| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2022/02698/И |
| Дугаар | 102/ШШ2023/00497 |
| Огноо | 2023-01-27 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 27 өдөр
Дугаар 102/ШШ2023/00497
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Р.Алтантуяа, шүүгч Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, ......... тоот хаягт оршин суух, Б овогт Н.Ч /РД:00000000/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, .......... тоот хаягт байрлах, Т ХХК /РД:00000000/,
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 10,830,000 төгрөг гаргуулах тухай,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Ч нь Т ХХК-д холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 10,830,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Нэхэмжлэгч нь 2022 оны 04 сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу явах замдаа приус-30 маркийн 0000 ААА улсын дугаартай автомашинаа жолоодож байгаад зам тээврийн осолд орсон. Энэ үед приус-20 маркийн 0000 ААА улсын дугаартай автомашин жолоодож явсан Б.Т урсгал сөрж орж ирсний улмаас зам тээврийн осол гарсан. Тус ослыг Цагдаагийн байгууллагаас шалгаад Б.Т-ыг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Ослын улмаас нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлыг 9,550,000 төгрөг болохыг А ХХК тогтоосон. Энэ үнэлгээнд талууд ямар нэгэн гомдол гаргаагүй. Мөн тээврийн хэрэгсэл ашиглаж зөөх төлбөрт 370,000 төгрөг, ачилтын автомашинд 120,000 төгрөгийн түлш, оношилгоонд 95,000 төгрөг, автомашинаа үнэлүүлэхэд А ХХК-д 495,000 төгрөг төлж, нийт 10,830,000 төгрөг болсон тул Т ХХК-иас нэхэмжилсэн. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасны дагуу тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас учирсан гэм хорыг тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч хариуцах заалтын дагуу Т ХХК-ийг хариуцагчаар татсан. Төв аймгаас холбогдох баримтууд ирэхэд гэрчилгээ нь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байсан. Т ХХК нь гэрээний үндсэн дээр автомашинаа бусдад түрээслэх үйл ажиллагаа явуулдаг юм билээ. Энэ хүрээнд иргэн Б.Т-т Т ХХК нь тус автомашиныг түрээслүүлээд эзэмшүүлж байх явцад Б.Т энэ ослыг гаргасан тул Т ХХК-иас нэхэмжилж байна гэв.
2. Хариуцагч хариу тайлбар гаргаагүй.
3. Нэхэмжлэгчээс Т ХХК-ийн 2022.05.18-ны өдрийн 22/2-017 тоот албан бичиг, иргэний үнэмлэхний хуулбар, 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2022.05.13-ны өдрийн Төв аймаг дахь Цагдаагийн газрын хариу мэдэгдэх хуудас, А ХХК-ийн 2022.04.14-ний өдрийн автомашины техникийн үнэлгээний тайлан, И ХХК-ийн авто оношлогооны тайлангийн зураг, Х ХХК-ийн 2022.04.13-ны өдрийн ачилтын зарлагын баримт, А ХХК-ийн 2022.04.14-ний өдрийн үнэлгээний хөлс төлсөн баримт, И ХХК-ийн 2022.04.14-ний өдрийн оношлогооны төлбөр төлсөн баримт, 2022.04.13-ны өдрийн шатахууны баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр нэхэмжлэгчээс Төв аймаг дахь Цагдаагийн газраас Б.Т-т холбогдох 0000000000 дугаартай зөрчлийн хэргийн материалыг шүүх нотлох баримтаар бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
2.1. 2022 оны 04 сарын 13-ны өдөр Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу явах замдаа приус-30 маркийн 0000 ААА улсын дугаартай автомашинаа жолоодож байгаад зам тээврийн осолд орсон. Энэ үед приус-20 маркийн 0000 ААА улсын дугаартай автомашин жолоодож явсан Б.Т урсгал сөрж орж ирсний улмаас зам тээврийн осол гарсан. Тус ослыг Цагдаагийн байгууллагаас шалгаад Б.