Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/809

 

 

 

 

 

 

 

    2025         09        23                                    2025/ШЦТ/809

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа,

улсын яллагч Н.Түвшинбаяр,

шүүгдэгч Л.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Л.Дд холбогдох 2511 00000 1240 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19............ оны 2 дугаар сарын 10-ны өдөр .......... аймгийн ................ суманд төрсөн,........ настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тогоочоор ажилладаг, ам бүл 2, хүүхдийн хамт амьдардаг, ............н дүүргийн .... дугаар хороо, .......... оршин суух хаягтай, улсаас авсан шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,

...........дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн .......оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ............... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн, БД /РД.................../.

Хэргийн товч агуулга:

Л.Д нь 2025 оны 07 дугаар сарын 11-ний өдөр ........... дүүргийн 10 дугаар хороо, .............хорооллын 33 дугаар гудамж, .............. гэртээ нөхөр Т.О хүч хэрэглэсэн, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас Т.О 2 удаа хутгалж, эрүүл мэндэд нь цээжний зүүн хөндий рүү нэвтэрч зүүн уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх цус хуралдалт 700-800 мл, нурууны баруун хэсэгт хатгагдаж, зүсэгдсэн шарх гэмтэл бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Д өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 2 “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч Л.Д нь хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.01/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.03-09/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Т.О өгсөн: “... “баяр ёслол болж байхад жоохон хоол хийчихгүй, мах чанаад хуушуур хийчихгүй юм” гээд хэрүүл хийтэл “шалдар булдар юман дээрээс хэрүүл хийгээд байх юм хуушуур хийх гэж л байна шүү дээ” гээд мах татаж байхад нь тухайн хүнийг 2-3 удаа цохитол намайг мах хөшиглөж байсан хутгаараа 2 удаа миний зүүн дал болон зүүн бөөрний хэсэгт хутгалсан...” гэх мэдүүлэг /хх.12-13/,

Мөрдөгчийн тэмдэглэл /хх.16-17/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх.25/,

Өвчний түүх /хх.37-65/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээч Э.Баасанжавын 2025 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн ЕГ0725/9357 дугаартай:

"1.Т.О биед цээжний зүүн хөндий рүү нэвтэрч зүүн уушгины доод дэлбэнг гэмтээсэн хатгагдаж,зүсэгдсэн шарх, цээжний зүүн хөндий дэх цус хуралт 700-800 мл, нурууны баруун хэсэгт хатгагдаж.зүсгэдсэн гарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир, үзүүр бүхий зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.13-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Учирсан гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цэг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.” гэх дүгнэлт /хх.75-76/,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 1099 дүгээр “Шийтгэл оногдуулах тухай” шийтгэвэр /хх.106-108/,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 88 дугаартай “Холбогдогч Т.Оад холбогдох Зөрчлийн хэргийн тухай” шийтгэвэр /хх.110-113/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоол /хх.130-131/,

Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.118/,

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Л.Дгийн яллагдагчаар өгсөн: “...би тухайн хүний биед уг гэмтлийг учруулсан гэдгээ хүлээн зөвгөөрч байна.” гэх мэдүүлэг /хх.119/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.29-32, 67-72/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хохирогчийн гаргасан хүсэлт /хх.126-127/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн гаргасан хүсэлт /хх.128/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.130/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус, зүй бус үйлдлийн хариу болж үүсдэг бөгөөд цочрон давчдах шалтгаан нь үүнтэй шууд холбоотойгоор түргэн зуур болдог онцлогтой.

Нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны болон ёс суртахууны шаардлагын хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлалд харшилсан буюу тухайн хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хүйс, хөрөнгө чинээ, эрүүл мэнд, хөгжлийн бэрхшээлтэй болон гэр бүлийн байдалтай нь холбогдуулан үг, үйлдлээр гутаах нь хүндээр доромжилсон үйлдэл юм.

Хохирогч Т.О хүч хэрэглэсэн, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас Л.Дг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хохирогчийг хутгалж гэмтээснээс эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.Д нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан байна.

Хохирогч Т.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Л.Дг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Дд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх арга хэмжээ авах санал гаргасныг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Л.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Л.Дд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, шинээр гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүсэн хутга 2 ширхгийг шийтгэх тогтоол хүин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Д нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

Шүүгдэгч Л.Дд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч БДг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Дд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар, шүүгдэгч Л.Дд хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Л.Дд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, шинээр гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн хутга 2 ширхгийг шийтгэх тогтоол хүин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгасугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Дд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ӨСӨХБАЯР