| Шүүх | Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/0326/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/825 |
| Огноо | 2025-09-29 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Ч.Пүрэвсүрэн |
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2025/ШЦТ/825
2025 09 29 2025/ШЦТ/825
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэлмаа,
улсын яллагч Ч.Пүрэвсүрэн,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б.Мт холбогдох 2509 01836 1274 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ........... оны ......... дүгээр сарын .........-ны өдөр ...........аймагт төрсөн эрэгтэй, 24 настай, бүрэн дунд боловсролтой, ............ ............... оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт ........... дүүргийн......... дугаар хороо, ............. тоотод оршин суух,
..............дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ......... оны 02 сарын 16-ны өдрийн ............. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэгдэж байсан, ЕМ /РД:............./.
Хэргийн товч агуулга:
Б.М нь 2025 оны 03 сарын 06-аас 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд................ дүүргийн ........... дугаар хороо, ............ тоотод үйл ажиллагаа явуулдаг “Монголын боловсролын залуучуудын солилцооны үндэсний ассоциаци” төрийн бус байгууллагын боловсролын менежер албан тушаалд ажиллаж байх хугацаандаа үргэлжилсэн үйлдлээр тус байгууллагын Америкийн Нэгдсэн улсын оюутан солилцооны “ажиллаж аялцгаая” хөтөлбөрт хамрагдсан оюутнуудтай байгуулсан гэрээний хүрээнл байгууллагад шилжүүлэх 41,174,355 төгрөгийг,
Мөн 2025 оны 03 сарын 07-ны өдөр “Монголын боловсролын залуучуудын солилцооны үндэсний ассоциаци” төрийн бус байгууллагаас өнгөт принтер, канон захиалах зорилгоор түүнд шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг тус тус завшсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт 2 “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Б.М нь бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.05/,
Монголын боловсролын залуучуудын солилцооны үндэсний ассоциаци төрийн бус байгууллагын хуулийн байгууллагад хандан гаргасан өргөдөл, хууль ёсны төлөөлөгчөөр Б.Эр.............. томилсон турай албан бичиг /хх.06-07/,
“Монголын боловсролын залуучуудын солилцооны үндэсний ассоциаци төрийн бус байгууллагын Б.Мтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээ /хх.16-22/,
Монголын боловсролын залуучуудын солилцооны үндэсний ассоциаци төрийн бус байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх.23-24/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э.......... өгсөн: “Би Монголын боловсрол залуучуудын солилцооны үндэсний ассоциаци нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагад нягтлан бодогчоор ажилладаг. Манай байгууллага нь АНУ-руу зуны амралтаараа ажиллах аялах хөтөлбөрт хамрагдсан 300 гаруй оюутнуудтай зуучлалын гэрээ байгуулсан бөгөөд тус хөтөлбөрийн төлбөрүүд нь ам.доллараар манай байгууллагын Хас банкны дансанд орох ёстой байсан. Тэгээд 9 оюутны төлбөр болох 11,891 ам доллар төгрөгөөр бол 41,174,355 төгрөг, гэхдээ одоо долларын ханш өссөн байгаа, энэ дээрх оюутнуудын төлбөрийг Б.М нь байгууллагын зөвшөөрөлгүйгээр өөрийнхөө хувийн данс руу авсан байсан. ...М нь боловсролын зөвлөх менежер албан тушаалд 2025 оны 01 дүгээр сарын 02-оос ажиллаж эхэлсэн. ...Гэрээнд бол 2025 оны 03 дугаар сарын 01-ний дотор төлөхөөр заасан байсан. Тус оюутнууд нь төлбөрийн үлдэгдлээ төлөөгүй байхаар нь залгаж хэлэхэд, төлбөрөө бид нар төлсөн гээд Хаан банкны /5040212693/ тоот дугаарын Мийн данс руу бүгд шилжүүлсэн гээд баримтаа над руу явуулсан. Дээрх 9 оюутны зуучлалын хөтөлбөрийн төлбөр орох ёстой байтал Б.М нь байгууллагын данс болохгүй байгаа гээд өөрийн эзэмшлийн Хаан банкны данс руу шилжүүлэн авсан байсан. 41,174,355 төгрөгийн хохирол учирсан. ...канон өнгөт принтер 2 ширхгийг захиална гээд 2,000,000 төгрөгийг байгууллагаас 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаргаж авсан боловч принтер нь ирээгүй...” гэх мэдүүлэг /хх.29-30/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.85-87/,
Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.89-90/,
Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Б.Мийн яллагдагчаар өгсөн: “... би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...нийт 43,674,355 төгрөгийг хохирлыг бүрэн барагдуулсан.” гэх мэдүүлэг /хх.91-92/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн гэрч М.О............. өгсөн: “...Хөтөлбөрийн гэрээнд заасны дагуу би гарын үсэг зураг үүрэгтэй надаас өөр М зурдаг байсан. Ер нь бол боловсролын зөвлөх менежерүүд зурдаг. Боловсролын менежерүүд албан тушаалтнууд хөтөлбөрийн хүрээнд үлдэгдэл төлбөрийг байгууллагын данс руу шилжүүлэх үүрэгтэй. Өөрийн хувийн дансаараа авах эрхгүй. Би уг мөнгөнөөс өөрт шилжүүлэн авсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх.94-95/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогчийн гэрч М..............н өгсөн: “...Тухайн үед М гэх менежер албан тушаалтан ажилтанд бүртгүүлж, гэрээ байгуулж гэрээний дагуу, ...нийт 5,942 911 төгрөгийг өөрийн Хаан банкны 5026178851 тоот данснаас М гэх хүний Хаан банкны 5040212693 тоот данс руу гурав удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. Тухайн үед хүүхэд бүртгүүлэх гээд зогсож байсан. ... Тухайн үед би төлбөрийг Монгол боловсролын залуучуудын солилцооны үндэсний ассоциаци” НҮТББ-ын данс руу шилжүүлэх гэсэн боловч мөн тухайн үед хоёр хүүхэд бүртгүүлэх гээд зогсож байсан. “Хэрэв чи мөнгөө шилжүүлэхгүй бол өөр хүүхэд намайг урьдчилгаа мөнгөө өгчих юм бол бүртгэл хаагдсан гээд хүн авахгүй байя” гээд “хүлээлгийн жагсаалтад орно гэвэл урьдчилгаа мөнгөө миний Хаан банкны 5040212693 тоот данс руу шилжүүлээрэй” гэхлээр нь би шигжүүлсэн.” гэх мэдүүлэг /хх.97-98/,
Дансны хуулга /хх.104-121/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.122-132, 146-152/,
Шүүгдэгч Б.Мийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол нөхөн төлсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай бичгээр гаргасан хүсэлт /хх.153/,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохиролоо бүрэн барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй тухай бичгээр гаргасан хүсэлт /хх.154/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол /хх.158-159/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршгийн талаар:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байна.
Шүүгдэгч Б.М нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мт 3,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Мт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Б.Мийн хувийн байдлыг харгалзан үзэж, түүнд оногдуулсан 3,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,700,000 төгрөгөөр төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мт урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ЕМийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мт 3,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Мт оногдуулсан 3,700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,700,000 төгрөгөөр торгох ялыг, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Мт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.