| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 306/2025/0095/э |
| Дугаар | 2025/ШЦТ/101 |
| Огноо | 2025-09-15 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Ануужин |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 2025/ШЦТ/101
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Ариунжарал даргалж,
нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан,
улсын яллагч Б.Ануужин,
шүүгдэгч Г.Б түүний өмгөөлөгч Х.Даваахүү,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч .................,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Идэрзолбоо нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ануужингаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогтой Г-ийн Бд холбогдох эрүүгийн 2517000430095 дугаартай хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “...............” ТӨХК-д ээлжийн ахлах инженер эрхэлсэн ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сум,................ баг .............. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй С овогтой Гийн Б, регистрийн дугаар (.................)
Холбогдсон хэргийн талаар:
27 /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 2 хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, 1 хүний амь насыг хохироосон” гэмт хэрэгт холбогджээ
ТОДОРХОЙЛОХ нь
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б нь 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах босоо тэнхлэгийн А0101 дугаартай авто замын 212/449 дугаартай км шонгийн орчимд 48-50 ДГН улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч замын хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж заасныг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдож улмаар тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан нярай хүүхэд болох Б.О, Б.Н нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, У.Рийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь:
1. Шүүгдэгч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2025 оны 03 дугаар сарын 29-ний өглөө 07 цагийн орчим Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сум явахаар манай эхнэр Р.Нын нэр дээр албан ёсоор бүртгэлтэй байдаг ч гэр бүлдээ хэрэглэдэг 48-30 ДГН улсын дугаартай, ногоон өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээр гарсан юм. Тухайн үед би тээврийн хэрэгслийг жолоодож явсан, харин манай эхнэр Н машины арын суудлын зүүн талд охин О /7 сартай/ тэврээд сууж явсан түүний зүүн талд буюу арын суудлын баруун талд хадам ээж У.Р охин Н /7сартай/- г тэвэрчихсэн сууж явсан юм, харин жолоочийн эсрэг талын урд талын суудалд хүн суугаагүй явж байсан. Тэгээд шууд явсаар байгаад Говьсүмбэр аймгийн Баянтал сум өнгөрөөд хатуу хучилттай замаар явж байтал тухайн зам алсуураа өгсүүр байсан бөгөөд тухайн өгсүүр замын орой дээр гараад иртэл тухайн зам нь нэлэнхүйдээ мөстсөн, халтиргаатай болсон байсан. Тэгтэл тухайн мөсөн дээр машин шарваад замын эсрэг урсгал руу ороод тухайн замын зүүн тал руу гараад машин онхолдсон, би тухайн үед машин хэдэн удаа эргэсэн эсэхийг нь санахгүй байна. Би осол болох үед алсуураа өгссөн замын орой дээр гарч ирэхэд гэнэт зам мөстсөн байсан бөгөөд би тухайн замын мөстсөн хэсгийг урьдчилж харах боломжгүй байсан, яагаад гэхээр зам өгсүүр байсан учраас цаадах зам нь харагдах боломжгүй байсан, тэгээд тухайн мөсийг хараад би машинаа зогсоох арга хэмжээ аваад тоормосоо гишгэж аваад, жолооныхоо хүрдийг эгц барьсан боловч машин мөсөн дээр шарваад замаас гарч онхолдсон. Ингээд онхолдсоны дараа машин 4 дугуйн дээрээ буусан байсан бөгөөд би эргээд хартал манай эхнэр Н, охин О таврээд арын суудал дээр сууж байсан, харин хадам ээж У.