| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2022/02507/И |
| Дугаар | 102/ШШ2023/00150 |
| Огноо | 2023-01-05 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 102/ШШ2023/00150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ............ тоот хаягт оршин суух, О овогтой Б.Т /РД:00000000/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ................. тоот хаягт оршин суух, М овогтой Ж.Э /РД:00000000/,
Нэхэмжлэлийн шаардлага: 164,433,516 төгрөг гаргуулах тухай,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б, хариуцагч Ж.Э, хариуцагчийн өмгөөлөгч Р.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Баярмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Т нь хариуцагч Ж.Э холбогдуулан зээлийн төлбөр 13,000 ам.доллар буюу 40,415,440 төгрөг, зээлийн хүү 7,100 ам.доллар, хугацаа хэтрүүлсэн алданги 16,300 ам.доллар буюу 124,018,076 төгрөг, нийт 164,433,516 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Б.Т миний бие 2014 онд 13,000 ам долларыг А.А нь өөрийн найзад зээлдүүлэх гэсэн юм гэж гуйсны дагуу зээлдүүлсэн юм. А.А нь Ж.Э, А.А нарын хооронд байгуулсан 2014 оны 03 сарын 28-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээг авч ирж надад өгөөд 6,000 ам.долларыг, 2014 оны 05 сарын 19-ны өдөр мөн А.А, Ж.Э нарын хооронд байгуулсан 10,000 ам.долларын зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлснээр авч ирж урьд зээлсэн 6,000 ам.доллар дээр нэмээд 4,000 ам.доллар авч явсан. Улмаар 2015 онд дахин 3,000 доллар гэрээ хийлгүйгээр Ж.Э дахин зээлж байгаа гэж хэлээд авч явсан болно. Иймд Ж.Э-гаас 13,000 ам доллар буюу 40,415,440 төгрөг нэхэмжилж байсан ч өмнөх шүүх хуралдааны дараа бид нар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Ингээд дараах мөнгийг хариуцагч талаас нэхэмжилж байна. Манай талаас 40,415,440 төгрөг нэхэмжилж байсан ч энэ мөнгөндөө хүү алданги, тооцоогүй байсан. Харин одоо 2014 оны 03 сарын 28-ны өдрийн А.А, Б.Э нарын хооронд байгуулсан 3,000 ам.долларын зээлийн гэрээний хүү 300 ам.доллар, гэрээний алданги 1,650 ам.доллар, нийт 4,950 ам.доллар, 2014 оны 3 сарын 28-ны өдөр Ж.Э, А.А нарын байгуулсан 10,000 ам.долларын зээлийн гэрээний 1 сар 20 хоногийн хүү 500 ам.доллар, 2014 оны 5 сарын 19 өдрийн Ж.Э, А.А нарын хооронд байгуулсан 10,000 ам.долларын 6 сарын хүү 2,400 ам доллар, алданги 6,200 ам.доллар нийт 18,600 ам.доллар, 2015 оны 3 сарын 06-ны өдөр байгуулсан 13,000 ам.долларын гэрээний хүү 3,900 ам.доллар, алданги 8,450 ам.доллар нийт 49,400 ам доллар болно. Энэ нэмэгдүүлсэн шаардлагаасаа үндсэн нэхэмжлэлийн шаардлага 13,000 ам.доллараа хасаад 36,400 ам.доллар нь нэмэгдүүлсэн шаардлага болно. Энийг төгрөг рүү шилжүүлэхээр 124,018,000 төгрөг бөгөөд үндсэн нэхэмжлэлийн 13,000 ам.доллараа нэмж, нийт 164,433,516 төгрөгийг хариуцагч талаас гаргаж өгнө үү гэв.