээний дагуу үндэслэлгүй төлбөр нэхэмжилжээ. Би Мишээл экспо төв дээр явж байхад, тэнд байсан Жи-мобайлын хүмүүс ийм дугаар санал болгож өгөөд, үүн дээр гарын үсэг зур гэхэд нь зурсан. Ийм нөхцөлтэй гэрээ гэж мэдээгүй, уг дугаарыг огт ашиглаагүй. Аль ч үүрэн телефон 1 сар төлбөр төлөөгүй тохиолдолд гарах ярианы эрхийг хязгаарладаг. Гэтэл 6 сарын төлбөр нэхэмжилсэн байна. Энэ нь харилцаа холбооны зохицуулах журам, хэрэглэгчийн эрх ашигт харшлана. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэв.
Нэхэмжлэгчээс гаргасан нотлох баримтууд:
1. Б.М 376,845 төгрөгийн төлбөртэй гэх Жи-мобайл ХХК-ийн нэхэмжлэх, алдангийн тооцоолол /хх7-8, 30/
2. 2020.10.10 өдрийн 1339119 дугаартай Тусгай нөхцөлт дараа төлбөрт үйлчилгээний гэрээ хх-9
Хариуцагчаас гаргасан нотлох баримтууд:
1. Бичгээр гаргасан хариу тайлбар /хх22/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Жи-мобайл ХХК нь хариуцагч Б.Мд холбогдуулан, тусгай нөхцөлт дараа төлбөрт үйлчилгээний гэрээний дагуу ярианы төлбөр 251,230 төгрөг, алданги 125,615 төгрөг, нийт 376,845 төгрөг гаргуулахаар шаардсан ба хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч талууд маргаж байна.
2. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
3. Нэхэмжлэгч нь Тусгай нөхцөлт дараа төлбөрт үйлчилгээний гэрээ-ний дагуу. дараа төлбөрт дугаарыг Б.М ашиглаж, 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сарын ярианы төлбөр 251,230 төгрөгийг төлөлгүй гэрээний үүргээ биелүүлээгүй тул гэрээний 8.8-д заасны дагуу хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,3 хувийн алданги 125,615 төгрөг, нийт 376,845 төгрөгийн төлбөрийг гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон.
4. Хариуцагч нь уг гэрээний дагуу Жи-мобайл ХХК-иас олгосон. дараа төлбөрт дугаарыг огт ашиглаагүй байхад 6 сарын хугацаагаар төлбөр шаардаж байгааг зөвшөөрөхгүй хэмээн маргасан.
5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3391191 дугаартай Тусгай нөхцөлт дараа төлбөрт үйлчилгээний гэрээ, төлбөрийн нэхэмжлэх зэргээс үзэхэд, хариуцагч Б.М нь. дараа төлбөрт дугаарыг ашиглахаар нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон, гэрээнд заасны дагуу 2020 оны 11 дүгээр сараас 2021 оны 3 дугаар сарын ярианы төлбөр 251,230 төгрөгийн төлбөр гарсан гэх нөхцөл байдал илэрхийлэгдэж байна.
6. Гэвч дээрх нөхцөл байдал нь хариуцагч Б.М. дугаарыг 6 сарын хугацаанд ашиглаж, 251,230 төгрөгийн ярианы төлбөртэй үйлчилгээг нэхэмжлэгчээс авсан гэх үйл баримтыг тогтоохгүй байна.
7. 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3391191 дугаартай Тусгай нөхцөлт дараа төлбөрт үйлчилгээний гэрээ-ний 2 дугаар зүйлийн Үйлчилгээний сонголт хэсэгт энэхүү гэрээний дагуу. дугаарын багц нь 40,000, сарын суурь хураамж 40,000, гэрээний хугацаа 6 сар гэж тусгасан байх боловч ярианы төлбөр гаргуулахаар шаардаж буй нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсон тайлбар, хэрэгт авагдсан төлбөрийн алдангийн тооцооллоос үзэхэд хариуцагч Б.М 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 31,225.81 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл сар бүр 44,000 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хэрхэн үүссэн,. дугаарын хэрэглээнд ярианы төлбөр тооцсон үндэслэл тодорхой бус, нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна.
8. 2020 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 3391191 дугаартай Тусгай нөхцөлт дараа төлбөрт үйлчилгээний гэрээ-ний 6.3.1-д Хэрэглэгч нь дугаараа тасралтгүй ашиглах үүрэгтэй ба үйлчилгээний багцаа ашигласан эсэх, төлбөр төлөөгүйн улмаас үйлчилгээний эрх хаагдсан, дугаар түр хаах үйлчилгээ авсан эсхээс үл хамааран сарын суурь хураамжийн төлбөр бодогдоно гэх заалтын дагуу хариуцагч төлбөрийг төлнө гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэтгэлцэж байх боловч гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д Хэрэглэгчийн сонгосон үйлчилгээ болон багцын төрлөөс хамаарч үнэ тариф, сарын суурь хураамж нь ялгавартай байна, гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2.1.-д хэрэглэгч гэрээнд заасан тусгай нөхцлийн үүргээ биелүүлээгүй бол, 9.2.2-т Хэрэглэгч дугаараа 60 болон түүнээс дээш хоногоор огт ашиглаагүй бол гэрээг цуцалж болно гэж заасантай нийцэхгүй байна.
9. Талуудын хооронд Иргэний хуульд заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, анз төлөхөөр харилцан тохиролцсон байх боловч нэхэмжлэгчийн шаардаж буй ярианы төлбөр 251,230 төгрөгийн хэмжээнд хариуцагч үйлчилгээ авсан гэж үзэх үндэслэлгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж зааснаар нэхэмжлэгч шаардах эрхгүй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Б.Маас 376,845 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Жи-мобайл ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11,955.35 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.У