Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 44

 

 Хас банкны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

       Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Энхтөр даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг,  Т.Жаргалсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 133/ШШ2018/00504 дугаар шийдвэртэй,

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум 3 дугаар баг Хас банкны Говь-Алтай салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Говь-Алтай аймаг Есөнбулаг сум 4 дүгээр баг Харзат  14 дүгээр гудамж 9 тоотод оршин суух Хойд овогт С.Б /ДЮ76050511/-д холбогдох, барьцааны үл хөдлөх эд хөрөнгө болох Говь-Алтай аймаг Есөнбулаг сум Харзат  баг 14-9 тоотод байрлах 50 м.кв талбай бүхий Ү-0518000983 дугаартай 3 өрөө орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь 5001211620 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Жаргалсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч  Хас банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.Ж, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.М, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Ш. Ц, Б. С нар 2014 оны 10 сарын 15-ны өдөр Хас банкны Говь-Алтай салбартай 5001211620 тоот зээлийн шугаман гэрээ байгуулан 40.000.000 төгрөгийн зээл авч, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар өөрийн өмчлөлийн Г-0518000707 дугаар гэрчилгээтэй, 1016,13 мкв өмчлөх эрхтэй газар, 5 ханатай гэр, 32 инч самсунг зурагт, 2 хаалгатай цагаан хөлдөөгч, 20-43 ГАА улсын дугаартай УАЗ-2206 маркийн автомашин болон гуравдагч этгээд болох С. Б өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат баг 14-9 тоотод байрлах 50 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг тус тус барьцаалуулж талууд 5001211620-01 тоот Баталгаат ипотекийн гэрээг тус тус байгуулсан. Зээлдэгч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир шүүхэд хандсанаар Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдрийн 271 дүгээр шийдвэрээр зээлдэгч Ш.Ц, Б.С нараас зээлийн төлбөрт нийт 54.373.597,33 төгрөгийг гаргуулж банкинд олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шүүхийн шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж зээлдэгч нарын өмчлөлийн Г-0518000707 дугаар гэрчилгээтэй, 1016,13 мкв өмчлөх эрхтэй газар, 5 ханатай гэр, 32 инч самсунг зурагт, 2 хаалгатай цагаан хөлдөөгч, 20-43 ГАА улсын дугаартай УАЗ-2206 маркийн автомашин хөрөнгийг худалдан борлуулж нийт 17.580.350 төгрөгийг төлсөн ба банкинд төлөх төлбөрийг өнөөдрийг хүртэлх хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тул банк 2016 оны 11 сарын 15-ны өдөр тус шүүхэд хандан 5001211620 тоот зээлийн шугамын гэрээний үүргийн гүйцэтгэлийг С.Б өмчлөлийн хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийг гаргасан ч шүүхээс үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргахдаа анхлан барьцаалуулагчид хандаж тухайн хөрөнгийг худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан байх шаардлагатай гэж үзсэн. Тиймээс зээлийн гэрээний үүрэгт төлөгдөөгүй 36.793.248,23 төгрөгийг барьцаалуулагч С.Б өмчлөлийн Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум, Харзат баг 14-9 тоотод байрлах, 50 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцаар хангуулах гэсэн шаардлагаа өөрчилж барьцааны орон сууцыг албадан худалдах шийдвэр гаргуулахаар шаардаж байна. Учир нь хариуцагч С.Б нь зээлдэгч Ш.Ц, Б.С нарыг зээлийн төлбөрөө төлж чадахгүй тохиолдолд өөрийн хөрөнгөөр зээлийн төлбөрийг төлж барагдуулна гэдгээ хүлээн зөвшөөрч баталгаат ипотекийн гэрээ байгуулж, уг гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн хүчин төгөлдөр гэрээ байгаа. Үндсэн зээлдэгч нар нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа учраас гуравдагч этгээд болох С.Б барьцаалсан ипотекийн зүйлийг албадан худалдах шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Б Хас банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Б нь баз болох Ш.Ц, Б.С нар Хас банкнаас зээл авах үед барьцаа хөрөнгө хүрэхгүй байна гэж орон сууцаа барьцаанд тавиад өгөөч гэсний дагуу орон сууцаа барьцаанд тавьсан. С.Б энэ зээлээс нэг ч төгрөг аваагүй, Хас банк С.Б орон сууцаар зээлийн үүргийг хангуулахаар нэхэмжлэл гаргаад 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 38 дугаар шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгож байсан. Харин Ш.Ц, Б.