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгчээс 164,433,516 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хэрэгт цугларсан нотлох баримт, шүүх хуралдаанд өгч байгаа тайлбараас харахад өнөөдөр 2, 3 гэрээ яриад байна. 2014 оны 3 сарын 28-ны өдрийн 6,000 ам.долларын гэрээ гээд байна. Мөн 2014 оны 5 сарын 14-ний өдрийн 10,000 ам.долларын гэрээ хийсэн гэж байгаа ч Ж.Э-тай холбоотой гэдэг нь тодорхойгүй байна. Ж.Э-гийн хувьд нийт 9,000 ам.долларыг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл өнөөдөр нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн гол агуулга бол 2015 оны 3 сарын 06-ны өдөр байгуулсан гэрээгээр 13,000 ам.доллар зээлдүүлсэн гэрээний дагуу нэмэгдүүлсэн шаардлага гээд нийт 164 сая төгрөг нэхэмжилж байна гэж ойлгож байгаа. 2015 оны 3 сарын 06-ны өдөр 13,000 ам.долларын зээлийн гэрээ хийсэн гэж байгаа ч тэр мөнгийг Ж.Э нь бодитоор Б.Т-аас хүлээж авсан зүйл байхгүй тул нотлогдохгүй байна гэж үзэж байна. Энэ мөнгийг ямар байдлаар дансаар юмуу, бэлэн мөнгөөр юмуу, бэлнээр бол ямар дэвсгэртээр хэдэн ширхэг өгсөн гэх баримт байхгүй байна. 3,000 ам.доллар, 6,000 ам.долларын гэрээг тухайн үед А.А, Ж.Э нар хийсэн асуудал байдаг. Б.Т нь тэр мөнгийг А.А-ээр дамжуулан шилжүүлж байсан гэж байгаа ч тэр мөнгө Б.Т-ын мөнгө гэдгийг хавтаст хэрэгт ямар баримтаар тогтоож байгаа юм бэ? Энийг тогтоосон баримт байхгүй байна. 2015 оны 03 сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардаж байна. Гэтэл энэ зээлийн гэрээний эрх шаардах хугацаа нь 2018 оны 03 сарын 06-ны өдөр дууссан байна. Иргэний хуулийн 75-д зааснаар гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Гэтэл энэ хугацаа дуусчихсан байна. Иймд зээлийн гэрээ дууссан байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардах эрх, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3. Нэхэмжлэгчээс 2022.05.13-ны өдрийн Монгол банкны ханшийн лавлагаа, 2018.03.20-ны өдрийн А.-Аийн гэх гар бичмэл, 2015.03.06-ны өдрийн 435 тоот Б.Т, Ж.Э нарын байгуулсан 13,000 ам.долларын зээлийн гэрээ, 2014.05.19-ний өдрийн 569/17 тоот А.А, Ж.Э нарын байгуулсан 10,000 ам.долларын зээлийн гэрээ, 2014.03.28-ны өдөр А.А, Ж.Э нарын байгуулсан 6,000 ам.долларын зээлийн гэрээ, 2021.05.25-ны өдрийн Ж.Э-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг, 2021.10.02-ны өдрийн Ж.Э-гийн гэрчээр дахин өгсөн мэдүүлэг, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.17-ны өдрийн 212 тоот А.Аийн шийтгэх тогтоол, Хил хамгаалах ерөнхий газрын 2020.06.11-ны өдрийн А.Аийн хилээр гарсан лавлагаа, 2021.10.02-ны өдрийн Ж.Эг Иргэний хариуцагчаар татах мөрдөгчийн тогтоол, А.А-ийн Г банкны картын гүйлгээний хуулга, 2018.09.25-ны өдрийн А.А-ийн гар бичмэл, 2014.03.28-ны өдрийн А.А, Б.Э нарын байгуулсан 3,000 ам.долларын зээлийн гэрээ, А.А-ийн 2018.03.20-ны өдрийн гар бичмэл, 2020.04.20-ны өдрийн 85 тоот эрүүгийн хэргийн шинжээчийн дүгнэлт, хар данс гэх дэвтрийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Б.Т миний бие 2014 онд 13,000 ам долларыг А.