Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/98

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Цогзолмаа даргалж,

нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан

улсын яллагч Б.Ануужин

хохирогч Б.Б, Д.О

шүүгдэгч Д.О, Б.Ө

шүүгдэгч Д.О-гийн  өмгөөлөгч Ж.Б

шүүгдэгч Б.Ө-гийн өмгөөлөгч Н.Э нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Д-гийн О /РД:..../, Г овогт Б-ны Ө /РД:ЗБ/ нарт холбогдох эрүүгийн 2417001310065 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, 19 оны .. дүгээр сарын ..-ны өдөр .... аймгийн Сайнцагаан суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргаа, удирдлагын менежмент мэргэжилтэй, “...... ажилтай, ам бүл ..., эхийн хамт ..... ..... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-...... шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 218 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял,

-........сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/43 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 850,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 850,000 төгрөгөөр торгох ялаар тус тус ял шийтгүүлж байсан Б....овогтой .....гийн О.... /РД:....../

2. Монгол улсын иргэн, .... оны .... дүгээр сарын .....-ны өдөр .... аймгийн .... суманд төрсөн, .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., хоёр хүүхдийн хамт .... .... сумын ..... дугаар баг, ..... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-...... сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар ял шийтгүүлсэн Г овогтой Б....ны Ө..../РД:..../

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.... овогт Д....н О... нь Б.Ө...тай бүлэглэж, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн А0102 дугаартай авто зам дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах албан үүрэг гүйцэтгэж байсан аймгийн Цагдаагийн хэлтсийн Шивээговь сумын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Б...г “цагдаагийн хэсгийн байранд очиж шалгуулах” тухай тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, хоолойг нь боох, газар унагах зэргээр биед нь халдаж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн,

Шүүүгдэгч Г... овогтой Б...ы Өн... нь Д.О...эй бүлэглэж, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг, Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн А0102 дугаартай авто зам дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах албан үүрэг гүйцэтгэж байсан аймгийн Цагдаагийн хэлтсийн Шивээговь сумын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Б.... “цагдаагийн хэсгийн байранд очиж шалгуулах” тухай тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, биеэрээ түлхэх, цохих зэргээр биед нь халдаж, албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн,

Шүүгдэгч Б.Ө.... нь 2025 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 02-03 цагийн үед иргэн Ц.Ч....жийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Б.... 10-1005 тоотод байх гэрт хамтран амьдрагч Д.О.... “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдан, улмаар хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээд зодож биед нь зүүн гуяны ар дунд хэсэгт цус хуралт, баруун гуянд, баруун шилбэнд зулгаралт, дээд уруулын дотор салстад өнгөц язрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.... овогт Д-...гийн О..., Г... овогт Б...ы Ө... нарт холбогдох эрүүгийн хэргийн тухайд:

2. Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулах ажиллагаа хийгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

3. Шүүгдэгч Д.О.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Дорноговь аймагт тэмцээнд орчихоод Говьсүмбэр аймгийн чиглэлд 29-79 УКР гэсэн тээврийн хэрэгсэлтэй Ө...гийн хамт зорчиж явсан. Ө... 25 дугаар зөрлөгөөс наашаа машиныг унаж явсан, би хажууд нь суугаад явж байсан. Гэтэл замын цагдаа зогсоосон гэж байгаа юм, Ө...араас машин ойрхон дагаад яваад байна гэсэн, тэгвэл зогсооч ээ гээд зогссон чинь 2 цагдаа үгийн зөрүүгүй буугаад ирсэн. Мэндлэх ёс ч байхгүй, шууд л хоёулаа хоёр талаар орж ирээд нэг нь машины түлхүүр булааж аваад, нэг нь намайг шууд татаад буулгасан, та нар яаж байнаа гэсэн чинь яагаад руль, жолооч сольж байгаа юм, та нар сольсон л байх ёстой гэхээр нь үгүй бид нар тэгээгүй гэсэн чинь угаасаа та нар ингэж сольдог шүү дээ, олон жил цагдаа хийж байгаа хүн мэдэлгүй яах вэ гэсэн. Машин жолоодоогүй байхад яагаад жолоодсон гэж байгаа юм бэ гэхэд эд нар ингэдэг байхгүй юу гээд надад хүч хэрэглэсэн. Миний биед Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр хөнгөн гэмтэл  гарсан байгаа, цагдаа нарын энэ ёс зүйгүй үйлдэл, болон гаргасан гомдолд нь хандаж хэлэхэд хууль ёсны шаардлагаа тавьж байна, манай байгууллага дээр очиж шалгуул гэсэн, үгүй би зөрчил гаргаагүй юм чинь яагаад очиж шалгуулах юм бэ гэдэг тайлбарыг хэлтэл чамайг явахгүй бол хүч хэрэглэж авч явах эрх нь надад байдаг, чамайг хүссэн хүсээгүй бид нар авч явна гэсэн. Ө..., Ба...г цохиж зодсон гэсэн мэдүүлэг хохирогч нар өгсөн байна. Миний хоолойг боогоод өвдөглөөд дарсан, миний ухаан балартаж нэг хэсэг хугацаанд нүд харанхуйлаад өөрийгөө хянах чадваргүй болоход Ө... ирж Б....г та нар хүн аллаа шүү дээ гэж түлхээд намайг доороос нь босгож авсан байгаа юм. Тэрийг нь бүлэглэж Ө...г биед нь халдсан гэж үзэж байх шиг байна. Ө....йн хувьд 2 цагдаагийн шаардлагыг эсэргүүцсэн, биед нь халдсан үйлдэл байхгүй. Миний хувьд зөрчил гараагүй юм чинь очиж шалгуулахгүй гээд маргалдаан үүссэн. Тэгэхээр нь очоод шалгуулъя гэсэн, заавал гавлаж, хүч хэрэглэж авч явна гэсэн. Цагдаа нарт гав болон тусгай хэрэгсэл байгаагүй. Утсаар яриад энэ хүнийг авч явах хэрэгтэй байна. Нэмэлт хүч хэрэгтэй байна, гав бид нарт байхгүй, гав авч ир гэж Говьсүмбэр аймгийн Цагдаагийн газар луугаа яриад байх шиг байгаа юм. Тухайн үед Б... намайг доороо унагаагаад хүзүүн дээр өвдөглөөд хоолой боосон байдалтай байхад З... утсаар ярьж өөр цагдаа дуудсан. Прокурор Бүжинлхамын 60 дугаартай тогтоолтой хаасан хэрэг дээр О.-ийн биед Б..., З... нар халдсан гэмтэл тогтоогдохгүй байна гэж байгаа. Тухайн үед шүүх шинжилгээний дүгнэлтээр миний биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Миний хувьд цагдаагийн албан хаагч зогсоох үед тээврийн хэрэгсэл жолоодоогүй. Хоёрдугаарт цагдаа нар хэсэг дээр очиж шалгуулах шаардлагатай гэхэд шалгуулахгүй гэж би эсэргүүцсэн. Миний хувьд цагдаа нарын биед халдсан асуудал байхгүй ... гэх мэдүүлэг,

4. Шүүгдэгч Б.Ө... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Тухайн үед 25-аас хойш машин бариад явж байсан нь үнэн. Цагдаа нар О.....г машины нөгөө талаас барьж аваад шууд зодоод эхэлсэн. Тухайн үеийн нөхцөл байдлын талаар хийсэн 5 бичлэгийг цагдаа М..д өгсөн. 2 бичлэг нь байхгүй, 1 бичлэг нь Б...н чи наад утсыг нь аваад наад бичлэгийг нь устга гэж хашгирч байсан бичлэг байхгүй, нөгөө нэг нь жижиг машин дээр О...г цээжээр нь дарчихсан бичлэг байхгүй. О...г алах байдалтай байсан, террористууд юм уу гэлтэй. Тухайн үед би доголон, таягтай байсан, очоод Б... биеэс нь татаж салгасан чинь намайг толгой руу цохилоо гээд зодсон, аймаар харгис, дүрэмт хувцас өмссөн яргачин. Тэр үеэс хойш О....н бие өвдөөд цээж нь хөндүүрлээд ажил хийх боломжгүй болсон, сэтгэл санаагаар маш их хохирсон. Би таягаа орхиж байсан хүн эргээд сар таягаа тулж явсан... гэх мэдүүлэг,

 