С нараас зээлийн 54 сая төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэр гарч эдгээр хүмүүс шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд зээлээ бэлэн мөнгөөр төлөөд явж байгаа. Ш.Ц, Б.С нарын барьцаа хөрөнгийг албадан худалдаад, зарж борлуулсан талаарх эд хөрөнгө байхгүй. Харин газар, машин зэргээ эдгээр хүмүүс өөрсдөө зараад мөнгийг нь зээлэндээ төлсөн. Эдгээр машин, газрыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар худалдаагүй, зээлдэгч нар өөрсдөө зарж зээлийн төлбөрөөс төлж, одоо сар болгон график гаргаад төлөлт хийгээд явж байгаа. Тиймээс сар болгон тодорхой хэмжээний төлөлт хийгдэж байгаа учраас бусад барьцаалсан эд хөрөнгөд ажиллагаа хийгээгүй гэдгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс тайлбарлаж хэлсэн. Үндсэн зээлдэгч Ш.Ц, Б.С нар зээлээ төлөхгүй байгаа асуудал байхгүй одоо ч төлөлт хийгээд явж байгаа. Мөн С.Б холбогдуулан энэ нэхэмжлэлийн шаардлагыг хоёр ч удаа гаргаад шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгаа учир гуравдагч этгээдийн барьцааны хөрөнгөд заавал халдах шаардлага байхгүй гэж үзэж байна.    Өөрчилсөн шаардлагын тухайд хариуцагч С.Б ипотекийн гэрээ байгуулж үл хөдлөх эд хөрөнгөө барьцаалсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Иргэний хуулийн 153 дугаар зүйл, 13 дугаар бүлэгт барьцаа хөрөнгийн талаар заасан. Тэгэхээр зээлийн үлдэгдэл төлбөр 36 сая төгрөгийг тэргүүн ээлжинд Ш.Ц, Б.С нарын хөрөнгөөр хангуулаад тэдгээр нь өөрсдийн хөрөнгөөр төлж барагдуулах боломжгүй болсон тохиолдолд гуравдагч этгээдийн хөрөнгөөр хангуулахаар заасан. Мөн Иргэний хуулийн 175 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийн үндсэн дээр барьцааны зүйлийг албадан худалдах, хуулийн 174 дүгээрт заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч зохих ёсоор гүйцэтгээгүй бол ипотекийн зүйлийг албадан худалдахаар заасан. Тэгэхээр энд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар үндсэн зээлдэгч нарын хөрөнгийг худалдан борлуулаад энэ хоёр хүн зээл төлөх ямар ч хөрөнгөгүй болсон бол гуравдагч этгээдээс шаардах байсан. Үндсэн зээлдэгч нарын хөрөнгийг албадан худалдсан асуудал байхгүй. Ш.Ц, Б.С нар машин, газраа өөрсдөө зарж зээлийн төлбөрөөс төлсөн байдаг. Одоогийн байдлаар үндсэн зээлдэгч нараас уг зээлийн төлбөрийг гаргах боломжгүй болсон зүйл байхгүй байгаа учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан 5001211620 дугаартай 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн шугамын гэрээний үүргийг үндсэн зээлдэгч Ш.Ц, Б.С нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох хариуцагч Хойд овогт С. Б /ДЮ76050511/-н өмчлөлийн Говь-Алтай аймаг, Есөнбулаг сум, Харзат багийн 14  р гудамжны 05 тоотод байрлах, орон сууцны зориулалттай, 50 м.кв талбай бүхий 3 өрөө, Ү-0518000983 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь 5001211620 дугаартай зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг 32.900.000 /гучин хоёр сая есөн зуун мянган/ төгрөгөөр хангуулахыг Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгаж. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-т заасныг баримтлан үүрэг гүйцэтгүүлэгч болох Хасбанкны Говь-Алтай салбар, үүрэг гүйцэтгэгч болох Ш.Ц, Б.С, хариуцагч С.Б нар дуудлага худалдаанд оролцох эрхтэй болохыг дурдаж. Иргэний хуулийн 176 дугаар зүйлийн 176.1-д заасныг баримтлан дуудлага худалдаа явуулснаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болох өмчлөгч буюу хариуцагч нь үүрэг гүйцэтгүүлэгчийн буюу Хасбанкны Говь-Алтай салбарын шаардлагыг урьдчилан хангасан тохиолдолд дуудлага худалдаа явуулахыг зогсоож болохыг Хасбанкны Говь-Алтай салбар, Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст тус тус мэдэгдэж. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342.361,50 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б 342.361,50 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдаж. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М давж заалдах гомдолдоо: 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн шугам гэрээний үүргийг зээлдэгч Ш.Ц, Б.С нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох С.Б эд хөрөнгөөр хангуулахаар заасан байгаа. Зээлдэгч Ш.Ц, Б.С нар нь зээлээ төлөөд явж байгаа, зээлдэгч нар нь ажил эрхэлдэг, уг зээлийг ямар нэгэн байдлаар төлөх боломжгүй болсон буюу эдгээр хүмүүсээс зээлийн төлбөрийг гаргах ямар ч эд хөрөнгө байхгүй талаар хавтаст хэргийн материалд бичгийн баримт байхгүй байгаа.