А нь өөрийн найзад зээлдүүлэх гэсэн юм гэж гуйсны дагуу зээлдүүлсэн юм. А.А нь Ж.Э, А.А нарын хооронд байгуулсан 2014 оны 03 сарын 28-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн зээлийн гэрээг авч ирж надад өгөөд 6,000 ам.долларыг, 2014 оны 05 сарын 19-ны өдөр мөн А.А, Ж.Э нарын хооронд байгуулсан 10,000 ам.долларын зээлийн гэрээг нотариатаар гэрчлүүлснээр авч ирж урьд зээлсэн 6,000 ам.доллар дээр нэмээд 4,000 ам.доллар авч явсан. Улмаар 2015 онд дахин 3,000 доллар гэрээ хийлгүйгээр Ж.Э дахин зээлж байгаа гэж хэлээд авч явсан болно. 2014 оны 03 сарын 28-ны өдрийн А.А, Б.Э нарын хооронд байгуулсан 3,000 ам.долларын зээлийн гэрээний хүү 300 ам.доллар, гэрээний алданги 1,650 ам.доллар, нийт 4,950 ам.доллар, 2014 оны 3 сарын 28-ны өдөр Ж.Э, А.А нарын байгуулсан 10,000 ам.долларын зээлийн гэрээний 1 сар 20 хоногийн хүү 500 ам.доллар, 2014 оны 5 сарын 19 өдрийн Ж.Э, А.А нарын хооронд байгуулсан 10,000 ам.долларын 6 сарын хүү 2,400 ам доллар, алданги 6,200 ам.доллар нийт 18,600 ам.доллар, 2015 оны 3 сарын 06-ны өдөр байгуулсан 13,000 ам.долларын гэрээний хүү 3,900 ам.доллар, алданги 8,450 ам.доллар, нийт 49,400 ам доллар болсон. 13,000 ам.долларыг нь нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны ханшаар, 36,400 ам.доллар нь нэмэгдүүлсэн шаардлага гаргасан үеийн Монгол банкны хаалтын ханшаар тооцсон. Нийт 164,433,516 төгрөгийг хариуцагчаас гаргуулна гэв.
3. Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. 2014 оны 3 сарын 28-ны өдрийн 6,000 ам.долларын гэрээ гээд байна. Мөн 2014 оны 5 сарын 14-ний өдрийн 10,000 ам.долларын гэрээ хийсэн гэж байгаа ч Ж.Э-тай холбоотой гэдэг нь тодорхойгүй байна. Ж.Э-гийн хувьд нийт 9,000 ам.долларыг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэтэл өнөөдөр нэхэмжилж байгаа нэхэмжлэлийн гол агуулга бол 2015 оны 3 сарын 06-ны өдөр байгуулсан гэрээгээр 13,000 ам.доллар зээлдүүлсэн гэрээний дагуу нэмэгдүүлсэн шаардлага гээд нийт 164 сая төгрөг нэхэмжилж байна гэж ойлгож байгаа. 2015 оны 3 сарын 06-ны өдөр 13,000 ам.долларын зээлийн гэрээ хийсэн гэж байгаа ч тэр мөнгийг Ж.Э нь бодитоор Б.Т-аас хүлээж авсан зүйл байхгүй тул нотлогдохгүй байна гэж үзэж байна. Энэ мөнгийг ямар байдлаар дансаар юмуу, бэлэн мөнгөөр юмуу, бэлнээр бол ямар дэвсгэртээр хэдэн ширхэг өгсөн гэх баримт байхгүй байна. 3,000 ам.доллар, 6,000 ам.долларын гэрээг тухайн үед А.А, Ж.Э нар хийсэн асуудал байдаг. Б.Т нь тэр мөнгийг А.А-ээр дамжуулан шилжүүлж байсан гэж байгаа ч тэр мөнгө Б.Т-ын мөнгө гэдгийг хавтаст хэрэгт ямар баримтаар тогтоож байгаа юм бэ? Энийг тогтоосон баримт байхгүй байна. 2015 оны 03 сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний үүргийг шаардаж байна. Гэтэл энэ зээлийн гэрээний эрх шаардах хугацаа нь 2018 оны 03 сарын 06-ны өдөр дууссан байна. Иргэний хуулийн 75-д зааснаар гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байдаг. Гэтэл энэ хугацаа дуусчихсан байна. Иймд зээлийн гэрээ дууссан байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардах эрх, хөөн хэлэлцэх хугацаа дууссан байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн 2022.05.13-ны өдрийн Монгол банкны ханшийн лавлагаа, 2018.03.20-ны өдрийн А.