5. Хохирогч Б.Б.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Тухайн болсон процесс маань миний ажилтай холбогдолтой, би өөрөө төрд тангараг өргөсөн хүн, хийж байгаа үндсэн ажил маань ард иргэдийг амгалан тайван байлгах, эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлдэг ажил хийдэг. Тухайн үед болсон процессыг ярьж байна л даа. Энэ хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодоод хүний амь нас, эрүүл мэнд яригдах учраас бид нар зогсоож зохих журмын дагуу шалгасан. Шүүгдэгч нар шүүх хурал дээр ярьж байна. Цагдаа аллага хийх гэж байсан гэж байна. Бүх процесс цагдаагийн албан хаагчийн энгэрийн камер дээр дуусан дуустлаа бүгд байгаа. Эхнэр нь бууж ирээд доромжилж эхэлсэн, Б... генерал руу ярь гэж байсан, одоо өмгөөлөөд байгаа хүн нь Б... гэдэг генерал нь байх шиг байна. Эхнэр нь генерал руу ярь, алуурчид хүн зодож байна гээд орилоод байсан. Сая намайг утсыг нь аваад бичлэгийг устга гэсэн гэж ярьж байна. З.... бичлэг хийж болохгүй гэхээр нь наад эмэгтэйгээ хая аа, чи бид хоёрын энгэрийн камерын бичлэг байхад наад хүн чинь лайваа хийнэ үү, бичлэгээ хийнэ үү гэж хэлсэн бичлэг хоёр энгэрийн камер дээр байгаа. Энэ хүмүүс эсрэгээр нь ярьж байна, юу гэж ярих нь эрх нь байх. Би зохих журмын дагуу шаардлагуудаа тавьсан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь шүүхийн шатандаа шийдвэрлэгдсэн. Би харин гомдолтой байна. Яагаад гомдолтой байна гэхээр энэ хүмүүс намайг харлуулахын тулд Ө...ийн хийсэн бичлэгийг сошиалд тавьсан, дараа нь дахиад энэ хэрэг буцаад яллагдагчаар цагдаагийн алба хаагчийн эрхэд халдсан нь тогтоогдонгуут 7 сард дахиад фэйсбүүкт тавьсан. Шүүх шийдээгүй байхад миний нэр хүндэд халдаж 2 удаа сошиал орчинд бичлэг тавьсан үйлдэлд нь гомдолтой байна ... гэх мэдүүлэг,

6. Гэрч Г.З.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Тухайн үед Б....тэй хамт үүрэг гүйцэтгэж байсан. Урдаас хойшоо чиглэлд амьжиргаа цагаан машиныг дохисон боловч зогссонгүй, нүдэн дээр улаан цайм зогсоогүй, тэгээд араас нь хөдлөөд дохиод байхад ер зогсохгүй 300-400 метр газар баруун гар тал руугаа дохио өгөөд яваад байсан. Тэгж тэгж байгаад замын хажуу руу зогсоод араас нь дэслэгч Баттүвшин буугаад шалгасан. 4 талын цонх нь тень байхгүй, ардаас нь солигдож байна гэж харсан. Д.О...нг машинд сууж байхад нь шаардлага тавьсан. Б.Б...н очоод ёсолж харагдсан. Тухайн үед хохирогч Б...н биед эрэгтэй хүн нь халдсан. Боогоод хавирч унагаасан, Б... боолт орчихлоо гэж хэлсэн. Б.Ө...а нь Б.Б...гийн толгой руу нь цохисон. Тухайн үед Б... Ө...ад шаардлага тавьсан, ахлах ахлагч Х..н ирсэн гэж бодож байна, тухайн үеийн зарим зүйлийг мартчихсан байна.Тухайн үед Б..д тусгай хэрэгсэл бороохой, гав гэх мэт зүйл байгаагүй. Ө... эхнээсээ л дайраад байсан, та хол байгаад өг, миний биед битгий хүрээд бай гэсэн шаардлага тавьсан. Намайг тусгай субъектын мөрдөн байцаагч гэрчээр байцаасан. Б.Б... нь О...ийн хүзүү хэсэгт нь өвдөглөсөн байсан ... гэх мэдүүлэг,

7. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 236 дугаартай дүгнэлтэд:

- Д.О...ийн биед баруун бугалганд, зүүн бугалганд, аюулхайд цус хуралт, баруун бугалганд, баруун тохойнд, баруун шуунд, зүүн шуунд, баруун хөлийн шагай орчимд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтлүүд нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

- Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг сарнулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /1 дүгээр хх-ийн 74-75 дугаар тал/,

8. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 238 дугаартай дүгнэлтэд:

- Б.Б...ийн биед хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

- Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. /1 дүгээр хх-ийн 70-71 дүгээр тал/

9. Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Шивээговь сумын цагдаагийн хэсгийн даргын алба хаагчийн ажиллах томилгоо /1 дүгээр хх-ийн 84 дүгээр тал/

10. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/946 дугаар тушаалын хавсралт /1 дүгээр хх-ийн 88 дүгээр тал/

11. Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн даргын 2024 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Алба хаагчийг шилжүүлэн томилох тухай” Б/38 дугаар тушаал, албан тушаалын тодорхойлолт /1 дүгээр хх-ийн 89-98 дүгээр тал/

12. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2024/ЗШ/423 дугаар шийтгэвэр, /1 дүгээр хх-ийн 107-109 дүгээр тал/

13. Говьсүмбэр аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2024/ДШМЗ/08 дугаартай магадлал /1 дүгээр хх-ийн 110-113 дугаар тал/

14. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоол /1 дүгээр хх-ийн 124-129 дүгээр тал/

15. Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн албан шалгалтын дүнгийн тухай илтгэх хуудас /1 дүгээр хх-ийн 154-155 дугаар тал/

16. Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” 2417001310065 дугаар тогтоол, /1 дүгээр хх-ийн 181-185 дугаар тал/

17. Камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хх-ийн 40-44 дүгээр тал/

18. Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/43 дүгээр шийтгэх тогтоол /2 дугаар хх-ийн 68-72 дугаар хуудас/

19. Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, хяналтын прокурор Б.Б-ын 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай” 34 дүгээр тогтоол /2 дугаар хх-ийн 118-120 дугаар тал/

20. Сиди-4 ширхэг /2 сиди нь энгэрийн камерын бичлэг, 2 сиди нь эд мөрийн баримт/ зэрэг болно.

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагч гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Боржигон овогтой Д-ийн О нь Б.Ө-тай бүлэглэж, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн А102 дугаартай авто зам дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах албан үүргээ гүйцэтгэж байсан аймгийн Цагдаагийн хэлтсийн Шивээговь сумын цагдаагийн хэсгийн зохицуулагч цагдаагийн дэслэгч Б-нд цагдаагийн хэсгийн байранд очиж шалгуулах тухай тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, хоолойг нь боох, газарт унагах зэргээр биед нь халдаж албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн,

шүүгдэгч Г овогтой Б-ны Ө нь Д.О-тэй бүлэглэж, 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын 2 дугаар баг Улаанбаатараас Замын-Үүд чиглэлийн А102 дугаартай авто зам дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах албан үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн дэслэгч Б-нг цагдаагийн хэсгийн байранд очиж шалгуулах тухай тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзаж биеэрээ түлхэх, цохих зэргээр биед нь халдаж албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь  хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлгийн асуулт, хариулт, мэтгэлцээний үе шат, мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” ... гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Д.О-ийн өмгөөлөгч Ж.Б гэм буруугийн шүүх хуралдаанд “миний үйлчлүүлэгч Д.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад нотлох баримтыг бид хамтарч шинжиллээ, Д.О-гийн үйлдэлд цагдаагийн алба хаагчийн албан ёсны шаардлагыг хүч хэрэглэн, бүлэглэн, эсэргүүцсэн үйлдэл нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж байна. Хэрэг нэгтгэсэн прокурорын шийдвэрийг харахаар нэгэн дээр нь О шүүгдэгч болчихоод нөгөөх дээр нь хохирогч болоод байгаа нь нэгтгэх үндэслэл байхгүй байсан гэж бодож байна. Миний саналын тухайд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй учир энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Ө-ийн өмгөөлөгч Г.Э- гэм буруугийн шүүх хуралдаанд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, мөн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Б.Ө-ийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өмгөөлөгчөөр оролцож байна. Прокуророос миний үйлчлүүлэгчийг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн  1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь, миний үйлчлүүлэгч хүч хэрэглэсэн, эсэргүүцэл үзүүлсэн гэдэг нь хууль сахиулагчийн албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан түүний тавьсан шаардлагыг үл тоож, хууль сахиулагч руу чиглэсэн санаа зорилго, идэвхтэй үйлдлээр илэрдэг. Гэтэл тухайн үед хохирогч Б нь миний үйлчлүүлэгчид албан үүргээ биелүүлэхтэйгээ холбогдуулан ямар нэгэн шаардлага тавиагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн хохирогч Б-гийн мэдүүлэг, шүүгдэгч О-гийн мэдүүлгээс тодорхой харагддаг. Харин хохирогч Б-гийн энгэрийн камерт үзлэг хийсэн тэмдэглэлээс харахад ёо ёо гэж  О-г орилоход нь Б-ийн хувцаснаас нь татаж түлхсэн гэх үйлдэл нь хүч хэрэглэх санаа зорилго байгаагүй байхад шүүгдэгч О-тэй үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэж үзсэн нь ойлгомжгүй байна.