Т-ыг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д зааснаар торгуулийн арга хэмжээ авч шийдвэрлэсэн. Ослын улмаас нэхэмжлэгчийн автомашинд учирсан хохирлыг 9,550,000 төгрөг болохыг А ХХК тогтоосон. Энэ үнэлгээнд талууд ямар нэгэн гомдол гаргаагүй. Мөн тээврийн хэрэгсэл ашиглаж зөөх төлбөрт 370,000 төгрөг, ачилтын автомашинд 120,000 төгрөгийн түлш, оношилгоонд 95,000 төгрөг, автомашинаа үнэлүүлэхэд А ХХК-д 495,000 төгрөг төлж, нийт 10,830,000 төгрөг болсон тул Т ХХК-иас нэхэмжилсэн. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд заасны дагуу тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас учирсан гэм хорыг тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч, өмчлөгч хариуцах заалтын дагуу Т ХХК-иас нэхэмжилж байна гэв.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Т ХХК-ийн 2022.05.18-ны өдрийн 22/2-017 тоот албан бичиг, иргэний үнэмлэхний хуулбар, 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2022.05.13-ны өдрийн Төв аймаг дахь Цагдаагийн газрын хариу мэдэгдэх хуудас, А ХХК-ийн 2022.04.14-ний өдрийн автомашины техникийн үнэлгээний тайлан, И ХХК-ийн авто оношлогооны тайлангийн зураг, Х ХХК-ийн 2022.04.13-ны өдрийн ачилтын зарлагын баримт, А ХХК-ийн 2022.04.14-ний өдрийн үнэлгээний хөлс төлсөн баримт, И ХХК-ийн 2022.04.14-ний өдрийн оношлогооны төлбөр төлсөн баримт, 2022.04.13-ны өдрийн шатахууны баримт, Төв аймаг дахь Цагдаагийн газраас ирүүлсэн Б.Т-т холбогдох 0000000000 дугаартай зөрчлийн хэргийн материал зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4. 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн замд Б.Т нь Тоёота приус 20 маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Н.Ч-ын жолоодож явсан Тоёота приус 30 маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсөн зам тээврийн осол гаргажээ.
Уг зам тээврийн ослыг Төв аймаг дахь Цагдаагийн хэлтсээс шалгаад Б.Т-ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт заасны дагуу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна.
5. Н.Ч-ын жолоодож явсан Тоёота приус 30 маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Н.Ч-ын байгуулсан зээлийн гэрээ, фидуцийн гэрээний үндсэн дээр Т ХХК-ийн эзэмшилд, Б.Т-ын жолоодож явсан Тоёота приус 20 маркийн 0000 ААА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Т ХХК-ийн байгуулсан зээлийн гэрээ, фидуцийн гэрээний дагуу Э ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, Т ХХК, Э ХХК-ийн албан тоотоор тогтоогдож байна.
6. Харин Б.Т нь Т ХХК-тай 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр байгуулсан автомашин түрээслүүлэх гэрээний дагуу ашиглаж байжээ.
7. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй, мөн зүйлийн 499.4 дэх хэсэгт Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй гэж зааснаар тээврийн хэрэгслийн эзэмшигч Т ХХК-иас автомашиныг засварлахад шаардлагатай 9,750,000 төгрөг, автомашины эвдрэлийг тогтоолгохтой холбогдон гарсан оношлогооны зардал 95,000 төгрөг, үнэлгээ хийлгэсэн ажлын хөлс 495,000 төгрөг, ачилтын зардал 370,000 төгрөг, ачилтын машины шатахууны зардал 120,000 төгрөг, нийт 10,830,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.
8. Хариуцагч нь хариуцвал зохих этгээд, хохирлын хэмжээний талаар маргаагүй болно.
9. Тээврийн хэрэгслийн ашиглалтаас үүссэн гэм хорыг арилгах асуудлыг Иргэний хуулийн 499 дүгээр зүйлд зохицуулсан тул нэхэмжлэгч нь энэ зүйлээр шаардах эрхтэй.
10. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасны дагуу хариуцагчаас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 10,830,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Т ХХК-иас эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 10,830,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Н.Ч-т олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 188,230 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 188,230 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА