| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2022/07067/И |
| Дугаар | 101/ШШ2022/05094 |
| Огноо | 2022-12-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 101/ШШ2022/05094
2022 12 05 101/ШШ2022/05094
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн дүгээр хороо, гудамж, тоот хаягт оршин суух, В.А/регистрийн дугаар:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн дүгээр хороо, тоот хаягт оршин суух, Ө.Ц /регистрийн дугаар:/-д холбогдох,
Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашины үнэ 7,000,000 төгрөг, эд анги солиулсан, засвар үйлчилгээний хөлс 3,170,000 төгрөг, нийт 10,170,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагч Ө.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: В.А миний бие unegui.mn зараас NISSAN Caravan-Е25 маркийн .улсын дугаартай автомашин зарна гэсний дагуу холбогдож тус автомашиныг 7,000,000 төгрөгөөр худалдаж авахаар өмчлөгч Ө.Ц хэлцэл хийсэн. Тухайн үед Ө.Ц нь автомашиныг ямар нэгэн эвдрэл, доголдол байхгүй зөвхөн 4 дугуй солиод л болно гэсэн учир түүнд итгэж автомашиныг худалдаж авахаар болсон. Миний бие өөрийн нөхөр болох Б.Эын .данснаас 7,000,000 төгрөгийг Ө.Ц-ийн хэлж өгсөн . данс руу 2022 оны 10 сарын 18-ны өдөр шилжүүлсэн.
Миний бие тус автомашиныг унаж явах үед автомашины явах эд анги дуугарч цааш унаж явах боломжгүй байдалд хүрсэн учир авто засварын газарт 2022 оны 10 сарын 21, 24-ний өдрүүдэд очиж засвар үйлчилгээ авсан. Миний бие худалдагч тал буюу Ө.Ц руу нэн даруй залгаж тус автомашины эвдрэл доголдол, засвар үйлчилгээний хөлсийг хэлэхэд Ө.Ц нь утасны цаанаас би Ц биш ээ хамгийн сүүлд 2020 онд машин зарсан дугаар андуураад байна гэж худал хэлж зугтсан. Тус автомашинд засвар үйлчилгээ хийлгэсэн хэдий ч уг автомашины мотор муудсан учир автомашины гадаа 2-3 цаг байлгахад асахгүй, тос гоожсон байдалтай унаж хэрэглэж болохгүй гаражид одоогоор байна.
Миний бие дахин автомашинд засвар үйлчилгээ хийлгэх боломжгүй ба мотор дахин солиулж тавихад 3,000,000-аас 4,000,000 сая төгрөгийн үнэтэй байна.
Ө.Ц намайг автомашин сайн мэдэхгүйг ашиглан ийм их хэмжээний эвдрэл доголтой автомашин зарсан учир миний бие Ө.Цтэй хийсэн автомашин худалдах худалдан авах хэлцлээс татгалцаж автомашины үндсэн үнэ 7,000,000 төгрөг автомашины явах эд анги шинээр авсан, засвар үйлчилгээний хөлс 3,170,000 төгрөг нийт 10,170,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Ө.Ц гэж хүнээс 7,000,000 төгрөгөөр машин худалдаж авсан. Маршалын гүүрний урд н.Э гэдэг залуу надад авчирч үзүүлэхэд нь би 2 сарын хугацаанд ажилтай байгаа юм аа, надад ажил бүтээх машин хэрэгтэй байна, хийх юм юу байна вэ гэхэд хийх юм байхгүй, 4 дугуй солиод л болно гэж хэлсэн. 2002 онд орж ирсэн машин учраас 1,000,000-2,500,000 төгрөгөөр засвар хийгээд болох байх гэж хэлсэн. Би тухайн үед 2,500,000 төгрөгийн засвар орох юм шиг байна, би 7,000,000 төгрөгөөр худалдаж авъя гээд н.Э гэж хүний данс руу шилжүүлсэн.
Би 13 дугаар хороололд байрлах Nissan Caravan-25 машиныг засдаг газар очиж 3,000,000 төгрөгөөр засуулсан. 3,000,000 төгрөгөөр засвар хийлгээд гаражид оруулж тавихад тос гоожсон байсан. Надад засварын газрын падаан нь байгаа. Тос гоожлоо гэх шалтгаанаар дахиж очиход моторны жийргэвч нь муудчихсан учраас тос гоожоод байна гэхээр нь 170,000 төгрөгөөр солиулсан. Өвөл хүйтрээд эхэлсэн чинь асахаа больчихсон тул унаж, эдлэх ямар ч боломжгүй болсон. Яагаад асахгүй байгаа шалтгааныг нь тодруулахаар засварын газар очтол мотор муутай машин байна гэж хэлсэн. Мотор солиход 3,000,000 төгрөг гэсэн. Өвлийн дугуй авч тавихад 700,000-800,000 төгрөг болно гэж хэлсэн. Урьд нь засвар хийлгэсэн 3,170,000 төгрөг дээр нэмж 3,000,000 төгрөгийн засвар үйлчилгээ хийлгэх шаардлагатай болсон.