Иймд, Б.Ө-ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасан учраас үүний дагуу түүнд холбогдох хэргийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

Хоёр: Эрх зүйн дүгнэлт:

1. Тус хэргийн хохирогч Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Шивээговь сумын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Б- нь 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Цагдаагийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.3-д заасан жолоочийг зөрчилд холбогдуулан шалгаж байгаа нөхцөлд тээврийн хэрэгслийг хуульд заасан журмын дагуу тусгай талбайд хүргэх, эсхүл бусад аргаар хөдөлгөөнийг хязгаарлах зэрэг хуульд заасан албаны чиг үүргээ гүйцэтгэж байсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд Цагдаагийн байгууллагын албан хаагч, хууль сахиулах чиг үүргийн дагуу хууль ёсны шаардлага тавихад шүүгдэгч Д.О нь түүнийг хүч хэрэглэн эсэргүүцэж, биед нь халдсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг агуулж байна.

“Хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, авлигатай тэмцэх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийг тайлбарласан болно.

Говьсүмбэр аймгийн Цагдаагийн хэлтсийн Шивээговь сумын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Б нь хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байсан хууль сахиулагчид хамаарч байна.

Иймд, шүүгдэгч Д.О г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1-т “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж, эсэргүүцсэн” гэм буруутайд тооцох нь хуульд нийцнэ. 

2. Харин шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Б-ны Ө-гийн үйлдлийг  түүний өмгөөлөгч Н.Э-ын гаргасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгуулах тухай дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй байна. Учир нь

Шүүгдэгч Б.Ө-гийн Д.О-тэй бүлэглэж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах албан үүрэг гүйцэтгэж байсан аймгийн Цагдаагийн хэлтсийн Шивээговь сумын цагдаагийн хэсгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Б. “цагдаагийн хэсгийн байранд очиж шалгуулах” тухай тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхээс татгалзаж, биеэрээ түлхэх, цохих зэргээр биед нь халдаж албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн үйлдэл нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан цагдаагийн алба хаагчийн энгэрийн камерын бичлэг /2 ширхэг CD/, хохирогч Б.Б-гийн мэдүүлэг зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзэж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

            Мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн шатанд хохирогч Б.Б нь шүүгдэгч Д.О-гээс нэхэмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь төлөх төлбөргүй болохыг дурдав.

Дөрөв: Эрүүгийн хариуцлагын талаар:       

            Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Д.О, Б.Ө нарын үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шүүгдэгч Д.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Д.О-гийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол хор уршиггүй байдал, хувийн байдал зэргийг нь харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих хязгаарлах ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Д.О-ийн хувьд бусдад төлөх гэм хорын төлбөргүй болохыг дахин дурдъя, хэрэгт иргэний нэхэмжлэл байхгүй, шүүгдэгчийг энэ хэрэгт холбогдуулаад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан СD 2 ширхэг, ногоон өнгийн футболк 1 ширхэг, CD-г нь хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, 1 ширхэг ногоон өнгийн футболкыг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болмогц эзэмшигч буюу шүүгдэгч Д.О-д буцаан олгох саналыг гаргаж байна. Шүүгдэгч Д.О-д авсан 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;

Шүүгдэгч Д.О-гийн өмгөөлөгч Ж.Б-аас “эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “улсын яллагчийн гаргасан ялын саналыг сонслоо. Шүүгдэгч Д.О-ийн эрхэлж байгаа ажлын онцлогийг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял дээр анхаарч үзнэ үү, Д.О нь Улаанбаатар хотын бүх дүүрэгт түгээлт хийдэг хүн, өөрөө хүргэгч жолоочийн хажууд суугаад үндсэн ажилтай нь  холбоотой учраас тодорхой нэг дүүргээс гарахгүй байх санал өөрийнх нь үндсэн хөдөлмөрлөх эрхэд нь харшлах учраас үүнийг шүүх харгалзаж үзнэ үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.         

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “... гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Д.О-г шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна

           Шүүгдэгч Д.О-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2021/ШЦТ/218 дугаар шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.        

