| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2025/0094/э |
| Дугаар | 2025/ШЦТ/100 |
| Огноо | 2025-09-15 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/100
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,
улсын яллагч Б.Ануужин,
шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овогт Дийн Дд холбогдох эрүүгийн 2517000000101 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1983 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын .............. дүгээр баг, Төмөр замын ............ тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй гэх Т Б овогтой Дийн Д, регистрийн дугаар /........................./.
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Т Б овогтой Дийн Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүхээр хасуулсан байх хугацаанд буюу 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дахин согтуугаар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 22-23 ГСА улсын дугаартай тоёота ланд круйзер загварын тээврийн хэрэгслийг 1,57 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд
1. Шүүгдэгч Д.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед унага тамганы найранд айраг их уусан, хонох гэж байгаад шөнөдөө ороод ирсэн. Надаас өөр тээврийн хэрэгсэл жолоодох хүн байгаагүй, бүгдээрээ найранд ороод суучихсан байсан. Дахиж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
2. Гэрч Т.Ч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр олон нийтийн цагдаа Б.О-тай хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 22-23 ГСА улсын дугаартай хар өнгийн Land Cruiser маркийн тээврийн хэрэгслийг зогсоон жолоочийг тандагч багажаар үлээлгэж үзтэл тандагч багаж улайж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гэсэн дохио өгсөн. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч Д.Д гэж жолооч байсан бөгөөд багажаар шалгахад тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн байсан. Д.Дыг цагдаагийн хэлтэс дээр авч ирж согтолтын зэрэг тогтоодог багажаар шалгахад 1,57 гэсэн тоон үзүүлэлт гарсан гэх мэдүүлэг. /х.х-ийн 9-10 хуудас/
3. Гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Эрх бүхий албан тушаалтаны тэмдэглэл, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 2-4 хуудас/
5. Жолоочийн үнэмлэхний лавлагаа авсан тухай тэмдэглэл, Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа мэдээлэл, 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 2024/ЗШ/1882 дугаартай Баянголдүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврийн хуулбар /х.х-ийн 16, 21-22 хуудас/
6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 11 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд
НЭГ. Гэм буруугийн талаар:
Шүүхээс шүүгдэгч Тод Б овогтой Дийн Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүхээр хасуулсан байх хугацаанд буюу 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дахин согтуугаар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 22-23 ГСА улсын дугаартай тоёота ланд круйзер загварын тээврийн хэрэгслийг 1,57 хувийн согтолттойгоор жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт болсон байна. 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ЗШ/1882 дугаартай Баянголдүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 000 төгрөгөөр шийтгэлээр шийтгэж шийдвэрлэсэн байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Дын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Д.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь гэрч Т.Чингүүнжавын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл, цагдаагийн рапорт, 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ЗШ/1882 дугаартай Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэврийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон болохыг дурдлаа.
Шүүгдэгч Д.Дд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн үйлдэлд тохирсон ба шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж шүүхээс дүгнэлээ.
Мөн гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Д нь өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлт гарган оролцсон ба гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлтэй холбоотой маргаагүй болохыг дурдлаа.
ХОЁР. Улсын яллагч Б.Ануужин эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Тод боржигон овогт Дийн Д нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр шүүхээр хасуулсан байх хугацаанд буюу 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдөр дахин согтуугаар Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт 22-23 ГСА улсын дугаартай Тоёота ланд крузер загварын тээврийн хэрэгсэлтэй 1,57 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлж байгаа мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна. Гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол, хор уршиг байхгүй тул шүүгдэгч нь бусдад төлөх гэм хорын төлбөргүй. Шүүгдэгч Д.Дын үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиггүй, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил, 1 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж байна. Мөн шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно гэсэн саналыг,
Шүүгдэгч Д.Д эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Шүүгдэгч Д.Дд эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Д.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил 01 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Д.Д нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.
Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т б овогт Дийн Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хасаж, 3000 /гурван мянга / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 /гурван сая мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дд оногдуулсан торгох ялыг 06 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Дын оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жил 01 /нэг/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.
5. Шүүгдэгч Д.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдаж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