А-ийн гэх гар бичмэл, 2015.03.06-ны өдрийн 435 тоот Б.Т, Ж.Э нарын байгуулсан 13,000 ам.долларын зээлийн гэрээ, 2014.05.19-ний өдрийн 569/17 тоот А.А, Ж.Э нарын байгуулсан 10,000 ам.долларын зээлийн гэрээ, 2014.03.28-ны өдөр А.А, Ж.Э нарын байгуулсан 6,000 ам.долларын зээлийн гэрээ, 2021.05.25-ны өдрийн Ж.Э-гийн гэрчээр өгсөн мэдүүлэг, 2021.10.02-ны өдрийн Ж.Э-гийн гэрчээр дахин өгсөн мэдүүлэг, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022.03.17-ны өдрийн 212 тоот А.А-ийн шийтгэх тогтоол, Хил хамгаалах ерөнхий газрын 2020.06.11-ны өдрийн А.А-ийн хилээр гарсан лавлагаа, 2021.10.02-ны өдрийн Ж.Э-г Иргэний хариуцагчаар татах мөрдөгчийн тогтоол, А.А-ийн Г банкны картын гүйлгээний хуулга, 2018.09.25-ны өдрийн А.А-ийн гар бичмэл, 2014.03.28-ны өдрийн А.А, Б.Э нарын байгуулсан 3,000 ам.долларын зээлийн гэрээ, А.А-ийн 2018.03.20-ны өдрийн гар бичмэл, 2020.04.20-ны өдрийн 85 тоот эрүүгийн хэргийн шинжээчийн дүгнэлт, хар данс гэх дэвтэр зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Б.Т нь А.А-т холбогдуулан залилан мэхэлсэн гэж өргөдөл гаргаж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 212 тоот шийтгэх тогтоолоор хуурамч зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогджээ.
6. Энэхүү эрүүгийн хэргийг шалган шийдвэрлэх явцад 2015 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Б.Т, Ж.Э нарын хооронд байгуулсан 435 тоот 13,000 ам.долларын зээлийн гэрээг хохиролд тооцон нэхэмжилж байсан ба Ж.Э нь уг гэрээний төлбөрийг хариуцах талаар мэдүүлэг өгсөн байна.
7. Түүнчлэн Ж.Э нь тус эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан байх боловч шийтгэх тогтоолд иргэний хариуцагчаар татсан мөрдөн байцаалтын ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчсөн байх тул шүүх иргэний нэхэмжлэлийг хамтад шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн учир нэхэмжлэгч иргэний шүүхэд нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа зээлийн гэрээний үүрэг гэж тодорхойлж байна.
8. А.А, Ж.Э нарын хооронд 2014.03.28-ны өдөр байгуулсан 6,000 ам.долларын зээлийн гэрээний дагуу Ж.Э нь А.А-ээс 6,000 ам.доллар авсан талаар хүлээн зөвшөөрч маргаагүй. Мөн А.А, Б.Э нарын хооронд 2014.03.28-ны өдөр байгуулсан 3,000 ам.долларын зээлийн гэрээний дагуу Б..Э нь А.А-ээс 3,000 ам.доллар авсан бөгөөд уг 3,000 ам.долларыг Ж.Э нь хариуцан төлөх талаар хүлээн зөвшөөрч байна.
9. Хариуцагч Ж.Э нь А.А, Ж.Э нарын 2014.05.19-ний өдөр байгуулсан 569/17 тоот зээлийн гэрээний дагуу 10,000 ам.доллар, эсвэл 4,000 ам.долларыг, Б.Т, Ж.Э нарын 2015.03.06-ны өдөр байгуулсан 0238 тоот зээлийн гэрээний дагуу 13,000 ам.долларыг тус тус хүлээн аваагүй гэж маргаж байна.