Р, охин Н нар машинд байгаагүй тэгэхээр нь би машинаасаа буугаад хадам ээж болон охин Н хайсан чинь машины баруун хойд талд Н газар уначихсан сулавтар дуугаар уйлаад байж байсан, харин түүний хажууд манай хадам ээж У.Р ямар нэгэн дуу авиагүй, толгой орчмоос нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэр үед тухайн замаар цагаан өнгийн Асиа маркийн машинтай хүмүүс явж байхаар би гараараа даллаж зогсоогоод эмнэлэг, цагдаа руу дуудлага өгсөн. Тэгээд нөгөө машины жолоочоос нь эхнэр, 2 хүүхдийг Чойрын эмнэлэг рүү хүргээд өгөөч гэж гуйсан чинь нөгөө хүн зөвшөөрөхөөр нь би эхнэр хүүхдүүдээ суулгаж явуулчихаад, өөрөө машиныхаа хажууд үлдсэн. Тэгээд би машиныхаа багаажнаас хөнжил гаргаад хадам ээжийг хөнжлөөрөө хучсан, мөн толгойноос нь цус гараад байхаар нь түүний цусыг тогтоох гээд гараараа дарсан, удаагүй байтал эмнэлгийн машин ирээд тухайн машинаас хар өнгийн костюмтай эрэгтэй хүн гарч ирээд хадам ээжийн гүрээний судас дээр гараараа дарж үзээд нас барсан байна гэж хэлсэн. Тэгээд удаагүй байхад цагдаагийн албан хаагч ирэхээр нь би 2 охин дээрээ очмоор байна гэж хүсэлт тавьсан чинь намайг машиндаа суулгаад Чойрын эмнэлэгт хүргэж ирсэн. Тэгээд эмнэлэг дээр 2 охиндоо эмчилгээ хийлгээд тухайн өдрөө эмнэлгийн машинаар эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын ГССҮТ-д хүргүүлээд тэндээ 2 хүүхэддээ эмчилгээ хийлгэсэн. Тэгээд тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2025.04.08-ны өдөр эмнэлгээс гарсан. Манай 2 ихэр хүүхэд нь төрөхдөө нэг нь зүрх цоорхой, нөгөөх нь тархины саажилттай гэсэн оноштойгоор сар болгон ЭХЭМҮТ-д үзүүлж эмчилгээ хийлгэдэг учраас би явах болгондоо хурдаа тохируулж удаан явдаг юм. Тухайн осол болох үед би 50-60 км/ц-ийн хурдтай явж байсан гэж бодож байна, тухайн үед зам дээрх мөсийг хараад бүх анхаарал мөс рүү төвлөрсөн байсан болохоор хянахаа хараагүй, мөс гарч ирэхээс өмнө өөрийнхөө хурдыг хянаад 50-60 км цагийн хурдтай явж байсан, 2 жаахан хүүхэдтэй мөн тархины саажилттай хүүхэдтэй явж байгаа болохоор доргиохгүйн тулд зөөлөн явах шаардлагатай байдаг тул их хурдтай явдаггүй юм байна. Ер нь Баянтал сумаас Чойр орох зам олон тооны нүхтэй, замын эвдрэл ихтэй учраас би нилээн аажуухан явж байсан гэх мэдүүлэг. /1-р х.х-ийн 46-47 хуудас/
2. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.И. шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Гомдол санал байхгүй гэв.
3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ............. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Би 2025 оны 03 дугаар сарын 29-ний өглөө Дорноговь аймгийн Сайншанд сум 7-р баг, Ганзамчид 1 гудамж 162-р байр 22 тоотод гэртээ байж байтал манай эгч Ц. миний гар утас руу залгаад “Манай ээж, охин дүү, хүргэн хүүхдүүдийн хамт Улаанбаатар хотоос гарч яваад Чойр орох замд аваарт орсон байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн өдрөө эхнэр Мө-гийн хамт Дорноговь аймгаас гараад Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр ирэхэд манай охин дүү Н, түүний нөхөр Б нар уйлаад сууж байсан бөгөөд тэдний өлгийтэй 2 ихэр жаахан хүүхэд нь яаралтай тусламжийн өрөөнд дусал хийлгээд байж байсан, харин манай ээж У.