            Шүүгдэгч Д.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

            Шүүхээс шүүгдэгч Д.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Д.О, Б.Ө нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

2. Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г овогт Б-ы Ө холбогдох эрүүгийн хэргийн тухайд:

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

1. Шүүгдэгч Б.Ө 2025 оны ... дугаар сарын ...-наас 14-нд шилжих шөнө 02-03 цагийн үед иргэн Ц.Ч..жийн Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, Б...ийн 10-....тоотод байх гэрт хамтран амьдрагч Д.От..г “архи уулаа” гэх шалтгаанаар маргалдан, улмаар хөлөөрөө өшиглөх, гараараа цохих зэргээр зодож биед нь зүүн гуяны ар дунд хэсэгт цус хуралт, баруун гуянд, баруун шилбэнд зулгаралт, дээд уруулын дотор салстад өнгөц язрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Шүүгдэгч Б.Ө.. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “... Д.О..гийн биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

3. Хохирогч Д.О.... мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Б.Ө..миний өмсөж байсан цамцнаас гараараа /аль гарын мэдэхгүй байна/ татаж үүдний амбаар хэсэг рүү дагуулан орох явцдаа миний баруун, зүүн хөл рүү мөн гуя орчимд хөлөөрөө 2-3 удаа ээлжлээд өшиглөж, миний баруун, зүүн хацар луу гараараа ээлжлээд учиргүй л алгадаад байсан. Үүдний амбаар луу орсны дараа миний хамарнаас цус гарч, Б.Ө намайг татаж байхдаа тээгэлдэн унаж би Б.Ө..г дээрээс нь дарж тухайн буйдангийн сандал дээр даран унасан. ...хамарнаас гарсан цусаа Б.Ө...ийн куртканд арчсан, гэрт орсны дараа ямар нэгэн зодоон цохион болоогүй, би Б.Ө...ийн биед халдаж зодоогүй, М.. надад болон Б.Ө-ийн биед халдаж зодоогүй, удалгүй цагдаа ирж Б.Ө. бид хоёрыг авч явсан, шинжээчийн дүгнэлтээр эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, энэ гэмтлүүдийг Б.Ө. учруулсан ...” гэх мэдүүлэг,

4. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 77 дугаар дүгнэлтэд:

Д.О..гийн биед зүүн гуяны ар дунд хэсэгт цус хуралт, баруун гуянд, баруун шилбэнд зулгаралт, дээд уруулын дотор салстанд өнгөц язрал, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

Дээрх гэмтлүүд нь нийлээд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохиролын зэрэг тогтоохгүй.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч, цагдаагийн хошууч Л.Ж. гэжээ.

5. Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 237 дугаартай шинжээчийн дүгнэлт:

Б.Ө..ийн биед зүүн бугалганд, баруун хөлийн тавхай орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг сарнулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ.

6. Гэрч А.Б.. мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр манай гэрт О.. ирсэн. Ирээд манай гэрт 1 шил архи уусан. Тэгээд ууж байхад нь манай нөхөр О.. 20 цагийн ажлаасаа буугаад ирсэн. Тэгээд би хоол хийгээд О-д аягалаад өгсөн чинь үхсэн хүний хоол иддэггүй гээд байсан. Тэгсэн манай нөхөр О.. уурлаад толгой хэсэгт нь гараараа 1 удаа цохисон. Тэгэхээр нь би эхнэр Б.Ө руу нь яриад ирж О...нг ав гэж хэлсэн. Эхнэр нь удахгүй ирээд авсан ...” гэх мэдүүлэг,

7. Гэрч Л.О... мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би ажлаа тараад орой 20 цагт гэрт очсон чинь От... манай гэрт архи уусан байдалтай байж байсан. Тэгсэн намайг архи уухуу гэсэн би уухгүй гээд уугаагүй. Тэгээд хоол болоод хоол идээд байж байсан чинь От.. талийгаачийн хоол байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би юу гээд солиороод байгаа юм гээд толгой хэсэгт нь 1 удаа цохисон. Тэгээд тоглоомоор хэлсэн гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