Дээрх гэрээнүүдэд гарын үсэг зурсан шалтгаанаа өмнө авсан 9,000 ам.долларын хүү, алдангийн хэмжээ орж тооцогдсон гэж ойлгосон учир шахаанд орж зурсан гэж тайлбарлав.
Гэрээг биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан байгуулж болдог.
Нэхэмжлэгч нь А.А, Ж.Э нарын 2014.03.28-ны өдөр байгуулсан гэрээг үндэслэж, 6,000 ам.доллар, А.А, Б.Э нарын 2014.03.28-ны өдөр байгуулсан гэрээг үндэслэж, 3,000 ам.доллар, А.А, Ж.Э нарын 2015.05.19-ны өдөр байгуулсан гэрээг үндэслэж, 4,000 ам.доллар, нийт 13,000 ам.долларыг А.Ат өгсөн, А.А нь уг авсан мөнгөө хариуцагч Ж.Э, мөн Б.Эд өгсөн тул Б.Т, Ж.Э нарын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэжээ.
10. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулсанд тооцно, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заасан.
Зээлийн гэрээ байгуулсан гэж үзэхэд зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлсэн байх, хүү тохиролцож байгаа бол зээлийн гэрээг бичгээр, мөн алданги тооцох бол анзын гэрээг бичгээр хийх хуулийн шаардлагыг хангасан байх шаардлагатай.
11. Гэвч А.А-т зээлийн гэрээг өөрийн өмнөөс байгуулах итгэмжлэл олгоогүй байх тул А.А, Ж.Э, Б.Э нарын хооронд байгуулсан зээлийн гэрээний зээлдүүлэгч нь Б.Т гэж дүгнэх үндэслэлгүй байна. Иймд эдгээр гэрээний дагуу зээлийн хүү, хугацаа хэтэрсэн гэж алданги тооцож шаардах эрхгүй.
12. Түүнчлэн 2015.03.06-ны өдөр Б.Т, Ж.Э нарын байгуулсан 13,000 ам.долларын зээлийн гэрээний дагуу тухайн өдөр зээлдэгчийн эзэмшилд мөнгө шилжүүлээгүй гэдгээ нэхэмжлэгч зөвшөөрч байна.
Гэвч энэ гэрээний дагуу 13,000 ам.долларыг зээлдүүлээгүй ба гэрээндээ гэрээ байгуулсан өдөр 13,000 ам.долларыг шилжүүлэн өгсөн гэсэн байх тул А.Аээр дамжуулан өгсөн зээлийн төлбөрийг нэгтгэж, гэрээ байгуулсан гэж дүгнэхэд учир дутагдалтай байна.
2015.03.06-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Б.Т нь 13,000 ам.долларыг Ж.Э-д олгоогүй, тэдний дунд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул энэ гэрээний дагуу хүү, улмаар хугацаа хэтэрсэн гэж алданги тооцох үндэслэлгүй байна.
13. Хариуцагч нь А.А-ээс 9,000 ам.доллар шилжүүлэн авснаа нэхэмжлэгчид төлж болно гэж зөвшөөрч маргаагүй, нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд гэрээ байгуулагдаж, үүрэг үүсээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж зааснаар хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.
14. Иймд хариуцагч Ж.Э-гаас үндэслэлгүй олж авсан 9,000 ам.доллар буюу нэхэмжлэл гаргах үеийн Монгол банкны хаалтын ханш болох 3,108.88 төгрөгөөр тооцож, 27,979,920 төгрөгийг буцаан гаргуулж, нэхэмжлэгч Б.Т-д олгох нь зүйтэй байна.
15. Зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүсээгүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж татгалзаж байгаа хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байх ба маргааныг шийдвэрлэх хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа буюу 10 жилийн хугацаа дуусаагүй байна.
16. Харин гэрээ байгуулагдаагүй болон хүлээлгэн өгснөө нотолж чадахгүй байгаа үлдэх 136,453,596 төгрөгт ногдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан дүнгээс тооцон улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон, ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ж.Э-гаас 9,000 ам.доллар буюу 27,979,920 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Т-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын 136,453,596 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,138,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Э-гаас улсын тэмдэгтийн хураамжид 297,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