Рийг нас барсан гэж байсан. Тухайн осол болохоос 7 хоногийн өмнө Б нь эхнэр Н болон 2 ихэр хүүхэд, манай ээж У.Р нарыг аваад Замын-Үүд сумаас манай гэрт ирээд том хүүхэд болох настай охиноо үлдээгээд Улаанбаатар хот руу 2 ихэр жаахан хүүхэддээ эмчилгээ хийлгэхээр явсан байсан юм. Тэд Улаанбаатар хот руу явахдаа манай дүү Нын нэр дээр бүртгэлтэй байдаг 48-30 ДГН улсын дугаартай, цайвар ногоон өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй явж байсан бөгөөд буцахдаа мөн л тухайн машинаараа явж байгаад осолд орсон байсан. Би тэднийг Улаанбаатар хотоос хэдэн цагаас гарсан эсэхийг нь мэдэхгүй байна, тухайн өдөр амралтын өдөр байсан болохоор би унтаж байсан, харин тухайн өдрийн өмнөх орой нь манай дүү Н надтай утсаар ярихдаа “Маргааш өглөө Улаанбаатар хотоос гараад Дорноговь аймаг орно” гэж ярьж байсан юм. Манай ээж У.Р нь манай дүү Нын 2 ихэр хүүхдэд маш их хайртай байсан, дээр нь тухайн 2 ихэр хүүхэд төрөхөөсөө л хөгжлийн бэрхшээлтэй, булчин чангарч татдаг өвтэй байсан болохоор байнга асаргаа шаардагддаг байсан юм. Тийм болохоор манай ээж Бы гэрт нь хамт амьдардаг байсан бөгөөд тэдэнтэй хамт Улаанбаатар хот руу хамт явсан, 2 хүүхдийнх нь заавал нэг хүүхдийг нь тэвэрч явах шаардалагатай байсан. Тухайн 2 хүүхэд нь байнга л асаргаа сувилгаа, эмчилгээ шаардагддаг болохоор тэд байн байн л Улаанбаатар хот руу авч эмчилгээ хийлгэдэг байсан юм Бид ямар нэгэн байдлаар сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, Бы хувьд өвчтэй 2 хүүхдээ эмчлүүлэх гэж яваад ийм асуудалд орсон болохоор бид ямар нэгэн гомдол байхгүй, харин тухайн хэргийг хэрэгсэхгүй болгуулах хүсэлтэй байгаа гэх мэдүүлэн. /1-р хх-ийн 25 хуудас/
4. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р х.х-ийн 6-17 хуудас/
5. Гэрч Р.Н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Манай 2 бага хүүхэд маань 2 ихэр хүүхэд байгаа юм, төрөхдөө 2 сар дутуу төрсөн, тухайн үедээ яаралтайгаар төрсөн, манай ихэр охидууд одоо 8 сартай. Охин О нь тархины саажилт, хатингаршил, 4 мөчний саажилт, чангарал, охин Н зүрхний төрөлхийн гажигтай, хагалгаанд орох жиндээ хүрээд зүрхний хагалгаанд зайлшгүй орох заалттай, тархины ховдол өргөсөлттэй гэсэн оноштой болохоор ЭХЭМҮТ-ийн эмчийн хяналтанд байдаг бөгөөд сар болгон хүүхдүүдээ тухайн эмнэлэгт үзүүлдэг, нэг ч сар алгасдаггүй юм. Ер нь бид нар хүүхдүүдээ сардаа 5-7 хоног зайлшгүй эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэдэг юм. Тэгээд 2025.03.24-ний өдөр Замын- Үүдээс Улааанбаатар хот руу очиж ЭХЭМҮТ-д 2 хүүхэддээ эмчилгээ хийлгэчихээд 2025 оны 03 дугаар сарын 29-ний өглөө 07 цагийн орчим Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн Сайншанд сум руу буцаад явсан. Тухайн үед миний нэр дээр албан ёсоор бүртгэлтэй байдаг 48-30 ДГН улсын дугаартай, ногоон өнгийн Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээр явсан. Тухайн үед манай нөхөр Б тээврийн хэрэгслийг жолоодож явсан, харин би өөрөө машины арын суудлын зүүн талд охин О-ийг тэврээд сууж явсан миний зүүн талд буюу арын суудлын баруун талд жолоочийн ард манай ээж У.Р охин Н тэвэрчихсэн сууж явсан юм, харин жолоочийн эсрэг талын урд талын суудалд хүн суугаагүй явж байсан.