Би авсан хүн рүү гээ буцаая гэсэн боловч буцаахгүй гэж хэлсэн. Би энэ машиныг буцаамаар байна. Бүх эд анги нь муудчихсан амбаар шиг л машин байсан. Би өмнө нь машин авахад гайгүй машин таардаг байсан тул гайгүй байх гэж бодсон. Машинаа буцаачих юм бол 7,000,000 төгрөгийг авах нь ойлгомжтой байх гэж бодож байна. Машинд засвар үйлчилгээ хийлгэсэн машины төлбөрийг гаргуулах хүсэлтэй байна. Нийт 10,100,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.
Энэ машин ассан бол миний хувьд гомдол байхгүй. Энэ машин гадаа 3-4 цаг тавихад л асахаа больчихсон байсан. Энэ машинаар ажил хөөцөлдөх ямар ч боломжгүй болсон тул буцаая гэж байгаа юм гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: н.Э гэж хүн уг машиныг Б.Эт зарсан юм. Миний найз н.М 2022 оны 5 дугаар сард энэ машиныг надаас авсан юм. Манай найз н.М Америк улс руу явлаа, би энэ машиныг зарчихъя гэж хэлэхээр нь тэг гэж хэлсэн. Би 7 дугаар сард н.Мад машинаа зараад, мөнгөө өгөөд, авчихсан байсан юм. н.М гадаад яваад, би хөдөө орон нутгаар ажилтай явж байгаад машины гэрчилгээний нэрийг л солиулж чадаагүй. н.М нэг өдөр над руу залгаад машин зарахаар боллоо, би компанийнхаа нэг залууд хэлчихсэн байгаа, чи харин залгасан үед нь очоод нэрээ шилжүүлчихээрэй гэж хэлсэн. Үнэгүй.мн дээр 8,800,000 төгрөгөөр үнэ тохиролцоно гэж зар тавьсан байсныг би сүүлд харсан. Үнэгүй.мн-ий зар дээр миний утасны дугаар байхгүй, н.Эын дугаар байгаа. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ бүх зүйлийг худлаа бичсэн байсан. Би тасганы овооны тэнд байдаг Автотээврийн үндэсний төв дээр очиж автомашиныг шилжүүлж өгсөн. Б.Э машинаа худалдаж авахдаа н.Эын данс руу мөнгийг нь шилжүүлсэн. н.Э, Б.Э нар Зайсангийн зам дээр машинаа шалгаж үзсэн гэж хэлсэн.
Автомашины өмчлөгчийн нэр шилжүүлэх үед, бид дөрөв цай уугаад сууж байхад Б.Э орон нутгийн хаягтай болохоор эхнэрийнхээ нэр дээр машиныг шилжүүлье гээд шилжүүлсэн. 7,000,000 төгрөгийн машин 7,000,000 төгрөгийн л машин. С.А Ө.Ц тэр данс руу хий гэж хэлсэн гэж байсан. н.Э Б.Э хоёр хоорондоо ярилцаж байгаад дансаа өгч авалцаад мөнгөө шилжүүлсэн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
Нэхэмжлэгчээс дараах нотлох баримтыг хэрэгт хавсаргасан:
1. Nissan Caravan-E25 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийн №04154469 дугаартай гэрчилгээ /хх6/
2. Б.Эын эзэмшдэг Хаан банк дахь дугаартай дансны хуулга /хх9-11/
3. Канто моторс нэртэй байгууллагын бүртгэсэн 2022 оны 10 дугаар сарын 21, 24-ний өдрүүдийн Зарлагын баримт /хх7-8/
Хариуцагчаас дараах нотлох баримтыг хэрэгт хавсаргасан:
1. Хариуцагчийн бичгээр гаргасан хариу тайлбар /хх18-22/
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигч талуудын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч В.А нь хариуцагч Ө.Цд холбогдуулан, худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашины үнэ 7,000,000 төгрөг, эд анги солиулсан, засвар үйлчилгээний хөлс 3,170,000 төгрөг, нийт 10,170,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.
2. Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
3. Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд гаргасан шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
3.1. Худалдан авсан Nissan Caravan-E25 маркийн улсын дугаартай автомашинд засвар үйлчилгээ хийлгэсэн хэдий ч уг автомашины мотор муудсан учир автомашины гадаа 2-3 цаг байлгахад асахгүй, тос гоожсон байдалтай унаж хэрэглэх боломжгүй, дахин автомашинд засвар үйлчилгээ хийлгэх боломжгүй, мотор солиулахад 3,000,000-4,000,000 сая төгрөгийн үнэтэй, автомашин сайн мэдэхгүйг ашиглан ийм их хэмжээний эвдрэл доголтой автомашин зарсан тул худалдах-худалдан авах хэлцлээс татгалцаж байна гэв.
4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ дараах байдлаар тайлбарлав.