Уг зээлийг хариуцагч С.Б хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үнээс нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүлээн зөвшөөрхгүй байна.

Иймд Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 00504 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч “Хас” банкны Говь-Алтай аймаг дахь салбар нь хариуцагч С.Б холбогдуулан зээлийн гэрээний төлөгдөөгүй үүрэг 36.882.300 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хэрэгт авагдсан баримтаар анх нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 5001211620 дугаартай зээлийн шугамын гэрээг Ш.Ц, Б.С нартай байгуулж, 40.000.000 төгрөгний зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлдүүлж 5001211620 дугаартай барьцааны гэрээг мөн өдрөө Ш.Ц байгуулж, 5 ханатай, шалтай, давхар бүрээстэй гэр, “Самсунг” маркийн 32 инч зурагт, 2 хаалгатай цагаан өнгийн хөлдөөгч, УАЗ-2206 маркийн ГАА  20-43 улсын дугаартай цагаан саарал өнгийн автомашин зэргийг барьцаалж, барьцаа хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Б.С гэрээнд гарын үсэг зурсан байна.

Мөн 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэгч Хас банкны Говь-Алтай салбар нь 5001211620-01 дугаартай баталгаат ипотекийн гэрээг Ш.Ц, С.Б нартай байгуулж барьцаа хөрөнгөнд Есөнбулаг сумын Баянхайрхан баг 10-17 тоотод байрлах 1016.13 м2 талбай бүхий Г-0518000707 дугаартай өмчлөлийн газрын үнэлгээг 5.000.000 төгрөг, Есөнбулаг сумын Харзат багийн 14-9 тоотод байрлах Y-0518000983 дугаартай 50 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцны үнэлгээг 47.000.000 төгрөг, гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үнийн дүнг 32.900.000 төгрөг гэж талууд болон Ш.Ц, С.Б нар гарын үсэг зурж улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.

Энэ нь зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны шаардлагыг хангах зорилгоор зээлийн барьцаанд тавигдсан барьцааны зүйлүүд гэдэгт талууд маргаагүй.

 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байгаа үндэслэлээ “...Ш.Ц, Б.С нар Хас банкнаас зээл авах үед барьцаа хөрөнгө хүрэхгүй байна орон сууцаа барьцаанд тавиад өгөөч гэсний дагуу орон сууцаа барьцаанд тавьсан. Өмнө гарсан шүүхийн шийдвэрийн дагуу Ш.Ц, Б.С нар нь зээлээ төлөөд явж байгаа, зээлдэгч нарын барьцаа хөрөнгийг албадан худалдаад, зарж борлуулсан эд хөрөнгө байхгүй. Төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдлийг тэргүүн ээлжинд Ш.Ц, Б.С нарын хөрөнгөөр хангуулаад тэдгээр нь өөрсдийн хөрөнгөөр төлж барагдуулах боломжгүй болсон тохиолдолд гуравдагч этгээдийн хөрөнгөөр хангуулахаар Иргэний хуулийн 153 дугаар зүйлд  заасан. Мөн Иргэний хуулийн 174, 175 дугаар зүйлд шүүхийн шийдвэрийн үндсэн дээр барьцааны зүйлийг албадан худалдах, шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч зохих ёсоор үүргээ гүйцэтгээгүй бол ипотекийн зүйлийг албадан худалдахаар заасан гэжээ.

С.Б нь үндсэн зээлдэгч Ш.Ц, Б.С нарын зээлийн гэрээний үүрэгт өөрийн өмчлөлийн 50 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцыг барьцаалж, баталгаат ипотекийн гэрээ байгуулж зээлдэгч нар үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд банкны шаардлагыг өөрийн дээрх үл хөдлөх хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурсан байгаа нь нэхэмжлэгчээс түүний барьцаалуулсан үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхтэй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийжээ.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан үүргийн дагуу хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэн, маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх заалтад нийцэж байна.

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.  

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 133/ШШ2018/00504 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийнн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 342.361.50 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, эсхүл хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигчид магадлалыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ч.ЭНХТӨР

 

                                                   ШҮҮГЧИД                             Д.ЭРДЭНБИЛЭГ

 

                                                                            Т.ЖАРГАЛСАЙХАН