Тэгээд хүүхдээ тэврээд явж байтал гэнэт л манай нөхөр Б “Хүүе ямар халтиргаатай байнаа” гэж хэлэх нь сонсогдоод л манай машин зам дээр халтираад замаас гараад манай машин маш олон удаа эргэх шиг болсон, би тухайн үед нүдээ аниад хүүхдээ тэвэрсэн байсан болохоор машин хэдэн удаа эргэсэн эсэхийг мэдэхгүй байна. Тэгээд нүдээ нээгээд харахад манай нөхөр суудал дээрээ сууж байсан. Харин миний хажууд сууж байсан охин Н болон миний ээж У.Р нар байхгүй байсан. Тухайн үед би шоконд орсон байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна, би хүүхдээ тэврээд машинаасаа гараад хартал ээж маань машинаас нэлээд зайтай газар хэвтэж байсан бөгөөд түүний хажууд манай охин Н газар хэвтэж байсан. Тэгээд би ээж дээр очиход манай ээжийн толгойноос маш их цус гарсан байсан, би гараараа цус гарсан газар дээр нь дарсан, тэгээд би түүнээс хойш юу болсон эсэхийг санахгүй болтлоо шоконд орсон байсан бөгөөд нэг мэдсэн чинь Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирсэн байсан. Тэгээд эмнэлэг дээр 2 охиндоо эмчилгээ хийлгэж байгаад тухайн өдрөө эмнэлгийн машинаар нөхөр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын ГССҮТ-д хүргүүлээд тэндээ 2 хүүхэддээ эмчилгээ хийлгэсэн. Тэгээд тухайн өдрөө О гавал тархины тасагт хэвтээд, Н нь сэхээний тасагт хэвтэн эмчлүүлсэн. Ингээд эмчилгээ хийгдээд манай 2 хүүхдийн биеийн байдал сайжирсан болохоор эмнэлгээс гарахаар болоод 2025.04.08-ны өдөр эмнэлгээс гарсан. Би ар талд сууж явсан болохоороо сайн мэдэхгүй байна, ер нь манай нөхөр 2 хүүхдээ өвчтэй болохоор маш зөөлөн явдаг, хурд хэтрүүлдэггүй, байнга л хүүхдүүдээ аваад Улаанбаатар хот руу явдаг бөгөөд тэр болгондоо орой шөнө явахгүй хурд хэтрүүлэхгүй, хүүхдүүдийнхээ тааваар л зөөлөн явдаг юм. Манай нөхөр Б тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан, мөн үүрэглэж, ядарсан зүйл байгаагүй. Манай нөхөр архи, тамхи хэрэглэдэггүй, ямар нэгэн хорт зуршил ерөөсөө байхгүй гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 49-50 хуудас/
6. Иргэний нэхэмжлэгч Г.Ц мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: Гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон Б.Н-д 2025.03.29-ний өдөр Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж, эмчилгээ хийхэд 943,448 төгрөг, 2025.03.31-ний өдөр Гэмтэл Согог Судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэхэд 1,408,000 төгрөг, 2025.04.14-ний өдөр Доронговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэгт үйлчлүүлэхэд 51,250 төгрөг, 2025.0418-ны өдөр Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт үйлчлүүлэхэд 77,112 төгрөг, нийт 2,479,810 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Харин гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон Б.О-д 2025.03.29-ний өдөр Гэмтэл Согог Судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэхэд 260,000 төгрөг, 2025.04.09-ний өдөр ЭХЭМҮТ-д үйлчилгээ авахад 20,000 төгрөг, нийт 280,000 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Мөн гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон Р.Нт 2025.03.29-ний өдөр Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхэд 140,616 төгрөг, 2025.03 сард Гэмтэл Согог Судлалын үндэсний төвд эмчилгээ хийлгэхэд 124,000 төгрөг, нийт 264,616 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байна. Эрүүл мэндээрээ хохирсон Г.Б 2025.03.29-ний өдөр Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэхэд 140,616 төгрөгийн зардпыг эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан байна. Ингээд дээрх хүмүүс нийлээд эрүүл мэндийн даатгалын сангаас 3,165,042 төгрөгийн зардал гаргасан байх бөгөөд дээрх мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Тусламж үйлчилгээний зардал болох нийт 3,165,042 төгрөгийг Төрийн сангийн 100900020080 тоот дансанд ГСА /өөрийн овог нэр/ гэх утгатай төлж барагдуулна” гэсэн мэдүүлэг /1-р х.х-ийн 41 хуудас/
7. Говьсүмбэр аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 05 дугаартай дүгнэлтэнд:
У.Р нь гавал тархины хавсарсан ил гэмтлийн улмаас нас баржээ. Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /1-р х.х-ийн 73-75 хуудас/
8. Говьсүмбэр аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 115 дугаартай дүгнэлтэнд:
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /1-р х.х-ийн 91-92 хуудас/
9. Говьсүмбэр аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 114 дугаартай дүгнэлтэнд:
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас шалтгаална. Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Л.Жаргалтогтох гэжээ. /1-р х.х-ийн 99-100 хуудас/
10. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн ЕГО325/2941 дугаартай дүгнэлтэнд:
- Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ.