4.1. Уг автомашиныг найз н.Мдаа зарсан байсан ч өмчлөх эрхийг шилжүүлээгүй байсан. н.Мыг төлөөлж н.Э гэх хүн уг автомашиныг Б.Эт худалдсан. Автотээврийн үндэсний төв дээр өмчлөгчийн нэр шилжүүлэхээр намайг ирэхэд, н.Э, Б.Э нар Зайсангийн зам дээр машинаа шалгаж үзсэн гэж хэлж байсан ба н.Э, Б.Э хоёр хоорондоо ярилцаж байгаад дансаа өгч авалцаад мөнгөө шилжүүлсэн гэв.
5. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, Тээврийн хэрэгслийн №04154469 дугаартай гэрчилгээ, Б.Эын эзэмшдэг Хаан банк дахь дугаартай дансны хуулга, Канто моторс нэртэй байгууллагын бүртгэсэн 2022 оны 10 дугаар сарын 21, 24-ний өдрүүдийн Зарлагын баримт болон зохигч талуудын тайлбараас үзэхэд, дараах үйл баримт тогтоогдож байна.
5.1. Хариуцагч Ө.Цөмчлөлд бүртгэлтэй байсан Nissan Caravan-E25 маркийн улсын дугаартай, 2002 онд үйлдвэрлэгдэж, 2015 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр импортлогдсон тээврийн хэрэгслийг Б.Э 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр худалдан авах хэлцэл хийх тухайн үедээ уг автомашинд 2,500,000 төгрөгийн засвар хийгдэж болохыг багцаагаар тооцож, 7,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон ба өмчлөгч Ө.Цтэй уг хэлцлийг хийгээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт дурьдагдаж буй н.Э гэгчтэй хэлэлцэн тохиролцож, автомашиныг үзэж, шалгаж авсан, 7,000,000 төгрөгийг н.Э гэгчид шилжүүлсэн, тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр В.Аг бүртгүүлсэн байна.
5.2. Хариуцагч нь уг автомашиныг Б.Э болон В.А нарт худалдаагүй, тэдэнтэй хэлцэл хийгээгүй, өөр этгээдэд худалдсан автомашины өмчлөх эрхээ шилжүүлээгүй байсны улмаас Б.Эт автомашиныг шилжүүлэхэд ирж Б.Э, н.Э нартай уулзсан гэх тайлбар гаргасныг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй.
6. Хариуцагч Ө.Ц, нэхэмжлэгч талтай хэлцэл хийгээгүй гэх тайлбар гаргаж байх боловч автомашины өмчлөх эрхээ дээр дурьдсанаар шилжүүлсэн, өмнө нь худалдаад эс шилжүүлсэн гэх тайлбар нь түүнийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн худалдах-худалдан авах хэлцэлд оролцоогүй гэж үзэх үндэслэл болохгүй. Тодруулбал, хариуцагч Ө.Ц нь шүүхийн хэлэлцүүлэгт дурьдагдаж буй н.Э, Б.Э нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүлээн зөвшөөрсөн, өөрийн өмчлөлд байгаа эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн өгөхөөр хэлэлцэн тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.
7. Талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байх ба энэхүү гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.
8. Эд хөрөнгийн доголдлын талаархи худалдан авагчийн эрх, үүргийг зохицуулсан Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй. гэж заасан.
9. Гэвч дээрх хуулийн заалтуудад дурьдаж буй доголдлын талаар нэхэмжлэгч нотлоогүй буюу автомашин доголдолтой гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй.
10. Мөн түүнчлэн, худалдан авагч шаардлага гаргах эрхээ алдах тохиолдлыг хуульчлан зохицуулсан, Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.1.1.-д эд хөрөнгө хүлээж авах үедээ уг эд хөрөнгийн доголдлын талаар мэдсэн буюу мэдэх боломжтой байхад түүнийг хүлээн авсан; гэж зааснаар, нэхэмжлэгч нь шаардлага гаргах эрхгүй байна.
10.1. Тодруулбал, ...Автотээврийн үндэсний төв дээр өмчлөгчийн нэр шилжүүлэхээр ирэхэд, н.Э, Б.Э нар Зайсангийн зам дээр машинаа шалгаж үзсэн гэж хэлж байсан... гэх хариуцагчийн тайлбарыг нэхэмжлэгч үгүйсгээгүйн зэрэгцээ худалдах-худалдан авах хэлцэл хийх тухайн үедээ уг автомашинд 2,500,000 төгрөгийн засвар хийгдэж болохыг тооцож, 7,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон гэх үйл баримтыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн, тухайн автомашин доголдолтой эсэхийг нэхэмжлэгч тал мэдэх боломжгүй байсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, хариуцагч Ө.Цд холбогдох, Худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, автомашины үнэ 7,000,000 төгрөг, эд анги солиулсан, засвар үйлчилгээний хөлс 3,170,000 төгрөг, нийт 10,170,000 төгрөг гаргуулах тухай В.Агийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 177,670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.У