8. Гэрч Ц.Ч... мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сүмбэр сум, 3 дугаар баг, Баянбулаг, 10-1005 тоот гэрээ Мэ...ын хамт байж байсан чинь М...тай ярьж байгаад О... манайд ирсэн юм шиг байсан. Би тухайн үед О...г ирэхэд унтаж байсан. Тэгээд О...гийн эхнэр Ө... ирээд маргалдсан. Тэгээд О.., Ө.. нар хоорондоо маргалдаад үүдний хэсэгт түчигнээд байхаар нь М... салгасан гэж байсан. Тэгээд би сэрсэн. Сэрсэн чинь 2 цагдаа ирээд О...нг аваад явсан...” гэх мэдүүлэг,

9. Гэрч Ц.Ш... мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2025 оны 02 дугаар сарын 14-ний үүрээр 01 цагийн үед гэртээ унтаж байсан чинь гадаа хүмүүс дугараад байсан. Тэгээд гараад харсан чинь Ө..., От... нар хойд талын байшин болох Ч...жийн гадаа маргалдаад зогсож байсан. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг,

10. Гэрч Д.М... мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “... Би 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Сүмбэр сум, 3 дугаар баг, Ба...гийн 10-1... тоот Ч...жийн гэрт, М...ийн хамт бид гурав байсан. Д.О... нь тухайн өдрийн орой болж байсан харанхуйд /хэдэн цаг болж байсан мэдэхгүй байна/ Ч...ийн гэрт ирж бид гурав 0,75 литрийн 1 шил архийг хувааж уусан. Тухайн өдрийн орой хэдэн цаг болж байсныг санахгүй байна, оройхон байсан гаднаас От...гийн эхнэр Ө... гэх эмэгтэй орж ирэхэд Ч... унтаж байсан. Ө..., От... хоёр хоорондоо юм ярьж байгаад байшингийн үүд хэсгийн үүдний амбаар луу орж хоорондоо ярилцаж байсан байх, гэнэт эмэгтэй хүн орилоод эхэлсэн би тэгэхээр нь араас нь орсон чинь үүдний амбаарын баруун талын буйдангийн сандал дээр Ө...ийн дээр От... гарчихсан дээрээс нь даран байдалтай сууж байсан би тэгэхээр нь От.... татаж хажуу тийш нь босгоод Ө... татаж босгосон ...” гэх мэдүүлэг,

10. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг зэрэг болно.

Нэг: Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.Ө...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Ө...ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Б.Ө...ийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, бусдад учруулсан хохирол хор уршиг, түүндээ төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч Б.Ө...гийн хувьд бусдад төлөх гэм хорын төлбөргүй болохыг дахин дурдъя, шүүгдэгч нь энэ хэрэгт холбогдуулаад цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан СD 2 ширхэг, CD-г нь хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах саналыг гаргаж байна. Шүүгдэгч Б.Ө...ад авсан 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна ...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Ө...ийн өмгөөлөгч Г.Э...аас “гэм буруугийн шүүх хуралдаанд “миний үйлчлүүлэгчийг прокуророос хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үйлсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Хэргийн зүйлчлэл болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, хохирол төлбөрийн тухайд хохирогч Д.О...н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн учраас бусдад төлөх төлбөргүй...” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Хоёр. Эрх зүйн дүгнэлт:

Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 77 дугаар дүгнэлтээр хохирогч Д.От...ийн биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон ба энэ нь хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Ө...ийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, гэмтэл учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гурав. Эрүүгийн хариуцлагын талаар:          

            Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “шүүгдэгч Б.Ө...гийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, бусдад учруулсан хохирол хор уршиг, түүндээ төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгч Б.Ө...ийн өмгөөлөгч Г.Э...аас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “миний үйлчлүүлэгчид шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй, мөн учирсан хохирол хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.                     

Шүүгдэгч Б.Ө...гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Д... аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2021/ШЦТ/09 дугаар шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч Б.Ө...д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь шударгаёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

            Шүүгдэгч Б.Өн...д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Ө.. цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г...овогт Б...ны Ө...гийн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч Б... овогт Д...ийн О...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

3. Шүүгдэгч Г...овогт Бя...ы Ө...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Шүүгдэгч Д.О...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

5. Шүүгдэгч Б.Ө...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О...г Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ө....д оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг  анхааруулсугай.

            8. Шүүгдэгч Д.О..., Б.Ө... нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидиг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж, ногоон өнгийн 1 ширхэг футболкыг устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлсүгэй.

10. Шүүгдэгч Д.О...нд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ял оногдуулсан шүүхийн шийдвэрт хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

13. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О..., Б.Ө...нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     П.ЦОГЗОЛМАА