- “Б 28 эр” гэж хаягласан цуснаас спиртийн агууламж илрээгүй. Химийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.Нямхишиг гэжээ. /1-р хх-ийн 107-108 хуудас/
11. Зам тээврийн ослын шинжээчийн 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 48-31/288 дугаартай дүгнэлтэнд:
- Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл 1.2.17. “зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” гэж заасан байх тул уг үйл явдлыг зам тээврийн осол мөн гэж үзэж байна.
- Хэргийн материалд авагдсан нотлох баримттай танилцахад Тоуоtа Prius маркийн 48-50 ДГН улсын дугаартай автомашины жолооч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
- Уг осолд замын нөхцөл байдал нь сөргөөр нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.
- Toyota Prius маркийн 48-50 ДГН улсын дугаартай автомашины жолооч Г.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дэх заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан нөхцөл болсон байна гэж гэж байна. Дүгнэлт гаргасан С.Бямбасүрэн гэжээ.
12. Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн төвийн өвчний түүхийн хуулбар, ГССҮТ-ийн өвчний түүхийн хуулбар /1-р хх-ийн 185-190, 193-250, 2-р хх-ийн 1-9 дугаар хуудас/
13. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /1-р х.х-ийн 152 хуудас/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь насыг хохироож, 2 хүний биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч Г.Бд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгч Г.Бы гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт түүний үйлдэлд тохирсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Идэрзолбоо, Р.Л..нар нь шүүгдэгчид холбогдуулан гаргах гомдолгүй гэх мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч Г.Б нь хохирогч нарт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсний зардалд иргэний нэхэмжлэгчээс 3 165 082 /гурван сая нэг зуун жаран таван мянга наян хоёр/ төгрөг нэхэмжилснийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч С овогтой Г-ийн Б нь 2025 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах босоо тэнхлэгийн А101 дугаартай автозамын 212449 дугаартай километр шонгийн орчимд 48-50 ДГН улсын дугаартай тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явж байхдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1 жолооч замын хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна гэж заасныг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл онхолдож улмаар тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан нярай хүүхэд болох О, Н нарын эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, У.Рийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд мэдүүлж байгаа мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас нярай хүүхэд О, Н нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, У.Рын амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно. Хэрэгт иргэний нэхэмжлэл болон Эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулагдсан зардал 3 165 082 төгрөгийг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй байна. Шүүгдэгч Г.Бы үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 3 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр, 2 жил 3 сарын хугацаагаар тэнсэж мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчлан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг шүүхэд гаргаж байна Шүүгдэгч нь энэ хэрэгтээ баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Бд 2025 оны 08 дугаар сарын 24-ний өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай. Хэрэгт хураан авсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж байна гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү: Өмгөөллийн үг хэлэхээс өмнө тухайн зам тээврийн ослоос болж 1 хүний амь нас үрэгдсэн, 2 нялх хүүхдэд хүнд гэмтэл учирсан явдалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас шүүгдэгчээс болон хувиасаа хүлцэл өчиж байгааг хүлээн авна уу гэж хүсэж байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн үеэс эхлэн Г.Б гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүх шинжилгээний шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа урьд нь илэрхийлж байсан, мөн шүүх хуралдааныг хэлэлцүүлэг дээр дахин хэлж байна. Сая прокурор хэллээ, Эрүүл мэндийн даатгалын сан болон хохирогч нарт төлөх төлбөргүй гэж хэллээ. Зам тээврийн осол нь тохиолдлын шинжтэй хэрэг байдаг. Зам тээврийн осол болгоомжгүйгээр үйлдэгддэг. Хувь хүний хувьд бага насны 3 хүүхэдтэй, тогтсон гэр бүлтэй, эрхэлсэн тодорхой ажилтай. Миний хувьд хохирогчдын зүгээс санал гомдол байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг тайлбарыг өмгөөлөгч миний бие хүлээн авч байна. Прокуророос тодорхой хуульд заасан үндэслэлийн дагуу эрүүгийн хариуцлагыг сонсгосон. Үүнийг шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч миний зүгээс хүлээн зөвшөөрч байна гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.
Иймд шүүгдэгч Г.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жил 3 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 3 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С овогт Г-ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 1 хүний амь нас хохироож, 2 хүний биед хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Быг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 /тав/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
6. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