| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2022/06142/И |
| Дугаар | 101/ШШ2022/05286 |
| Огноо | 2022-12-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2022/05286
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.У даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүргийн дугаар хороо, гудамж тоот хаягт байрлах А******* ББСБ ХХК/хуулийн этгээдийн регистрийн дугаар: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, байр тоот хаягт оршин суух, М.Ц/регистрийн дугаар: /-д холбогдох,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, байр тоот хаягт оршин суух, Д.Ч /регистрийн дугаар: / нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 24,129,887.35 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдэн төлөөлөгч Г.Б, Б.М, хариуцагч Д.Ч, М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч М.Ц, Д.Ч нар ту ББСБ-тай 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ЗГ00195 тоот Зээлийн гэрээ байгуулан 15,000,000 төгрөгийг жилийн 48 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж авсан.
Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1-д заасны дагуу нэхэмжлэл гаргасан.
Зээлдэгч нар 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 13,824,859.56 төгрөг, зээлийн үндсэн хүү 9,876,162.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 428,865.16 төгрөг байна.
Нийт 24,129,887.35 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч нар шүүхэд гаргасан тайлбартаа: 15,000,000 төгрөгийн зээл авсан. 2020 онд цар тахлын хорио, цээр эхэлж, хил хаагдаж бизнес маань доголдсон. Өөрсдөөс болон ээжийнхээ тэтгэвэрээс төлөлт хийж, нийт 8,330,000 төгрөгийг төлсөн байна. Гэтэл үндсэн зээлээс зөвхөн сая төгрөг үндсэн зээлээс хасуулсан гэж нэхэмжлэл гаргажээ. 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр А******* ББС нь М.Ц надтай шинэ гэрээ хийсэн. Гэтэл эднийх хүүгийн алданги 7,538,275 төгрөг гэсэн. Мөн 2028 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүртэл нийт 36,066,079 төгрөг төлөх гэрээ хийсэн. Үүнийг манай гэр бүлийн хүн Д.Ч хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд гарын үсэг зураагүй болно. Өнөөдрийн хүртэл ажил төрөлгүй байж зээл төлсөөр байтал ийм ичгүүргүйгээр мөнгө нэхэмжилж байгааг гайхаж байна. Нийт зээлийн 60 хувийг төлсөн байна. Зээлийн гэрээнд оролцоогүй Д.Чыг хариуцагчаар татсаныг гайхаж байна.
2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1,000,000 төгрөгийг дүү н.Н-н данснаас, ээж төрийн банкнаас бэлнээр 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 250,00 төгрөг, 2020 оны 10 дугаар сард мөн бэлнээр 300,000 төгрөг, нийт 1,550,000 төгрөг шилжүүлсэн. Үүн дээр 6,780,000 төгрөгийн шилжүүлгийн хуулгыг хавсаргасан гэжээ.
Хариуцагч Д.Ч шүүх хуралдаанд гаргасан талйбартаа: 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Т******* ББСБ ХХК-иас 15,000,000 төгрөгийн зээлийг авсан. 2020 онд улс орон даяар ковид цар тахал гарсантай холбоотойгоор хийж байсан ажил доголдож графикийн дагуу төлбөр төлөх боломжгүй болсон ч гэсэн бид өөрсдийн боломж бололцоогоор тухайн ББСБ-д 8,000,000 төгрөгийг төлсөн байдаг. Үндсэн зээлээс 1,000,000 төгрөг хасаад үлдсэн 7,000,000 төгрөг нь хаашаа алга болсон нь мэдэгдэхгүй алга болсон байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч М.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр зээл авсан. Тодорхой хэмжээнд төлөлт хийж явж байгаад улмаар манай 3 лангууны үйл ажиллагаа зогссон. Манай өндөг, бэлэн хувцасны бизнес зогссон талаар нэхэмжлэгч талд хэлж байсан. 2021 оны 4 дүгээр сард надтай шинэчилсэн гэрээ хийхэд 15,000,000 төгрөгөөс гадна хүүндээ суутгаж аваад 7,538,000 төгрөгийг хүү алдангийн мөнгө гэж хэлж байсан. Би ийм хэмжээний хүү, алданги төлөх боломжгүй гэхэд ямар хэмжээнд, яаж төлөх боломж байна вэ гэдгийг гараараа бичээд төлөөрэй гэж хэлсэн. Хүү 2021 оны 3 сараас эхлээд зогссон гэж надад хуудас өгсөн. 2021 оны 4 сараас би тодорхой хэмжээгээр ээжийнхээ тэтгэврийн мөнгөөр 430,000 төгрөгөөр 14 удаа 2022 оны 6 дугаар сар хүртэл төлсөн. Үндсэн гэрээ нь 2028 он хүртэл байсан. Надаас ийм мөнгө нэхэмжлээд байгааг нь гайхаж байна. Шинэчилсэн гэрээний дагуу боломжоороо зээл төлсөн байдаг гэв.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд: нэхэмжлэгч хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээ, хавсралт /хх6-9/, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ00195 дугаартай Зээлийн гэрээ /хх10-12/, Зээл төлөлтийн дансны хуулга /хх13-15/, хариуцагч нарын бичгээр гаргасан хариу тайлбар /хх26-27/, 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ00195А дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх28-29/ 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ00195Б дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /хх30/, хариуцагч нар зээлээ төлөхөд дансаар нь төлбөрөө шилжүүлж, зээл төлүүлж байсан гэх Оюун Санжаажавын эзэмшдэг Төрийн банк дахь дугаартай дансны 2022.01.01-2022.04.30, 2021.08.01-2021.09.30, 2020.12.01-2021.03.31 хугацааны дансны хуулга, дугаартай дансны 2022.01.01-2022.11.16, 2021.11.01-2021.11.30, 2020.10.01-2021.12.31 хугацааны дансны хуулга, эзэмшдэг Хаан банк дахь дугаартай дансны 2022.05.06, 2022.06.11-ний өдрийн хуулга;
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.
2. Нэхэмжлэгч А******* ББСБ ХХК нь хариуцагч М.Ц, Д.Ч нарт холбогдуулан, үндсэн зээл 13,824,859.56 төгрөг, зээлийн үндсэн хүү 9,876,162.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 428,865.16 төгрөг, нийт 24,129,887.35 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
3. Хариуцагч нар нь 8,000,000 төгрөг төлснийг нэхэмжлэгч хүүнд тооцсоныг зөвшөөрөхгүй, 2021 оны 3 дугаар сараас эхлээд хүү зогсоосон атлаа ийм хэмжээний хүү шаардаж байгаа зөвшөөрөхгүй гэж мэтгэлцсэн.
4. Талууд харилцан тохиролцож, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр ЗГ00195 дугаартай Зээлийн гэрээ байгуулан, зээлдүүлэгч А******* ББСБ ХХК нь зээлдэгч М.Ц, Д.Ч нарт 15,000,000 төгрөгийг жилийн 48 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, үндсэн зээл, хүүг зээлийн эргэн төлөлтийн хуваарьт хугацаандаа төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцох нөхцөлтэйгээр зээлдүүлсэн, 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ЗГ00195А дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ-г байгуулж, зээлийн гэрээний хугацааг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2028 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд 84 сараар сунгаж, 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ЗГ00195Б дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ЗГ00195 тоот зээлийн гэрээний хуримтлагдсан хүүгийн төлбөрийг 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд 24 сараар сунгажээ.
5. Нэхэмжлэгч А******* ББСБ ХХК нь банк бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээд болох нь хэрэгт авагдсан Санхүүгийн зохицуулах хорооны ТЗ101/277 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байх ба талуудын байгуулсан зээлийн гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.
Тухайлбал, Иргэний хуулийн Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 451.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. 452 дугаар зүйлийн 452.2.-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс олгох зээлд анзыг хэрэглэхгүй., 453 дугаар зүйлийн 453.1.-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй. гэж тус тус заасан.
6. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Зээл төлөлтийн дансны хуулга-аар зээлдэгч нь нэхэмжлэл гаргах үеийн буюу 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн байдлаар үндсэн зээл 13,824,859.56 төгрөг, зээлийн үндсэн хүү 9,876,162.63 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 428,865.16 төгрөг, нийт 24,129,887.35 төгрөгий төлбөртэй болох нь тогтоогдож байна.
7. Хариуцагч нь зээл төлөлтийн дансны хуулгад тусгагдсан зээлийн гэрээний дагуу төлбөрийн үүргээ хэрхэн биелүүлж байсан үйл баримтын талаар тодорхой тайлбар, нотлох баримтад тулгуурлаж мэтгэлцээгүй буюу 8 сая орчим төгрөг төлснийг нэхэмжлэгч хүүнд тооцсоныг зөвшөөрөхгүй, 2021 оны 3 дугаар сараас эхэлж, зээлийн гэрээний хүү тооцохгүй болсон гэх тайлбараа нотолсонгүй.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хэргийн оролцогч хүлээдэг бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч буй үндэслэлээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч М.Ц, Д.Ч нараас 24,129,887.35 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А******* ББСБ ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 278,599.43 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ц, Д.Ч нараас улсын тэмдэгтийн хураамж 278,599.43 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А******* ББСБ ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.У